Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 226/МА2024/00001

 

 

 

 

 

 

 

   2024        01          18                                           226/МА2024/00001

 

 

Н.Б-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.А-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар /цахимаар/,

Хариуцагч Ч.А-, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбишийг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 156/ШШ2023/00601 дугаар шийдвэртэй Н.Б-ы үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.А-д холбогдох “Үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 63.000.000 төгрөг гаргуулах” тухай, хариуцагч Ч.А-гийн сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Н.Б-д холбогдох “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн 118.425.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлд илүү төлсөн 90.400.000 төгрөг буцаан гаргуулах, барилгын арчлалт, засан сайжруулалтад гарсан зардал 31.390.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Б миний бие 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.А-тай .................. 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 135.000.000 төгрөгөөр худалдахаар аман гэрээ байгуулсан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь цайны газар ажиллуулах зориулалттай бөгөөд Ч.А- 3 жилийн хугацаанд цайны газрыг ашиглаж, олсон орлогоосоо дээрх 135.000.000 төгрөгийг бүрэн төлөх, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг төлбөр гүйцэд хүлээн авсны дараа шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Хариуцагч Ч.А- нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийтдээ 72.451.200 төгрөгийг худалдагч Н.Б-д шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл шилжүүлээгүй. Дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас цайны газрын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир энэ хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг түр хойшлуулсан.

2022 оноос эхлэн үлдэгдэл төлбөрөө төлөх талаар худалдан авагч Ч.А-д шаардлага тавихад хүлээн авахгүй "төлбөрийг төлөхгүй, явах газраараа явж мөнгөө олж ав" гэсэн учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Ч.А- нь үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 118.425.000 төгрөгийг Н.Б-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоохтой холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрч, харин 118.425.000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч байна.

Тодруулбал, Н.Б- миний бие Ч.А-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох хуулийн шаардлагыг хангаагүй, зөвхөн аман хэлцэл байгуулсан болох нь хэн алины тайлбараар тогтоогдсон. Нэгэнт хариуцагчаас хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан учир уг асуудлаар дахин нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн тодруулж байна. Үүнд

Нэг. Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай: Н.Б- миний бие 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.А-тай .............. 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 135.000.000 төгрөгөөр худалдахаар байгуулсан аман гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар дээр дурдсан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж заасан.

Гэтэл зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай бичгээр гэрээ байгуулаагүй ба нэхэмжлэгч нь 135.000.000 төгрөгийн, хариуцагч нь 80.000.000 төгрөгийн хэмжээнд байгуулагдсан гэж өөр өөрөөр тайлбарлаж байгаагаас үзэхэд талуудын хооронд ямар үнээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсан, үүнийгээ хэрхэн илэрхийлсэн, санал нэгдсэн эсэх, энэ нь хэрэгжсэн нь маргаантай байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт "хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно", "нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно" гэж тус тус заасан.

Хариуцагч нь байрны үнэд 72.451.200 төгрөг шилжүүлсэн үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй. Нэхэмжлэгч тухайн мөнгөн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцож авсан боловч хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл нь хуулиар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжихдээ насанд хүрсэн өмчлөгч тус бүрийн бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэн өмчлөх эрх шилжүүлэх аливаа хэлцэл нь бичгээр хийгдэх, нотариатчаар гэрчлүүлэх, улмаар улсын бүртгэлд бүртгэгдэх хуулийн зохицуулалттай.

Иймээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт "Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө" гэсний дагуу хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгийг үйлдэж, гарын үсэг зураагүй тул хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгжээгүй, хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

Дээрхээс үзвэл, хариуцагч Ч.А- нь хууль бусаар нэхэмжлэгч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ............. 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.А-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

Хоёр. Хариуцагчаас 63.000.000 төгрөг гаргуулах тухай: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн ба энэхүү нэхэмжлэлийн нэг дэх хэсэгт тодорхой тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.А- нь ............157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшилдээ байлгасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбар зэргээс тогтоогдсон гэж үзэхээр байна.

Хууль бус эзэмшигч нь шударга бус эзэмшигч болох учиртай. Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зохицуулсан.

 Хариуцагч Ч.А- нь 2014 оны 9 дүгээр сараас нэг жилийн хугацаатайгаар маргаан бүхий ............ 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 1.000.000 төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд 2015 онд түрээслэхээ больж байсан.

Тодруулбал, 2015 онд түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болж, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгч, улмаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан ба өнөөдрийг хүртэл нийтдээ 63 сарын хугацаанд хариуцагч Ч.А- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж ирсэн ба хариуцагч энэхүү үйл баримтад маргадаггүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид 1.000.000 төгрөгийн үнэтэй түрээслүүлдэг байсан дээрх үйл баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч Н.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол 63.000.000 төгрөгийн түрээсийн орлого олох байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй", "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" гэж тус тус заасан бөгөөд хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үр шимийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.А-гаас 63.000.000 төгрөгийг гаргуулж Н.Б-д олгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Ч.А- нь  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухайд ".... хариуцагч Ч.А- нь хууль бусаар нэхэмжлэгч миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа гэж үзэхээр байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Н.Б-аас булааж, дээрэмдэж эсхүл хуурч мэхлэн аваагүй. Харин хоорондоо тохиролцсоны үндсэн дээр байранд орж, үнийг төлж, ашиглаж, эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч юм. Түүнчлэн Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д заасны дагуу уг байрны үнэд төлсөн төлбөр, барилгын арчлалт, засан сайжруулалт зэрэгт гарсан зардлыг бүрэн гаргуулж авах хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзаж байна. Иймд шүүхээр хангагдсан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зэрэг явуулах тухай заалтыг шийдвэрт тусгаж өгнө үү.

63.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд ..... хариуцагч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашигласны үр шимийг нэхэмжлэгчид буцааж өгөх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 тус тус зааснаар үүрэгтэй хариуцагч Ч.А-гаас 63.000.000 төгрөгийг гаргуулж Н.Б-д олгож өгнө үү" гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг 492.1, 492.1.1 дэх хэсгийг нэхэмжлэгч буруу тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн энэхүү зүйл, заалт нь үр шимийг шаардах эрхийг бус харин үл хөдлөх хөрөнгийг шаардах эрхийг л олгосон зохицуулалт болно. Миний хувьд үл хөдлөх хөрөнгийн үнэд миний төлсөн 118.425.000 төгрөг, барилгын арчлалт, засан сайжруулалт зэрэгт гарсан зардал 31.390.000 төгрөгийг тус тус надад буцаан төлсөн тохиолдолд барилгыг нэхэмжлэгчид буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.

 

3. Хариуцагч Ч.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

Нэг.Үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах-худалдан авах харилцааны талаар:

1.1. 2017 оны 7 дугаар сард Н.Б- түүний эхнэр Д.Ц-нар нь Ч.А- надад хандаж "... та манай гуанзыг авчих, бид үнэхээр ажиллуулж чадахгүй юм байна..." гээд ........... гуанзаар ажиллуулж байсан 157 м. кв. хэмжээтэй барилгыг, газрын хамт бэлэн мөнгөөр 80.000.000 төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан.

Тухайн үед намайг байрны үнийг төлөх боломжгүй тул худалдаж авахгүй гэхэд тэд "...танд барилгыг, газрын хамт бэлэн бусаар худалдаж болно, энэ тохиолдолд байрны үнийг нэмж 100.000.000 төгрөгөөр тооцож, 2 жилийн турш, сар бүр 4.000.000 орчим төгрөгөөр хэсэгчлэн төлөх"-ийг санал болгосон тул би тэдэнд итгэж 2017 оны 8 дугаар сарын 01-нээс байранд нүүж орсон боловч бид үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй.

Би 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр буюу нэг жилийн дотор нийт 50.000.000 төгрөгийг Н.Б-, Д.Ц-нарт байр худалдан авсан үнийг төлөөд байхад Н.Б- “...Ч.А- эгчээ манайд бэлэн мөнгө хэрэг болоод байна, би танд өгөх барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банканд барьцаалаад зээл аваад үлдэгдэл 50.000.000 төгрөгөө гаргаад авъя, харин та зээлийг, хүүгийн хамт төлчих. Зээлээ төлөөд дуусмагц байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр шууд шилжүүлж өгье..." гэж надаас гуйхад нь мөн л итгэсэн.

Ингээд Н.Б- 2018 оны 8 сард "...Хаан банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авсан, та сар бүрийн 15-ны өдөр уг зээл, зээлийн хүүгийн төлбөрт 2.737.000 төгрөгийг төлөөрэй...." гэсэн тул уг мөнгийг хэлсэн хугацаанд нь түүний ХААН банкны дансанд болон бэлнээр тогтмол төлсөөр 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нийт 68.425.000 төгрөгийг буюу байрны төлбөрт нийт 118.425.000 төгрөгийг төлсөн буюу байрны үнийг бүрэн төлж дуусгасан юм.

1.2. Талуудын дээрх гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т "Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжих болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх" гэж, 110 дугаар зүйлийн 110.1-д "Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж, 196 дугаар зүйлийн 196.1.2-т "гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан.... бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах" гэж, 263 дугаар зүйлийн 263.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ", 263.4-т "Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол ... худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө" гэснийг тус тус зөрчжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл", 56.1.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" нь хүчин төгөлдөр бус байхаар заасан тул талуудын хооронд байгуулсан ............ гуанзаар ажиллуулж байсан 157 м.кв хэмжээтэй, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг зээлээр худалдах-худалдан авах тухай аман хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэсний дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн 118.425.000 төгрөгийг Н.Б-аас буцаан гаргуулж өгнө үү.

Хоёр. Зээлийн харилцааны талаар:

2.1. Хувиараа авсан зээл гэдэг нь уг байранд гуанз, цайны газрын үйлчилгээг хэвийн явуулахын тулд засвар, тохижилт хийх, тавилга, тоног төхөөрөмж авах (50 сая орчим төгрөг зарцуулсан), Н.Б-, Д.Ц нарын дэлгүүрээс авсан барааны үнийг төлөх зэрэг зайлшгүй шаардлага гарсан тул миний бие энэ тухай тэдэнтэй зөвшилцөн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн зээлийн гэрээгээр 58.500.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 148.900.000 төгрөг буцааж төлсөн.

Миний бие зээлсэн мөнгийг бүрэн төлсөн байтал Н.Б-, Д.Ц-нар нь "....бид хүнээс мөнгө авч зээлдүүлсэн, 10 хувийн хүү төл, төлөхгүй бол байрны гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэхгүй...." гэж айлган дарамтлан нэмж 90.400.000 төгрөгийг (148.900.000-58.500.000=90.400.000) үндэслэлгүй илүү авсан.

Би өөрийн хүүхдүүд, ажилчдынхаа хамт хөдөөний гуанзанд өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан шаргуу хөдөлмөрлөж дээрх бүх төлбөрүүдийг төлж ирсэн бөгөөд “Ковид-19” цар тахлын үед хөл хорио тогтоосны улмаас гуанз, цайны газрын үйл ажиллагаа бүрэн зогссон.

Би хувиараа авсан зээлээ хангалттай төлсөн, тэгээд ч уг зээлүүд нь худалдаж авахаар төлбөрийг нь төлсөн үл хөдлөх хөрөнгөтэй ямар ч холбоогүй тул Н.Б-аас байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг 2022 оны 3 дугаар сард дахин шаардахад “....ковидын үеийн зээлийн хүүгээ төл ....зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөхгүй бол гэрчилгээг гаргаж өгөхгүй, тэгээд ч байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зээлийн барьцаанд тавьсан байгаа ...мөнгө өгөхгүй бол надад битгий гомдоорой...." гэх зэрэг ойлгомжгүй шаардлага, тайлбар гаргаж сүрдүүлснээс болж бид муудалдсан.

Харин Н.Б- нар нь шуналдаа хөтлөгдөн дээрх зээлийн 40.000.000 төгрөг надаас авах зорилгоор тус шүүхэд худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг дутуу төлсөн мэтээр худал, үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасанд маш их харамч байна.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана", 282.3-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэсний дагуу зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй болохыг тогтоож, уг гэрээнүүдийн дагуу илүү авсан нийт 90.400.000 төгрөгийг Н.Б-, Д.Ц-нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч Ч.А- нэмэгдүүлсэн сөрөг шаардлагадаа: 2017 оны 7 дугаар сард Н.Б- нь Ч.А- надад хандаж "... та манай гуанзыг авчих, бид үнэхээр ажиллуулж чадахгүй юм байна...." гээд ............ гуанзаар ажиллуулж байсан 157м.кв хэмжээтэй барилгыг, газрын хамт бэлэн мөнгөөр 80.000.000 төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан. 

Тухайн үед намайг байрны үнийг төлөх боломжгүй тул худалдаж авахгүй гэхэд тэд "...танд барилгыг, газрын хамт бэлэн бусаар худалдаж болно, энэ тохиолдолд байрны үнийг нэмж 100.000.000 төгрөгөөр тооцож, 2 жилийн турш, сар бүр 4.000.000 орчим төгрөгөөр хэсэгчлэн төлөх"-ийг санал болгосон тул би тэдэнд итгэж 2017 оны 8 дугаар сарын 01-нээс байранд нүүж орсон боловч бид үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй.

Гуанзны хуучин байр худалдаж авсан, ашиглалтын шаардлага хангахгүй байсан тул 2019 оны 9 сард барилгыг арчлах, засан сайжруулалт хийж, тавилга тоног төхөөрөмж худалдаж авахад зориулж нийт 31.390.000 төгрөг зарцуулсан.

Үүнд:

Бараа, материал тавилга ажил

Тоо ширхэг

Үнэ /төгрөг/

Нийт үнэ /төгрөг/

 

 

 

 

 

1

Өнгөт хавтан

60

38.000

2.280.000

2

Лампир

140

28.000

3.920.000

3

Хүрээ /том/

   

600.000

4

Хүрээ /жижиг/

   

200.000

5

Плита

250

5000

1.250.000

6

Гадна бүргэд хаалга

1

150.000

150.000

7

Цавуу

   

80.000

8

Радиотар /пар/

8

280.000

2.240.000

9

Блак /мод/

20

40.000

800.000

10

Гадна фасад

25

40.000

1.000.000

11

Ширээ сандлын ком /13 ширээ 52 сандал/

13

200.000

2.600.000

12

Лед гэрэл

8

50.000

400.000

13

Цахилгаан кабел утас, унтраалга залгуур

   

2.000.000

14

Цахилгааны монтаж хийсэн ажлын хөлс

   

1.000.000

15

Сантехникийн угсралтын ажлын хөлс

   

1.000.000

16

Барилгын засварын ажлын хөлс

   

10.000.000

17

Хашааны хайс

   

500.000

18

Дээврийн төмөр

   

350.000

19

Шруф

5 хайрцаг

4000

20.000

20

Тээврийн зардал

   

1.000.000

21

Бүгд

   

31.390.000

Ч.А- миний бие уг барилгын шударга эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасны дагуу барилгыг арчлах, засан сайжруулахад зарцуулсан дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй тул Н.Б-аас 31.390.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ч.А-гийн Н.Б-д холбогдуулан гаргасан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар барилгыг арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй тул 31.390.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

6. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д ................. үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.А-гийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Н.Б-аас 110.241.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.А-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн гэх 8.184.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 94.3-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ы хариуцагч Ч.А-гаас олох байсан орлого 63.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлага, хариуцагчийн засан сайжруулалтад гаргасан зардал 31.390.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

- Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 281.1, 282.1, 282.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлага, мөн зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох зээлд илүү төлсөн 90.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

- Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.150 төгрөг, хариуцагчийн төлсөн 995.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 709.155 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байтал үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

1.1. Анхан шатны шүүх хариуцагч Ч.А-гийн зүгээс Д.Ц-г хамтран хариуцагчаар оролцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Н.Б-ы нэхэмжлэлтэй нэгтгэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцэхгүй болсон. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд хариуцагчийг сонгох эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдлэх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцуулахаар нэхэмжлэгчийн эсрэг гаргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэх юм.

Ч.А-гийн Д.Ц-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг энэ маргаантай хамтатган шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй. Учир нь зээлийн гэрээний үүргийн хэмжээ, төлбөр төлсөн байдал, тооцоолол зэрэгт маргаантай байсан тул Д.Ц-д холбогдох зээлийн маргааныг энэ маргаантай хамтатган хэлэлцэх нь учир дутагдалтай байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох учиртай. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар Ч.А-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдаж буй зээлийн харилцаа нь нэхэмжлэгч Н.Б-тай бус, түүний эхнэр Д. Д.Ц-тай үүссэн, түүнээс зээлийн мөнгөн хөрөнгийг авч, буцаан түүнд төлж байсан талаар тайлбарласан. Энэхүү тайлбарыг мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарладаг.

Түүнчлэн, хариуцагч Ч.А-гийн гаргасан зээлийн эргэн төлөлтийн тооцоолол гэх баримтад "нэхэмжлэгч Н.Б-ы эхнэр Д.Ц-гаас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн байдал" гэсэн баримтыг хэрэгт хавсаргасан болохыг дурдаж байна.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 281.1, 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох зээлд илүү төлсөн 90.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар хэнд холбогдуулан гаргасан буюу Ч.А-гийн тодорхойлсноор Д.Ц-гаас мөнгөн хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа талаар огт дурдаагүй. Учир нь Н.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Д.Ц-нь хэргийн оролцогч бус этгээд юм.

1.2. Анхан шатны шүүх хариуцагч Ч.А-гийн Д.Ц-гаас авсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байсан боловч нэгэнт шүүхийн шийдвэрээр дүгнэсэн учир зээлийн тооцооллын асуудлаар гомдол гаргах нь зүйтэй байна.

Хариуцагч Ч.А-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан "нэхэмжлэгч Н.Б-ы эхнэр Д.Ц-гаас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн байдал" гэсэн баримтад зээлийн эргэн төлөлтийг хэрхэн яаж төлсөн талаар дурдаж, түүний хавсралтаар банкны дансны хуулгыг гаргасан байдаг. Тодруулбал, зээлийн тодорхой хэсгийг бэлнээр, дансаар гэж тайлбарлаж байхад шүүх тухайн баримтыг, нэхэмжлэгч Н.Б-ы Д.Ц-гийн дансны хуулгаас зээлийг тооцсон тооцоололтой харьцуулалгүйгээр дур мэдэн Н.Б-ы дансны хуулгаар зээлийн тооцооллыг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэнгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн аль хэсгийг нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт, аль хэсгийг нь зээлийн гэрээний үүрэгт, аль хэсгийг нь Н дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан болохыг нарийн зааглаж, тодорхойлж чадаагүй байхад шүүх дур мэдэн данс руу орсон гарсан мөнгө болгоныг зээлийн төлбөр тооцоонд үнэлэх, цаашилбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоонд үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

Хоёр. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тооцохдоо нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй.

2.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээний тооцооллыг хийхдээ банкны дансны хуулгаас мөнгө орсон, гарсан гүйлгээг дур мэдэн үнэлсэн талаар гомдлын 1.2-т дурдсан. Тодруулбал, нэхэмжлэлээр Н.Б- хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд тухайн дэлгүүрээс хариуцагч Ч.А- нь маргаан бүхий цайны газартаа зориулж хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авдаг, зээлдэг байсан, түүнчлэн түүний дансаар Д.Ц-тай байгуулсан зээлийг буцаан төлдөг байсан ба үүнийг шүүх нарийн зааглалгүйгээр дурын гүйлгээг түүвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгчээс өмнө гаргасан давж заалдах гомдолд хавсаргасан тооцоололд аль гүйлгээ нь Н дэлгүүрийн төлбөр тооцоо, аль нь зээлийн харилцаанд зориулсан гүйлгээ болохыг нарийвчлан тооцсон байдаг.

Өөрөөр хэлбэл, наран дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан төлбөр тооцоо, зээлийг буцаан төлсөнтэй холбоотой төлбөр тооцоог үндэслэл бүхий тооцож үзээгүй учир үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлтэй тооцож чадаагүй.

Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн үнэд шилжүүлсэн мөнгө гэсэн шүүхийн шийдвэрт бичигдсэн хүснэгтэн мэдээллийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2.737.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2.737.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2.373.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2.737.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2.420.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2.737.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1.000.000 төгрөг, 1.737.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2.730.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3.737.000 төгрөг, 2019 оны 20 дугаар сарын 15-ны өдрийн 1.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2.737.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1.737.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1.380.000 төгрөг, 620.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1.500.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2.737.000 төгрөгийн гүйлгээнүүд нь хэрэгт авагдсан хариуцагч Ч.А-гийн дансны хуулгад байхгүй байна.

Тодруулбал, хариуцагч Ч.А- нь дээр дурдсан гүйлгээг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүйгээс гадна, шүүхийн шийдвэрийн хүснэгтэн мэдээллийн "хуудасны тоо" гэсэн хэсэгт бичигдсэн хэргийн хавтас, хуудасны тоогоор тулгавал тухайн гүйлгээг Ч.А-гийн нэр дээрх данснаас бус, өөр этгээдийн дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгүүд байна. Гэтэл шүүх үүнийг Ч.А-гийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар шилжүүлсэн гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "үл хөдлөх хөрөнгийн үнэд шилжүүлсэн мөнгө" гэх хүснэгтэд дурдсанаар зарим гүйлгээний утга, мөнгөн дүнг огт анхаарч үзэлгүйгээр бүхэлд нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэж дүгнэсэн. Тодруулбал, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн "Э" гэсэн утгатай гүйлгээ, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн "а" гэсэн утгатай гүйлгээ, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "наран зоог" гэсэн утгатай 2 удаагийн гүйлгээ, 2019 оны 08 дугаар сарын 15-ны Өдрийн "наран зоог зээл" гэсэн утгатай гүйлгээ, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "зээл" гэсэн утгатай гүйлгээ, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "орлого" гэсэн утгатай гүйлгээг нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Ч.А-гийн Н дэлгүүрээс зээлж авсан бараа бүтээгдэхүүний үнэ болон Д.Ц-гаас авсан зээлийн эргэн төлөлт гэж тайлбарлаж маргадаг. Шүүх дээрх гүйлгээг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой үнийн дунд оруулж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Анхан шатны шүүхээс сар бүр төлж байсан 2.737.000 төгрөг нь үл хөдлөх хөрөнгийн үнэд төлж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гээд шүүхийн шийдвэрийн 16 дугаар талд бичигдсэн хүснэгтэн мэдээллээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нийтдээ 60.241.000 төгрөг гэж дүгнэсэн.

Гэтэл хариуцагчийн тайлбарлаж буйгаар зарим саруудад 2.737.000 төгрөг төлөөгүй байхад шүүх түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн мэтээр үнэлсэн. Тухайлбал 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээ, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гүйлгээ, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээ, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гүйлгээ, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээ нь хариуцагчийн тайлбарт дурдсан үнийн дүнтэй тус тус таарахгүй байна.

Гурав. Анхан шатны шүүх Н.Б-ы нэхэмжлэлтэй, Ч.А-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

3.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.А- нь нэхэмжлэгч Н.Б- болон түүний эхнэр Д.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлд илүү төлсөн 90.400.000 төгрөг буцаан гаргуулах сөрөг шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.А-г хамтран хариуцагчаар татаж, түүний хүлээх үүрэг, эдлэх эрх зэргийг танилцуулсан байдаг.

Гэтэл шүүх тухайн иргэний хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн "удиртгал" хэсэгт Д.Ц-гийн талаар, тогтоох хэсэгт дээрх сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэнд холбогдуулж гаргасан талаар огт дурдаагүй. Зүй нь гомдлын 3.1-д дурдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байсан.

3.2. Нэхэмжлэгч Н.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "... гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч Ч.А- нь нэхэмжлэгч миний өмчлөлийн ........... 157 м.кв талбайтай. хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү..." гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ... үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.А-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү..." гэж өөрчилсөн байдаг.

Тодруулбал, хариуцагч Ч.А- нь хүчин төгөлдөр, хууль бус хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоож, чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байсан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэрт огт дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон атал энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Дөрөв. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ түүний хууль зүйн үндэслэлийн зарим хэсэгт дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг хэрэглээгүй.

4.1. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Ч.А-гийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, 63.000.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч шүүх гомдлын 3.2-т дурдсанаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гаргасан шаардлагыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан атлаа хууль бус эзэмшилтэй холбоотой 63.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Н.Б- нь хариуцагчаас 63.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "...Ч.А- нь 2014 оны 09 дүгээр сараас нэг жилийн хугацаатайгаар маргаан бүхий ........ 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 1.000.000 төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд 2015 онд түрээслэхээ больж байсан... Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.А-гаас 63.000.000 төгрөгийг гаргуулж Н.Б-д олгож өгнө үү..." гэж тодорхойлдог.

Иргэний хуулийн 492 дугаар 492.1, 492.1.1-д "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс Дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй", "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" гэж заажээ.

Нэхэмжлэгч талаас 63.000.000 төгрөг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээр дурдсан хуулийн зохицуулалтыг дурдаж, мэтгэлцсэн байтал үүнд дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Н.Б- болон Ч.А- нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хожим хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар "буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна" гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашигласантай холбоотой олсон орлого, үр шимийг Ч.А- нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм.

4.2. Энэхүү гомдлын 3.2-т нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх буюу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй талаар бичсэн.

Шүүхийн шийдвэрийн 20 дугаар талд "...нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болох ул хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай шаардлага хангагдсан тул..." гэжээ. Улсын тэмдэгтийн хураамж хэрхэн шийдвэрлэж буй дүгнэлтийн хэсгээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага хангасан талаар олж мэдлээ.

Шүүх нэхэмжлэгч Н.Б-ы хариуцагч Ч.А-гийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлэхтэй холбоотой шаардлагыг дээр дурдсан шүүхийн шийдвэрийн 20 дугаар талд дурдсанаар хангаж буй тохиолдолд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үр дагаврын асуудал яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шүүхээс хангасан бол хариуцагч Ч.А-гаас 63.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох байсан.

Нөгөөтэйгүүр, хариуцагч Ч.А-гийн эзэмшил хууль бус биш, харин хууль ёсны гэж үзвэл, дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшил чөлөөлөгдөх учиртай.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Жич: Нэхэмжлэгч нь хариуцагчаас маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн мөнгөн хөрөнгөд 72.451.200 төгрөг хүлээн авсанд маргадаггүй бөгөөд шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 110.241.000 төгрөгөөс 72.451.200 төгрөгийг хасч тооцоход 37.789.800 төгрөг болох бөгөөд тус үнийн дүнд маргадаг, мөн 63.000.000 төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдож байх бөгөөд нийт 100.789.800 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид 661.899 төгрөг төлсөн болно” гэжээ.

 

8. Хариуцагч Д.Ц-шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж амьдардаг. Эцэг, эхийнхээ цайны газар ажиллуулж байсан зам дагуух газарт 2011 онд цайны газрын зориулалтаар 8*12 хэмжээтэй байшин шинээр барьсан. Ард талдаа амьдрах зориулалтаар 5*8 хэмжээтэй байшинг залгаа тохижуулж 2011 оны 6 сард нээсэн. Ашиг орлого өндөр ажиллуулж байгаад 2014 оны намраас хариуцагч Ч.А-д түрээслүүлсэн.

Хариуцагч Ч.А- нь гэр бүлийн хамт манайд ирж уулзан...эгчдээ тус болоод цайны газраа түрээслүүлээч..." гэж гуйсан. Манай гэр бүлийн зүгээс түүний хүүхдүүд болон бэрхшээлтэй байдлыг харгалзан тусламжийн гараа сунгасан. Хариуцагч нь манай дэлгүүрээс хоол хүнсний материал, өөрийн ажилчдынхаа ахуйн хэрэглээ, хоол хүнсийг зээлээр авдаг байсан. Бүх талаар нь туслалцаа, дэмжлэг үзүүлдэг байсан. 2 гаруй жилийн хугацаанд ашиг, орлого өндөр ажилласны дараа Ч.А- нь тусдаа цайны газар худалдан авахаар болсон гээд нүүж явсан.

 

Нүүгээд явахад нь бид өөрсдөө цайны газраа ажиллуулсан. Нэг жил зургаан сарын хугацаанд орлого, ашигтай ихтэй ажилласан бөгөөд цайны газрынхаа хажуу талд 196 м.кв, 2 давхар үйлчилгээний байр, залгаа 72 м.кв складны зориулалттай байрыг барьсан. 8 нэрийн дэлгүүрийн бүх хэрэгсэл барааны хамт нээсэн. Энэ хугацаанд нөхөр Н.Б-ы нуруу гэмтэж, хөдөлгөөнгүй болон нурууны 1 үе 70 хувь нь хоргүй хавдарт идэгдсэн оношоор БНСУ-д үе солиулах мэс засал хийлгэсэн. Ажил хэрэг амжилттай, хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байхад Ч.А- нь нөхрийн хамт дахин ирж гуйлт тавьсан. Ингэхдээ бид олуулаа, хүүхдүүд том болоод эхнэр хүүхэдтэй болоод нэг дор байхад таарч тохирохоос авхуулаад хэцүү юм цайны газраа эгчдээ зарчих, эгч нь ажиллуулаад мөнгийг нь төлөөд авъя гэхэд нь итгэж зөвшөөрсөн.

Энэ хугацаанаас хойш цайны газар болон өөрийн хэрэгцээт бүхий л зүйлийг манайхаас зээлж авч ажиллаж амьдарч эхэлсэн. Өөрийн төрсөн ах, эгчээс илүү сэтгэл гарган, дэмжих санаатай зээлээр авдаг бүх л бараа, материалыг нэмэгдэлгүй үнээр өгдөг байсан. Энэхүү хугацаанд Ч.А- нь их орлоготой, амжилттай ажиллаж ашиг сайн олсон гэж боддог.

Цар тахлын үед хэсэг зам хаасан үед бидэнд ялархаж, хуний өмнөөс амьдарч байгаа мэт ааш гарган зангаа таниулж эхэлсэн. Ч.А- нь өөрийн нялх хүүхэдтэй ажилтны хүүхэд шарлалт ихтэй, төрснөөс болж амьсгалын дутагдалтай, гэрээр хэрэглэдэг хүчил төрөгч аваад өгөөч гэхэд нь худлаа баашилж байгаа гэсэн юм ярьж үл ойшоон хаясан. Хүүхдийн ээж бидэнд хандан хүүхдийн мөнгө буухаар өгье аваад өгөөч гэж гуйхад нь бид авчраад өгч байсан.

Бид хэний ч асуудал, амьдралд оролцох сонирхол хүсэлгүй, зав ч байдаггүй учир өмнөхөө л хийж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байдаг. Цар тахлаас хойш бүх л үйл ажиллагаа явуулж байгаа бүх газрын орлого муудсан цагаас эхлэн орлого олж байгаагүй мэт зан гаргаж эхэлсэн. Хөл хорионы үед бүх газрын үйл ажиллагаа зогсоход хоол хүнс, ахуйн хэрэглээ гэх бүх зүйлсээ зээлээр авч байсан. Бид илүү дутуу зан гаргалгүй ямар ч цаг үед нь тусалсаар ирсэн.

Үйл ажиллагаа нь жигдэрсэн, орлого өндөртэй цайны газраа сайн санаж хариуцагчид худалдсан. Өөрт ашиггүй мэт болоод ирэхээр хуульд заасныг гуйвуулан ашиглаж өнөөдрийг хүрлээ. Энэ хүн ямар муухай хувиа хичээсэн зантайг харуулж байгаа нэгхэн жишээ. Ямар их цаг хугацаа, боломжийг минь хулгайлсан гэдгээ хариуцагч огт ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна. Туслалцаа үзүүлж байсан эсэхийг нотлох баримт хэрэгт авагдсан хуулгууд, мөн хариуцагчийн өгсөн тайлбар зэргээс хангалттай нотлогдож байгаа.

Өнөөдрийн байдлаар цайны газрын үйл ажиллагааг маш ихээр доголдуулсан. Орчны байдал, ариун цэврийн асуудлыг шийдэлгүй бохирдол үүсгэсэн. Бохир сагуулж, хүн орох эцэсгүй болгосон. Би одоо авахгүй юм чинь хэнд хамаатай юм гэдэг үйлдлээр тухайн цайны газрын байдлыг доройтуулж байгаад үнэхээр их гомдолтой байна.

Энэ олон жилийн хугацаанд болсон үйлдлийг тоочвол бичиж, ярьж барагдахгүй их гомдол хохирол нэхмээр байна.

Миний хүүхэд эрүүл мэндийн болон урт хугацааны эмчилгээтэй байх учир шүүхийн үйл ажиллагаанд биеэр оролцох боломжгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулж харилцаж байна. Хариуцагч Ч.А- гэдэг хүн ямар ухамсаргүй, муухай хандлагатай, жүжигчин гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харагдлаа.

Хүнийг хохидоочхоод шүүх дээр хохирогчийн дүрд тоглож яваад нь үнэхээр харамсаж байна.

Хэргийг хуульд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэг.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хоёр. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Гурав. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

 

Дөрөв. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Ч.А-д холбогдуулан ................ 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.А-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, ....түрээсээс олох байсан орлого 63.000.000 төгрөгийг Ч.А-гаас гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ч.А- нь нэхэмжлэгч Н.Б-д холбогдуулан “....талуудын хооронд байгуулсан .............. гуанзаар ажиллуулж байсан 157 м.кв хэмжээтэй, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг зээлээр худалдах-худалдан авах тухай аман хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,  ....үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн 118.425.000, ....барилгын арчлалт, засан сайжруулалтад гарсан зардал 31.390.000, ....зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 90.400.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Н.Б-аас гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Тав. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

1. ................157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай Ү-1807000065 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.А-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,  2. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн түрээсээс олох байсан орлого 63.000.000 төгрөгийг хариуцагч Ч.А-гаас гаргуулах талаар гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдэг нь  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-н 7/, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн боловч уг хэлцэл нь дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд үүнтэй талууд маргадаггүй.

Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нар уг хэлцлийн үндсэн дээр өгсөн авсан зүйлээ буцаан шилжүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар ................. үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.А-гийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 8 сараас эхлэн түрээсэлсэн бол сард түрээсийн төлбөрт 1.000.000 төгрөгөөр тооцож нийт 63.000.000 төгрөг олох байсан гэж хариуцагчаас нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж хуульчилсан.

Хариуцагч Ч.А- нь тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшихдээ хууль бусаар эзэмшээгүй буюу өмчлөгчийн зөвшөөрлөөр харилцан тохирч эзэмшдэг болсон тул шударга эзэмшигч юм. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийг худалдан авах зорилгоор эзэмшиж эхэлсэн ба энэ нь хожим өмчлөх боломжгүй болсон нь түүнийг шударга бус эзэмшигч гэж үзэхгүй юм.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 94.2-т “Эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна” гэж тус тус хуульчилсан байх ба хариуцагч Ч.А- нь тухайн эд хөрөнгийн хувьд шударга эзэмшигч, шударгаар эзэмшиж байсэн энэ хугацаанд буюу 2017 оны 8 сараас эхлэн хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх хүртэл үр шимийг хүртэх эрхтэй байна.

 Иймд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 94.3-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ы хариуцагч Ч.А-гаас олох байсан орлого 63.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй байна.

 

Зургаа. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

1. Талуудын хооронд байгуулсан .............. хаягт байрлах гуанзаар ажиллуулж байсан 157 м.кв хэмжээтэй, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг зээлээр худалдах-худалдан авах тухай аман хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2.  Үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн 118.425.000 төгрөг, 3. Зээлийн гэрээний хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгож, ....зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 90.400.000 төгрөг, 4. Барилгын арчлалт, засан сайжруулалтанд гарсан зардал 31 390 000 төгрөг тус тус гаргуулах талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах хэлцэл нь мөн хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх ба үүнтэй талууд маргадаггүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг, хуулийн 57 дугаар зүйлд шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг тусгайлан ялгаж хуульчилсан ба талуудын хооронд байгуулсан энэхүү хэлцэл нь хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болох хэлцэл биш байх тул анхан шатны шүүх “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцжээ.

 

2. Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг талууд хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 56.5-д зааснаар өгсөн авснаа хэн хэндээ буцаан өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн боловч үнийн дүн дээр маргасан ба шүүхээс хэрэгт цугларсан баримтыг үнэлж, тооцож хариуцагчийг хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгчид үл хөдлөх хөрөнгийн үнэд бэлнээр 50.000.000, дансаар 60.241.000, нийт 110.241.000 төгрөгийг төлсөн гэж дүгнэн 110.241.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, илүү нэхэмжилсэн буюу хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдохгүй байгаа 8.184.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

 3. Нэхэмжлэгч нь хариуцагчид удаа удаагийн шилжүүлгээр 58.500.000 төгрөгийг эхнэр Д.Ц-гийн данснаас хариуцагчид шилжүүлсэн ба ..........тоот дансыг нэхэмжлэгч Н.Б-, түүний эхнэр Д.Ц-нар хамтран эзэмшдэг, зээлүүлсэн  мөнгийг нэхэмжлэгчийнх биш гэж талууд маргадаггүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч 58.500.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн, хариуцагч нь зээл, зээлийн хүүд нийт 80.628.650 төгрөгийг төлж тус тус үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгож, зээлд илүү төлсөн 90.400.000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг гаргасан ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн хуулийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс дүгнэхэд бичгээр хийгээгүй зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхээ зээлдүүлэгч алдана, харин зээлдэгч өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн зээлийн хүүг эргүүлж шаардахгүй, мөн хүү авах эрхгүй байсан болохыг тогтоолгох үндэслэлгүй юм.

Иймд зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлд илүү төлсөн 90.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.   

 

4. Хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 8 сараас эхлэн цайны газрын зориулалтаар эзэмшиж, ашиглаж эхэлсэн ба үүнээс хойш 2 жил өнгөрсний дараа буюу 2019 онд тухайн үл хөдлөх хөрөнгөө өргөтгөж, засвар үйлчилгээ хийсэн байна. Энэ засвар үйлчилгээ хийсэн нь хариуцагч нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хийсэн гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг ба энэ хугацаанд тухайн хөрөнгийн үр шимийг хүртэж байсан байна. Мөн уг үл хөдлөх хөрөнгөд зайлшгүй хийх засвар үйлчилгээ биш байсан болох нь үйл ажиллагаа эрхэлснээс хойш 2 жилийн дараа засвар хийснээр тогтоогдож байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 94.3-т “Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж, 94.4-т “Засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно. Энэ тохиолдолд шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй” гэж тус тус заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд засан сайжруулалтыг зайлшгүй хийх шаардлага үүсээгүй, мөн хийснээрээ эд хөрөнгийн үнэ хэрхэн нэмэгдсэн талаар тодорхойгүй, энэхүү сөрөг шаардлагын үндэслэл болж буй нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул хариуцагчийн засан сайжруулалтад гаргасан зардал 31.390.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд суурь зарчим болох талуудын зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл шүүх хөндлөнгийн байж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхээс дуусгавар болох бүх процесст оролцогчдын “хүсэл зоригийн” шинжийг зайлшгүй харгалзах нь материаллаг эрх зүй буюу иргэний эрх зүйн харилцаатай холбоотой.

 

 Анхан шатны шүүх хариуцагч Ч.А-гийн зүгээс зээлийн гэрээний  дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлд илүү төлсөн 90.400.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлд Д.Ц-г хамтран хариуцагчаар оролцуулахаар шаардлага гаргасныг Н.Б-ы нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэн шийдвэрлэсэн ба

1. Д.Ц-нь хамтран хариуцагчаар татсан талаар анхан шатны шүүхэд,

2. “...зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, ....зээлд илүү төлсөн 90.400.000, ...барилгын арчлалт, засан сайжруулалтад гарсан зардал 31.390.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ч.А- давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцэхгүй болсон талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Зургаа. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Долоо. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661.899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 156/ШШ2023/00601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661.899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ГАНЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                                      О.БААТАРСҮХ

                                                                                                            

                                                                                     Б.ДЭНСМАА