Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2019/0287

 

2019 оны 05 сарын 22 өдөр           Дугаар 221/МА2019/0287                          Улаанбаатар хот

Ч.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Ч.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ж, С.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0138 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу Ч.Б, Ц.Х, Г.Э нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0138 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.4, 17 дугаар зүйлийн 17.5.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Г.Э, Ц.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” дугаар 441 тоот шийдвэрийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай” дугаар 111 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэг: Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт: “Монгол Улсын Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 37 дугаар тогтоол болон 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолуудыг гаргасан байх хэдий ч энэхүү Засгийн газрын тогтоолууд нь өмнө нь дурдсан сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолууд гарснаас цаг хугацааны хувьд хойш гарсан байна” гэж дүгнэжээ.

Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Ө” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын -----Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийн оролцогч нар маргаагүй асуудлаар өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол анх гарсан цаг хугацаа, уг тогтоолууд хүчинтэй эсэх талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр: Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт: “Ашигт малтмалын тухай хуулийн ... , 17 дугаар зүйлийн 17.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи. уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 17.4-т “Энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ”, 17.5-т “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараах шаардлагыг хангасан байна”, 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж тус тус заасан байна” гэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Ө” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр олгосон байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөн найруулсан зүйлийг үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болсныг харуулж байна.

Гурав: Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт: Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг үндэслэн дүгнэлтээ гаргасан.

Энэ дүгнэлт нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болсон тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, 38 дугаар зүйлийн 38.3-т “салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх” үүрэгтэй байхаар хуульчилсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” эрхтэй гэж заасан байна.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан Хууль зүйн яаманд бүртгүүлэн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болсон “ Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдан гарсан.

Монгол Улсын Засгийн газар эрх хэмжээ, үүргийнхээ хүрээнд тогтоол, журам гаргаж түүнийг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлсэн.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 7 дугаар зүйлийн 7.1.1-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” үүрэгтэй байхаар хуульчилсан.

Дөрөв: Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт: “... иргэд болох нэхэмжлэгч Ч.Б, Г.Э, Ц.Х нар нь маргаан бүхий газарт нүүдэллэн амьдардаг. малаа бэлчээдэг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар бодитоор. тодорхой нотлогдож байна” гэжээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ” гэж заажээ.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэлээс харахад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан үндэслэлгүй ташаа дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна.

Тав: Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт: “Мөн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр нь алт олборлолтын улмаас ихээхэн эвдэгдсэн, байгаль орчинд хохирол учирсан, малын бэлчээр хомсодсон. тус сумын малчин иргэдийн үндсэн эрх зөрчигдөж байгаа болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд тус шүүхээс маргаан бүхий газарт очиж үзлэг хийж бодит байдалтай танилцахад энэ нөхцөл байдал илэрхий байсан болно” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан.

Дээр дурдсан дүгнэлт нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж, нотлох баримтад үндэслэхгүйгээр сэтгэл хөдлөлөөр шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа нь уг шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй болохыг нотолж байна.

Зургаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Долоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын хариу тайлбарт үндэслээгүй бодит үнэнд үл нийцсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийж чадаагүй.

Нэг. Үйл баримтын тухайд:

1.1.      Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Компанийн үүсгэн байгуулагчаар оролцох тухай 09 дүгээр тогтоолыг баталж, “Т э” ОНӨААТҮГ-ын оролцоотой “Э э” ХХК-ийг байгуулсан байдаг.

“Э э” ХХК-ийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас байгуулах болсон үндэслэл, шалтгаан нь “Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явагдаж, түүнийг таслах зогсоох үй ажиллагаа хангалттай үр дүнд хүрээгүйгээс байгаль орчинд хохирол учруулсаар байгаа тул орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа алтны илэрц бүхий газарт ашигт малтмалын нөөцийг зохих журмын дагуу тогтоож, ашиглах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэx...” зорилгоор байгуулсан.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, мөн зүйлийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална’” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газар өөрийн эрх хэмжээний дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг баталсан.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 37 дугаар тогтоолоор Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Ө” нэртэй 15541,08 га талбайг сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамруулан нийтэд зарласныг Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг уг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 сарын 29-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг /Эрх зүйн хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн/ баримтлан хуулийн дагуу зохион байгуулж, “Э э” ХХК нь сонгон шалгаруулалтаар шалгарч, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон.

1.2.      Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн №326 тоот “Заамар сумын иргэдийн хүсэлтийн тухай” албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “... нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж, “Э э” ХХК-д олгосон --------- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг талбайг багасгаж зөвхөн хууль бусаар алт олборлож хөндөгдөж эвдэрсэн газрыг хамруулан тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн” агуулга бүхий хүсэлтийг хүргүүлсэн байна.

Дээрх хүсэлттэй холбоотойгоор “Э э” ХХК-иас Төв аймгийн иргэдийн хүсэл сонирхол, аймгийн удирдлагуудын шийдвэрийг хүндэтгэж, 2018 оны 02 сарын 28-ний өдрийн 01/26 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан өөрийн эзэмшлийн --------- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 11594,16 га талбайг орон нутагт буцаан хүлээн өгч, талбайн үлдэх 3946,91 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэчлэж өгөх тухай хүсэлтийг гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн №111 тоот шийдвэрээр “Э э” ХХК-д Төв аймгийн Заамар сумын “Ө” нэртэй газарт 2017 оны 07 сарын 27-ны өдөр олгосон --------- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 3946,91 га болгон багасган шийдвэрлэсэн.

Дээрх үйл баримттай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2/503 дугаар баримтаар “нэхэмжлэгч 3 иргэний эзэмшлийн газар нь “Э э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй” болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн байдаг.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

2.1.      Иргэн, хуулийн этгээдээс эрхээ хамгаалуулахын тулд төрийн байгууллага, шүүхэд хандаж байгаа тохиолдолд гомдол, нэхэмжлэгч гаргагч этгээд өөрөө хуульд заасан журмыг баримтлах үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхыг шаарддаг.

Энэ ч утгаараа Захиргааны шүүхэд захиргааны актын талаар хандахад заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байх, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байх нь шүүхэд хандах урьтал нөхцөл болж, хэргийг хүлээн авсан шүүгч энэхүү ажиллагаа зохих журмын дагуу хийгдсэн эсэхийг хамгийн түрүүнд шалгах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам юм.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл өмгөөлөгч н.Б, “Хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлуулах ажлын хэсэг” нар нь Ашигт малтмалын газарт нэхэмжлэгч нарыг төлөөлөн гомдол гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй этгээд мөн эсэх, гомдол гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг шалган тогтоогоогүй. 

Мөн Ашигт малтмалын газрын 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 1/3643 дугаар албан бичигт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухай дурдсан байхад болон Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/7888 дугаар албан бичгийг хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлуулах ажлын хэсэг хэзээ гардаж авсан эсэхийг тодруулж, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг мөн л шалган тогтоох үүргээ биелүүлээгүй.

Гурав. Шүүх хэрэгт ач холбогдох бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй тухайд:

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 31 дүгээр “Санал хүргүүлэх тухай” тогтоолын 2.1-т “Засгийн газрын 37 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулах журмаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд хамрагдсан аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад байгаа газрыг чөлөөлөх асуудлыг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу Засгийн газрын 37 дугаар тогтоолын солбицолд хамрагдсан маргаан бүхий хайгуулын талбайг тусгай хэрэгцээний газраас чөлөөлсөн эсэхийг тодруулаагүй атлаа шууд тусгай хэрэгцээний газар байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Мөн Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойлдог. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж хариуцагчийг буруутгасан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болгуулахаар тодорхойлсон байдаг.

Иймд шүүхээс эрх зүйн өөр, өөр үр дагавар бүхий захиргааны актын үндэслэлээр маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг зайлшгүй тодруулах ёстой байсан.

Түүнчлэн шүүхээс иргэд малаа бэлчээх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж заасны дагуу маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бэлчээрийн талбай байхаар тусгасан эсэхийг шалган тогтоолгүй хэт хийсвэр дүгнэлт хийсэн.

Дөрөв. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд:

4.1.      Шүүхээс “Нэхэмжлэгч Ч.Б нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид нь нэхэмжлэгч Ч.Б нарын эзэмшлийн газар нь “Э э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй болсон хэдий ч нэхэмжлэгч нарын малаа бэлчээдэг бэлчээрийн газартай давхцалтай буюу нэхэмжлэгч малчин иргэдийн малаа бэлчээдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн.

Гэтэл нэхэмжлэгч нарын малаа бэлчээх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд Монгол орны цаг уурын онцлогоос хамаарч мал ганцхан газарт бэлчээрт гардаггүй, өвөлжөөний болоод зуншлагын бүс нутаг өөр өөр газарт байрлан, нүүдэллэн амьдардаг бөгөөд нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар нь өвөлжөө, хаваржааны зориулалттай байгааг шүүх анхаараагүйн дээр Газрын тухай хуулийн 52 зүйлийн 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу бэлчээр ашиглах эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэр гараагүй бөгөөд нэхэмжлэгч нар эрхээ хэрэгжүүлэхээр хуульд заасны дагуу холбогдох этгээдэд хандаагүй байхад Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй буюу шүүх хуулийг буруу тайлбарлаж, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

4.2.      Шүүхийн шийдвэрийн шийдвэрт “Мөн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр нт алт олборлолтын улмаас ихээхэн эвдэгдсэн, байгаль орчинд хохирол учирсан, малын бэлчээр хомстсон, тус сумын малчин иргэдийн үндсэн эрх зөрчигдөж байгаа болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд тус шүүхээс маргаан бүхий газарт очиж үзлэг хийж бодит байдалтай танилцахад энэ нөхцөл байдал илэрхий байсан болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлыг гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаа мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ямар нэгэн байдлаар байгаль орчинд нөлөөлөх болоод хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа огтхон ч хийгдээгүй болохыг хэргийн газрын үзлэгээр авсан фото зургаар тодорхой нотлогддог.

Гэтэл гуравдагч этгээд “Э э” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаанаас ямар хор хохирол учирсныг шүүхээс нотолж чадаагүй, нэхэмжлэгч нар ч нотолж чадаагүй атлаа тухайн бүс нутагт өмнө хэрэгжсэн хөтөлбөрийн үр дагаврыг өнөөдөр хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид халдааж байгаа нь шүүх “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэх зарчмыг зөрчиж, гуравдагч этгээдийг үндэслэлгүйгээр нотлох баримтгүйгээр буруутгаж байгаа нь хууль бус шийдвэр гарсан гэх нэг үндэслэл юм.

4.3.      Шүүхийн шийдвэрт Нэгдсэн Үндэсний байгууллын тусгай илтгэгч Жон Х.Ноксын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг.

Гэтэл тухайн дүгнэлт гаргах үед гуравдагч этгээд “Э э” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа эхлээгүй байсан төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дүгээр сарын 01-ний өдрийн 0138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” бүрэн эрхтэй байхаар, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” нь нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх байхаар хуульчилжээ.

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Заамар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд хуучин хэвээр нь байлгаж давхцаж байгаа хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байх”-аар шийдвэрлэж, Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газраас бусад нийт 244672,4 га газар нутгийг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 11 дүгээр сарын 11.1 дэх хэсгийг үндэслэн “Э э” ХХК-д Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Ө” нэртэй 15541.08 га талбайд ----------- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр “Э э” ХХК-ийн XV-020880 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 15541.08 гектар талбайгаас 11594.16 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 3946.91 гектар талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нараас хариуцагчийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглосон, уг хориглосон зохицуулалтыг мэдсэн байхыг шаардсаар байхад хууль зөрчиж зөвшөөрөл олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т зааснаар төрийн захиргааны байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт явуулах талбай нь “тусгай хэрэгцээний газар ... талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” шаардлагыг хангасан байхыг шаарджээ.

Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байна. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу зохион байгуулж, доор дурдсан ажиллагааны аль нэгийг гүйцэтгэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1.2-д зааснаар төрийн захиргааны төв байгууллага “энэ хуулийн 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” бүрэн эрхтэй байна.  

Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар[1] батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг “хязгаарлагдмал” байдлаар зохион явуулж болно” гэж заажээ.

Хариуцагч хариу тайлбартаа “... хууль бус олборлолтод өртөж эвдэгдсэн газрыг бүрэн ашиглан нөхөн сэргээх, байгаль орчны доройтлыг бууруулах зорилгын хүрээнд орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зохион явуулах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлж, цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны болж чадаагүй байна.

Нэхэмжлэгчээс тусгай хэрэгцээний газар байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу гэсэн үндэслэлээр, харин хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал, эрэх, хайх, ашиглах асуудлыг Засгийн газар /түүний эрх олгосноор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/ шийдвэрлэх эрх хэмжээтэй. Уг эрх хэмжээний хүрээнд баталсан журмын дагуу сонгон шалгаруулалт зарласан гэж маргасан маргааны энэхүү үйл баримтыг тогтооход шаардлагатай холбогдох нотлох баримтыг цуглуулж, холбогдох дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Гуравдагч этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо дээрх хууль болон журамд зааснаар Газрын тухай хуульд заасны дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газар гэж үзсэн, эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байгаа гэсэн үндэслэлээр тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Гуравдагч этгээд “Э э” ХХК-ийг орон нутгийн өмчит “Т э” ХХК болон “Г х” ХХК хамтран үүсгэн байгуулсан орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байх бөгөөд тус хуулийн этгээдэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай хэрэгцээний газар гэж үзэж хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулсан эсэх, сонгон шалгаруулалтаар маргаан бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар[2] батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6-д заасны дагуу сонгон шалгаруулалтын талбай нь хууль бус олборлолтод өртсөн талбайтай давхцаж байгаа эсэхийг хариуцагч ямар нотлох баримтыг үндэслэн, хэрхэн тогтоосон талаарх баримтыг цуглуулах нь зүйтэй.

Түүнчлэн, хариуцагч аль үндэслэлээр сонгон шалгаруулалт зарласан талаар дээрх нөхцөл байдлыг тогтоосны дараа тухайн сонгон шалгаруулалт нь хууль болон журамд нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Иймд хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг нотлох баримт цуглуулсны үндсэн дээр тогтоож, маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ