Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 855

 

        “Нар-Урт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00149 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эм Эс Эн” ХХК-д холбогдох

“Нар-Урт” ХХК болон “Эм Эс Эн” ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан

1-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, алданги 21 397 ам.доллар буюу 40 081 502.31 төгрөг, ажлын хөлс 37 952 323.00 төгрөг нийт 78 033 825.31 төгрөг,

2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, урьдчилгаа 17 118 ам.доллар буюу 32 065 951.14 төгрөг,

3-1 тоот гэрээнээс татгалзаж, бараа материалын үнийн зөрүү 86 219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг нийт 271 607 793,45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

1-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 12 838 ам.доллар, алданги 6 419 ам.доллар нийт 19 257 ам.доллар,

2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 29 955 ам.доллар, алданги 14 976  ам.доллар нийт 44 931 ам.доллар,

3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-ний 1 дүгээр ээлжийн бараа материалын  үлдэгдэл  төлбөрийг "Ваха" компанид шилжүүлсэн 56 000 ам.доллар, алданги 28 000 ам.доллар нийт 84 000 ам.доллар бүгд 148 188 ам.доллар буюу 278 479 335 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Эм Эс Эн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч C.Батбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан

Хариуцагчийн төлөөлөгч Т.Хосбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй офисcын болон үйлчилгээний төвийн зориулалттай хоёр барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төсөл боловсруулах, боловсруулсан зураг төслийн дагуу шаардлага хангасан бараа материалыг нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр "Эм Эс Эн" ХХК-тай тохиролцож 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1-1 тоот "Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ", 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ", 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх гэрээ" байгуулсан ч гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

1-1 тоот "Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ"-ний хувьд манай компани гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлж гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК-ийн санал болгосноор Солонгос улсын бүртгэлтэй "Ваха ко" компанийн 654968-11-000270 тоот дансанд зураг төслийн нийт үнийн 70 хувь буюу 29 956 ам.долларыг шилжүүлсэн. Гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК нь манай компанид улсын экспертизээр батлуулсан зураг төслийг 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгөөгүй, улсын экспертизээр батлуулаагүй зураг төслийг манайд илгээсэн. Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн зураг төслийг улсын экспертизээр батлуулах үүргээ гүйцэтгээгүйн улмаас манай компани батлагдсан зураг төслийн дагуу барилгын дотор инженерийн сантехникийн угсралтын ажлыг хийлгүүлэх хуулийн шаардлагыг хангаж, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Учир нь: Манай компани гүйцэтгэгчээс улсын экспертизээр батлуулсан зураг төслийг гаргаж өгөхийг удаа дараа шаардахад "...бид дотоодынхоо барилгын хууль тогтоомж, норм, дүрэм журам, стандартад нийцүүлэн өөрчлөх, мөн экспертизээр батлуулахын тулд монгол хэл рүү орчуулах шаардлагатай тул манай компанид хугацаа олгоно уу" гэсэн хариуг одоог хүртэл өгсөөр байгаа бөгөөд уг барилгыг ашиглалтанд оруулж чадахгүй байна. Манай компани улсын экспертизээр батлуулсан зураг төслийн дагуу барилгын ажлыг хурдан эхлүүлэхийн тулд гуравдагч зураг төслийн компанитай гэрээ байгуулан оффисын зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлын хөлсөнд нийт 37 952 323 төгрөг шилжүүлсэн.

2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний хувьд гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК нь гэрээний 1.4-т зааснаар үйлчилгээний төвийн зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж экспертизээр батлуулан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу зураг төслийн 42 794 ам.доллар буюу 56 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, энэ үнэд экспертизийн хураамж болон зохиогчийн хяналтын үнийг оруулан тооцсон. Манай компани 2-1 тоот гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК-ийн санал болгосноор "Ваха" компанийн 654968-11-000270 тоот дансанд зураг төслийн үнийн 40 хувь буюу 17 118 ам.долларыг шилжүүлж, гэрээгээр тохиролцсон хугацааны дагуу манай компанид улсын экспертизээр батлуулсан зураг төслийг 2012 оны 8 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй. Бид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг тухай бүрт тогтоож өгсөн боловч энэ хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй.

Хариуцагч "Эм Эс Эн" ХХК болон “Ваха” компани зураг төсөл боловсруулах эрх бүхий зөвшөөрөлтэй этгээд биш болох нь шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. "Эм Эс Эн" ХХК зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, Солонгос улсын “Ваха” компани тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлгүй бөгөөд манай компанид мэдэгдээгүй, гэрээ байгуулаагүй “Илгон” /IL Geon/ гэх компани ч зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэх баримтгүй тул 1-1, 2-1 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар "Эм Эс Эн" ХХК нь хууль зөрчиж хэлцэл хийсэн байх тул хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийг буцаан төлөх юм.

3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ" нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1-1, 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ"-нүүдийн үргэлжлэл байсан. Уг зураг төслийнхөө дагуу хэрэглэгдэх материалыг энэхүү гэрээний дагуу манайд нийлүүлэх үүрэгтэй байсан ба 3-1 тоот гэрээний хавсралтаар оруулж, нийт гурван ээлж болгон нийлүүлэхээр харилцан тохиролцсон байсан. Энэхүү гэрээний нийт үнийн дүн  гэрээний 2.1-т зааснаар 1 036 271 ам.доллар бөгөөд 1 дүгээр ээлжийн материалын үнийн дүн 370 858 ам.доллар байснаас нийт 315 229 ам.долларыг манай компани гүйцэтгэгчид шилжүүлсэн. Гэвч гааль дээрээс эхний ээлжийн сантехникийн бараа материалыг хүлээн авахад бидний гэрээгээр тохиролцсон материал биш, дутуу, гэрээгээр тохиролцоогүй зарим нэр төрлийн бараа материал байсан. Манай компани гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК-д 1-1, 2-1 болон 3-1 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх хүртэлх хугацаагаар дараагийн ээлжийн бараа материалуудыг хүлээн авахгүй гэдгээ тухайн үед мэдэгдсэн юм. Гүйцэтгэгч "Эм Эс Эн" XXК нь 3-1 тоот гэрээний 5.4-т зааснаар нийлүүлэх материалынхаа нэхэмжлэлийг дагалдуулан ачаа тээврийн дагалдах баримт болон барааны падаан 2 хувь, баглаа боодлын тодорхойлолтыг тус тус нэхэмжлэлийг дагуулан өгөх ёстой байсан. Гэвч гүйцэтгэгч энэ үүргээ биелүүлээгүй тул энэхүү гэрээний биелэлт хангагдаагүй. Эдгээр бараа материал нь манай компанийн барилгын дотоод инженерийн байгууламжийн угсралтын ажилд ашиглагдахгүй одоог хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд гэрээний дагуу нийлүүлэгдэх материалыг зохих ёсоор нийлүүлээгүй, тоо хэмжээ, нэр төрөл зөрсөн, огт захиалаагүй бараа материал нийлүүлсэн, ажлын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, тухайн нийлүүлсэн бараа материалуудын угсралтын ажлын бүрдэл дутуу учир мэргэжлийн зааварчилгаагүйгээр бие дааж угсралтын ажлыг хийх боломж айхгүй учир энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэх нь манай компанийн хувьд боломжгүй, гэрээнээс татгалзах нөхцөл, үндэслэл ирээдүйд бий болох нь тодорхой болсон шалтгаануудыг үндэслэн энэхүү гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай" гэрээний 2.1-т заасны дагуу шилжүүлсэн 315 229 ам.доллараас хүлээн авсан бараа материалын үнийг Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн гаалийн мэдүүлгээр тогтоогдож буй 5 ширхэг барааны гаалийн мэдүүлэгт тусгасан материалын үнээр тооцож 229 010 ам.долларыг "Эм Эс Эн" ХХК-ийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан 3-1 тоот гэрээний нэхэмжлэлийн шаардлагаас хасч, 86 219 ам.доллар буюу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол банкны ам.долларын 1873.23 төгрөгөөр тооцож 161 508 017 төгрөг болгон багасгаж байна.

Иймд 1-1, 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1-1 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК-иас гэрээний 4.1-т заасан 0,2 хувийн алданги 21 397 ам.доллар буюу 40 081 502.31 төгрөг /2014 оны 11 сарын 07-ны өдрийн ам.долларын ханш 1873.23 төгрөг/, гуравдагч компанитай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулсны хөлс 37 952 323.00 төгрөг нийт 78 033 825.31 төгрөг, 2-1 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК-д ажлын урьдчилгаа болгон шилжүүлсэн нийт 17 118 ам.доллар буюу 32 065 951.14 төгрөг, 3-1 тоот гэрээнээс татгалзаж, бараа материалын үнийн зөрүү 86 219 ам.долаар буюу 161 508 017 төгрөг нийт 271 607 793,45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Эм Эс Эн" ХХК-ийн төлөөлөгч Т.Хосбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр "Нар-Урт" ХХК-тай 1-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ", 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ", 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-нүүдийг тус тус байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хоёр барилгын дотор инженерийн байгууламжийн ажлын зургуудыг цаг хугацаанд нь БНСУ-ын "Ваха" ХХК-иар хийлгүүлж, улсын экспертиз буюу магадлалаар оруулж батлуулахад бэлэн болгосон боловч "Нар-Урт" ХХК-иас бидэнд дээрх зургуудад улсын экспертизээр оруулахад шаардлагатай баримт бичиг болох "Нар-Урт" ХХК-ийн 2011 онд магадлалаар оруулсан зургуудын дүгнэлт, геодезийн дүгнэлт, улсын магадлал хийлгэх албан бичиг, тухайн барилгын газрын захирамж зэргийг хүлээлгэж өгөөгүйн улмаас дээрх зургуудыг улсын экспертизээр оруулаагүй. Харин нэгэнт улсын экспертизээр батлагдсан зурганд өөрчлөлт оруулах бол тухайн барилгыг өмнө нь магадлалаар оруулсан зургуудын геодезийн дүгнэлт, улсын магадлал хийлгэх албан бичиг, барилгын газрын захирамж зэрэг материалыг хүлээлгэн өгөх шаардлагатай байдаг.

Талуудын байгуулсан нийт 1 036 271 ам.долларын үнийн дүн бүхий 3-1 тоот гэрээний дагуу манай компани "Нар-Урт" ХХК-ийн барьж буй 2 барилгын дотор инженерийн байгууламжийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л материалуудыг захиалан нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу "Нар-Урт" ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1 дүгээр ээлжийн барааны урьдчилгаанд 185 429 ам.долларыг шилжүүлснээр гэрээнд заасан эхний ээлжийн халаалт хөргөлтийн систем, халуун, хүйтэн усны бохир, салхивчийн систем, галын систем, галын утаа зайлуулах системүүдийн бараа материалыг гэрээнд заасан хугацаанд бүрэн бүтэн хүлээн авсан ба материалын чанар, тоо ширхэгийн талаар гомдол гаргаж байгаагүй. Ингээд талууд "Нар-Урт" ХХК-ийн захиалсан эхний ээлжийн бараа материалыг улсын хилээр орж ирэнгүүт 4-1 тоот "Барилгын дотор инженерийн байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, "Эм Эс Эн" ХХК нь "Нар-Урт" ХХК-ийн барьж буй хоёр барилгын дотор инженерийн байгууламжийг захиалж хийлгэсэн зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх гэрээг байгуулах  талаар амаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл "Нар-Урт" ХХК-иас 2012 оны 10 дугаар сараас эхлэн 1-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 3 дугаар үе шатанд манайд төлөх ёстой төлбөрийн 30 хувь буюу 12 838 ам.доллар, 2-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 2, 3 дугаар үе шатанд манай компанид төлөх төлбөрийн үлдэгдлийн 70 хувь буюу 29 955 ам.доллар төлөөгүй. 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-ний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөр 185 429 ам.долларыг шилжүүлэх байсан боловч 129 800 ам.доллар шилжүүлж 55 629 ам.долларыг дутуу шилжүүлсэн. Талууд А-А тоот "Барилгын дотор инженерийн ажил гүйцэтгэх гэрээ"-г огт байгуулаагүй зэрэг хүндрэлүүд гарсан. Иймээс бид "Нар-Урт" ХХК-тай байгуулсан 3 гэрээний үлдэгдэл төлбөрөө шилжүүлэх хүртэл хугацаанд барилгын дотор инженерийн байгууламж угсрах, бараа нийлүүлэх ажлыг зогсоосон. Талуудын байгуулсан 3-1 тоот гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөр 56 000 ам.долларыг шилжүүлсэн ч "Нар-Урт'! ХХК-ийн захирал С.Энхтүвшин, ерөнхий инженер Ө.Төмөр, архитектур н.Мөнхжин нар ажлаасаа гарсан. Бид 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр "Нар-Урт" ХХК-тай "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг байгуулсан. "Эм Эс Эн" ХХК ажлын зургийг 2012 оны 7 дугаар сард бүрэн дуусгаж, магадлал хийлгэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх талаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07/06 тоот, 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 07/16 тоот, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 07/24 тоот албан бичгээр "Нар-Урт" ХХК-д тус тус мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан.

"Нар-Урт" ХХК нь 1-1, 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-г байгуулсан "Эм Эс Эн" ХХК нь зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, БНСУ-ын Ваха болон “Илгон” /IL Geon/ компани нь тухайн улсдаа зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй гэх баримтгүй байх тул эдгээр гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх гэрээ хэлцлийн дагуу талууд "Эм Эс Эн" ХХК-ийг зураг төслийг боловсруулах, бараа материалыг БНСУ-аас нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгчээр, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, гэрээний 1.3-т зааснаар БНСУ-ын "Ваха" компанийг туслан гүйцэтгэгчээр тус тус сонгосон. Харин "Ваха" компани нь БНСУ-ын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох “Илгон” /IL Geon ESC/ компаниар "Нар-Урт" ХХК-ийн офиссын болон үйлчилгээний барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийг гүйцэтгүүлсэн бөгөөд БНСУ-ын “Илгон” компани нь инженерийн зураг төсөл боловсруулах эрх бүхий этгээд болох нь тус компанийн улсын бүртгэлийн болон инженерийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Түүнчлэн БНСУ-ын тусгай зөвшөөрөл бүхий ”Илгон” /IL Geon ESC/ компанийн гүйцэтгэсэн зураг төслийг Барилгын тухай хууль болон "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-д заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох "ЦНТ" ХХК-иар хянан баталгаажуулсан ба эдгээр зураг төслийг "Нар-Урт" ХХК 2012 онд хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Ө.Төмөр, Ц.Нарантуяа нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль зүйн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь буруу. Нэхэмжлэгч бараа материал доголдолтой байсан тул гэрээнээс татгалзсан хэмээн тайлбарлаж, бараа материалын үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Зүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ огт зөрчөөгүй байх тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй.

3-1 тоот гэрээний хавсралтад зааснаар "Нар-Урт" ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 дүгээр ээлжийн бараа материалын урьдчилгаа төлбөрт 185 429 ам.доллар төлөх ёстой байтал 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлж, 29-ний өдөр үлдэгдэл төлбөрт 185 429 ам.долларыг 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөх үүрэгтэй байхад 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 129 800 ам.доллар төлж, төлбөр төлөх үүргээ 31 өдөр хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан тооцооны хуулга, гадаад гуйвуулгын баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгчээс төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч хариуцагч нь 1 дүгээр ээлжийн бараа материалыг бүрэн нийлүүлж, "Ваха" компанид төлбөл зохих үлдэгдэл төлбөр 56 000 ам.долларыг "Нар-Урт" ХХК-ийн өмнөөс төлж барагдуулсан байдаг. "Нар-Урт" ХХК 2012 оноос хойш одоог хүртэл төлбөр бүрэн төлөөгүй атлаа "Эм Эс Эн" ХХК-иас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, барилгын инженерийн байгууламжийн ажилд хэрэглэн, үр ашгийг нь хүртсэн атлаа огт үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж буй үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй. "Нар-Урт" ХХК нь БНСУ-аас нийлүүлсэн бараа материалыг хүлээн авч, тоолж бүртгэсэн гэх атлаа 2012 оны 9 дүгээр сарын 21, 24-ний өдөр бараа материалыг хүлээж авснаас хойш одоог хүртэл бараа материалыг доголдолтой гэж үзэж байгаа тухай манай компанид нэг ч удаа шаардлага хүргүүлж байгаагүйн зэрэгцээ өөрсдийн хүлээн авсан бараа  материалыг барилгадаа ашигласан  болох нь  гэрч  Ө.Төмөр, С.Энхтүвшин, О.Энхтуул нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. 3-1 тоот гэрээнээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 315 229 ам.доллароос гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 229 010 ам.долларыг хасч зөрүү 86 219 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гааль дээр 229 010 ам.доллар төлж, мэдүүлж буй нь "Нар-Урт" ХХК-ийн өөрийн хүсэл зориг байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "Эм Эс Эн" ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Талуудын байгуулсан 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-ний дагуу "Нар-Урт" ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1 дүгээр ээлжийн бараа материалын урьдчилгаа төлбөрт 185 429 ам.долларыг шилжүүлснээр гэрээнд заасан эхний ээлжийн халаалт хөргөлтийн систем, халуун, хүйтэн усны бохир, салхивчийн систем, галын систем, галын утаа зайлуулах системүүдийн бараа материалыг гэрээнд заасан хугацаанд бүрэн хүлээн авсан. Талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээний 2.2-т харилцан тодорхойлсон байх ба 2 барилгын хувьд зураг төсөл боловсруулах ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор 40 хувийг, зураг бүрэн дууссаны дараа 3 хоногийн дотор 30 хувь, зургийг холбогдох байгууллага болон экспертизээр батлуулан, ажлын явцаас хоцроохгүйгээр 30 хувийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь "Нар-Урт" ХХК-д "Ваха" компаниас ирүүлсэн зургийг 2012 оны 7 дугаар сард хүлээлгэн өгч, уг зургийн дагуу 2012 оны 8 дугаар сард БНСУ-ын 4 мэргэшсэн инженер, "Эм Эс Эн" ХХК-ийн 20 гаруй ажиллагсдын хамт угсралтын ажлыг нэг сарын хугацаанд гүйцэтгэсэн болох нь гэрч Ө.Төмөрийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд энэ хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчид төлөлгүй, хоцроосоор байгаа юм.

Нэхэмжлэгч бараа материалыг барилгын үйл ажиллагаанд ашигласан нь хариуцагчийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн болохыг нотолж байна. Хэрэв нэхэмжлэгч гаалиас бараа материалыг хүлээн авах үедээ бараа бүтээгдэхүүнийг доголдолтой гэж үзсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүлйийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу "Эм Эс Эн" ХХК-д гомдлын шаардлага гаргах боломжтой байсан. “Нар-Урт" ХХК-иас 2012 оны 10 дугаар сараас эхлэн 3 гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн. 1-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 1 дүгээр үе шатанд манай компанид төлөх ёстой нийт төлбөрийн 30 хувь буюу 12 838 ам.долларыг төлөөгүй. 2-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 1, 3 дугаар үе шатанд манай компанид төлөх нийт төлбөрийн үлдэгдлийн 70 хувь буюу 29 955 ам.доллар төлөөгүй. 3-1 тоот гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөр 185 429 ам.долларыг шилжүүлэх байсан боловч 129 800 ам.долларыг шилжүүж 55 629 ам.долларыг дутуу шилжүүлсэн. Иймд "Нар-Урт" ХХК-ийг 3 гэрээний үлдэгдэл төлбөрөө шилжүүлэх хүртэл хугацаанд барилгын дотор инженерийн байгууламж угсрах, бараа нийлүүлэх ажлыг зогсоосон. 3-1 гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөрт 56 000 ам.доллар шилжүүлсэн. Иймд 1-1 тоот гэрээний үлдэгдэл 12 838 ам.доллар, алданги 6 419 ам.доллар нийт 19 257 ам.доллар, 2-1 тоот гэрээний үлдэгдэл 29 955 ам.доллар, алданги 14 976  ам.доллар нийт 44 931 ам.доллар, 3-1 тоот гэрээний 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл "Нар-Урт" ХХК-ийн өмнөөс "Ваха" ХХК-д шилжүүлсэн 56 000 ам.доллар, алданги 28 000 ам.доллар нийт 84 000 ам.доллар бүгд 148 188 ам.доллар буюу 278 479 335 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч "Нар-Урт" ХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 1-1 тоот гэрээний хувьд "Эм Эс Эн" ХХК нь гэрээний 1.4-д зааснаар офиссын зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж экспертизээр батлуулан манайд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Зураг төслийн үнэ 56 500 000 төгрөг байхаар тохиролцож, энэ үнэд экспертизийн хураамж болон зохиогчийн хяналтын үнийг оруулан тооцсон. Манай компани энэ гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК-ийн санал болгосноор гэрээний 1.3-т тусгайлан оруулсан Солонгос улсад бүртгэлтэй "Ваха" компанийн 654968-11-000270 дансанд зураг төслийн нийт үнийн 70 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг хугацаандаа шилжүүлсэн. Гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК нь манай компанид гэрээгээр тохиролцсон хугацааны дагуу улсын экспертизээр батлуулсан зураг төслийг 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр  бүрэн хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэхүү тогтоосон хугацаандаа зураг төслийг хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэгч улсын экспертизээр батгуулаагүй зураг төслийг манайд илгээсэн бөгөөд "Эм Эс Эн" ХХК зураг төслийг улсын экспертизээр батлуулах үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани барилгын дотор инженерийн сантехникийн угсралтын ажлыг хийлгүүлэх ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Манай компани гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, улсын экспертизээр батлуулсан зураг төслийг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан. Гүйцэтгэгч 1-1 тоот гэрээнд заасан хугацаандаа энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байсан учир өөр зураг төслийн гүйцэтгэгч компаниар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ бүхний хариуцлагыг гэрээ болон хуульд зааснаар гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК хариуцах ёстой. Үйлчилгээний төвийн зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж экспертизээр батлуулан манай компанид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний үнэ 56 500 000 төгрөг байхаар тохиролцож, энэ үнэд экспертизийн хураамж, зохиогчийн хяналтын үнийг оруулан тооцсон. Манай компани нь гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК-ийн санал болгосноор "Ваха" компанийн дансанд зураг төслийн үнийн 40 хувьтай тэнцэх төгрөгийг хугацаандаа шилжүүлсэн. Ингээд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК нь манайд улсын экспертизээр батлуулсан зураг төслийг хүлээлгэн өгөөгүй.

 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-ний хувьд "Эм Эс Эн" ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1-1, 2-1 тоот зураг төсөл боловсруулах ажлын гэрээнүүдийн үргэлжлэл байсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь манай компанийн хоёр барилгын дотор инженерийн зураг төслийг боловсруулан өгч, уг зураг төслийнхөө дагуу хэрэглэгдэх бараа материалыг энэхүү гэрээний дагуу манай компанид нийлүүлэх үүрэгтэй байсан ба нийлүүлэгдэх бараа материалын тоо хэмжээ, нэр төрлийг гэрээнд хавсралтаар оруулж, нийт гурван ээлж болгон нийлүүлэхээр тохиролцсон байсан. Энэхүү гэрээний нийт үнийн дүн нь гэрээний 2.1-т зааснаар 1 036 271 ам.доллар бөгөөд 1 дүгээр ээлжийн материалын үнэ 370 858 ам.доллароос нийт 315 229 ам.долларыг манай компани гүйцэтгэгчид шилжүүлсэн. 2012 оны 9 дүгээр сарын 21, 24-нд тус тус хийгдсэн гаалийн бүрдүүлэлт болон гаалийн бүрдүүлэлт хийгдэхэд хэрэглэсэн бараа материалын тоо хэмжээ, нэр төрлийг тулган шалгаж хүлээн авахад хүндрэлтэй байсан бөгөөд гааль дээрээс хүлээн авсан бараа материал нь манай компанийн барилгын дотоод инженер байгууламжийн угсралтын ажилд ашиглагдахгүй одоог хүртэл хадгалагдаж байна. Дээрх нөхцөл байдлуудын улмаас буюу гүйцэтгэгч "Эм Эс Эн" ХХК нь гэрээний дагуу нийлүүлэгдэх материалыг зохих ёсоор нийлүүлээгүй, ажлын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, нийлүүлсэн бараа материалын бүрдэл хэсгүүд дутуу байсан. Иймд "Эм Эс Эн" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Эм Эс Эн" ХХК-д холбогдуулан гаргасан "Эм Эс Эн" ХХК болон "Нар-Урт" ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ", 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, 1-1 тоот гэрээний дагуу 78 033 825.31 төгрөг, 1-2 тоот гэрээний дагуу 32 065 951.14 төгрөг гаргуулах, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-нээс татгалзаж, учирсан хохирол 86 219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг нийт 271 607 793.45 төгрөг гаргуулах тухай "Нар-Урт" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Нар-Урт" ХХК-иас 1-1 -тоот  "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний   үлдэгдэл төлбөр 12 838 ам.доллар, алданги 6 419 ам.доллар, 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-ний 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн 55 629 ам.доллар, алдангийн төлбөр 27 814.5 ам.доллар нийт 102 700.5 ам.доллар буюу 192 997 861 төгрөгийг гаргуулж, хариуцагч "Эм Эс Эн" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 29 955 ам.доллар, алданги 14 976 ам.доллар, 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх гэрээ"-ний үлдэгдэл төлбөрт холбогдох шаардлагаас 556.5 ам.долларт холбогдох хэсэг нийт 45 487.5 ам.доллар гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Нар-Урт" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 099 460 төгрөг, хариуцагч "Эм Эс Эн" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 550 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "Нар-Урт" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 122 939 төгрөгийг гаргуулж, хариуцагч "Эм Эс Эн" ХХК-д олгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучнаар/ шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5388 дугаар "Хүсэлт шийдвэрлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5739 дугаар "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж өмгөөлөгч О.Баясгаланг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Тухайн өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 цаг 30 минутаас шүүх хуралдаантай байх тул шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаан нь анхан шатны шүүх хуралдаантай давхцсан үед дээд шатны шүүхийг хүндэтгэн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байтал хариуцагч “Эм Эс Эн” ХХК-ийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдаан хийсэн.

2. Шүүх хариуцагч талыг 2 өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцуулсан бөгөөд нэхэмжлэгч талын төлөөлөгчийг дангаар нь оролцуулан үүнийг хуүль зүйн мэдлэг эзэмшээгүй байдлыг ашиглан нэхэмжлэлийг няцаах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Учир нь: "Зохигч талууд...мэтгэлцэж байх..." гэсэн хэллэг нь 2 талыг хамааруулсан монгол хэлний хэллэг бөгөөд нэхэмжлэгч ба хариуцагч тал хоёулаа маргаж байна гэсэн боловч зөвхөн "энэ талаар тодруулсан шүүгчийн асуултад нэхэмжлэгчийн зүгээс тодорхой тайлбар гаргаагүй" гэсэн нь шүүгч нэг талыг барьж дүгнэлт гаргасан болохыг илэрхийлж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Шүүх хэргийн оролцогчийн тэгш эрхийг хангалгүй нэхэмжлэгч талын хуульч биш этгээд оролцож байхад хариуцагч талыг мэргэшсэн 2 өмгөөлөгчтэй оролцуулсан нь талуудын мэтгэлцэх, тэгш эрхийн ба тэгш боломжоор хангах шүүхийн үүргийг зорчиж байгаагаа анхаараагүй байиа.

3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтад "Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэх үндэстэй байна" 3 дахь заалтад "...талуудын хооронд байгуулсан 1-1 тоот гэрээний дагуу зураг төслийг зураг төсөл боловсруулах эрхгүй Солонгос улсын "Ил геон" "Ваха" зэрэг компаниуд боловсруулсан..." 3 дахь заалтын 2 дахь доголд "...Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийн 4.1.8-д "тусгай зөвшөөрөл бүхий дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтарч зураг төсөл боловсруулах гадаад аж ахуйн нэгж байгууллага нь тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй байна" гэж заажээ" гээд 3 дахь заалтын 3 дахь доголд "... 1-1 тоот гэрээний зүйл болох зураг төсөл хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба тус зураг төслийг БНСУ-ын "Илгон" компани гүйцэтгэсэн болох нь тус баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна" гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд "4.1.8-д "тусгай зөвшөөрөл бүхий дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтарч зураг төсөл боловсруулах гадаад аж ахуйн нэгж байгууллага нь тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй байна" гэсэн боловч дотоодын аж ахуйн нэгж болох хариуцагч "Эм Эс Эн" ХХК нь тусгай зөвшөөрөлгүй байгаад дүгнэлт хийгээгүй, 1-1 тоот гэрээнд БНСУ-ын "Илгон И ЭС Ши" компаний буюу дэлгэрэнгүй нэрээр "IL Geon Energi Saving Consultunt" гэсэн этгээдээр зураг төсөл хийлгэх тохиролцоо огт байхгүй байхад шүүгч хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзнэ. Шүүх дээрх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөөд 1-1 тоот гэрээнд байхгүй БНСУ-ын "Илгон И ЭС Ши" компаний нэрийг оруулж дүгнэлт хийсэн ба хариуцагч тусгай зөвшөөрөлгүй байгааг анхаараагүй нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийп 3.1.1, 15 дугаар зүйлийн 15.14.6-д заасныг анхаараагүй хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтын 4 дэх доголд "...зураг төсөл боловсруулах ажлыг Солонгос улсын компаниар гүйцэтгүүлэх талаар огт мэдээгүй гэж тайлбарлаж байх боловч ... нарын мэдүүлгээр уг тайлбарыг үнэн зөв гэж үзэхэд ихээхэн эргэлзээтэй байгааг дурдах нь зүйтэй. Иймд зохигчдын хооронд байгуулсан 1-1 тоот зураг төсөл боловсруулах гэрээг дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй" гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэрээ бол талуудын тохиролцоо бөгөөд хариуцагч нь тусгай зөвшөөрөлгүй, Солонгос улсын компаниар хийлгэх тохиролцоо хийгээгүй гэрээ нь ямар учраас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 15 дугаар зүйлийн 15.14.6-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан бөгөөд хууль зөрчиж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх хуулийг үгүйсгэх, тусгаар улсын төрийн хуулийг үл тоох эрх шүүгчид олгоогүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,  10.7 дахь заалтыг шүүх анхаараагүй байна.

5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх заалтын 3 дахь доголд "хоёрдугаар шатны төлбөрийг зураг төсөл бүрэн дууссаны дараа 3 хоногт багтаан 30 хувийг шилжүүлэхээр тохирсон байх богөөд зураг төслийг бүрэн гүйцэтгэх хоёрдугаар шатны ажил...зураг төслийг хүлээн авсан болох нь..." гэж дүгнэсэн. Гэрээгээр талууд төлбөрийн хуваарийг тохирсон байхад шүүх ямар үндэслэлээр ажил гүйцэтгэх үе шат гэж үзэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, Иргэпий хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтад "...нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК нь хариуцагч “Эм Эн Эс” ХХК-тай байгуулсан 1-1 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж ...40 081 502 төгрөг нэхэмжилсэн. Өмнө нь дурдсан үндэслэлээр..." гэсэн дүгнэлт хийж өмнөх алдаатай дүгнэлтээ үндэслэн дараагийн шийдлийг хийсэн. Шүүх зохигч талуудыг тэгш боломжоор хангах үүргээ биелүүлээгүй тул түүнд үндэслэн дахин хийж байгаа дараагийн дүгнэлт алдаатай болох нөхцлийг бүрдүүлсэн байгааг анхаараагүй.

7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтын 2 дахь доголд "...харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч "Эм Эс Эн" ХХК нь гэрээний дагуу экспертизээр орж магадлал хийгдсэн зураг төслийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж дурддаг... хариуцагч нь...зураг төслийг экспертизээр магадлал хийлгүүлэх үүрэг хүлээгээгүй, тус гэрээний зүйл болох офиссын барилгын зураг төсөл өмнө экспертизээр орж байсан...гэж мэтгэлцэж байна...1-1 тоот гэрээний 2.2-т зургийг холбогдох байгууллага болон экспертизээр батлуулснаар үлдэгдэл 30 хувийг шаардах эрх үүсэх гүйцэтгүүлэгчид үүсэхээр хоёрдмол утгагүй заасан... гэж, мөн заалтын 3 дахь доголд "...өнөөдрийн байдлаар...зураг төсөлд экспертизийн магадлал хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна..." гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэвч шүүх хариуцагч тусгай зөвшөөрөлгүй, экспертиз хийгээгүй зураг төсөл байгааг шүүх өөрөө хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн боловч шүүхээс хийж буй шийдэл нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг анхааралгүй хариуцагч талын хуурамчаар бүрдүүлсэн баримтыг үндэслэл болгож шийдвэр гаргасан.

Шийдвэрийн үндэслэл хэсгийн 5 дахь заалтын 10 дахь доголд" ...”Нар-Урт” ХХК нь зураг төсөл зохиох, боловсруулах тусгай зөвшөөрөлтэй барилгын салбарт харьцангуй удаан хугацаанд ажиллаж байгаа..." гэсэн дүгнэлт хийсэн байна. “Нар-Урт” ХХК зураг төсөл зохиох, боловсруулах тусгай зөвшөөрөлтэй бол юу гэж хариуцагчаар болон энэ хэрэгт огт хамаагүй “ЦНТ” ХХК-иар зураг төсөл хийлгэх юм бэ? Ямар учраас шүүгч нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт тайлбар түүний үндэслэлийг янз бүрийн үндэслэлээр тайлбарлан дүгнэж үгүйсгээд байна. Шүүх төвийг сахих ёстой бөгөөд нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэх үүрэгтэй боловч энэ үүргээ шүүгч биелүүлсэнгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 5 дахь заалтын 2 дахь доголд "...харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч "Эм Эн Эс" ХХК нь гэрээний дагуу экспертизээр орж магадлал хийгдсэн зураг төслийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж дурддаг...хариуцагч нь...зураг төслийг экспертизээр магадлал хийлгүүлэх үүрэг хүлээгээгүй, тус гэрээний зүйл болох офиссын барилгын зураг төсөл өмнө экспертизээр орж байсан...гэж мэтгэлцэж байна...1-1 тоот гэрээний 2.2-т зургийг холбогдох байгууллага болон экспертизээр батлуулснаар үлдэгдэл 30 хувийг шаардах эрх үүсэх, гүйцэтгүүлэгчид үүсэхээр хоёрдмол утгагүй заасан..." гэж, мөн заалтын 3 дахь доголд "...өнөөдрийн байдлаар...зураг төсөлд экспертийзийн магадлал хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна..." гэсэн 5 дахь заалтын 21 гэсэн заалтад"...2012 оны 7 дугаар сарын байдлаар экспертизээр батлуулаагүй ч ...хүлээлгэн өгөх талаар яриа хэлэлцээр явагдаж байсан...” гэсэн боловч мэдээллээр хангах үүргээ “Нар-Урт” ХХК зөрчсөн гэсэн дүгнэлт хийжээ.

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертиз хийлгэх мэргэжлийн түвшинд дугнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бөгөөд талуудын хооронд аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийдэг гэрээний харилцаа үүсэж байгааг шүүх анхаарсангүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн 2-1 тоот гэрээний талаар хийсэн дүгнэлтийг үзвэл "ЦНТ” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр "Эм Эс Эн" ХХК-д 12/14 тоот албап бичиг хүргүүлсэн байх бөгөөд ....тус албан бичигт "танай компанитай байгуулсан 14/14, 14/15 тоот гэрээнүүдийн дагуу БНСУ-д боловсруулсан зургийг хянан баталгаажуулж магадлалд оруулахад бэлэн болсон байна...15/14 тоот гэрээнд "гэрээний зорилго нь Улаанбаатар хотын 1 дүгээр хороонд баригдах 6 давхар үйлчилгээний барилгын дотор халаалт, агаар сэлгэлтийн системийн зургийг баталгаажуулахад оршино" гэсэн байх ба энэ нь зохигчдын хооронд байгуулсан 2-1 тоот гэрээний зүйлтэй давхцаж байна" гэжээ. Мөн ...зураг төсөл бэлэн болсон...гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл энэ барилгын ямар зураг төсөл хавтаст хэрэгт байхгүй, хариуцагч нь ийм зураг төсөл огт үйлдээгүй байхад шүүх энэ гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн.  Мөн Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дүгнэлт хийлээ, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17 118 ам.доллар буюу 32 065 951 төгрөг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй.

Мөн гэрээний 3-1 тоот материал нийлүүлэх гэрээг дүгнэсэн байдлыг үзвэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д хэрэгт шууд хамааралтай гаалийн мэдүүлгийн 5 R дугаартай барааны үнийг 229 010.15 ам.доллар гэсэн байна. Мөн 3-1 тоот гэрээний төлбөрт нэхэмжлэгч нь 315 229 ам.доллар шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна" гэсэн байна. Шүүхийн хийж буй дүгнэлт нь хоорондоо зөрчилдсөн байх бөгөөд "...гаалийн мэдүүлэгт татвар болон бусад хураамжтай холбоотой үүссэн нөхцөл байдал гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломж тогтоогдохгүй байхын зэрэгцээ гаалийн мэдүүлэгт дурдсан үнийг худалдах, худалдан авах гэрээний үнэ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй..." гэжээ. Гэтэл гаалийн мэдүүлэгт дурдсан барааг нэхэмжлэгч хүлээн авсан үйл явдлыг шүүх ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлд 248.2 дахь хэсэгт заасныг шүүх анхаараагүй. Мөн хариуцагч тал өөр гаалийн мэдүүлэгт бараанд төлсөн 36 000 ам.доллар төлбөрийн даалгавар гаргаж өгсөн байгааг хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотолсон байхад түүнд огт дүгнэлт өгөөгүй нь илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримт хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт хуульд нийцэхгүй байгаа учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК нь хариуцагч “Эм Эс Эн” ХХК-д холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот, 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1-1 тоот гэрээний дагуу нийт 78 033 825.31 төгрөг, 2-1 тоот гэрээний дагуу нийт 32 065 951 төгрөг, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх гэрээ”-нээс татгалзаж, учирсан хохиролд 161 508 017 төгрөг нийт 271 607 793, 45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 1-1 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 19 257 ам.доллар, 2-1 тоот гэрээний үлдэгдэл төлбөр  нийт 44 931 ам.доллар, 3-1 тоот гэрээний гэрээгээр бараа материалын  үнийг  "Ваха" ХХК-д шилжүүлсэн төлбөр, алдангийн хамт нийт 148 188 ам.доллар буюу 278 479 335 төгрөг сөрөг нэхэмжилж маргасан байна.

Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 болон 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний дагуу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх гэрээ”-ний дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК нь хариуцагч буюу гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчиж, зураг төслийн ажил эрхлэх эрхгүй этгээд болох Солонгос улсын “Ваха”, “Илгон” компаниар 1-1 болон 2-1 тоот гэрээний зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн, эрх бүхий байгууллагаар батлуулаагүй зургийг ирүүлсэн, 3-1 тоот гэрээний дагуу нэр төрөл, тоо хэмжээний хувьд  зөрүүтэй, захиалаагүй бараа ирүүлсэн гэж,  хариуцагч “Эм Эс Эн” ХХК нь шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч буюу захиалагч тал ирүүлээгүйгээс тухайн ажлын зургуудыг улсын зкспертизээр батлуулаагүй гэж тус тус үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргасан.

Зохигчдын хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1-1, 2-1 тоот “Зураг төслийн  ажил гүйцэтгэх” 2 гэрээ байгуулагдсан. Эдгээр гэрээнүүд байгуулагдах үед буюу гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг “Эм Эс Эн” ХХК тусгай зөвшөөрөлтэйгээр хийж гүйцэтгэсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад туслан гүйцэтгэгч Солонгос улсын “Илгон” компаний зургийг давхар хянасан “ЦНТ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй байсан гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж хийсэн 1-1 болон 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-нүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон. 

Энэхүү хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэнд талуудын хэн аль нь буруутай буюу ажил гүйцэтгэх гэж байгаа байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг өөрөө шалгах ажиллагааг хийгээгүй атлаа гэрээний дагуу боловсруулагдсан зураг төслийг захиалагч хүлээн авч, өөрийнхөө үйл ажиллагаанд ашигласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, тэрээр энэ үйл баримтыг няцаагаагүй.

Ийнхүү 1-1 тоот гэрээний дагуу төлбөрийн 70 хувийг төлж, хүлээн авсан зураг төслийн ажлын үнийг хэлцэл хүчин төгөлдөр бус байсантай холбон буцаан шаардах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан эрх захиалагчид үүсэхгүй. Учир нь нэхэмжлэгч 1-1 тоот зураг төслийн ажлын үр дүнг авч ашигласан тул түүнийг буцаан өгөх боломжгүй, харин уг ажлын үнийг шилжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-ийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1-1 тоот гэрээнд холбогдсон гэрээний дагуу 40 081 502.31 төгрөгийн алдангийн хамт нийт 78 033 825.31 төгрөг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Түүнчлэн хуулиар тогтоогдсон экспертизээр батлуулах шаардлага хангаагүй зургийн үр дүнг хүлээлгэж  өгснийг ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэж үзэхгүй учраас 1-1 тоот гэрээний үлдэгдэл 40 хувийн төлбөр, ногдох алдангийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ” нь дээр дурдсан 1-1 тоот гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлийн дагуу хариуцагч байгууллагын зүгээс тодорхой үнэ бүхий зүйл нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх 2 гэрээний дагуу аливаа үүрэг ногдуулах буюу харилцан үүргийг шаардах эрхгүй.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу урьдчилгаанд шилжүүлсэн 17 118 ам.доллар буюу 32 065 951 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас буцаан шаардах эрхтэй боловч үүнтэй холбоотой учирсан хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлгүй этгээдтэй хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнд нэхэмжлэгч мөн адил буруутай байх тул хэлцлийн нөгөө талаас хохирол арилгуулахаар шаардах үндэслэлгүй. Иймд хэлцлийн дагуу шилжүүлэн өгсөн 32 065 951 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй юм.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 3-1 тоот барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Нэхэмжлэгчийн хувьд дээрх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

3-1 тоот гэрээний 2.2-т зааснаар хариуцагч “Эм Эс Эн” ХХК 1 дүгээр ээлжийн 370 858 ам.долларын бараа материалыг бүрэн нийлүүлсэн болох нь Гаалийн ерөнхий газрын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 02-2091020-12-133716R, 02-2091020-12-133717R, 02-2091020-12-133741R, 02-1020-12-133742R, 02-2091020-12-133825R дугаар бүхий мэдүүлгүүд, шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

“Нар-Урт” ХХК нь “Эм Эс Эн” ХХК-иас нийт 5 контейнер бараа шилжүүлснийг хүлээн авсан талаар гэрч Чон Хён Вү-гийн “Нар-Урт ХХК татвар бага төлөхийн тулд  бага үнээр үнээр мэдүүлээч гэсэнтэй холбоотой Солонгосын гаалийн хилээр мэдүүлэхдээ жинхэнэ үнээр мэдүүлээд Монгол улс руу орж ирсэн барааг арай бага үнээр мэдүүлсэн байсан учраас зөрүү гарсан. Контейнер ирэх болгонд шалгалт хийгээд ямар нэг зөрүү байхгүй гэдгийг баталгаажуулж байсан...” гэх /3 хх 590-593/, гэрч С.Энхтүвшингийн “...2012 оны 9 дүгээр сарын 24, 25-ны үед /өдрийг сайн санахгүй байна/ 5 контейнер ирэхэд манай нягтлан н.Батмөнх хүлээн авсан. Би бараа материал талбайд буухад харж байсан...” гэх, гэрч О.Энхтуулын “...Нар-Урт ХХК-д 2012 оны 9 дүгээр сарын 21, 24-ний хооронд 5 контейнер эхний ээлжийн ачаа буусан. 2013 оны намраас офиссын барилгын сантехникийн ажил хийгдэж эхэлсэн. Энэ материалаас бүх системд таардаг трубо хоолой холбох хэрэгслүүдийг хэрэглэсэн. Материалын үнэд 315 000 ам.доллар төлсөн тул энэ материал манай өөрийн материал гэж үзэж байгаа...” гэх мэдүүлгүүд /4 хх 771-772/, нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-иас нийт 370 858 ам.долларын барааг хүлээн авч үйл ажиллагаандаа  ашиглах үедээ үлдэгдэл төлбөр 55 629 ам.долларыг төлөөгүй, барааны нэр төрөл, тоо ширхэгийн хувьд зөрүүтэй байгаа талаар шаардлага гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан, худалдагч “Эм Эс Эн” ХХК бараа материалын төлбөрийн үлдэгдэл 55 629 ам.доллар шаардах эрхтэй гэж үзнэ.

“Нар-Урт” нь “Эм Эс Эн” ХХК-иас хүлээн авсан бараа материалын нийт үнэ 370 858 ам.доллароос 315 229 ам.долларыг шилжүүлж үлдэгдэл 55 629 ам.долларыг шилжүүлэн өгөөгүй байх тул худалдах, худалдан авах гэрээний үлдэгдлийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ам.долларын ханшийн лавлагаа 1879.23 төгрөгөөр тооцон 105 236 880 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Уг шилжүүлэн өгсөн бараа тоо хэмжээний болон чанар байдлын хувьд доголдолтой байсан гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч гэрээний дагуу дээрх нотлох баримтаас үзэхэд хүлээн авсан бараа материал нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.1, 251.1.2-т заасан шаардлагыг хангаагүй, доголдолтой байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Түүнчлэн эд хөрөнгийн зарим хэсгийг  дутуу нийлүүлсэн, гэрээнд  зааснаас өөр барааг шилжүүлсэн нь нийлүүлсэн бараа материалыг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч “Эм Эс Эн” ХХК 1-1, 2-1 тоот гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-иас сөрөг нэхэмжилсэн боловч нийт 370 858 ам.долларын барааны үнийн дүнгээс алданги тооцохын тулд үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг зөрчсөнд тооцох хугацаа тодорхой байх ёстой. Гэрээний хавсралт №1-т “заагдсан барааг 3.1-т заасан хугацаанд худалдан авагч талд ханган нийлүүлнэ” гэж заасан боловч гэрээнд хавсаргаагүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.

Иймд мөнгө төлөх үүргийн хугацаа зөрчсөн үндэслэлийн талаарх баримтаа өөрсдөө шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй, алданги тооцох хугацаа тодорхой биш байгаа тул алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талын өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд зохигч талууд оролцож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалангийн хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цаг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн байх тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Эм Эс Эн" ХХК-д холбогдуулан гаргасан "Эм Эс Эн" ХХК болон "Нар-Урт" ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ", 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, 2-1 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 32 065 951.14 төгрөгийг хариуцагч “Эм Эс Эн” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1-1 тоот гэрээний дагуу 78 033 825.31 төгрөг, 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-нээс татгалзаж, учирсан хохирол 86 219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг, нийт 239 541 842,31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-иас 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх тухай гэрээ"-ний 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөрт 55 629 ам.доллар буюу 105 236 880 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Эм Эс Эн” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 12 838 ам.доллар, алданги 6 419 ам.доллар нийт 19 257 ам.доллар, 2-1 тоот "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 29 955 ам.доллар, алданги 14 976 ам.доллар, нийт 44 931 ам.доллар, 3-1 тоот "Материал ханган нийлүүлэх гэрээ"-ний алданги 28 371 ам.доллар нийт 92 559 ам.доллар буюу 173 939 649.57 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Нар-Урт" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 099 460 төгрөг, хариуцагч "Эм Эс Эн" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 550 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 318 280 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч "Нар-Урт" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 684 134 төгрөгийг гаргуулж, хариуцагч "Эм Эс Эн" ХХК-д тус тус олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч ”Нар-Урт” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 122 940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА