Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | О.Зандраа |
Хэргийн индекс | 128/2015/0498/з |
Дугаар | 001/ХТ2016/0070 |
Огноо | 2016-03-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2016/0070
Т.Ж, С.Х нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 591 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 564 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Т.Ж, С.Х нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Т.Ж, С.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Ж миний бие “К” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 80-89 УБА улсын дугаартай RAV-4 маркын автомашин манай компанийн эзэмшилд байдаг. Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тус машинаар компанийн ажил хөөцөлдөн явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Голомт банкны үүдэнд машинаа тавьсан байхад “Б а” ХХК-аас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолыг үндэслэн дугуйг түгжиж, улмаар 20,000 төгрөгөөр торгосон. Мөн нэхэмжлэгч С.Х-г өөрийн эзэмшлийн 89-19 УНГ улсын дугаартай автомашинаа 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1 дүгээр эгнээний замд тавьсан байхад “Ка” ХХК-аас машины дугуйг түгжиж, 20,000 төгрөгөөр торгосон.
Т.Ж, С.Х бид 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдээллийг сонсоход нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” хэд хэдэн хууль зөрчсөн болохыг мэдээлсэн. Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж гомдол гаргахад тус газраас дээрх журам хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр: Журмын 1.2-т “замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжинэ”, 3.5-д “дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж 20,000 /хорин мянган төгрөг/ байх ба зөөж шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг тухайн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актаар зохицуулна” гэж тус тус заасан байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 98 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих” гэж заасныг тус тус үндэслэл болгожээ.
Гэтэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт болон Хууль зүйн сайдын 2014 оны А/218 дугаар тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан гаргаж, түр буюу удаан зогсохыг хориглосон замын хэсэгт зогссон тээврийн хэрэгслийн дугуйг түгжихээр зохицуулалт хийсэн нь хуулиар зохицуулсан харилцааг өөрөөр зохицуулж, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож, төлбөр хураамж хууль бусаар хураалгасан гэж үзэх үндэслэл болсон.
Мөн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дугуй түгжих үйлчилгээг гүйцэтгүүлдэг бөгөөд уг гэрээний 2.1-д “Б” тал нь сар бүрийн 25-ны өдрийн дотор үйл ажиллагааны орлогын 10 хувийг нийслэлийн төрийн сан 200051068 тоот дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу 2014 онд 8,448, 2015 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар 3,298, нийт 11,746 тээврийн хэрэгслийн дугуйг тус тус түгжиж, нийт 234,9 сая төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан.
Дээрх байдлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг түгжих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураалгасан зэрэг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно”, 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5/14 дүгээр дүгнэлтээр тогтоож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн дарга Б.Баттулгад хүргүүлсэн байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас тус газрын улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч мэдэгдэл хийсэн бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хүчингүй болгоогүйн улмаас аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгогдож, хууль бусаар бусдын эд хөрөнгөд халдах, төлбөр хураамж авсан зөрчил үйлдэгдсээр байна.
Иймд илтэд хууль зөрчиж гарсан захиргааны актыг үндэслэн бидний машины дугуйг түгжиж, 20,000 төгрөгөөр торгосон байх тул нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Дугуй түгжигч ашиглах журам”-ыг хэлэлцэж байх үед төслийг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж, санал, дүгнэлтийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 7/557 дугаар албан бичгээр хүлээн авч байсан бөгөөд тус газраас дээрх журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зүйл заалтууд зөрчигдөөгүй тухай албан ёсны хариуг ирүүлсэн.
Мөн иргэн Т.Ж, С.Х нар нь нэхэмжлэлдээ “... 2015 оны 01 дүгээр сарын 23, 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд дугуй түгжсэн...” гэж бичсэнээс үзвэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн байгаа нь нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 591 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 564 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Нэхэмжлэгч С.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 564 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Хуягсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Ч миний бие дараах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь заалтыг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 564 дүгээр магадлалыг үндэслэлгүй буюу тус шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7 дахь заалтыг үндэслэн маргаан бүхий акт болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугааар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг маргаан бүхий актыг гаргах “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрх” байгаа гэдгийг хууль зүйн үндэслэлээр нотолж чадаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгтэй холбогдуулж анхан шатны шүүхэд буцаасан нь илт буруу болно.
2. Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт дурдагдсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 01/1389 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, хуралдааны тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай гэж үзсэн байх ба уг нотлох баримтаар юуг нотлох, ямар учраас хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар шүүх огт үндэслэл гаргаагүй байна. Түүнчлэн уг авах шаардлагатай гэх нотлох баримтууд нь маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлтэй байсан, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байсан гэдгийн аль алийг нотлохгүй болно.
3. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв болон дугуй түгжих үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан гэрээг хэрэгт нотлох баримтаар авч, уг үйл ажиллагааг хэн, хэрхэн эрхэлж байгаад дүгнэлт өгөх шаардлагатай гэжээ. “Б а” ХХК болон “Канансити” ХХК-аас хохирол гаргуулах нэхэмжлэл гаргаагүй, харин Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн дугуйг түгжихээр гаргасан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугааар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан журмыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт огт ач холбогдолгүй болно. Шүүх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд маргаан бүхий актыг гаргах эрх хэмжээ байсан эсэхийг тогтоох чиг үүрэгтэй байтал хэрэгт ач холбогдолгүй баримтуудыг гаргуулах шаардлагатай гэж магадлал гаргасан байна.
4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэлтсийн дарга Ч.Б-аас санал авахад уг журам гарснаар өрсөлдөөнийг хязгаарлах гэх утгатай албан бичгийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн тул уг албан бичгийг хэрэгт авах шаардлагагүй бөгөөд Хурал нь өөрийн гаргаж буй шийдвэрээ хуульд нийцүүлэх үүрэгтэй болно. Уг баримтаар маргаан бүхий актыг үндэслэлтэй гэж үзэж болохгүй болохыг шүүгч, хэргийн оролцогчид аль аль нь мэдэж байгаа.
5. Шүүх Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д заасан процессийн дагуу маргаан бүхий актыг гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн байх ба уг маргаан бүхий актыг гаргах дугуй түгжих бүрэн эрх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй тул процессийн зөрчил илт хүчин төгөлдөр бус захиргааны актад хамааралагүй болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дугуй түгжигч ашиглах журмыг гаргаж, тээврийн хэрэгслийн дугуй түгжих бүрэн эрх байхгүй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх” гэж заасан бөгөөд зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх бүрэн эрхтэй байдаг тул хуулиар зохицуулсан харилцааг өөрөөр зохицуулалт хийсэн маргаан бүхий акт илт хүчин төгөлдөр бус болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 564 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, мөн хуулийн 30 дугар зүйлийн 30.1-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэсний дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг дахин хянан шийдвэрлэхээр байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр магадлал гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 88.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон;” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх магадлалд заагдсан зүйлүүдийг нягтлан шалгаж, дүгнэлт өгөхөөс гадна нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын урьд гаргасан нэхэмжлэл хэрхэн шийдэгдсэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5/14 дүгээр дүгнэлт биелэгдсэн эсэх, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3-т заагдсан ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай юм.
Мөн нэр бүхий 2 иргэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч Г.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э дангаараа дээрх тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн /хэргийн 106 дугаар тал/, уг баримтад нэхэмжлэгч Т.Ж гарын үсэг зураагүй, эрх зүйн өөр үр дагавар гаргахаар тусдаа нэхэмжлэлийн шаардлага байгааг шүүх анхаарч, дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох” болон “Тогтоох” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага 2 өөрөөр бичигдсэн байна.
Иймээс нэхэмжлэгч С.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-гийн өмгөөлөгч Н.Ч-ын “... давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ... хэрэгт ач холбогдолгүй баримтуудыг гаргуулах шаардлагатай гэж магадлал гаргасан...” гэх мэт үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 6181 дүгээр захирамжаар 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг, 30 минутад хийхээр товлон зарлагдсан 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хэргийн шүүх хуралдааныг хойшлуулахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад ... гэрчийн мэдүүлэг авах, ... ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх бүрэлдэхүүн тогтоол ... гарган шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг тогтооно” гэж зааснаар шүүхийн тогтоол гаргалгүй шүүгч 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6566 дугаар захирамж гарган тухайн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай нэхэмжлэгч нарын хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан атлаа шүүгчийн захирамж гаргасан тухай шүүх хуралдааны тэмдэглэлд бичсэн зэрэг нь дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг цаашид анхаарах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 564 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ О.ЗАНДРАА