Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00996

 

 “Н У”ХХК-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00149 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 855 дугаар магадлалтай          

Нэхэмжлэгч “Н У”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ Э Э Э”ХХК-д холбогдох,

“Н У”ХХК болон “ Э Э Э”ХХК-ийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, алданги 21 397 ам.доллар буюу 40 081 502.31 төгрөг, ажлын хөлс 37 952 323.00 төгрөг, нийт 78 033 825.31 төгрөг,

2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, урьдчилгаа 17 118 ам.доллар буюу 32 065 951.14 төгрөг,

3-1 тоот гэрээнээс татгалзаж, бараа материалын үнийн зөрүү 86 219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг нийт 271 607 793,45 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 12 838 ам.доллар, алданги 6 419 ам доллар нийт 19 257 ам доллар,

2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 29 955 ам.доллар, алданги 14 976 ам.доллар нийт 44 931 ам.доллар,

3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-ний 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөрийг “Ваха” компанид шилжүүлсэн 56 000 ам.доллар, алданги 28 000 ам.доллар нийт 84 000 ам.доллар бүгд 148 188 ам доллар буюу 278 479 335 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дарьсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн төлөөлөгч Т.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй офисcын болон үйлчилгээний төвийн зориулалттай хоёр барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төсөл боловсруулах, боловсруулсан зураг төслийн дагуу шаардлага хангасан бараа материалыг нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “ Э Э Э”ХХК-тай тохиролцож 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх гэрээ” байгуулсан ч гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”-ний хувьд манай компани гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлж гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК-ийн санал болгосноор Солонгос улсын бүртгэлтэй “Ваха ко” компанийн 654968-11-000270 тоот дансанд зураг төслийн нийт үнийн 70 хувь буюу 29 956 ам долларыг шилжүүлсэн. Гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК нь манай компанид улсын экспертизээр батлуулсан зураг төслийг 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгөөгүй, улсын экспертизээр батлуулаагүй зураг төслийг манайд илгээсэн. Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн зураг төслийг улсын экспертизээр батлуулах үүргээ гүйцэтгээгүйн улмаас манай компани батлагдсан зураг төслийн дагуу барилгын дотор инженерийн сантехникийн угсралтын ажлыг хийлгүүлэх хуулийн шаардлагыг хангаж, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Учир нь: манай компани гүйцэтгэгчээс улсын экспертизээр батлуулсан зураг төслийг гаргаж өгөхийг удаа дараа шаардахад “...бид дотоодынхоо барилгын хууль тогтоомж, норм, дүрэм журам, стандартад нийцүүлэн өөрчлөх, мөн экспертизээр батлуулахын тулд монгол хэл рүү орчуулах шаардлагатай тул манай компанид хугацаа олгоно уу” гэсэн хариуг одоог хүртэл өгсөөр байгаа бөгөөд уг барилгыг ашиглалтанд оруулж чадахгүй байна.

Манай компани улсын экспертизээр батлуулсан зураг төслийн дагуу барилгын ажлыг хурдан эхлүүлэхийн тулд гуравдагч зураг төслийн компанитай гэрээ байгуулан оффисын зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлын хөлсөнд нийт 37 952 323 төгрөг шилжүүлсэн. 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний хувьд гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК нь гэрээний 1.4-т зааснаар үйлчилгээний төвийн зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж экспертизээр батлуулан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу зураг төслийн 42 794 ам доллар буюу 56 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, энэ үнэд экспертизийн хураамж болон зохиогчийн хяналтын үнийг оруулан тооцсон. Манай компани 2-1 тоот гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК-ийн санал болгосноор “Ваха” компанийн 654968-11-000270 тоот дансанд зураг төслийн үнийн 40 хувь буюу 17 118 ам.долларыг шилжүүлж, гэрээгээр тохиролцсон хугацааны дагуу манай компанид улсын экспертизээр батлуулсан зураг төслийг 2012 оны 8 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй. Бид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг тухай бүрт тогтоож өгсөн боловч энэ хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй.

Хариуцагч “ Э Э Э”ХХК болон “Ваха” компани зураг төсөл боловсруулах эрх бүхий зөвшөөрөлтэй этгээд биш болох нь шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. “ Э Э Э”ХХК зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, Солонгос улсын “Ваха” компани тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлгүй бөгөөд манай компанид мэдэгдээгүй, гэрээ байгуулаагүй “Илгон” /IL Geon/ гэх компани ч зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэх баримтгүй тул 1-1, 2-1 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар “ Э Э Э”ХХК нь хууль зөрчиж хэлцэл хийсэн байх тул хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийг буцаан төлөх юм. 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ” нь 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1-1, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”-нүүдийн үргэлжлэл байсан. Уг зураг төслийнхөө дагуу хэрэглэгдэх материалыг энэхүү гэрээний дагуу манайд нийлүүлэх үүрэгтэй байсан ба 3-1 тоот гэрээний хавсралтаар оруулж, нийт гурван ээлж болгон нийлүүлэхээр харилцан тохиролцсон байсан. Энэхүү гэрээний нийт үнийн дүн гэрээний 2.1-т зааснаар 1 036 271 ам доллар бөгөөд 1 дүгээр ээлжийн материалын үнийн дүн 370 858 ам доллар байснаас нийт 315 229 ам.долларыг манай компани гүйцэтгэгчид шилжүүлсэн. Гэвч гааль дээрээс эхний ээлжийн сантехникийн бараа материалыг хүлээн авахад бидний гэрээгээр тохиролцсон материал биш, дутуу, гэрээгээр тохиролцоогүй зарим нэр төрлийн бараа материал байсан. Манай компани гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК-д 1-1, 2-1 болон 3-1 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх хүртэлх хугацаагаар дараагийн ээлжийн бараа материалуудыг хүлээн авахгүй гэдгээ тухайн үед мэдэгдсэн юм. Гүйцэтгэгч “ Э Э Э”XXК нь 3-1 тоот гэрээний 5.4-т зааснаар нийлүүлэх материалынхаа нэхэмжлэлийг дагалдуулан ачаа тээврийн дагалдах баримт болон барааны падаан 2 хувь, баглаа боодлын тодорхойлолтыг тус тус нэхэмжлэлийг дагуулан өгөх ёстой байсан. Гэвч гүйцэтгэгч энэ үүргээ биелүүлээгүй тул энэхүү гэрээний биелэлт хангагдаагүй. Эдгээр бараа материал нь манай компанийн барилгын дотоод инженерийн байгууламжийн угсралтын ажилд ашиглагдахгүй одоог хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд гэрээний дагуу нийлүүлэгдэх материалыг зохих ёсоор нийлүүлээгүй, тоо хэмжээ, нэр төрөл зөрсөн, огт захиалаагүй бараа материал нийлүүлсэн, ажлын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, тухайн нийлүүлсэн бараа материалуудын угсралтын ажлын бүрдэл дутуу учир мэргэжлийн зааварчилгаагүйгээр бие дааж угсралтын ажлыг хийх боломж айхгүй учир энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэх нь манай компанийн хувьд боломжгүй, гэрээнээс татгалзах нөхцөл, үндэслэл ирээдүйд бий болох нь тодорхой болсон шалтгаануудыг үндэслэн энэхүү гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай” гэрээний 2.1-т заасны дагуу шилжүүлсэн 315 229 ам доллараас хүлээн авсан бараа материалын үнийг Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн гаалийн мэдүүлгээр тогтоогдож буй 5 ширхэг барааны гаалийн мэдүүлэгт тусгасан материалын үнээр тооцож 229 010 ам долларыг “ Э Э Э”ХХК-ийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан 3-1 тоот гэрээний нэхэмжлэлийн шаардлагаас хасч, 86 219 ам.доллар буюу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол банкны ам.долларын 1 873.23 төгрөгөөр тооцож 161 508 017 төгрөг болгон багасгаж байна. Иймд 1-1, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1-1 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК-иас гэрээний 4.1-т заасан 0.2 хувийн алданги 21 397 ам доллар буюу 40 081 502.31 төгрөг /2014 оны 11 сарын 07-ны өдрийн ам.долларын ханш 1 873.23 төгрөг/, гуравдагч компанитай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулсны хөлс 37 952 323.00 төгрөг нийт 78 033 825.31 төгрөг, 2-1 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК-д ажлын урьдчилгаа болгон шилжүүлсэн нийт 17 118 ам доллар буюу 32 065 951.14 төгрөг, 3-1 тоот гэрээнээс татгалзаж, бараа материалын үнийн зөрүү 86 219 ам доллар буюу 161 508 017 төгрөг нийт 271 607 793.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ Э Э Э”ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Н У”ХХК-тай 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хоёр барилгын дотор инженерийн байгууламжийн ажлын зургуудыг цаг хугацаанд нь БНСУ-ын “Ваха” ХХК-иар хийлгүүлж, улсын экспертиз буюу магадлалаар оруулж батлуулахад бэлэн болгосон боловч “Н У”ХХК-иас бидэнд дээрх зургуудад улсын экспертизээр оруулахад шаардлагатай баримт бичиг болох “Н У”ХХК-ийн 2011 онд магадлалаар оруулсан зургуудын дүгнэлт, геодезийн дүгнэлт, улсын магадлал хийлгэх албан бичиг, тухайн барилгын газрын захирамж зэргийг хүлээлгэж өгөөгүйн улмаас дээрх зургуудыг улсын экспертизээр оруулаагүй. Харин нэгэнт улсын экспертизээр батлагдсан зурагт өөрчлөлт оруулах бол тухайн барилгыг өмнө нь магадлалаар оруулсан зургуудын геодезийн дүгнэлт, улсын магадлал хийлгэх албан бичиг, барилгын газрын захирамж зэрэг материалыг хүлээлгэн өгөх шаардлагатай байдаг. Талуудын байгуулсан нийт 1 036 271 ам.долларын үнийн дүн бүхий 3-1 тоот гэрээний дагуу манай компани “Н У”ХХК-ийн барьж буй 2 барилгын дотор инженерийн байгууламжийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л материалуудыг захиалан нийлүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэрээний дагуу “Н У”ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 дүгээр ээлжийн барааны урьдчилгаанд 185 429 ам долларыг шилжүүлснээр гэрээнд заасан эхний ээлжийн халаалт хөргөлтийн систем, халуун, хүйтэн усны бохир, салхивчийн систем, галын систем, галын утаа зайлуулах системүүдийн бараа материалыг гэрээнд заасан хугацаанд бүрэн бүтэн хүлээн авсан ба материалын чанар, тоо ширхэгийн талаар гомдол гаргаж байгаагүй. Ингээд талууд “Н У”ХХК-ийн захиалсан эхний ээлжийн бараа материалыг улсын хилээр орж ирэнгүүт 4-1 тоот “Барилгын дотор инженерийн байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “ Э Э Э”ХХК нь “Н У”ХХК-ийн барьж буй хоёр барилгын дотор инженерийн байгууламжийг захиалж хийлгэсэн зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх гэрээг байгуулах талаар амаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл “Н У”ХХК-иас 2012 оны 10 дугаар сараас эхлэн 1-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 3 дугаар үе шатанд манайд төлөх ёстой төлбөрийн 30 хувь буюу 12 838 ам.доллар, 2-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 2, 3 дугаар үе шатанд манай компанид төлөх төлбөрийн үлдэгдлийн 70 хувь буюу 29 955 ам.доллар төлөөгүй. 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-ний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөр 185 429 ам долларыг шилжүүлэх байсан боловч 129 800 ам доллар шилжүүлж 55 629 ам долларыг дутуу шилжүүлсэн. Талууд А-А тоот “Барилгын дотор инженерийн ажил гүйцэтгэх гэрээ”-г огт байгуулаагүй зэрэг хүндрэлүүд гарсан. Иймээс бид “Н У”ХХК-тай байгуулсан 3 гэрээний үлдэгдэл төлбөрөө шилжүүлэх хүртэл хугацаанд барилгын дотор инженерийн байгууламж угсрах, бараа нийлүүлэх ажлыг зогсоосон. Талуудын байгуулсан 3-1 тоот гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөр 56 000 ам.долларыг шилжүүлсэн ч “Н У”ХХК-ийн захирал С.Энхтүвшин, ерөнхий инженер Ө.Төмөр, архитектур н.Мөнхжин нар ажлаасаа гарсан. Бид 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Н У”ХХК-тай "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг байгуулсан. “ Э Э Э”ХХК ажлын зургийг 2012 оны 07 дугаар сард бүрэн дуусгаж, магадлал хийлгэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх талаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07/06 тоот, 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 07/16 тоот, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 07/24 тоот албан бичгээр “Н У”ХХК-д тус тус мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан. “Н У”ХХК нь 1-1, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г байгуулсан “ Э Э Э”ХХК нь зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, БНСУ-ын Ваха болон “Илгон” /IL Geon/ компани нь тухайн улсдаа зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй гэх баримтгүй байх тул эдгээр гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх гэрээ хэлцлийн дагуу талууд “ Э Э Э”ХХК-ийг зураг төслийг боловсруулах, бараа материалыг БНСУ-аас нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгчээр, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, гэрээний 1.3-т зааснаар БНСУ-ын “Ваха” компанийг туслан гүйцэтгэгчээр тус тус сонгосон. Харин “Ваха” компани нь БНСУ-ын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох “Илгон” /IL Geon ESC/ компаниар “Н У”ХХК-ийн офиссын болон үйлчилгээний барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийг гүйцэтгүүлсэн бөгөөд БНСУ-ын “Илгон” компани нь инженерийн зураг төсөл боловсруулах эрх бүхий этгээд болох нь тус компанийн улсын бүртгэлийн болон инженерийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог.

 Түүнчлэн БНСУ-ын тусгай зөвшөөрөл бүхий “Илгон” /IL Geon ESC/ компанийн гүйцэтгэсэн зураг төслийг Барилгын тухай хууль болон “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-д заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох “ЦНТ” ХХК-иар хянан баталгаажуулсан ба эдгээр зураг төслийг “Н У”ХХК 2012 онд хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Ө.Төмөр, Ц.Нарантуяа нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль зүйн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь буруу. Нэхэмжлэгч бараа материал доголдолтой байсан тул гэрээнээс татгалзсан хэмээн тайлбарлаж, бараа материалын үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Зүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ огт зөрчөөгүй байх тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй. 3-1 тоот гэрээний хавсралтад зааснаар “Н У”ХХК нь 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1 дүгээр ээлжийн бараа материалын урьдчилгаа төлбөрт 185 429 ам.доллар төлөх ёстой байтал 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлж, 29-ний өдөр үлдэгдэл төлбөрт 185 429 ам долларыг 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөх үүрэгтэй байхад 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 129 800 ам.доллар төлж, төлбөр төлөх үүргээ 31 өдөр хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан тооцооны хуулга, гадаад гуйвуулгын баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгчээс төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч хариуцагч нь 1 дүгээр ээлжийн бараа материалыг бүрэн нийлүүлж, "Ваха" компанид төлбөл зохих үлдэгдэл төлбөр 56 000 ам.долларыг “Н У”ХХК-ийн өмнөөс төлж барагдуулсан байдаг. “Н У”ХХК 2012 оноос хойш одоог хүртэл төлбөр бүрэн төлөөгүй атлаа “ Э Э Э”ХХК-иас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, барилгын инженерийн байгууламжийн ажилд хэрэглэн, үр ашгийг нь хүртсэн атлаа огт үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж буй үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй. “Н У”ХХК нь БНСУ-аас нийлүүлсэн бараа материалыг хүлээн авч, тоолж бүртгэсэн гэх атлаа 2012 оны 09 дүгээр сарын 21, 24-ний өдөр бараа материалыг хүлээж авснаас хойш одоог хүртэл бараа материалыг доголдолтой гэж үзэж байгаа тухай манай компанид нэг ч удаа шаардлага хүргүүлж байгаагүйн зэрэгцээ өөрсдийн хүлээн авсан бараа материалыг барилгадаа ашигласан болох нь гэрч Ө.Төмөр, С.Энхтүвшин, О.Энхтуул нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. 3-1 тоот гэрээнээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 315 229 ам.доллараас гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 229 010 ам.долларыг хасч зөрүү 86 219 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гааль дээр 229 010 ам.доллар төлж, мэдүүлж буй нь “Н У”ХХК-ийн өөрийн хүсэл зориг байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ Э Э Э”ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Талуудын байгуулсан 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-ний дагуу “Н У”ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1 дүгээр ээлжийн бараа материалын урьдчилгаа төлбөрт 185 429 ам долларыг шилжүүлснээр гэрээнд заасан эхний ээлжийн халаалт хөргөлтийн систем, халуун, хүйтэн усны бохир, салхивчийн систем, галын систем, галын утаа зайлуулах системүүдийн бараа материалыг гэрээнд заасан хугацаанд бүрэн хүлээн авсан. Талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээний 2.2-т харилцан тодорхойлсон байх ба 2 барилгын хувьд зураг төсөл боловсруулах ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор 40 хувийг, зураг бүрэн дууссаны дараа 3 хоногийн дотор 30 хувь, зургийг холбогдох байгууллага болон экспертизээр батлуулан, ажлын явцаас хоцроохгүйгээр 30 хувийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь “Н У”ХХК-д “Ваха” компаниас ирүүлсэн зургийг 2012 оны 7 дугаар сард хүлээлгэн өгч, уг зургийн дагуу 2012 оны 08 дугаар сард БНСУ-ын 4 мэргэшсэн инженер, “ Э Э Э”ХХК-ийн 20 гаруй ажиллагсдын хамт угсралтын ажлыг нэг сарын хугацаанд гүйцэтгэсэн болох нь гэрч Ө.Төмөрийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд энэ хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчид төлөлгүй, хоцроосоор байгаа юм. Нэхэмжлэгч бараа материалыг барилгын үйл ажиллагаанд ашигласан нь хариуцагчийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн болохыг нотолж байна. Хэрэв нэхэмжлэгч гаалиас бараа материалыг хүлээн авах үедээ бараа бүтээгдэхүүнийг доголдолтой гэж үзсэн бол Иргэний

хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу “ Э Э Э”ХХК-д гомдлын шаардлага гаргах боломжтой байсан.

“Н У”ХХК-иас 2012 оны 10 дугаар сараас эхлэн 3 гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн. 1-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 1 дүгээр үе шатанд манай компанид төлөх ёстой нийт төлбөрийн 30 хувь буюу 12 838 ам.долларыг төлөөгүй. 2-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 1, 3 дугаар үе шатанд манай компанид төлөх нийт төлбөрийн үлдэгдлийн 70 хувь буюу 29 955 ам доллар төлөөгүй. 3-1 тоот гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөр 185 429 ам долларыг шилжүүлэх байсан боловч 129 800 ам долларыг шилжүүлж 55 629 ам долларыг дутуу шилжүүлсэн. Иймд “Н У”ХХК-ийг 3 гэрээний үлдэгдэл төлбөрөө шилжүүлэх хүртэл хугацаанд барилгын дотор инженерийн байгууламж угсрах, бараа нийлүүлэх ажлыг зогсоосон. 3-1 гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөрт 56 000 ам доллар шилжүүлсэн. Иймд 1-1 тоот гэрээний үлдэгдэл 12 838 ам доллар, алданги 6 419 ам доллар нийт 19 257 ам доллар, 2-1 тоот гэрээний үлдэгдэл 29 955 ам доллар, алданги 14 976 ам.доллар нийт 44 931 ам.доллар, 3-1 тоот гэрээний 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл “Н У”ХХК-ийн өмнөөс “Ваха” ХХК-д шилжүүлсэн 56 000 ам доллар, алданги 28 000 ам.доллар нийт 84 000 ам доллар бүгд 148 188 ам доллар буюу 278 479 335 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Н У”ХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 1-1 тоот гэрээний хувьд “ Э Э Э”ХХК нь гэрээний 1.4-д зааснаар офиссын зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж экспертизээр батлуулан манайд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Зураг төслийн үнэ 56 500 000 төгрөг байхаар тохиролцож, энэ үнэд экспертизийн хураамж болон зохиогчийн хяналтын үнийг оруулан тооцсон. Манай компани энэ гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК-ийн санал болгосноор гэрээний 1.3-т тусгайлан оруулсан Солонгос улсад бүртгэлтэй "Ваха" компанийн 654968-11-000270 дансанд зураг төслийн нийт үнийн 70 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг хугацаандаа шилжүүлсэн. Гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК нь манай компанид гэрээгээр тохиролцсон хугацааны дагуу улсын экспертизээр батлуулсан зураг төслийг 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бүрэн хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэхүү тогтоосон хугацаандаа зураг төслийг хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэгч улсын экспертизээр батлуулаагүй зураг төслийг манайд илгээсэн бөгөөд “ Э Э Э”ХХК зураг төслийг улсын экспертизээр батлуулах үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани барилгын дотор инженерийн сантехникийн угсралтын ажлыг хийлгүүлэх ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Манай компани гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, улсын экспертизээр батлуулсан зураг төслийг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан. Гүйцэтгэгч 1-1 тоот гэрээнд заасан хугацаандаа энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байсан учир өөр зураг төслийн гүйцэтгэгч компаниар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ бүхний хариуцлагыг гэрээ болон хуульд зааснаар гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК хариуцах ёстой. Үйлчилгээний төвийн зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж экспертизээр батлуулан манай компанид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээний үнэ 56 500 000 төгрөг байхаар тохиролцож, энэ үнэд экспертизийн хураамж, зохиогчийн хяналтын үнийг оруулан тооцсон. Манай компани нь гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК-ийн санал болгосноор “Ваха” компанийн дансанд зураг төслийн үнийн 40 хувьтай тэнцэх төгрөгийг хугацаандаа шилжүүлсэн. Ингээд 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК нь манайд улсын экспертизээр батлуулсан зураг төслийг хүлээлгэн өгөөгүй. 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-ний хувьд “ Э Э Э”ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1-1, 2-1 тоот зураг төсөл боловсруулах ажлын гэрээнүүдийн үргэлжлэл байсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь манай компанийн хоёр барилгын дотор инженерийн зураг төслийг боловсруулан өгч, уг зураг төслийнхөө дагуу хэрэглэгдэх бараа материалыг энэхүү гэрээний дагуу манай компанид нийлүүлэх үүрэгтэй байсан ба нийлүүлэгдэх бараа материалын тоо хэмжээ, нэр төрлийг гэрээнд хавсралтаар оруулж, нийт гурван ээлж болгон нийлүүлэхээр тохиролцсон байсан. Энэхүү гэрээний нийт үнийн дүн нь гэрээний 2.1-т зааснаар 1 036 271 ам.доллар бөгөөд 1 дүгээр ээлжийн материалын үнэ 370 858 ам доллараас нийт 315 229 ам.долларыг манай компани гүйцэтгэгчид шилжүүлсэн. 2012 оны 9 дүгээр сарын 21, 24-нд тус тус хийгдсэн гаалийн бүрдүүлэлт болон гаалийн бүрдүүлэлт хийгдэхэд хэрэглэсэн бараа материалын тоо хэмжээ, нэр төрлийг тулган шалгаж хүлээн авахад хүндрэлтэй байсан бөгөөд гааль дээрээс хүлээн авсан бараа материал нь манай компанийн барилгын дотоод инженер байгууламжийн угсралтын ажилд ашиглагдахгүй одоог хүртэл хадгалагдаж байна. Дээрх нөхцөл байдлуудын улмаас буюу гүйцэтгэгч “ Э Э Э”ХХК нь гэрээний дагуу нийлүүлэгдэх материалыг зохих ёсоор нийлүүлээгүй, ажлын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, нийлүүлсэн бараа материалын бүрдэл хэсгүүд дутуу байсан. Иймд “ Э Э Э”ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ Э Э Э”ХХК-д холбогдуулан гаргасан “ Э Э Э”ХХК болон “Н У”ХХК-ийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, 1-1 тоот гэрээний дагуу 78 033 825.31 төгрөг, 1-2 тоот гэрээний дагуу 32 065 951.14 төгрөг гаргуулах, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-нээс татгалзаж, учирсан хохирол 86 219 ам доллар буюу 161 508 017 төгрөг нийт 271 607 793.45 төгрөг гаргуулах тухай “Н У”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н У”ХХК-иас 1-1 -тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 12 838 ам доллар, алданги 6 419 ам доллар, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-ний 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн 55 629 ам доллар, алдангийн төлбөр 27 814.5 ам доллар нийт 102 700.5 ам доллар буюу 192 997 861 төгрөгийг гаргуулж, хариуцагч “ Э Э Э”ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 29 955 ам.доллар, алданги 14 976 ам.доллар, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт холбогдох шаардлагаас 556.5 ам долларт холбогдох хэсэг нийт 45 487.5 ам.доллар гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н У”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 099 460 төгрөг, хариуцагч “ Э Э Э”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 550 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н У”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 122 939 төгрөгийг гаргуулж, хариуцагч “ Э Э Э”ХХК-д олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучнаар/ шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5388 дугаар “Хүсэлт шийдвэрлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5739 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 855 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ Э Э Э”ХХК-д холбогдуулан гаргасан “ Э Э Э”ХХК болон “Н У”ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, 2-1 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 32 065 951.14 төгрөгийг хариуцагч “ Э Э Э”ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Н У”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1-1 тоот гэрээний дагуу 78 033 825.31 төгрөг, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-нээс татгалзаж, учирсан хохирол 86 219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг, нийт 239 541 842,31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н У”ХХК-иас 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-ний 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөрт 55 629 ам доллар буюу 105 236 880 төгрөгийг гаргуулж, хариуцагч “ Э Э Э”ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 12 838 ам.доллар, алданги 6 419 ам.доллар нийт 19 257 ам.доллар, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 29 955 ам доллар, алданги 14 976 ам доллар, нийт 44 931 ам.доллар, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх гэрээ”-ний алданги 28 371 ам.доллар нийт 92 559 ам.доллар буюу 173 939 649.57 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н У”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 099 460 төгрөг, хариуцагч “ Э Э Э”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 550 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 318 280 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч “Н У”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 684 134 төгрөгийг гаргуулж, хариуцагч “ Э Э Э”ХХК-д тус тус олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н У”ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 122 940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнгээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд магадлалын хянавал хэсэгт “Энэхүү хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэнд талуудын хэн аль нь буруутай буюу ажил гүйцэтгэх гэж байгаа байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг өөрөө шалгах ажиллагааг хийгээгүй атлаа гэрээний дагуу боловсруулагдсан зураг төслийг захиалагч хүлээн авч, өөрийнхөө үйл ажиллагаанд ашигласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, тэрээр энэ үйл баримтыг няцаагаагүй” хэмээн дурджээ. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №1-1, 2-1 тоот Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хууль зүйн үндэслэлтэйгээр тогтоосон боловч уг хучин төгөлдөр бус байх хэлцэлд нэхэмжлэгч байгууллагыг буруутай хэмээн дүгнэж буй нь ойлгомжгүй байна. “ Э Э Э”ХХК нь гэрээнд заасан ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, мөн тусгай зөвшөөрөлгүй тул гуравдагч этгээдээр гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэх талаар гэрээ байгуулах тухайн үед мэдэгдсэн бол нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнүүдийг хариуцагчтай байгуулах боломжгүй байсан. Учир нь дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх барилгын төсөл нь Барилгын хууль болон холбогдох хууль тогтоомж, стандарт, журамд нийцэхгүй бөгөөд барилга цаашид баригдах ямар ч боломжгүй болох юм. Гэтэл гэрээ байгуулагдах үед “ Э Э Э”ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажил болох барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэмээн тайлбарлан итгүүлж, тусгай зөвшөөрөл бүхий этгээд хэмээх ойлголтыг бидэнд төрүүлсэн юм. Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т “гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг ажил гүйцэтгэгч биечлэн гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээнд заасан ажлыг “ Э Э Э”ХХК хийж гүйцэтгэж байгаа гэж ойлгож байтал БНСУ-ын “Ваха” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн байх ба энэ тухайгаа нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй байхад шүүхийн зүгээс уг нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Магадлалын хянавал хэсэгт “Түүнчлэн хуулиар тогтоогдсон экспертизээр батлуулах шаардлага хангаагүй зургийн үр дүнг хүлээлгэж өгснийг ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэж үзэхгүй учраас 1-1 тоот гэрээний үлдэгдэл 40 хувийн хувийн төлбөр, ногдох алдангийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь экспертизээр батлагдсан зураг төсөл байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс зураг төслийг гэрээнд заасны дагуу экспертизээр батлуулаагүй тул хариуцагчийн гүйцэтгэсэн зураг төслийг гэрээнд заасан гэрээний зүйл буюу ажлын үр дүн байсан ба нэхэмжлэгч уг үр дүнг хүлээн авсан гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагчаас 37 952 323 төгрөгийг шаардах эрхтэй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22214 дугаар захирамжаар “Н У”ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн. Ийнхүү иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэнтэй холбогдуулж, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн бөгөөд мөн өдөр хариуцагчийн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулсан нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасны зөрчсөн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны хэргийн материалтай танилцуулсан атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1562 дугаар захирамж гарсны дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцуулж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 855 дугаар магадлалын хянавал хэсэгт “3-1 тоот гэрээний 2.2-т зааснаар хариуцагч “ Э Э Э”ХХК 1 дүгээр зэлжийн 370 858 ам.долларын бараа материалыг бүрэн нийлүүлсэн болох нь Гаалийн Ерөнхий газрын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 02-2091020-12-133716Р, 02-2091020-12-133717Р, 022091020-12133741Р, 021020-133742Р, 02-2091020-12-133825Р” дугаар бүхий мэдүүлгүүд, шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. ... “Н У”ХХК нь “ Э Э Э”ХХК-иас хүлээн авсан бараа материалын нийт үнэ 370 858 ам.доллараас 315 229 ам долларыг шилжүүлж үлдэгдэл 55 629 ам долларыг шилжүүлэн өгөөгүй байх тул ... 105 236 880 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй” хэмээн дурьджээ. Талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Материал ханган нийлүүлэх 3-1 тоот гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 5.2-т заасны дагуу гэрээний төлбөр болох 1 036 271 ам долларыг 3 хэсэгт хуваан төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 1 дүгээр ээлжийн захиалгын 370 858 ам долларын төлбөрийг 185 429, 185 429 ам.доллараар тус тус хуваан 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2012 оны 07 дугаар сарын 10-ны тус тус төлөхөөр гэрээний хавсралтад заасан. Өөрөөр хэлбэл бараа материалыг хүлээж авахаасаа өмнө, тухайн бараа материалын төлбөрийг төлөхөөр заасан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 5.2-т заасны дагуу 1 дүгээр ээлжийн төлбөрт 315 229 ам.долларыг гэрээнд заасан хугацаанд төлсөн боловч дээрх төлбөрийн хариуд 2012 оны 09 дүгээр сарын 21-нээс 24-ний хооронд манай компаний хүлээж авсан бараа материалын дүн нь 229 010.15 ам.долларын үнэ бүхий бараа, материал байсан. Энэ нь Материал ханган нийлүүлэх 3-1 тоот гэрээний хавсралтад заасан 370 858 ам долларын үнийн дүнд, манай компаний шилжүүлсэн 315 229 ам долларын үнийн дүнд аль алинд нь хүрэхгүй тоо ширхэг, нэр төрөл дутуу бараа бүтээгдэхүүн байсан тул энэ тухай холбогдох шаардлагыг удаа дараа гаргаж байсан нь гэрчийн мэдүүлэг болон тайлбар, холбогдох баримтуудаар тогтоогддог. “Н У”ХХК-ийн зүгээс дараах мэдүүлэгт дурьдсан үнэ бүхий бараа, материалыг хүлээж авсан байдаг.

Үүнд:

д/д

Мэдүүлгийн дугаар

Мөнгөн дүн /ам доллараар/

Хуудасны байрлал

1.

02-2091020-12-133716R

21919.68

Хуудас 633

2.

02-2091020-12-133717R

62 951.37

Хуудас 640

З.

022091020-12133741R

26 635.50

Хуудас 635

4.

021020-12-133742R

82 025

Хуудас 637

5.

02-2091020-12-133825R

35 475.60

Хуудас 631

Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх дугаарууд бүхий мэдүүлгүүдэд дурьдсан “ Э Э Э”ХХК-иас ирүүлсэн гэх бараа материалыг хүлээж авсан эсэх асуудалд дүгнэлт хийснээс бус хэдэн ам.долларын үнэ бүхий бараа, материалууд ирсэн эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь нотлох баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл 370 858 ам.долларын үнэ бүхий бараа, материал ирсэн үү, эсхүл 229 010.15 ам.долларын үнэ бүхий бараа, материал ирсэн үү гэдэгт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. “Н У”ХХК-ийн зүгээс 315 229 ам.долларын үнэ бүхий бараа, материал хүлээн авахаар төлбөрийг шилжүүлсэн атал “ Э Э Э”ХХК-ийн зүгээс 229 010.15 ам.долларын барааг нийлүүлсэн нь тус компанийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу “ Э Э Э”ХХК-ийн 315 858 ам.долларын бараа, материалыг шилжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу зөрүү болох 86 218.85 ам.долларыг “ Э Э Э”ХХК- иас гаргуулах эрхтэй. /315 229-229 010.15=86 218.85/ Нөгөөтэйгүүр манай компанийн өмнөөс төлбөр хийгээгүй болохыг нотолсон ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол банкны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6-10/80 /хх-1287/ тоотоор “ Э Э Э”ХХК-иас Солонгос улсын компаниуд руу “Хас банк”-аар дамжуулан гүйлгээ хийгээгүй болох талаар нотолсон лавлагааг огт үнэлж, дүгнэсэнгүй. Энэхүү Монгол банкны албан бичиг нь сөрөг нэхэмжлэлд дурьдсан 55 629 ам долларын гүйлгээ огт хийгдээгүй болохыг нотолж буй баримт юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүх үнийн талаар зөрүүтэй нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй. Тодруулбал: хариуцагч “ Э Э Э”ХХК нь 56 629 ам.долларыг 2 хувааж шилжүүлсэн гэх ба 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 26 000 ам доллар нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийсэн R34819 дугаартай барааны төлбөр болох нь гаалийн байцаагчийн шалгалт, төлбөрийн баримт дээрх гаалийн байцаагчийн тамгаар нотлогдоно. Гэтэл манай компанийн нэр дээр гаалийн хилээр нэвтрүүлсэн 5 ширхэг бараа, материалын мэдүүлэгт дээрх R34819 дугаартай бараа байхгүй юм. 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “ Э Э Э”ХХК-иас “Ваха” ХХК уруу 20 000 ам доллар шилжүүлсэн гэх, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөн “ Э Э Э”ХХК-иас “Ваха” ХХК уруу шилжүүлсэн гэх баримтуудын гүйлгээний утгад “Н У”ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн гэх, эсхүл “Н У”ХХК-иас хэрэгжүүлж буй төслийн бараа материалын үнийг шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “Н У”ХХК-иас хууль зүйн үндэслэлгүйгээр буюу дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр 56 629 ам.доллар буюу 105 236 880 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: магадлалын хянавал хэсэгт “Н У”ХХК нь “ Э Э Э”ХХК-иас нийт 5 контейнер бараа шилжүүлснийг хүлээн авсан талаар гэрч Чон Хён Вү-гийн “Н У”ХХК татвар бага төлөхийн тулд бага үнээр мэдүүлээч гэсэнтэй холбоотой Солонгосын гаалийн хилээр мэдүүлэхдээ жинхэнэ үнээр мэдүүлээд Монгол Улс руу орж ирсэн барааг арай бага үнээр мэдүүлсэн байсан учраас зөрүү гарсан. Контейнер ирэх болгонд шалгалт хийгээд ямар нэг зөрүү байхгүй гэдгийг баталгаажуулж байсан ...” гэх, гэрч С.Энхтүвшингийн “... 2012 оны 09 дүгээр сарын 24, 25-ны үед /өдрийг нь санахгүй байна/ 5 контейнер ирэхэд манай нягтлан н.Батмөнх хүлээн авсан. Би бараа материал талбайд буухад харж байсан ...” гэх мэдүүлгүүд” хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх дээрх гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн “ Э Э Э”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин хэргийн материалын 590-593 дугаар хуудаст гэрч гэх Чон Хён Ву-ийн мэдүүлэг авагдсан байдаг ба 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрчийн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт “...Солонгос Улсын тоног төхөөрөмж худалддаг компанид ажилтай” хэмээн дурьдсан байна. Гэрч гэх Чон Хён Вү нь БНСУ-д ямар үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд, ямар ажил, албан тушаал эрхэлдэг болох нь тогтоогдохгүй байх ба Чон Хён Вү-ийн ажилладаг компани нь маргааны үйл баримт болон “ Э Э Э”ХХК-тай хэрхэн холбогдсоны улмаас гэрч нь гэрчилж буй тухайн үйл баримтыг лавтай мэдэж байгаа нь тогтоогдож, нотлогдохгүй байна. Нөгөөтэйгүүр Чон Хён Вү-ийн “контейнер ирэх болгонд шалгалт хийгээд ямар нэгэн зөрүү байхгүй гэдгийг баталгаажуулж байсан” гэх мэдүүлэг нь үндэслэлгүй бөгөөд хэргийн материалд гэрчийн мэдүүлэгт дурьдсан тооцоог баталгаажуулсан баримт байдаггүй. Мөн гэрч С.Энхтүвшингийн мэдүүлсэн “Би бараа материал талбайд буухад харж байсан гэх” мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь гэрч С.Энхтүвшин нь бараа, материал буусан нөхцөл байдлыг харсан гэх болохоос биш уг 5 контейнерт гэрээгээр тохиролцсон тоо хэмжээний бараа материал байсан эсэх, мөн хэдэн төгрөгийн өртөг бүхий бараа, материал ирснийг хүлээн авсан талаар огт мэдэх боломжгүй этгээд юм. “ Э Э Э”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хянан шийдвэрлэхэд 5 контейнер бараа, материал буусан эсэхээс үл хамааран тус 5 контейнерт хэдэн төгрөгийн өртөг бүхий /370 858 ам.доллар, 215 229 ам.доллар, 229 010.15 ам.долларын аль нь болох/ бараа материал ирсэн, уг бараа материалууд нь тоо хэмжээний хувьд зөрүүтэй байсан эсэхэд дүгнэлт хийх нь маргааныг шийдвэрлэхэд чухал үйл баримт юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ гэрчийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, бусад гэрчийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байхад нотлох баримтаар үнэлж, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны №855 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, ““ Э Э Э” ХХК болон “ Э Э Э”ХХК-иудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан №1-1 тоот Зураг төсөл боловсруулах хүчин төгөлдөр бус гэрээнээс учирсан хохирол болох 37 952 323 төгрөгийг, мөн №3-1 тоот гэрээнээс татгалзаж, бараа материалын үнийн зөрүү 86 219 ам доллар буюу 161 508 017 төгрөгийг тус тус “ Э Э Э”ХХК-иас гаргуулж, “ Э Э Э”ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамираас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалын зарим хэсгийг хариуцагчийн өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын “Хянавал хэсэг”-т “... Зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1-1, 2-1 тоот гэрээнүүд байгуулагдах үед “ Э Э Э”ХХК гүйцэтгэсэн ажлыг тусгай зөвшөөрөлтэйгээр хийж гүйцэтгэсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад туслан гүйцэтгэгч БНСУ-ын “Илгон” компанийн зургийг давхар хянасан “ЦНТ” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй байсан гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу байна” гэж дүгнээд, эдгээр гэрээ хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хучин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх “Зохигчдын хооронд байгуулагдсан 1-1 тоот ажил гүйцэтгэх гэрээнд ажлыг гагцхүү өөрөө гүйцэтгэх, туслан гүйцэтгэгч авч ажиллуулахыг хориглосон агуулга бүхий заалт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заасантай нийцэж байна” гэж дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Учир нь тухайн үед баримтлаж байсан 2008 оны “Барилгын тухай хууль” болон “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 4.1.8-д “Тусгай зөвшөөрөл бүхий дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтарч зураг төсөл боловсруулах гадаадын аж ахуйн нэгж байгууллага нь тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй байна”, 4.1.9-д Гадаадын байгууллагын гүйцэтгэсэн барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичиг нь монгол хэлний орчуулгатай байна” гэж заасан байх бөгөөд маргаан бүхий оффисын барилгын инженерийн шугам сүлжээний зураг төслийг БНСУ-ын зураг төслийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Илгон И Эс Ши” компани гүйцэтгэж, Монгол улсын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий “ЦНТ” ХХК нь манай улсын барилгын стандартад нийцэж буй эсэхийг хөрвүүлэн хянасан нь хуульд заасан шаардлагад нийцэж байгаа тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн юм. Гэрээ байгуулах үед талуудын хэн аль нь барилгын дотоод инженерийн шугам сүлжээний бараа материалыг БНСУ-аас нийлүүлэх учраас зураг төслийг нь тус улсын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэж, Монгол улсын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий компаниар хянуулснаар баталгаажина гэдгийг сайтар мэдэж зөвшилцсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог атал давж заалдах шатны шүүх “Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнд талуудын хэн аль нь буруутай буюу ажил гүйцэтгэх гэж байгаа байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг өөрөө шалгах ажиллагааг хийгээгүй атлаа гэрээний дагуу боловсруулагдсан зураг төслийг захиалагч хүлээн авч, өөрийнхөө үйл ажиллагаанд ашигласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, тэрээр үйл баримтыг няцаагаагүй” гэж нотлох баримтыг дутуу үнэлсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон байна.

Тодруулбал “Н У”ХХК болон “ Э Э Э”ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцлүүдийн дагуу БНСУ-ын “Ваха Со” компаниас нийлүүлж буй барилгын дотоод инженерийн шугам сүлжээний бараа материалыг хэрхэн угсрах зураг төслийг Монгол улсын тусгай зөвшөөрөл бүхий компани бие даан шууд боловсруулах ямар ч боломжгүй юм. Учир нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан инженерийн шугам сүлжээг БНСУ-ын барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий компаниар гүйцэтгүүлсний үндсэн дээр шугам сүлжээг угсрах боломжтой гэдгийг талуудын хэн аль нь урьдчилан хүлээн зөвшөөрсний улмаас 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Зураг төсөл боловсруулах 1-1, 2-1 тоот гэрээ”, “Бараа материал нийлүүлэх гэрээ” -нүүд нэгэн зэрэг байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Ө.Төмөр, Т.Энхтүвшин нарын мэдүүлгээр тогтоогддог. Давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр өнөөдөр Монгол улсад баригдаж байгаа барилгын зураг төслийг зөвхөн дотоодын аж ахуйн нэгж хийж гүйцэтгэх эсхүл тухайн гадаад улсын барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компанитай шууд харилцаж, гэрээ хэлцэл байгуулах ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй хязгаарлалтыг тавьж, “ Э Э Э”ХХК-ийг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл байгуулсан гэж буруутгасан нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулж байна.

Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч талыг 1-1 тоот гэрээний дагуу 70%-ийг төлж, хүлээн авсан зураг төслийн үнийг хэлцэл хучин төгөлдөр бус байсантай холбон буцаан шаардах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан эрх захиалагчид үүсэхгүй, учир нь зураг төслийн ажлын үр дүнг ашигласан тул туунийг буцаан өгөх боломжгүй. Харин ажлын үнийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн атлаа хуулиар экспертизээр батлуулах шаардлага хангаагүй зүргийн үр дүн хүлээлгэж өгснийг ажлын ур дүнг хүлээлгэж өгсөн гэж үзэхгүй учраас 1-1 тоот гэрээний үлдэгдэл 40%-ийн төлбөр ногдох алдангийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэж өөр хоорондоо зөрчилдсөн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Гэтэл “Н У”ХХК нь ажлын үр дүн болох зураг төслийг хүлээн авч, ашигласан болох нь нэгэнт тогтоогддог, харин экспертизээр батлуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тухайд “ЦНТ” ХХК-ийн захирал Ц.Нарантуяагийн гэрчийн мэдүүлэг, “ Э Э Э”ХХК-иас шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан, хариуцагчийг зураг төсөлд магадлал хийлгэх үүргээ биелүүлээгүй явдалд гэм буруугүй гэж анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр буруутгасан байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 855 дугаар магадлалын “Тогтоох хэсэг”-ийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00149 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын аль алиных нь үндэслэл ..шүүх нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй..” гэсэн агуулгатай байх ба зохигчдын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ. 

“ Э Э Э” ХХКомпани нь хариуцагч “ Э Э Э”ХХКомпаниас  271 607 793 төгрөг гаргуулах, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот, 2-1 тоот зураг төсөл боловсруулах хоёр гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох агуулгатай нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр хариуцагч “ Э Э Э” ХХКомпанийг ажил гүйцэтгэх хоёр гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэлээр 1-1 тоот гэрээний дагуу  шилжүүлсэн 78 033 825.31 төгрөг, 2-1 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 32 065 951 төгрөгийг буцаан гаргуулах, худалдах худалдан авах гэрээ буюу 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх гэрээ”-нээс татгалзаж, учирсан хохиролд 161 508 017 төгрөг тус тус гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийг маргаж, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн гэж 1-1 тоот гэрээний дагуу үлдэгдэл хөлс 19 257 ам.доллар, 2-1 тоот гэрээний дагуу дутуу хөлс 44 931 ам.доллар, хоёр гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул алданги 28 000 ам.доллар, 3-1 тоот гэрээний дагуу материалын үнэд нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн 55 629 ам.доллар нийт 148 188 ам.доллар буюу 278 479 335 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх “ Э Э Э” ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, “ Э Э Э” ХХКомпаниас 102 700 ам.доллар буюу 192 997 861 ам.долларыг гаргуулж Эс Эс Эн ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “ Э Э Э” ХХКомпаниас 32 065 951 төгрөгийг гаргуулж “ Э Э Э” ХХКомпанид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлээс 55 629 ам.доллар буюу 105 236 880 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Зохигчдын хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот болон 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээг ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдөр байгуулсан 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх гэрээ”-г худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

1. Ажил гүйцэтгэгч “ Э Э Э” ХХКомпани нь 1-1 тоот гэрээнд  зааснаар “...оффисын зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж, экспертизээр батлуулан хүлээлгэн өгөх,  2-2 тоот гэрээнд  зааснаар үйлчилгээний төвийн зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 7 дугаар сарын 01-ны өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж, экспертизээр батлуулан хүлээлгэн өгөх, захиалагч “ Э Э Э” ХХКомпани нь 1-1 тоот гэрээний дагуу ажлын хөлс 42 794 ам.доллар буюу 56 500 00 төгрөгийг төлөх, 2-1 тоот гэрээний дагуу ажлын хөлс 42 794 ам.доллар буюу 56 500 00 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Ажил гүйцэтгэх хоёр гэрээний ажлын хөлс ижил боловч гэрээгээр гүйцэтгэх ажил, хугацаа өөр байв.

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх эдгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ. 

Харин давж заалдах шатны шүүх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхдээ ажил гүйцэтгэгч зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй байсан гэх  үндэслэлд тулгуурлажээ.

Зохигчдын байгуулсан зураг төсөл боловруулах гэрээний аль алинд ...зураг төслийг “ Э Э Э” ХХКомпани биечлэн гүйцэтгэх ёстойг заагаагүй, мөн Иргэний хуулийн 350.1.2-т заасан “гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх” үндэслэл тогтоогдоогүй  тул “ Э Э Э” ХХКомпани нь   Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар  гэрээнд заасан ажлыг бусад этгээдээр буюу тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр гүйцэтгүүлж болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ  хууль зөрчөөгүй бөгөөд харин ажлын үр дүн нь гэрээ болон хуульд заасан шаардлагыг хангах ёстой байна. Давж заалдах шатны шүүх гэрээний нөхцлийг зөв тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох “ Э Э Э” ХХКомпаний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.   

Ажил гүйцэтгэх хоёр гэрээний 1.3, 3.3, 3.5-д зааснаар хариуцагч нь экспертизээр батлагдсан зураг төслийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл 1-1 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүн бүрэн бий болоогүй, ...зураг төсөл нь экспертизээр   батлагдаагүй, энэ нь нэхэмжлэгчийн зүгээс холбогдох материалыг өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байх ба нэхэмжлэгч экспертизээр батлагдаагүй зураг төслийг ашигласан тул гүйцэтгэсэн ажлын хэмжээнд нэхэмжлэгч хөлсийг шилжүүлсэн  гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. “ Э Э Э” ХХКомпани зураг төслийг бэлэн болгосон боловч экспертизээр батлуулаагүй, харин захиалагч “ Э Э Э” ХХКомпани зураг төслийг цаашид ашигласан тул гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч нь төлөх үүрэгтэй.

Мөн 2-1 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээнд заасан хугацаанд хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, энэ талаар нотлоогүй тул гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэх ба нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 32 065 951 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтаар буцааж шаардах эрхтэй байна. Давж заалдах шатны  шүүх 32 065 951  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо Иргэний хуулийн 56 дугаар  зүйлийн 56.5 дах хэсгийг баримталсан нь буруу тул магадлалд хууль хэрэглээний дээрх өөрчлөлтийг оруулна.

2. Зохигчдын хооронд материал ханган нийлүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. 3-1 тоот уг гэрээний 2.2-т зааснаар хариуцагч “ Э Э Э”ХХК 1 дүгээр ээлжийн 370 858 ам.долларын бараа материалыг бүрэн нийлүүлсэн болох нь Гаалийн ерөнхий газрын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гаалийн байгууллагад мэдүүлснээр барааны үнэ 229 010  ам.доллар боловч гэрээнд заасан материалыг бүрэн хүлээлгэн өгсөн тул гэрээгээр тохирсон үнээр буюу 370 858 ам.долларын барааг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ. Энэ талаар хоёр шатны шүүх  нотлох баримтыг үнэлж, 161 508 017 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаар нэг дүгнэлтэд хүрсэн байна.

Анхан шатны шүүх уг шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу дүгнэж, шийдвэрт тодорхой тусгажээ.

Нэхэмжлэгч нь 2012 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 01-ны байдлаар барааг хүлээж авсан ба үүнээс хойш бараа дутсан  талаар хариуцагч талд хандаж байгаагүйгээс гадна ямар төрлийн хичнээн барааг дутуу нийлүүлсэн талаар шүүхэд тодорхой баримт гаргаж өгөөгүй байв. “ Э Э Э” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагын  агуулга нь гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу эд  хөрөнгийг авсан гэж хүлээн авсан барааны үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг худалдагчаас  шаардсан байх ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан үүргийг хангуулахыг шаардсан байна. Шүүх хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглээгүй тул энэ үндэслэлээр магадлалд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

3. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 55 629 ам.доллар буюу 105 236 880 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцсэн байна. Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу 370 858 ам.долларын бараа, материалыг хүлээн авсан боловч 315 229 ам.долларыг шилжүүлсэн, 55 629 ам.долларыг төлөөгүй тул “ Э Э Э” ХХКомпани гэрээний үүргийг шаардах эрхтэй.

“ Э Э Э” ХХКомпани нь эд хөрөнгийн үнэ төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй нь үүргийн зөрчил мөн боловч үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой бус тул алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, болон “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн” хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 855 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан “ Э Э Э” ХХКомпаниас 32 065 951 төгрөгийг гаргуулж “ Э Э Э” ХХКомпанид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс   239 541 842 төгрөг гаргуулах, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот, 2-1 тоот зураг төсөл боловсруулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн “ Э Э Э” ХХКомпаний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн  гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн  1 158 031 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төлсөн  723 813  төгрөгийг , хариуцагчаас  урьдчилан төлсөн 318 280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА