Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч С.Мөнхтулга, шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05298 1476 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э.О, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод түр оршин сууж байсан, регистрийн дугаар *** урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод оршин суух иргэн Л.Ц-ын гэрт нэвтэрч, булган шуб 1 ширхэг, зурагтын хүлээн авагч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Э.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод байх Л.Ц-ын байшинд салхивчаар нь сэм нэвтэрч, нэг ширхэг булган шуб, нэг ширхэг зурагтын хүлээн авагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж, бусдад 540,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 9 цагийн орчим манай үүдээр зүс таних залуу өөр нэг залуутай хамт явж байхаар нь би тэр хоёрыг дуудаад хашааныхаа төмрийг янзлуулах гэж гуйсан юм. Тэгээд 10,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэр хоёр согтуу залуу зөвшөөрөөд манай хашааг янзалж байтал төмөр дуусахаар нь би нэмж төмөр авахаар явах гэтэл 5,000 төгрөг өгчих гээд байхаар нь би 5,000 төгрөг өгчхөөд төмөрт яваад буцаад иртэл тэр хоёр залуу байхгүй байсан. Тэгээд гэртээ ортол том өрөөний зурагтын хажуу талд эвхээд тавьсан байсан булган шуб, зурагт дээр байсан талстын хар өнгийн төхөөрөмж хоёр алга болсон байсан. Тэгээд тэр хоёр залууг сэжиглээд цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр залуугийн өрөөсөн нүд нь хараагүй залуу нь манай гал тогооны салхивчаар ороод миний юмыг хулгайлсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);

3. Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О-д манай гэт тортой эд зүйл барьчихсан орж ирэхээр нь би наадах чинь юу юм бэ гэхэд би түрүүний хашаа янзалж өгсөн айл руу ороод авчихсан юм гэж хэлсэн. Би тухайн эд зүйлийг хартал хар өнгийн эмэгтэй хүний булган шуб байсан. Би О-д чи наадахаа буцааж аваачиж өг гэтэл тэр тортой эд зүйлээ буцаагаад аваад гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);

4. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “2018 оны 11 дүгээр сард худалдан авсан гэх булган шубийг 480,000 төгрөгөөр, Талст нэртэй 2013 онд худалдан авсан гэх кабелийн хүлээн авагчийг 60,000 төгрөгөөр тус тус үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 29 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Э.О-ын яллагдагчаар өгсөн: “....2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн орчим Н-ийн хамт баруун салаанд байдаг айлын хашааны төмрийг 10,000 төгрөгөөр янзалж өгсөн. Тэгтэл төмөр нь дуусаад нөгөө айлын эгч төмөр нэмж авчирна гээд бид хоёрт урьдчилгаа 5,000 төгрөг өгөхөөр нь Н бид хоёр архи уусан. Тэгээд Н гэр лүүгээ яваад өгсөн. Харин би нөгөө эгчийг гэртээ ирсэн байж магадгүй гэж бодоод гэрт нь очоод хашаанд орж үзтэл гэртээ байхгүй байхаар нь байшингийн гал тогооны салхивчийг түлхэж үзэхэд онгорхой байхаар нь дотогш ороод эмэгтэй хүний шуб, зурагтын хүлээн авагчийг аваад, гэрийн хүмүүс ирж байхаар нь цонхоор нь гарч зугтаасан. Гудамжаар нэлээн тойроод Н-гийн гэрт очиход Н цагдаа нар ирсэн гэхээр нь би айлаас хулгай хийснээ хэлэхэд наад юмнуудаа аваачиж өг гэхээр нь би хулгайлсан эд зүйлсээ аваад гудамжинд явж байгаад цагдаа нартай тааралдсан. Тэгээд тэд намайг эрүүлжүүлсэн. Би ганцаараа тэр айлаас хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 105-106 дугаар хуудас);

6. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-8 дугаар хуудас), 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 15 дугаар хуудас), 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 17 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Э.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоол болон хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 89-95, 113-114 дугаар хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.О-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох булган шубийг 480,000 төгрөгөөр, Талст нэртэй 2013 онд худалдан авсан гэх кабелийн хүлээн авагчийг 60,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 540,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Э.О нь хулгайлах гэмт хэргийг Л.Ц-ын байшингийн салхивчаар сэм нэвтэрч үйлдсэн байх тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Э.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.О-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Ц нь хулгайлагдсан эд зүйлсийг биет байдлаар нь буцаан авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.Одбадралыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.О-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгээд, нийт эдлэх ялыг 4 жил 6 сар 18 хоногоор тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг хорих ялд нь оруулан тооцож, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй...” гэв.

            Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Миний бие энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Өөрөө өөртөө дүгнэлт хийж дахин гэмт хэрэг хийхгүй гэж бодож байсан боловч архи ууснаас болоод дахин хэрэг хийчихлээ. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Э.О нь хорих ялын доод хэмжээг хоёр, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.О-д 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.О нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, шүүх түүнд мөн хугацаагаар хяналт тогтоосон байх бөгөөд тэрээр шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж түүний эдлээгүй үлдсэн 6 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

Шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 29 хоногийг хорих ялын хугацаанд нь оруулан тооцож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Э.О-ыгхулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Э.О-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жил арван сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 10 (арван) сарын хугацаагаар хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 6 (зургаан) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.О-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.О-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА