Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 115

 

 

Г.Гэрэлт-Ундрамд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Цэндсүрэн,

ялтан Г.Гэрэлт-Ундрам /цахимаар/,

ялтан Г.Гэрэлт-Ундрамын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, О.Баярбаясгалан,

хохирогч Д.Бат-Өлзийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Гэрэлт-Ундрам, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр, Ш.Мягмарцэрэн, хохирогч Д.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гэрэлт-Ундрамд холбогдох 2015 2603 1233 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Онхор овгийн Галбаатарын Гэрэлт-Ундрам, 1989 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 11 дүгээр байрны 40 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УК89080515/;

Г.Гэрэлт-Ундрам нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна, автомашины зогсоол дээр, шалтаг шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр хохирогч Д.Бат-Өлзийн толгойн тус газар нь гараараа цохиж, зодож биед нь “зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Гэрэлт-Ундрамын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Онхор овогт Галбаатарын Гэрэлт-Ундрамыг бусдын бие махбодид танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн  551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар Онхор овогт Галбаатарын Гэрэлт-Ундрамыг 5 жил /таван жил/ хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамд оногдуулсан 5 жил /таван жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Г.Гэрэлт-Ундрам нь хохирогч Д.Бат-Өлзийд 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Г.Гэрэлт-Ундрам нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, түүнд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс тоолохоор, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компьютер томографын 4 ширхэг зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Бат-Өлзийд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Г.Гэрэлт-Ундрам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд цахимаар гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч хэмээх одоо танидаг болсон Бат-Өлзийгийн нүүрний баруун шанаа тус газар нь биеэ хамгаалах зорилгоор нэг цохисон гэдгээ анхнаасаа байцаалтдаа мэдүүлсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан хүнд гэмтлийг учруулаагүй билээ.

1. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

2. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нэг бол баруун талдаа гэмтэл авсан гэх, нэг бол зүүн гэж хоёр өөр дүгнэлт гаргасан.

3. Ганболд шинжээч эмчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар эргэлзээтэй.

Жишээ нь: Машин мөргөж унахад дух ясны хугарал үүсч болно” гэсэн тайлбар.

4. Ганбат гэрчийн “машин мөргөж, налж унасан” гэх тайлбарыг авч хэлэлцээгүй.

5. Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй.

Жишээ нь: Мөрдөн байцаалтын шатанд “цохиулсан унаагүй” гэдэг боловч анхан шатны шүүх хуралдаанд “хүн үүрч яваад унасан” гэх мэдүүлэг.

Үүнээс болоод хохирогчийн зохиосон үндэслэлгүй мэдүүлгээр шүүх буруу дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Миний аав Ганбаатар нь нуруу нугасандаа маш хүнд гэмтэлтэй тул хүний асаргаа байнга шаардагдаж үе үе эмнэлэгт хэвтдэг. Миний ээж Ариунжаргал нь зүрх, даралт, нойр булчирхайн хууч өвчтэй учир гэрээр байнга эмчилгээ хийлгэдэг. Иймд миний бие хорих 461 дүгээр анги болон энэ хэргээс хурдан салж аав, ээжээ асрах хүсэлтэй байна. Иймд миний хэргийг хэлэлцэж шударга үнэнээр шүүж хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Хохирогч Д.Бат-Өлзий давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө “Минт” баарны гадаа Г.Гэрэлт-Ундрамд цохиулж гэмтэл авсан талаараа цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Гэхдээ хэргийн материалтай танилцахад надад учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжтой гэсэн байснаас би гэмгүй хүнийг шоронд оруулж байгаа гэдгээ ойлгоод шүүхийн шатнаас бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлсэн.

Учир нь би найз охин Тунгалагтамирын эгч Ариунзулыг өргөөд 2 машины голоор авч явж байхдаа хальтирч унасан, тэр үед Гэрэлт-Ундрам нь ард “чи эмэгтэй хүн авч явж байж аятайхан авч яв” гэх мэтээр үглээд дагаад явж баисан ба "би босч ирээд Ариунзулыг Гэрэлт-Ундрамд түшүүлж орхиод, өөрийн машинаа авчраад машинд суулгах гэхэд Гэрэлт-Ундрамт “өөрийнхөө машинаар хүргээд өгнө” гээд маргалдаж байхдаа миний нүүрний зүүн тал руу цохьсон.

Түүнээс өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Үүнээс үзэхэд би уг тархиндаа авсан гэмтлийг Гэрэлт-Ундрамд цохиулснаас биш, унаж машин мөргөхдөө гэмтсэн гэж бодож байгаа. Мөн эмчилгээний зардалд 6.000.000 төгрөгийг авсан байсныг буцааж өгөх гэхэд Гэрэлт-Ундрам аваагүй. Шүүх хуралд би энэ байдлаа ахин дахин хэлэхэд “өмнө нь чи энэ талаар яриагүй байж одоо ийм зүйл ярилаа” гээд ерөөсөө хүлээж авахгүй байсан.

Хамгийн гол нь би хэргийн материалтай танилцаад Г.Гэрэлт-Ундрамд цохиулахдаа гэмтэл авсан гэдэгт эргэлзэж эхэлсэн. Иймд Давж заалдах шатны шүүхийн шүүгч та бүхнийг энэ асуудалд бодитой хандаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Ялтан Г.Гэрэлт-Ундрамын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар Галбаатарын Гэрэлт-Ундрамыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад зөвхөн яллах талын баримтыг үнэлж хэт нэг талыг барьсан, хэргийн бодит үнэнийг тогтооход онц чухал ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг орхигдуулан ял оногдуулсан гэж үзэж доорх давж заалдах гомдлыг Г.Гэрэлт-Ундрамын өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Үүнд,

1. Хохирогч Д.Бат-Өлзий нь өөрт учирсан хүнд гэмтлийн талаар 2 янзаар мэдүүлдэг бөгөөд Г.Гэрэлт-Ундрамд цохиулж гэмтэл авсан, эсвэл унахдаа машин /өөрөө хальтирч унахдаа/ мөргөж гэмтэл авсан гэх ба шүүх үнэлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлиин 13.2-т заасныг зөрчин цохиулж гэмтэл учирсан гэх мэдүүлгийг гэм буруутайд тооцох гол нотлох баримт болгон авсныг зөвшөөрөхгүй. Хохирогчийн цохиулж гэмтэл авсан гэх мэдүүлэг нь гэрч Б.Ганбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгээр шууд няцаагддаг, 1хх 13-14 дүгээр хуудсанд байх гэрчийн мэдүүлэгт “...Гэрэлт-Ундрам тэр залууг цохиж зодсоныг хараагүй, харин нөгөө согтуу охинтойгоо өнхөрч унасан мөн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны шүүхийн хэлэлцүүлэг “... хохирогч Бат-Өлзий нь газар унахдаа толгойгоороо машин мөргөсөн” гэж шууд мэдүүлж байхад мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Энд унаж байсан болон унахдаа машин мөргөсөн тухай мэдүүлэг нь гол байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтэл буюу духны зүүн хэсгээс нүдний ухархай хүртэл үргэлжилсэн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой талаар гаргасан шүүх эмнэлгийн 220, 241 дугаартай дүгнэлтүүдээр шууд нотлогдож байхад заавал гараар цохиж учруулсан гэж шүүх дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Г.Гэрэлт-Ундрамын гэм бурууг нотолж буй гол нотлох баримтаар түүнд цохиулж гэмтсэн гэх хохирогч Д.Бат-Өлзийгийн мэдүүлгийг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасныг зөрчсөн. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өөрчлөгдсөн, өөрт учирсан гэмтлийн талаар шууд харшлах 2 өөр мэдүүлэг өгч байх ба үүнээс зөвхөн түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гэрэлт -Ундрамд цохиулсны улмаас гэмтсэн...” /1хх-8-11/ гэсэн эхний мэдүүлгийг гэм бурууг нотолсон баримт гэж шүүхийн тогтоолд оруулсан атлаа шүүхийн хэлэцүүлэгт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг мөн сануулсан/ өгсөн “Тэгэхээр нь би цаашаа өөрийн машин руугаа явж байгаад хальтирч унасан...” гэж мэдүүлсээр байхад нэг субьектийн хууль сануулсан 2 удаагийн мэдүүлгийн яллах шинж чанартай мэдүүлгийг нотлох баримтаар авч унасан гэх мэдүүлгийг үнэлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

3. Уг хэрэг нь өмнө 2 удаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, мөрдөн байцаалтад буцсан ба харин улсын яллагчийн эсэргүүцлээр мөн 2 удаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан. Энэ хугацаанд хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүдээс энэ хэргийг шууд харсан гэрч Б.Ганбатаас бусад гэрч, тухайлбал гэрч Н.Ариунзул, Э.Тунгалагтамир, Д.Сундарь нарын мэдүүлэг- /Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримтаар оруулсан/-үүдэд хохирогчийг цохиулсан эсвэл унаж гэмтсэн талаар ямар нэгэн нотолгооны чанартай мэдүүлгийг өгөөгүй, шууд харсан гэрч нар биш учраас мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй буюу тэдний мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар нотлох чадваргүй мэдүүлэг гэж үзнэ.

4. Гэрч Д.Сундарийг 2016 оны 9 дүгээр 12-ны өдрийн шүүх хуралд дагаж ирсэн эцэг Даваасамбуу гэгч нь хурлын явцад охиноо мэдүүлэг өгөхөд хажуугаас нь оролцож үг заах. дарамтлах маягаар нөлөөлж хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх боломжийг олгоогүй, Даваасамбуу гэгч нь хурлын танхимаас гарахдаа өмгөөлөгчдийг “Муусайн юмнууд” гэж хэл амаар доромжлон гарч явсан бөгөөд Д.Сундарьтай хэргийн талаар ярилцсан видео бичлэгийг шүүхэд гаргаж эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт авах, хэлэлцүүлэх талаар гаргасан өмгөөлөгчийн санал хүсэлтийг ямарч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ. /Одоо уг баримт өмгөөлөгчид хадгалагдаж байгаа болно.

5. Хэрэг хохирогчоос нэхэмжилсэн гэм хорын хохирлын талаар нотлох баримт туйлын хангалтгүй байх ба хохирлын тооцоог хийгээгүй болно. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг зөрчиж байна. Мөн гэм хорын хохирлыг нотолсон баримтыг үнэлээгүй нь хуульд заасан журмыг баримтлаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасныг зөрчиж нотлох чадвараа алдсан /эсвэл байхгүй баримтыг үнэлсэн/ гэж өмгөөлөгчөөс үзэж байна.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд болсон маргаан нь хохирогч болон холбогдогч нар тухайн үед биеэ авч явах чадваргүй байсан Э.Тунгалагтамир гэгчийг асрах, хамгаалах талаар маргалдсан нь хангалттай нотлогдож, хэрэг маргаан нь хувийн сэдэлттэй байхад түүнийг танхайн сэдэлттэй гэж үзэж байгаа нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг буруу хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж: 1. Өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл, нотлох баримтуудыг шалгах, үнэлэх. 2. Хохирогч, гэрч нарын өгч буй зөрүүтэй мэдүүлэгийг нэг мөр болгож эцсийн байдлаар шалгаж тогтоох. 3. Хэрэгт өмгөөлөгчөөс гаргасан бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч зохих үзлэг шинжилгээ хийж нотлох баримтаар үнэлэх талаар даалгах. 4. Хохирлыг нэг мөр эцсийн байдлаар нотлох баримтаар тогтоох. 5. Удаа дараагийн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тогтоолд заасан ажиллагаануудыг гүйцэтгэх зэрэг ажиллагаануудыг гүйцэтгүүлэхээр зааж магадлан шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан гэв.

Ялтан Г.Гэрэлт-Ундрамын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотловол зохих ажиллагаа хийгдээгүй бөгөөд хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримт болно. Уг хэрэг анхан шатны шүүхээр гурван удаа хэлэлцүүлэгдсэн. Түүний 2 дахь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.Гэрэлт-Ундрам “би халтирч унахдаа машины бөгсөн хэсгийг мөргөж унасан” гэж хэлсэн. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёстой. Хохирогч олон янзаар эргэлзээтэй мэдүүлэг өгч байсан. Гэрч Ганбат 2 дахь шүүх хуралдаанд оролцож мэдүүлэхдээ “тухайн үед би байсан. Хохирогч Бат-Өлзий эмэгтэйг үүрч явахдаа даахгүй халтирч, унах үедээ машин мөргөсөн” гэсэн мэдүүлэг. Мөн шинжээч эмч Чулуунсүх нь шүүх хуралдааны үед уг гэмтлийг машин мөргөөд унах үед авах боломжтой юу гэж асуухад, “боломжтой” гэсэн мэдүүлэг. Эдгээр баримтууд, хохирогчийн эргэлзээ бүхий байдал зэрэг тогтоодсон. Хохирогч машин барьж яваад буудалд хонож, маргааш нь рентгенд харуулахад гэмтэлгүй гэсэн байдаг. Эдгээрээс үндэслэн хавтас хэргийн 46 дугаар талд өвчтний түүх дээр хохирогчийн баруун нүд хөхөрсөн гэдэг. Энэ хөхрөлтийг хэн үүсгэсэн талаар шинжээчийн дүгнэлтээр духны зүүн хэсгээс нүдний ухархай хүртэл үргэлжилсэн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой гэсэн зөрүүтэй зүйлүүд байгаа учир эргэлзээ үүсээд байна. Сүүлд машинд мөргүүлсэн гээд маргааш нь рентгэнд үзүүлэхэд гэмтэлгүй гэсэн ба 2-3 хонгийн дараа хүнд гэмтэлтэй байсан. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 208.1.2-т зааснаар эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7, 9 дүгээр зүйлд зааснаар энэрэнгүй ёсны зарчим зэргийг Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх үүднээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Д.Энхцэцэг миний бие хохирогч Д.Бат-Өлзийгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч надад “би гэм буруугүй хүнийг шоронд оруулах гээд байна. Энэ тохиолдолд яах вэ” гэсэн байдалтай байсан. Өмгөөлөгчтэй оролцвол миний хүсэлтийг хүлээж авах болов уу гэсэн үүднээс надтай гэрээ хийж эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болсон. Хохирогч Д.Бат-Өлзий мэдүүлэхдээ “Минт” баарнаас гараад Ариунзулыг өргөж явах үедээ халтирч машин мөргөж унасан, түүний дараа Г.Гэрэлт-Ундрам намайг цохисон. Гэхдээ хэргийн материалтай танилцаад үзэхэд Г.Гэрэлт-Ундрамд цохиулахаас өмнө машин хүчтэй мөргөж унах үед хүнд гэмтэл авсан гэсэн байдаг. Харин шүүхээс хууль сануулж өгсөн мэдүүлгийг хүлээж аваагүй учир давж заалдах гомдол гаргасан. Г.Гэрэлт-Ундрамд холбогдох хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэв гэмтэл учирсан тохиолдолд өөр асуудал ярих байсан гэдэг. Энэ байдлаа өөрийн биеэр оролцон шүүх хуралдаанд тайлбарлах хүсэлтэй байсан боловч шинээр ажилд ороод 3 хонож байгаа тул чөлөө өгөхгүй гэсэн гэрээтэй учир өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжин оролцож байна гэв.

Прокурор Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогч Д.Бат-Өлзий нь Г.Гэрэлт-Ундрамд зодуулж, гэмтсэн талаараа байнга тогтвортой мэдүүлдэг. Мөн 220 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хохирогч Д.Бат-Өлзийд зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг, хугацаанд үүссэн байх боломжтой шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж, хавтаст хэргийн материалаар давтан гаргасан 241 дугаартай шинжээч эмч нарын дүгнэлтэд “Д.Бат-Өлзийн духны зүүн хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээр цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл учирчээ. Дух ясны хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт тогтоогдож байна. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу нэг удаа гараар цохиход үүсч болно. Дух ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж, мөн хохирогч нь өөрийн зүүн нүдэн тус газраа гэмтэл учирсан талаараа мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд байнга тогтвортой мэдүүлдэг бөгөөд үүнийг бас гэрч нарын мэдүүлэг давхар нотолсоор байхад баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралтай гэж дүгнэлтэд тусгай өгсөн. Мөн ГССҮТ-ийн өвчний түүхэнд баруун дух орчимд хавантай, арьсны хөхрөлттэй гэж андуурч тэмдэглэгдсэн нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт давтан буюу бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч С.Чулуунсүх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирогчид учирсан гэмтэл нь унах, мөргөх, цохих аль ч үед учирч болно” гэсэн болохоос тэрээр нүд үзэж дүгнэлт гаргаагүй, харин мөрдөн байцаалтад анхны дүгнэлт гаргасан шинжээч эмч С.Мөнхбатын мэдүүлэгт “Д.Бат-Өлзийд учирсан гэмтэл нь цохиулсаны улмаас учирсан гэмтэл байна. Хэрэв унах, мөргөх үед үүссэн гэмтэл бол ид харагдах хэсэгт зурагдсан, шалбарсан байдал заавал байдаг юм аа” гэсэн болно. Г.Гэрэлт-Ундрамын танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөрдөн байцаалтад хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Г.Гэрэлт-Ундрам нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна, автомашины зогсоол дээр танхайн сэдэлтээр хохирогч Д.Бат-Өлзийн нүүрэн тус газар гараар цохисноос биед нь “зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Д.Бат-Өлзий /1хх-9-10, 2хх-50/, мөрдөн байцаалтад гэрч Н.Ариунзул /1хх-12/, Э.Тунгалагтамир /1хх-15-16/, Д.Сундарь /1хх-17-18/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 220, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтүүд /1хх-22, 24-25/, шинжээч эмч Д.Мөнхбатыг байцаасан тэмдэглэл /1хх-26-27/, ГССҮТ-ийн өвчний түүх /1хх-41-48/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Г.Гэрэлт-Ундрамын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх ялтан Г.Гэрэлт-Ундрамд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Бат-Өлзийд эмчилгээний зардал болон дутуу авсан цалин хөлс зэрэг нийт 6.000.000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Ялтан Г.Гэрэлт-Ундрамын: “…Бат-Өлзийгийн нүүрний баруун шанаа тус газар нь биеэ хамгаалах зорилгоор нэг цохисон гэдгээ анхнаасаа байцаалтдаа мэдүүлсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан хүнд гэмтлийг учруулаагүй ... Иймд миний хэргийг хэлэлцэж шударга үнэнээр шүүж хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...”,

Ялтны өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн: “...хохирогч, гэрч нарын өгч буй зөрүүтэй мэдүүлэгийг нэг мөр болгож эцсийн байдлаар шалгаж тогтоох, хэрэгт өмгөөлөгчөөс гаргасан бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч зохих үзлэг шинжилгээ хийж нотлох баримтаар үнэлэх талаар даалгах, хохирлыг нотлох баримтаар нэг мөр тогтоох болон анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан тогтоолуудад заасан ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:  

мөрдөн байцаалтад хохирогч Д.Бат-Өлзийн: “...Гэрэлт-Ундрам утга учиргүй “юу яриад байгаа юм” гээд намайг цохиод эхэлсэн. Би Ариунзул эгчийг баруун гараараа түшээд зүүн гараараа Ундрамын цохилтоос хамгаалж байсан, гэвч миний гарыг давж нүүрний зүүн тал руу цохиод байсан, 5-6 удаа цохисон байх. Хамгийн сүүлд хамар луу цохисон. ... Гэрэлт-Ундрам орилж хашгираад байсан, тэгж байгаад машиндаа суугаад явсан...” /1хх-9-10/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бат-Өлзийн: “...Гэрэлт-Ундрамаар Ариунзул эгчийг түшүүлсэн. Би цааш яваад улаан өнгийн машинаа авчраад машиндаа суулгах гэтэл Гэрэлт-Ундрам өөрийн машиндаа суулгана гээд бид маргалдсан. Тэгээд Гэрэлт-Ундрам миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа цохьсон. Сүүлийн цохилтын дараа миний хамраас цус гарсан...” /2хх-50/,

мөрдөн байцаалтад гэрч Н.Ариунзулын: “...2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ... Бат-Өлзий архи уугаагүй, манай дүү нилээн согтсон. Тэгээд би согтоод юу болсныг мэдэхгүй байна, ямар ч байсан баарны гадна бүдэг, бадаг сэрэхэд залуучууд Бат-Өлзийг зодоод байгаа юм шиг харагдсан. Тэгээд би гэртээ сэрсэн, сэрээд Бат-Өлзий рүү залгахад дүү нь таныг хамгаалах гэж байгаад зодуулчихлаа гэж хэлсэн...” /1хх-12/,

гэрч Э.Тунгалагтамирын: “...би эгчийгээ явж чадахааргүй байна гээд найз залуу Бат-Өлзийг үүрчих гэхэд Гэрэлт-Ундрам би үүрэх үү гэхээр нь хэрэггүй гээд Бат-Өлзийд үүрүүлсэн. Араас нь харахад Бат-Өлзий эгчийг үүрээд, Гэрэлт-Ундрам дагаад хамтдаа гараад явсан. Сундарь бид хоёрыг гартал Бат-Өлзий танай найзад зодуулчихлаа гээд нүүр ам нь цус болчихсон байсан. Гэрэлт-Ундрам эгчийг яагаад авч явсныг үнэхээр мэдэхгүй байна, цагдаад хандлаа гэхэд л айсандаа цагдаагийн гадаа авчирч өгсөн байх гэж бодсон...” /1хх-15-16/,

гэрч Д.Сундарийн: “...Тунгалагтамир бид хоёрыг гарахад Бат-Өлзий зодуулчихсан, эгч нь байхгүй байсан. Ундрамын хамт явж байсан найз нь миний 99633666 дугаар руу Ундрамын утсаар яриад хаана байгаа юм бэ, та нар гэхээр нь би дахиж үг хэлэхийн завдалгүй та нар өөрсдөө хаана байна, яг одоо эгчийг авчирч өг, Бат-Өлзий зодуулсан цагдаад хандана гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн ба Ундрамтай хамт явсан найз нь Тунгалагтамир эгчийг жижиг машинаар авчирч өгсөн. Бат-Өлзий намайг ийм болгоод эгчийг чинь аваад явчихлаа, араас ирээд нүүр рүү цохисон гэж ярьсан. Бат-Өлзийн хамар далийсан, зүүн нүд нь хавдсан байсан...” /1хх-17-18/,

шинжээч эмч Д.Мөнхбатын: “...Д.Бат-Өлзийн биед учирсан зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой. Харин хохирогчийн унах үед /нүүрээр/ үүсэх боломжгүй, нүүрний төвгөр хэсэгт зулгаралт /дух, хөмсөг, хамрын төвгөр, хамар/ гэмтэл үүсээгүй байсан. Харин хүний гараар 1 удаа цохиход үүсэх боломжтой...” /1хх-26-27/ гэсэн мэдүүлгүүдээр болон , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 220, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтүүд /1хх-22, 24-25/, ГССҮТ-ийн өвчний түүх /1хх-41-48/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ялтан Г.Гэрэл-Ундрам нь Д.Бат-Өлзийн толгойн тус газар нь гараараа цохиж, зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Нөгөөтэйгүүр, “…Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бат-Өлзий нь өөртөө учирсан гэмтлийг машин мөргөж унахдаа авсан уу, эсхүл Г.Гэрэлт-Ундрамын цохилтоос авсан уу гэдэгт эргэлзээд байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Түүнчлэн гэрч Б.Ганбатын мэдүүлэгт ач холбогдол өгөхгүй хэргийг хэт нэг талыг барьж байна. Иймд Г.Гэрэлт-Ундрамд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч өмгөөлөгч нарын санал дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:

1. Хохирогч Д.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт ...би өөрийн унаж байсан машин руугаа авч явж байгаад хальтраад унасан. Тэгээд босож ирээд Гэрэлт-Ундрамаар Ариунзул эгчийг түшүүлсэн. Би цааш яваад улаан өнгийн машинаа авчраад машиндаа суулгах гэтэл Гэрэлт-Ундрам өөрийн машиндаа суулгана гээд бид маргалдсан. Тэгээд Гэрэлт-Ундрам миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа цохьсон. Сүүлийн цохилтын дараа миний хамраас цус гарсан. Ариунзул эгчийг үүрч явахдаа унаснаас гэмтсэн үү, Г.Гэрэлт-Ундрамын цохилтоос гэмтэл авсан уу гэдэгт эргэлзээд байгаа гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтанд болон 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд ...Г.Гэрэлт-Ундрам миний нүүрний зүүн тал руу 5-6 удаа цохисон, хамгийн сүүлд хамар руу цохиход хамраас цус гарсан гэж тус тус мэдүүлж байсан ба Г.Гэрэлт-Ундрам түүний толгойн зүүн хэсэгт цохисон талаар тодорхой мэдүүлсэн тул хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Гэрч Б.Ганбатын мэдүүлэгт ач холбогдол өгөхгүй байна гэх боловч түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 13-14-р хуудас/ нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтэй тохирохгүй, шүүх хурлын тэмдэглэлийн 8-9-р хуудасанд ...хохирогч Д.Бат-Өлзийг газар унахдаа толгойгоороо машин мөргөсөн, мөн халтираад машин налж мөргөөд газар унасан гэх мэтээр /хх-ийн 1-р хавтас 244-245-р хуудас/ зөрүүтэй мэдүүлдэг ба гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна.  Түүнчлэн гэрч Э.Тунгалагтамирын ...би эгчийгээ явж чадахааргүй байна гээд найз залуу Бат-Өлзийг үүрчих гэхэд Гэрэлт-Ундрам би үүрэх үү гэхээр нь хэрэггүй гээд Бат-Өлзийд үүрүүлсэн. Сундарь бид хоёрыг гартал Бат-Өлзий танай найзад зодуулчихлаа гээд нүүр ам нь цус болчихсон байсан гэх мэдүүлэг,

Гэрч Д.Сундарийн ... Тунгалагтамир бид хоёрыг гарахад Бат-Өлзий зодуулчихсан хамар далийсан, зүүн нүд нь хавдсан байсан гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 220 дугаартай дүгнэлтийн: Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний дээд, доод зовхи хавдсан, тод хөх ягаан өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй гэж тэмдэглэгдсэн, шинжээч эмч Д.Мөнхбат ... хохирогчийн биед учирсан гэмтэл нь унах үед /нүүрээр/ үүсэх боломжгүй, учир нь нүүрний төвгөр хэсэгт зулгаралт /дух, хөмсөг, хамрын төвгөр, хамар зэрэгт/ гэмтэл үүсээгүй байсан гэх мэдүүлэг зэргээс үзвэл: хохирогч Д.Бат-Өлзийгийн биед учирсан дээрх гэмтэл нь тэгш гадаргуу бүхий талбайд унасны улмаас үүсээгүй харин хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих үед үүссэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Дээрх баримтуудаар гэрч Б.Ганбатын мэдүүлэг няцаагдаж байх тул түүний мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна…“ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон байх тул  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан ялтан Г.Гэрэлт-Ундрам болон түүний өмгөөлөгчийн гомдлуудыг хангах үндэслэлгүй байна.

Хохирогч Д.Бат-Өлзийн: “...би тархиндаа авсан гэмтлийг Гэрэлт-Ундрамд цохиулснаас биш, унаж машин мөргөхдөө гэмтсэн гэж бодож байгаа. Мөн эмчилгээний зардалд 6.000.000 төгрөгийг авсан байсныг буцааж өгөх гэхэд Гэрэлт-Ундрам аваагүй. Шүүх хуралд би энэ байдлаа ахин дахин хэлэхэд “өмнө нь чи энэ талаар яриагүй байж одоо ийм зүйл ярьлаа” гээд ерөөсөө хүлээж авахгүй байсан. Хамгийн гол нь би хэргийн материалтай танилцаад Г.Гэрэлт-Ундрамд цохиулахдаа гэмтэл авсан гэдэгт эргэлзэж эхэлсэн. Иймд Давж заалдах шатны шүүхийн шүүгч та бүхнийг энэ асуудалд бодитой хандаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэсэн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бат-Өлзий нь “…тэгээд Гэрэлт-Ундрам миний зүүн тал руу 2-3 удаа цохисон. Сүүлийн цохилтын дараа миний хамраас цус гарсан ... Би Ариунзул эгчийг баруун мөр дээрээ үүрээд явж байсан. Өөрийгөө машин мөргөж байснаа сайн санахгүй байна. Машины дундуур Ариунзул эгчийг үүрч явж байгаад өөрийнхөө зүүн талаараа халтираад унасан. ... Гэрэлт-Ундрамд цохиулсанаа санаж байна. ... Би машины урд газар мөргөөд унасан. Машинтай талд явж байсан. Ариунзул эгч баруун талд байсан машиныг мөргөөд унасан. Би босч ирээд машинаа авчирсаныхаа дараа Гэрэлт-Ундрамд зодуулсан... Ариунзул эгчийг баруун гар дээрээ бариад явж байхад Ариунзул эгч машинтай тал руу, харин би нөгөө тийшээ унасан ... Гэрэлт-Ундрамтай холбоотой хэргээс болж би ажилдаа явж чадаагүй. Хэрвээ энэ явдал болоогүй бол би эмнэлэгт хэвтэхгүй бас ажлаа хийж байх байсан....” /2хх-50-53/ гэж мэдүүлсэн байх ба тэрээр “Минт” баарны гадна автомашины зогсоолд гэрч Н.Ариунзулыг үүрч явах замдаа хальтирч унан, толгойн тус газраа хүнд зэргийн гэмтэл авсан гэх гомдол нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Д.Бат-Өлзийгийн дээрх мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудаар няцаагдаж байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Гэрэлт-Ундрам, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч Д.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.