Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 105

 

Г.Гэрэлт-Ундрамд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаар магадлалтай, 201526031233 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам болон өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Онхор овогт Галбаатарын  Гэрэлт-Ундрам нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Гэрэлт-Ундрамыг бусдын бие махбодид танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Г.Гэрэлт-Ундрамд 5 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам болон өмгөөлөгч Д.Энхбаяр, Ш.Мягмарцэрэн, хохирогч Д.Бат-Өлзий нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хохирогч Д.Бат-Өлзий нь давж заалдах гомдолдоо танхайн сэдэлт бус хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй асуудлаар маргалдсан гэдгээ хэлдэг. Үүнийг анхан болон давж шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой хэлэлцэх тухай хуулийн заалтыг зөрчсөн. Нотлох баримт харилцан зөрүүтэй байхад зөвхөн яллах талын баримтыг үнэлж, хэт нэг талыг барьсан, хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг орхигдуулан ял оногдуулсан. Тухайлбал: хохирогч Д.Бат-Өлзий нь өөрт учирсан хүнд гэмтлийн талаар хоёр янзаар мэдүүлдэг бөгөөд Г.Гэрэлт-Ундрамд цохиулж гэмтэл авсан, эсвэл унахдаа машин /өөрөө хальтирч унахдаа/ мөргөж гэмтэл авсан гэх ба шүүх үнэлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг зөрчин цохиулж гэмтэл учирсан гэх мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон. Хохирогчийн цохиулж гэмтэл авсан гэх мэдүүлэг нь гэрч Б.Ганбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгээр шууд няцаагддаг. Гэрчийн мэдүүлэгт “...Г.Гэрэлт-Ундрам тэр залууг цохиж зодсоныг хараагүй, харин нөгөө согтуу охинтойгоо өнхөрч унасан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны шүүхийн хэлэлцүүлэгт “... хохирогч Д.Бат-Өлзий нь газар унахдаа толгойгоороо машин мөргөсөн” гэж шууд мэдүүлж байхад мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.  Хохирогчийн биед учирсан гэмтэл буюу духны зүүн хэсгээс нүдний ухархай хүртэл үргэлжилсэн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой талаар гаргасан шүүх эмнэлгийн 220, 241 дугаартай дүгнэлтүүдээр шууд нотлогдож байхад заавал гараар цохиж учруулсан гэж шүүх дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Г.Гэрэлт-Ундрамын гэм бурууг нотолж буй гол нотлох баримтаар түүнд цохиулж гэмтсэн гэх хохирогч Д.Бат-Өлзийгийн мэдүүлгийг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрчлөгдсөн, өөрт учирсан гэмтлийн талаар шууд харшлах хоёр өөр мэдүүлэг өгч байх ба үүнээс зөвхөн түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Гэрэлт-Ундрамд цохиулсны улмаас гэмтсэн..." гэсэн эхний мэдүүлгийг гэм бурууг нотолсон баримт гэж шүүхийн тогтоолд оруулсан атлаа шүүхийн хэлэцүүлэгт өгсөн “Тэгэхээр нь би цаашаа өөрийн машин руугаа явж байгаад хальтирч унасан...” гэж мэдүүлсээр байхад нэг субьектийн хууль сануулсан 2 удаагийн мэдүүлгээс яллах шинж чанартай мэдүүлгийг нотлох баримтаар авч “унасан” гэх мэдүүлгийг үнэлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүдээс энэ хэргийг шууд харсан гэрч Б.Ганбатаас бусад гэрч, тухайлбал гэрч Н.Ариунзул, Э.Тунгалагтамир, Д.Сундарь нарын мэдүүлгүүдэд хохирогчийг цохиулсан эсвэл унаж гэмтсэн талаар ямар нэгэн нотолгооны чанартай мэдүүлгийг өгөөгүй, шууд харсан гэрч нар биш учраас мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй буюу тэдний мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар нотлох чадваргүй мэдүүлэг гэж үзнэ.

Гэрч Д.Сундарийг 2016 оны 9 дүгээр 12-ны өдрийн шүүх хуралд дагаж ирсэн эцэг  Даваасамбуу гэгч нь хурлын явцад охиноо мэдүүлэг өгөхөд хажуугаас нь оролцож үг заах, дарамтлах маягаар нөлөөлж хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх боломжийг олгоогүй. Хохирогч бид хоёрын хувьд Э.Тунгалагтамирийг асрах, хамгаалах талаар маргалдсан нь хангалттай нотлогдож, хэрэг маргаан нь хувийн сэдэлттэй байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл гэж үзэн буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй бөгөөд хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр
зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримт болно. Уг хэрэг анхан шатны шүүхээр гурван удаа хэлэлцүүлэгдсэн. Түүний 2 дахь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.Гэрэлт-Ундрам “би хальтирч унахдаа машины бөгсөн хэсгийг мөргөж унасан" гэж хэлсэн. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёстой. Хохирогч олон янзаар эргэлзээтэй мэдүүлэг өгч байсан. Гэрч Ганбат хоёр дахь шүүх хуралдаанд оролцож мэдүүлэхдээ “тухайн үед би байсан. Хохирогч Д.Бат-Өлзий эмэгтэйг үүрч явахдаа даахгүй халтирч, унах үедээ машин мөргөсөн” гэсэн мэдүүлэг, мөн шинжээч эмч Чулуунсүх нь шүүх хуралдааны үед уг гэмтлийг машин мөргөөд унах үед авах боломжтой юу гэж асуухад, "боломжтой" гэж мэдүүлсэн. Эдгээр баримтууд, хохирогчийн эргэлзээ бүхий байдал зэрэг тогтоогдсон. Хохирогч машин барьж яваад буудалд хонож, маргааш нь рентгенд
харуулахад гэмтэлгүй гэсэн байдаг. Эдгээрээс үндэслэн хавтас хэргийн 46 дугаар талд өвчтөний түүх дээр хохирогчийн баруун нүд хөхөрсөн гэдэг. Энэ хөхрөлтийг хэн үүсгэсэн талаар шинжээчийн дүгнэлтээр духны зүүн хэсгээс нүдний ухархай хүртэл үргэлжилсэн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой гэсэн зөрүүтэй зүйлүүд байгаа учир эргэлзээ үүсээд байна. Сүүлд машинд мөргүүлсэн гээд маргааш нь рентгэнд үзүүлэхэд гэмтэлгүй гэсэн ба
3 хоногийн дараа хүнд гэмтэлтэй байсан. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Иймээс шүүх нотлогдохгүй бол яллагдагчид ашигтай шийднэ гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах буюу эсвэл хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгож, хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгөхийг хүсье...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хохирогч Д.Бат-Өлзий нь давж заалдах гомдолдоо “Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 12 дугаар аарын 19-нээс 20-нд шилжих шөнө “Минт” баарны гадаа Г.Гэрэлт-Ундрамд цохиулж гэмтэл авсан талаараа Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Гэхдээ хэргийн материалтай танилцахад надад учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжтой гэсэн байснаас би гэмгүй хүнийг шоронд оруулж байгаа гэдгээ ойлгоод шүүхийн шатнаас бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлсэн. Учир нь би найз охин Тунгалагтамирын эгч Ариунзулыг өргөөд 2 машины голоор авч явж байхдаа хальтирч унасан, тэр үед Г.Гэрэлт-Ундрам нь ард “чи эмэгтэй хүн авч явж байж аятайхан авч яв” гэх мэтээр үглээд дагаад явж байсан ба "би босч ирээд Ариунзулыг Г.Гэрэлт-Ундрамд түшүүлж орхиод, өөрийн машинаа авчраад машинд суулгах гэхэд Г.Гэрэлт-Ундрамд “өөрийнхөө машинаар хүргээд өгнө” гээд маргалдаж байхдаа миний нүүрний зүүн тал руу цохьсон. Түүнээс өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Үүнээс үзэхэд би уг тархиндаа авсан гэмтлийг Г.Гэрэлт-Ундрамд цохиулснаас биш, унаж машин мөргөхдөө гэмтсэн гэж бодож байгаа. Хамгийн гол нь би хэргийн материалтай танилцаад Г.Гэрэлт-Ундрамд цохиулахдаа гэмтэл авсан гэдэгт эргэлзэж эхэлсэн” гэж хэлдэг. Мөн танхайн сэдэлт бус хувийн таарамжгүй харилцаанаас үйлдэлтэй маргалдсан гэдгээ хэлдэг. Үүнийг анхан болон давж шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой хэлэлцэх тухай хуулийн заалтыг зөрчсөн.

Шүүхээс Г.Гэрэлт-Ундрамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад зөвхөн яллах талын баримтыг үнэлж хэт нэг талыг барьсан, хэргийн бодит үнэнийг тогтооход онц чухал ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг орхигдуулан ял оногдуулсан гэж үзэж байна. Тухайлбал: хохирогч Д.Бат-Өлзий нь өөрт учирсан хүнд гэмтлийн талаар хоёр янзаар мэдүүлдэг бөгөөд Г.Гэрэлт-Ундрамд цохиулж гэмтэл авсан, эсвэл унахдаа машин мөргөж гэмтэл авсан гэх ба шүүх үнэлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг зөрчин цохиулж гэмтэл учирсан гэх мэдүүлгийг гэм буруутайд тооцох гол нотлох баримт болгон авсан юм. Хохирогчийн цохиулж гэмтэл авсан гэх мэдүүлэг нь гэрч Б.Ганбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгээр шууд няцаагддаг. Гэрчийн мэдүүлэгт “...Г.Гэрэлт-Ундрам тэр залууг цохиж зодсоныг хараагүй, харин нөгөө согтуу охинтойгоо өнхөрч унасан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “... хохирогч Д.Бат-Өлзий нь газар унахдаа толгойгоороо машин мөргөсөн” гэж шууд мэдүүлж байхад мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энд унаж байсан болон унахдаа машин мөргөсөн тухай мэдүүлэг нь гол байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтэл буюу духны зүүн хэсгээс нүдний ухархай хүртэл үргэлжилсэн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой талаар гаргасан шүүх эмнэлгийн 220, 241 дугаартай дүгнэлтүүдээр шууд нотлогдож байхад заавал гараар цохиж учруулсан гэж шүүх дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Гэрэлт-Ундрамын гэм бурууг нотолж буй гол нотлох баримтаар түүнд цохиулж гэмтсэн гэх хохирогч Д.Бат-Өлзийгийн мэдүүлгийг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өөрчлөгдсөн, өөрт учирсан гэмтлийн талаар шууд харшлах хоёр өөр мэдүүлэг өгч байх ба үүнээс зөвхөн түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Гэрэлт-Ундрамд цохиулсны улмаас гэмтсэн..." /1-р хавтас 8-11/ гэсэн эхний мэдүүлгийг гэм бурууг нотолсон баримт гэж шүүхийн тогтоолд оруулсан атлаа шүүхийн хэлэцүүлэгт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг мөн сануулсан/ өгсөн “Тэгэхээр нь би цаашаа өөрийн машин руугаа явж байгаад хальтирч унасан...” гэж мэдүүлсээр байхад нэг субьектийн хууль сануулсан 2 удаагийн мэдүүлгийн яллах шинж чанартай мэдүүлгийг нотлох баримтаар авч “унасан” гэх мэдүүлгийг үнэлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Уг хэрэг нь өмнө 2 удаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, мөрдөн байцаалтад буцсан ба харин улсын яллагчийн эсэргүүцлээр мөн 2 удаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан. Энэ хугацаанд хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүдээс энэ хэргийг шууд харсан гэрч Б.Ганбатаас бусад гэрч, тухайлбал гэрч Н.Ариунзул, Э.Тунгалагтамир, Д.Сундарь нарын мэдүүлгүүдэд хохирогчийг цохиулсан эсвэл унаж гэмтсэн талаар ямар нэгэн нотолгооны чанартай мэдүүлгийг өгөөгүй, шууд харсан гэрч нар биш учраас мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй буюу тэдний мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар нотлох чадваргүй мэдүүлэг гэж үзнэ.

Гэрч Д.Сундарийг 2016 оны 09 дүгээр 12-ны өдрийн шүүх хуралд дагаж ирсэн эцэг Даваасамбуу гэгч нь хурлын явцад охиноо мэдүүлэг өгөхөд хажуугаас нь оролцож үг заах, дарамтлах маягаар нөлөөлж хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх боломжийг олгоогүй, Даваасамбуу гэгч нь хурлын тамхимаас гарахдаа өмгөөлөгчдийг “Муусайн юмнууд" гэж хэл амаар доромжлон гарч явсан бөгөөд Д.Сундарьтай хэргийн талаар ярилцсан видео бичлэгийг шүүхэд гаргаж эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт авах, хэлэлцүүлэх талаар гаргасан өмгөөлөгчийн санал хүсэлтийг ямар ч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд болсон маргаан нь хохирогч болон холбогдогч нар тухайн үед биеэ авч явах чадваргүй байсан Э.Тунгалагтамир гэгчийг асрах, хамгаалах талаар маргалдсан нь хангалттай нотлогдож, хэрэг маргаан нь хувийн сэдэлттэй гэж үзэж байгаа нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүилиин 96.1 дэх хэсэгт заасан үйлдлийг мөн зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл гэж үзэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй бөгөөд хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримт болно. Уг хэрэг анхан шатны шүүхээр гурван удаа хэлэлцүүлсэн бөгөөд хоёр дахь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.Гэрэлт-Ундрам “би хальтирч унахдаа машины бөгсөн хэсгийг мөргөж унасан" гэж хэлсэн. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёстой. Хохирогч олон янзаар эргэлзээтэй мэдүүлэг өгч байсан. Гэрч Ганбат 2 дахь шүүх хуралдаанд оролцож мэдүүлэхдээ: “...тухайн үед би байсан. Хохирогч Д.Бат-Өлзий эмэгтэйг үүрч явахдаа даахгүй хальтирч, унах үедээ машин мөргөсөн” гэсэн мэдүүлэг, мөн шинжээч эмч Чулуунсүх нь шүүх хуралдааны үед уг гэмтлийг машин мөргөөд унах үед авах боломжтой юу гэж асуухад "боломжтой" гэж мэдүүлсэн.

Хохирогч машин барьж яваад буудалд хонож, маргааш нь рентгенд харуулахад гэмтэлгүй гэсэн байдаг. Эдгээрээс үндэслэн хавтас хэргийн 46 дугаар талд өвчтөний түүх дээр хохирогчийн баруун нүд хөхөрсөн гэдэг. Энэ хөхрөлтийг хэн үүсгэсэн талаар шинжээчийн дүгнэлтээр духны зүүн хэсгээс нүдний ухархай хүртэл үргэлжилсэн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой гэсэн зөрүүтэй зүйлүүд байгаа учир эргэлзээ үүсээд байна. Сүүлд машинд мөргүүлсэн гээд маргааш нь рентгэнд үзүүлэхэд гэмтэлгүй гэсэн ба 2-3 хоногийн дараа хүнд гэмтэлтэй байсан. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Иймээс шүүх нотлогдохгүй бол яллагдагчид ашигтай шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй тул хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээр хянуулахаар гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Г.Гэрэлт-Ундрам нь 2015 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө 04 цагийн үед танхайн сэдэлтээр хохирогч Д.Бат-Өлзийгийн нүүрэн тус газарт нь цохиж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь буруу байна. Учир нь шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам болон хохирогч Д.Бат-Өлзий нар нь тухайн үед н.Ариунзул гэх хүнийг хүргэж өгөх тухай асуудал дээр үл ойлголцож, маргалдсан байдаг. Өөрөөр хэлбэл хувийн сэдэлтээр шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нь хохирогч Д.Бат-Өлзийг цохиж хүнд гэмтэл учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Иймд, шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэснийг мөн хуулийн тусгай ангийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр заасан.

Хохирогчид учирсан гэмтлийн талаар гарсан шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэйгээс гадна сүүлчийн шинжилгээ хийсэн шинжээчдийн бүрэлдэхүүний үзлэгийн болон дүгнэх хэсэг хоорондоо эсрэг агуулга бүхий зөрүүтэй байх тул нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж дүгнэв. Тухайлбал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 241 дүгээр дүгнэлтийн үзлэгийн хэсэгт: “Баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралттай”, мөн хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 220 дугаар шинжээчийн дүгнэлтэд Д.Бат-Өлзийгийн биед зүүн ухархайн дээд ханын шинэ хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсныг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хохирогчид учирсан гэмтлийн талаар эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд үүнийг нэг мөр тодруулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй нөхцөл байдлыг нэг мөр арилгуулахаар Г.Гэрэлт-Ундрамд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол болон магадлал дээрх үндэслэлээр хүчингүй болсон тул шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам болон өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                       Ч.ХОСБАЯР