Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 605

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, Б.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Б

Нэхэмжлэгч: Ц.Х,

Нэхэмжлэгч: Г.Э,

Хариуцагч: АМГТГ-н КХ-ийн дарга

Гуравдагч этгээд: “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГ-ын КХ-н даргынхайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны 111 тоот шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгч Ч.Б, Ц.Х*******, Г.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б, Ц.Х, Г.Энар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газар буюу Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн нутгийн иргэдийг төлөөлж дараах нэр бүхий иргэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргасан. Эдгээр иргэд нь Ч.Б, Ц.Х, Г.Э  нар болно. Тус иргэд нь ЗХШХШтХ-ийн 27, 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх үүргийг эдэлж, нэхэмжлэгчдийг төлөөлөх эрхийг Л.А*******т итгэмжлэлийн үндсэн дээр олгосон өмгөөлөгч Э.М******* нь нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр уг хэрэг, маргаанд өмгөөлөгчөөр оролцож, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, төлөөлж байна Субъектив эрхийн зөрчил: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон тус талбай нь орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зааснаар бэлчээр, суурьшлын бүс болно. Тус талбайд нэхэмжлэгч иргэд нь оршин суудаг, өвөлжөө хаваржаа нь байршдаг төдийгүй Заамар сумын бэлчээрийн гол нөөц бүс нутаг юм.

XV******* тоот тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон шийдвэрээс шалтгаалж тус бүс нутагт оршин суудаг нийт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, чөлөөтэй зорчих, хөдлөх, ул хөдлөх шударгаар олж авах эрхийг хөндөгдөх, зөрчигдөж болзошгүй байгаа бөгөөд иргэдийн амьжиргаан эх үүсвэр болсон мал, түүний бэлчээрт шууд хохирол учруулахаар байна. Учир нь хайгуулын ажил эхэлснээр нарийн ширхэгт тоос, шороо ихсэх бөгөөд энэ нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, бэлчээр болон ундны ус, усан сан бохирдох/ устах, төлөвлөгөөгүй зам, хашаа, ухсан нүх зэрэг нь хун, малын эрүүл мэнд, амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна иргэдийн төрийн үйлчилгээг цаг алдалгүй авахад сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй юм. Төв аймгийн Заамар сум нь 5594 хүн амтай бөгөөд нийт 281207 га талбайгаас 12597 га талбай газар нь тариалангийн зориулалттай. Алт-1 хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 19781,01 га газарт хайгуулын 20 ширхэг лиценз, 22816,03 га газарт ашиглалтын 81 лицензээр нийт 42600,04 га талбайг уул уурхайн зориулалтаар олгосон байдаг. Тус хөтөлбөрийн үр дүн нь сумын эдийн засгийн хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхээс илүүтэйгээр тус сумын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, доройтуулсан байдаг нь 20 гаруй гол горхи, булаг шанд ширгэсэн малын бэлчээр сүйдсэн, малчдыг өвөлжөө болон хаваржаанаас хүчээр нүүлгэсэн зэрэг сөрөг үр дагаврууд олон байдаг нь тус тусгай зөвшөөрлийг олгосноор дахин иргэдийн эрхийг хохироох үндэслэл болоод байна. Бусад нөхцөл байдал: Заамар сумын ИТХ-аас иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нийт 244672,4 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хавсралтаар Төв аймгийн Заамар суманд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос бусад бүх талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар заасан байдаг. Мөн түүнчлэн Өвөр Наймганы Ам гэх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч Засаг даргад тус газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас хойш 2 жилийн дараа Ашигт Малтмал, Газрын Тосны Газар Өвөр Наймганы Ам газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор иргэдийн саналыг авах ажиллагаа явуулсан. Заамар сумын 2 дугаар багийн ИНХ болон Заамар сумын ИТХ- Газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан тус тогтоолоор Заамар сумын нийт 244672,4 га газрыг 15 жилийн хугацаагаар авсан байдаг. 2 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07/ 117 тоот Шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай.хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд татгалзсан саналыг хүргүүлсэн. Иргэдийн татгалзсан саналыг үл харгалзаж Өвөр Наймганы Ам-ын газарт Хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д Ашигт малтмал газрын Тосны Газрын Кадастрын хэлтсээс олгосон Уг хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон тогтоолыг эсэргүүцэж орон нутгийн иргэдийн төлөөлөл АМГТ газарт 2017 оны 09 дүгээр сарын 12 болон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд тус тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардсан албан тоотыг хүргүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт Малтмал Газрын Тосны Газраас тусгай зөвшөөрөл нь хууль зөрчиж олгогдоогүй болох, иймд цуцлах боломжгүй талаар хариу өгсөн. Тус хариунд Монгол улсын Засгийн Газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солиболцлыг тогтоох бүрэн эрх хуулиар олгогдсон байдаг. Уг бүрэн эрхийн хүрээнд Өвөр Наймганы Амын газрыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүсэд багтаан тогтоосон. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалыг үндэслэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журамд зааснаар олгосон болно гэжээ. Харин тус хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох А/129 тоот журам нь 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн дугаар 221/Ш32018/0429 тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хүчингүй болж, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/Ш32018/ 1729 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд уг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодорхойлж, нэхэмжлэгчдийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалуулах, сэр гээлгэх зорилгоор хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэс:

Төв аймгийн Заамар сумын Өвөр Наймганы Ам хэмээх газарт ашигт малтмалын хайгуулын XV ******* тоот тусгай зөвшөөрөл олгосон АМГТГ-ын КХ-н даргын2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот болон 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрүүд нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа болно.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон: Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсад газар, түүний хэвлий, ... байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн тогтоосон. Үндсэн хуулийн уг заалт нь иргэд (орон нутгийн иргэд) газар, түүний хэвлий болон байгалийн бусад баялагтай холбоотой төрийн шийдвэр гаргах харилцаанд хуулиар олгогдсон эрх хэмжээг эдлэх бүрэн эрхийг тодорхойлсон заалт мөн. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд газар, байгалийн бусад баялгийг (ашигт малтмал) эзэмшүүлэх, ашиглуулах харилцаанд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд оролцох бүрэн эрхтэй болохыг тогтоосон гэсэн үг. Тийм ч учраас Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно, түүнчлэн засаг захиргааны нэгжийн ... эрх хэмжээг хуулиар тогтооно" хэмээх заалтаар тухайн нутагт хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудлыг аливаа төрийн бусад байгууллага зөрчиж болохгүй гэсэн үзэл санаа болно.

Монгол улсын Газрын тухай хуулиар Сум, дүүрэн, Аймаг, Нийслэлд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээг хуулиар хадгалуулсан нь Үндсэн хуулийн дээрх үзэл санааг салбарын хуулиар баталгаажуулж буйн бодит илрэл юм. Тус хуульд зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэжээ. Мөн ЗЗНДНТУтХуулиар орон нутгийн тус эрх хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх процедурыг тусгайлан зохицуулсан нь газар, түүний хэвлий болон байгалийн бусад баялаг болон Монгол улсын Үндсэн Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Монгол Улсад газар, түүний хэвлий ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна Монгол улсын Үндсэн Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна Монгол улсын Үндсэн Хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно Газрын тухай Монгол улсын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох. Газрын тухай Монгол улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 түүнтэй холбоотой харилцаанд (Тусгай хэрэгцээнд авах) орон нутаг хуулиар олгогдсон эрх хэмжээг шууд хэрэгжүүлнэ. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээг Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-д Газрын тухай хууль болон ЗЗНДНТУтХ-аар тус тус онцгойлон олгосны зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулиар уг эрх хэмжээг зөрчихийг тусгайлан хориглож хуульчилсан байдаг. Энэ нь орон нутагт хуулиар хадгалуулсан эрх хэмжээний асуудлыг аливаа дээд шатны болоод бусад байгууллага хөндөж болохгүйн баталгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг ойлгоно 1 хэмээн хуульчилсан байдаг. Мөн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өргөдөл гаргагч тусгай хэрэгцээний газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, Төрийн захиргааны байгууллага нь давхцалгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх шийдвэр гаргах болон төрийн захиргааны байгууллага нь Шүүлт хийсний дараа тусгай зөвшөөрөл олгох үүргийг хуулиар тогтоосоор байтал уг үүргээ төрийн захиргааны байгууллага үл биелүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглосон, уг хориглосон зохицуулалтыг мэдсэн байхыг шаардсаар байхад хууль зөрчиж зөвшөөрөл олгосон үйлдэл нь Захиргааны Ерөнхий Хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдсан үйлдэл мөн.

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ: Хайгуулын Х\/******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь салбарын ерөнхий болон тусгай хуулийн агуулга, зорилгыг шууд зөрчихийн зэрэгцээ салбарын бусад хууль буюу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг мөн адил зөрчсөн байна. Уг хуульд зааснаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах. газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ" гэж тогтоосон ажиллагааг огт хэрэгжүүлээгүй байхад тусгай зөвшөөрөл олгосон нь ЗЕХ-ийн 48 дугаар зүйлийн 48.2.3 Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй заалтыг зөрчсөн хууль бус захиргааны акт мөн болох хууль зүйн үндэслэлтэй байна. Бид болон манай өмгөөлөгч тухайн үед маргаан бүхий Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын XV ******* тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд АМГ-аас 111 дугаар шийдвэрийн хариуг 2018.05.14-ний өдөр манай өмгөөлөгчид, 441 дугаар шийдвэрийн гомдолд 2017 оны 11 дүгээр сарын.10-ны өдөр хариуг өгсөн болно. Иймд бид урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг биелүүлж дээд шатны байгууллагад нь гомдлоо гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч АМГТГ-н КХ-ийн дарга Д.Дашзэвэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Л.А******* нарын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл нь хууль зөрчиж олгогдсон тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэр гаргуулахыг нэхэмжлэгчийн зүгээс шаардаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн АМГТГ-ын КХ-н даргын2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэр, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэг: Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар удаан хугацаанд эдийн засгийн эргэлтэд ороогүй зогсонги байдалд орсон уул уурхайн салбарын үйл ажиллагаа сэргэх, төр хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох нөхцөл бүрдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т энэ хуулийн 20.1-т заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах" гэж заасныг үндэслэн Засгийн газрын эрх олгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг баталж, Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. Хууль зүйн яам дээр дурдсан журмыг Монгол Улсын хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасны дагуу орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, хууль бус олборлолтод өртөж эвдэгдсэн газрыг бүрэн ашиглан нөхөн сэргээх байгаль орчны доройтлыг бууруулах зорилгын хүрээнд орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зохион явуулах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д /хуучин хуулиар / "Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганы ам нэртэй 15541.08 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой байна. Уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаар санал авахаар тус аймгийн Засаг даргад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/1462 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Төв аймгийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай хариуг ирүүлжээ. Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6-т заасны дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод нээлттэйгээр зарласан. /хуучин журам/ Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Өвөр наймганы ам нэртэй 15541 08 га талбайд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналын баримт бичгийг дээр дурдсан журмын дагуу нээж, үнэлэн шалгарагчийг тодруулсан. Тус сонгон шалгаруулалтад шалгарсан Төв аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болох “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын 20880Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. Гурав: Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно гэж заасны дагуу “Э” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын 20880Х дугаар тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст гаргасан байна. Кадастрын хэлтэс уг өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 55.2-55.4-т заасан шаардлагыг хангаж байсан тул өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусган талбайн тодорхой хэсгийг буцаан авч шийдвэрлэсэн байна. Иймд иргэн Л.А******* нарын хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд Ч.Б, Ц.Х, Г.Энарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмал, щирып тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны 111 тоот шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий хэрэгт гуравдагч этгээд "Э” ХХК-иас дараах тайлбарыг гаргаж байна. “Э” ХХК нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Компанийг үүсгэн байгуулагчаар тогтоох тухай" 09 дүгээр тогтоолын дагуу "Тов Эрдэнэс ОНӨААТҮГ-ийн Июлцоозойгоор 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр үүсгэн байгуулсан орон нутгийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Ингээд "Э” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дугаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 1.6-д Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно гэж заасны дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтад оролцож, АМГТГ-ын КХ-н даргын2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт 15541.08 гектар талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 326 дугаар албан бичиг, “Э” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр ... нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж, “Э” ХХК-д олгосон ХУ-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг багасгаж. Зөвхөн хууль бусаар алт олборлож хөндөгдөж, эвдэрсэн газрыг хамруулан тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан. Үүний дагуу АМГТГ-ын КХ-н даргын2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 шийдвэрээр 11594,16 га газрын талбайг орон нутагт буцаан хүлээлгэн өгч, талбайн үлдэх 3946,91 га талбайд тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон. этгээдийн хувьд хууль бус олборлолтоос болж эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээлт хийж уйл ажиллагаа явуулах нөхцөл байдал байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нэр бүхий Ч.Б, Ц.Х, Г.Энарын иргэдийн эзэмшлийн газартай гуравдагч этгээдийн ашигт малтмалын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б, Ц.Х, Г.Энар нь АМГТГ-ын КХ-н даргынхайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 441 дүгээр шийдвэри болон АМГТГ-ын КХ-н даргын2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай” 111 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... “Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл хууль зөрчиж олгосноос шалтгаалж тус бүс нутагт оршин суудаг нийт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, чөлөөтэй зорчих, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрхийг хөндөж, иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал, түүний бэлчээрт шууд хохирол учруулахаар байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3-д “Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж тус тус заасан байна.

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Заамар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд хуучин хэвээр нь байлгаж давхцаж байгаа хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байх”-аар шийдвэрлэж, Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газраас бусад нийт 244672,4 га газар нутгийг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.

АМГТГ-ын КХ-н даргын2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт орших Өвөр наймганы ам нэртэй 15541,08 га талбайд “Э” ХХК-д сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Улмаар гуравдагч этгээд “Э” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон талбай уг тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан тул тус компаниас 11594.16 гектар талбайг буцаан өгөх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасны дагуу АМГТГ-ын КХ-н даргын2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр 11594.16 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдсэн 3946 гектар талбайг XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгэсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэсэн байна.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий уг талбайн ихэнх хэсэг нь аливаа хэлбэрээр хөндөгдөөгүй, хууль бус олборлолтод өртөөгүй байхын зэрэгцээ уг талбайд зургаан айлын өвөлжөө байрлаж байгаатай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс ямар үндэслэлээр “Э” ХХК-иас 11594,16 га талбайг буцаан авч, ямар үндэслэлээр 3946,91 га талбайг үлдээсэн эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/2223 дугаар албан бичгээр “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар сайдын зөвлөлд танилцуулж байх”-ыг үүрэг болгосон байхад Кадастрын хэлтэс нь ямар үндэслэлээр уг албан бичгийг хэрэгжүүлээгүйгээр талбай хасч олгосон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар “Э” ХХК-г уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалттай холбогдуулан маргаагүй ч хавтаст хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн гэрчилгээ, компанийн дүрмээс үзвэл “Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр түр сургалт хийх”, “Гадаад худалдаа” гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй байх бөгөөд хайгуулын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуул хийх эрхгүй компани уг сонгон шалгаруулалтад орж хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмшихээр болсон гэж үзэх үндэслэлтэй.

Дүгнэвэл нэхэмжлэгч нарын маргаж буй газар нь хууль бус олборлолтод өртсөн нь тогтоогдохгүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар хүчингүй болсон, мөн сонгон шалгаруулалтын үр дүнд шалгарсан компани болох “Э” ХХК нь ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагаа явуулах эрхгүй байгаа зэргээр нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Ц.Х, Г.Энараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн АМГТГ-ын КХ-н даргынXV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг тус тус АМГТГ-н КХ-ийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаа тоологдохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актуудыг хүчингүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ                            Ц.ОДМАА

                     ШҮҮГЧИД                           Б.АДЪЯАСҮРЭН

                                                                 Н.ДУЛАМСҮРЭН