Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00331

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 1 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/00331

Улаанбаатар хот

 

                                                            

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 13-р баг, Үйлдвэрийн бүс, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 25-р байр 106 тоот, “Сим” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 36 912 292 төгрөг гаргуулах, хариуцагч “СИМ” ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй 31 736 251 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, хариуцагч Г.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, гэрч С.Ёндон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь СИМ компанитай 2014 оны 08-р сарын 26-ны өдөр  2014010/1 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2014010/2 тоот “Засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээгээр тээврийн хэрэгсэлд хяналтын системийн суурилуулалт, программ хангамж, үүнд GPS, түлш, даац хэмжигч, цахилгаан холболтын ажил гүйцэтгэхүүлэхээр болсон. Гэрээний 2.3-т зааснаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэр гэрээний урьдчилгаа 20 хувь болох 34 912 292 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч  нь гэрээний 2.4-т зааснаар 70 ширхэг тээврийн хэрэгсэлд 2014 оны 10-р сарын 15-ны дотор GPS, түлш болон даац хэмжигч төхөөрөмж суурилуулах үүрэгтэй байсан ч ажилдаа хариуцлагагүй хандах, хугацаа алдах, төхөөрөмж нь тоо хэмжээнээсээ дутах зэргээр хариуцлагагүй хандсан тул хугацаандаа үүргээ биелүүлж ажиллахыг удаа дараа шаардсан. Гэрээнд заасан ажлыг чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгөх хугацаа болоход ямар ч үр дүн гараагүй тул захиалагч тал Иргэний хуулийн  355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцлах шаардлагыг гүйцэтгэгч хүлээн авсан, гэрээ цуцлахтай холбогдуулан ямар ч тайлбар хийгээгүй. Нэгэнт үүргээ гүйцэтгээгүй тул захилагч нь СИМ ХХК-д шилжүүлсэн 34 724 640 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс үүссэн хоногийн 0.2 хувийн алданги тооцож 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны алданги 2 187 632 төгрөг нийт 36 912 292 төгрөгийг СИМ компаниас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Тулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани машинд тоног төхөөрөмж суурилуулсан, түлш хэмжигчийг суурилуулсан. Эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд манай компаний зүгээс маш их хэмжээний зардал гарсан. Захиалагч талын санаачлагаар гэрээ цуцлах болсон ч захиалагч удаа дараа тодорхойгүй байдлаар ажлыг хойшлуулах, тээврийн хэрэгслүүдийг бэлэн бус байлгах, ажилд явуулах зэргээр бидний ажилд байнга саад болж байсан. Энэ байдлыг даван туулж СИМ компани үүргээ гүйцэтгэхийг чармайсан бөгөөд 2015 оны 9-р сарын 19-ний байдлаар нийт 19 машинд түлш, байршил заагч төхөөрөмжүүдийг суулгасан. Гэтэл энэ өдөр захиалагч талаас “танай суурилуулалтын баг ирээд хэрэггүй, гэрээг цуцалж байна” гэж мэдэгдсэн.  Гүйцэтгэх захирал Батжаргалаас учрыг тодруулахаар удаа дараа холбогдох гэсэн боловч чадаагүй. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр цуцалж байна гэж мэдэгдсэн атлаа 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний үүргээ биелүүлээч гэсэн албан бичиг явуулсан байсан. Эдгээр байдлаас үзвэл Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3 дахь хэсэгт захиалагчийн буруугаас ажлыг хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон бол гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасны дагуу манай компани гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зардлаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас нэхэмжлэх эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн  355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар захиалагч тал нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан тул гэрээний урьчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Учир нь аливаа гэрээг цуцалснаар  гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, харилцан шилжүүлсэн эд хөрөнгө, төлбөрийн гүйцэтгэл нь буцаагдахгүй бөгөөд энэ хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын эрх зүйн үндэс нь хэвээрээ байдаг. Тйим ч учраас  ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. СИМ ХХК нь гэрээг цуцлах хүртэл хугацаанд гаргасан зардал нийт 66 460 891 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцон авах эрхтэй юм. Түүнчлэн захиалагч тал нь ажил үүргийн тогтсон хувиар, ажлыг хариуцсан тодорхой эзэнгүй зэрэг байдлаас бий болсон үр дагаврыг бидэнд тохож, гүйцэтгэсэн ажлыг үл тоож гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Тулга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СИМ” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-тай 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2014010-1 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2014010-2 тоот “Засвар үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ” байгуулж тээврийн хээгсэлд хяналтын системийн суурилуулалт, программ хангамж, ургалт, цахилгааны холболтыг шинэчлэх зэрэг ажлыг гйүцэтгэхээр тохирсон. Бид уг ажлыг 2014 оны 8-р сарын 27-ны өдөр эхэлж 2014 оны 10-р сарын 15-ны өдөр дуусгах буюу ажил гүйцэтгэх хугацаа нийт 45 хоног, харин гэрээний хугацаа нь гэрээний 2.1-т зааснаар гэрээний үүрэг биелэгдсэнээр, эсхүл талууд гэрээг цуцалснаар дуусгавар болгохоор тохирсон. Гэтэл захиалагч тал нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тоног төхөөрөмж сууиьлуулах машиныг  гаргаж өгөхгүй байх зэргээр ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөхгүй байсан ба манай компанийг дахиж ирэх хэрэггүй гэх зэргээр тодорхойгүй байдал үүсгэсэн. Бид энэ гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд шаардагдах бараа, тоног төхөөрөмжийг Чиноском ХХК-тай гэрээ байгуулж зээлээр авсан, БНХАУ-с GPS төхөөрөмжийг захиалгаар оруулж ирсэн, 120 ширхэг түлшний датчикийг өөрийн үйлдвэрт хөгжүүлж үйлдвэрлэсэн, мөн программ хангамжийг боловсруулж, захилалагчийн шаардлагын дагуу хөгжүүлэлт хийсэн, үүнээс гадна 28 тээврийн хэрэгсэлд GPS болон түлшний датчик суурилуулсан, 72 ширхэг  байршил тогтоогчийг суурилуултад бэлтгэж захиалагчид хадгалуулсан болно.  Ажилчдын цалин, хоол, хүнс бусад зардал гэх мэт ажил гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардал тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь  хэсэгт заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэхээр шаардах нь үндэслэлгүй юм. Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах хүртэл хугацааны гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. СИМ ХХК нь эдгээр ажлыг гүйцэтгэхэд GPS-ийн захиалга, татан авалтын зардал 39 000 000 төгрөг, түлшний датчик үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн зардалд 16 402 000 төгрөг, бусад зардалд 5 445 755 төгрөг, ажилчдын цалин хөлс 5 080 000 төгрөг нийт 66 460 891 төгрөгийн зардал гаргасан бөгөөд манай компанид шилжүүлсэн гэрээний үнийн 20 хувь 34 725 640 төгрөгийг хасч үлдэгдэл 31 736 250 төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3 дахь заалтад захиалагч өөрийн буруугаас ажлын үр дүнг хүлээж аваагүй байх харилцааг зохицуулсан. Манай зүгээс гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөхийг шаардсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд талуудын аль нэг нь гэрээний үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Иймд захиалагч гэрээгээ цуцалсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь “СИМ” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 36 912 292 төгрөг гаргуулах, хариуцагч нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас  31 736 251 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 17 994 640 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 18 917 652 төгрөгийн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь СИМ компанитай 2014 оны 08-р сарын 26-ны өдөр  2014010/1 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2014010/2 тоот “Засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, 130 ширхэг тээврийн хэрэгсэлд хяналтын системийн суурилуулалт, программ хангамж, үүнд GPS, түлш, даац хэмжигч, цахилгаан холболтын ажлыг 2014 оны 8-р сарын 27-ноос 2014 оны 10-р сарын 15-ныг хүртэл 49 хоногийн хугацаатай гүйцэтгүүлэх, захиалагч ажлын хөлс 173 623 200 төгрөг төлөхөөр /хх 14-20/ тохирчээ. Талуудын хооронд  Иргэний хуулийн 343-р зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний 2.3-т зааснаар захиалагч нь гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа 20 хувь буюу 34 724 640 төгрөгийг 5 хоногийн дотор гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохирч, мөнгийг 2014 оны 8-р сарын 27-ны өдөр шилжүүлсэн /хх 21/, энэ талаар талууд маргаагүй, харин урьдчилгаа 20 хувийг шилжүүлснээр гүйцэтгэгч нь 70 ширхэг тээврийн хэрэгсэлд GPS, түлш, даац хэмжигч зэрэг төхөөрөмжүүдийг суурилуулж актаар хүлээлгэж өгсний дараа захиалагч нь ажлын 5 хоногт нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 52 086 960 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохирчээ.

 

Гүйцэтгэгч СИМ ХХК нь тээврийн хэрэгсэлд дээрх төхөөрөмжийг суурилуулах ажилд хариуцлагагүй хандаж гэрээнд заасан хугацаанд заасан тоо хэмжээгээр суурилуулаагүй, төхөөрөмжийн тоо хэмжээ дутуу байсан зэргээс захиалагч нь 2014 оны 9-р сарын 19-ний өдрийн 1-1/1315 тоот, 2014 оны 09-р сарын 22-ны өдрийн 1-1/1327 тоот, 2014 оны 10-р сарын 02-ны өдрийн 1-1/1400 тоот, 2014 оны 10-р сарын 17-ны өдрийн 1-1/1497 тоот  албан бичгүүдээр мэдэгдэж, улмаар гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд гэрээгээ цуцлахыг мэдэгдэж / хх 6-13/ байжээ.

 

Эдгээрээс дүгнэвэл, захиалагч Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч СИМ ХХК-д үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй тул энэ хуулийн 355-р зүйлийн 355.1-д зааснаар 2014 оны 10-р сарын 23-ны өдөр гэрээгээ цуцалсан /хх 12/, 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээ цуцлах эрхтэй   байна.

 

Гүйцэтгэгч СИМ ХХК нь 2014 оны 10-р сарын 23-ны өдрийн 0041 тоот албан бичгээрээ гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэсэн ажил, хийх төлбөр тооцооны талаар тодорхой саналыг захиалагчид хүргүүлсэн /хх 10-11/ байна.

 

Харин гэрээ цуцалснаар захиалагч нь учирсан хохиролд  34 724 640 төгрөг гаргуулахаар шаардсан бол, хариуцагч СИМ ХХК нь захиалагчаас гүйцэтгэсэн ажлын хөлс, тоног төхөөрөмжийн зардал зэрэг 31 736 251 төгрөгөөрөө хохирсон гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь СИМ ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсны улмаас 20 хувийн урьдчилгаа болох 34 724 640 төгрөгийн хэмжээгээр хохирсон гэх үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч СИМ ХХК нь зохих хэмжээгээр тээврийн хэрэгсэлд GPS, түлш, даац хэмжигчийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн нь  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2014 оны 09-р сарын 22-ны өдрийн 1-1/1327 тоот албан бичигт “2014 оны 09-р сарын 22-ны байдлаар 16 тээврийн хэрэгсэлд түлш, байршил заах төхөөрөмжүүд суусан байна” гэсэн баримт /хх 7/, СИМ ХХК-ний 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн 0041 тоот албан бичигт “...бид нийт 16 730 000 төгрөгийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байна...” гэсэн баримтаар тус тус тогтоогдсон байна.

 

Нөгөө талаас, гүйцэтгэгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “...нийт 28 машинд төхөөрөмж суурилуулсан”, гэрч О.Тэнгис мэдүүлэхдээ “...22 машинд суурилуулсан”, гэрч С.Ёндон мэдүүлэхдээ “...30 хавьцаа машинд суурилуулсан” гэсэн зөрүүтэй мэдүүлэг зэргээс нийт хэдэн машинд төхөөрөмж суурилуулсныг тодорхойлох боломжгүй. Харин СИМ ХХК нь гүйцэтгэвэл зохих ажлаас 16 730 000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

 

Талууд гэрээний 4.3-т зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд ажлын хөлсний үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр тохирсон байх ба нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгчийг хугацаандаа үүргээ биелүүлээгүй гэж үзэж 2015 оны 10-р сарын 08-ныг хүртэлх хугацааны алданги 2 187 652 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Харин ажил гүйцэтгэх гэрээгээ талууд 2014 оны 10-р сарын 23-ны өдөр цуцалснаар СИМ ХХК цаашид ажил гүйцэтгэх үүрэггүй, түүнчлэн гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги төлөх  үүрэг үүсэхгүй.

Нөгөөтэйгүүр алдангийг гэрээ цуцалснаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй.

 

Иймд  Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний 36 912 292 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас СИМ ХХК-ний гүйцэтгэсэн ажлын хөлс 16 730 000 төгрөг, алданги  2 187 652 төгрөгийг хасч 17 994 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

                         Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Ажил гүйцэтгэгч “СИМ” ХХК нь ажил гүйцэтгэхэд GPS-ийн захиалга, татан авалтын зардал 39 000 000 төгрөг, түлшний датчик үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн зардалд 16 402 000 төгрөг, бусад зардалд 5 445 755 төгрөг, ажилчдын цалин хөлс 5 080 000 төгрөг нийт 66 460 891 төгрөгийн зардал гарснаас захиалагчийн шилжүүлсэн 34 725 640 төгрөгийг хасч үлдэх 31 736 250 төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...захиалагч нь төхөөрөмж суурилуулах машиныг гаргаж өгөхгүй байх, ажилд гаргах зэргээр гэрээний дагуу ажиллах боломжоор хангаагүй саад хийсэн” гэж тайлбарлажээ. 

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн, ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйл хийсэн бол түүнийг захилагчийн өмчлөлд шилжүүлдэг бөгөөд тухайн тохиолдолд гүйцэтгэсэн ажлын үр дүн нь 70 ширхэг тээврийн хэрэгсэлд GPS, түлш, даац хэмжигч зэрэг төхөөрөмжүүдийг суурилуулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үр дүн байсан гэж үзнэ.

 

Харин ийм үр дүн гараагүй бөгөөд СИМ ХХК-тай хийсэн гэрээгээ цуцалсанд  захиалагчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн гүйцэтгэгч “СИМ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд тээврийн хэрэгсэлд суурилуулах төхөөрөмжийг бэлтгэх, түүнтэй холбоотой зардал гаргах, ажилчдаа цалинжуулах нь гүйцэтгэгчийн үүрэг бөгөөд  захиалагчийн материалаар дээрх ажлыг гүйцэтгэх, гарах зардлыг захиалагч хариуцах, цалин олгохоор тохироогүй байна.

 

Эдгээр үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн гэрээ цуцлагдсанаар захиалагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй эд зүйл, төхөөрөмжөө гүйцэтгэгч буцаан авах боломжтой, нэхэмжлэгч үлдээсэн эд зүйлсийг буцаан өгөхгүй талаар маргаагүй байна.  

 

Хэргийн 36-43, 184-192 дахь талд авагдсан үнийн санал, ажлын явцын талаарх захидал, нэхэмжлэгчээс гаргасан гэрээний хавсралтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 53 дахь хуудсанд авагдсан ажлын тайлан, 171-183 дугаар хуудсанд авагдсан СИМ ХХК-ний санхүүгийн тайлан нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй, 90-170 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ, орлого, зарлагын баримтууд, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, цалингийн цэс зэрэг баримтууд нь СИМ ХХК-ний өөрийнх нь гүйцэтгэвэл зохих үүрэгтэй нь холбоотой баримтууд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 355-р зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан “СИМ” ХХК-иас 17 994 640 /арван долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулж Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 18 917 652 /арван найман сая есөн зуун арван долоон мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийн нэхэмжлэл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас 31 736 251 /гучин нэгэн сая долоон зуун гучин зургаан мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн “СИМ” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 511 төгрөг, хариуцагчаас төлсөн 316 700 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “СИМ” ХХК-иас 247 923 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

             

 

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА