Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 158

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар "С" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “С” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн "С" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгах”;

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Г.Э,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Манай компанид анх дугаар МВ-0*******   тоот “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг 2013 оны 08 дугаарын сарын 13-ны өдрөөс 2043 оны  08 дугаарын сарын 13-ны өдөр хүртэл 30 жилийн хугацаатайгаар  Ашигт малтмалын газраас олгосон.

Уг тусгай зөвшөөрлийн дагуу Дархан-Уул аймгийн, Дархан, Орхон сумын Их булаг гэдэг нэртэй газар 502.66 гектар талбай бүхий газар хайрганы олборлолт хийдэг. 502.66 гектар талбайн тусгай зөвшөөрлийн үнэ болох 728.850 төгрөгийг жил болгон хуулийн хугацаанд нь төлсөөр ирсэн. Өнгөрсөн жилийн тусгай зөвшөөрлийн үнийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн бөгөөд манай нягтлан бодогчийн буруугаас огноог сүүлд төлсөн төлбөрөөс 1 жилийн дотор төлнө гэж буруу ойлгон энэ жилийн төлбөр болох 728.850 төгрөгийг хуулинд заасан хугацаа хожимдуулан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн байдаг. 

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №7/2021 тоот албан бичгээр манай компанийн МВ-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдсэн. Манай компани хэдийгээр хуулийн заасан хугацааг 2 хоног хэтрүүлсэн ч гэсэн тусгай зөвшөөрлийн үнийг бүрэн төлсөн байхад Кадастрын хэлтсийн дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр МВ-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зөрчин манай компанид тусгай зөвшөөрлийг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл хүргүүлэлгүйгээр шууд цуцалсан байна. 

... Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бий болсон тухай мэдэгдэл хүргүүлсэн гэж байна. Гэтэл тухайн мэдэгдэл нь ямар албан тушаалтанд хүргэгдсэн талаар тодорхойгүй байгаа юм. Хэдийгээр н.Эрдэнэцэцэг гэдэг хүний гарын үсэг байдаг ч гэсэн энэ хүн нь компанид яг ямар албан тушаал хашдаг, тухайн компанийг төлөөлөн авах эрхтэй этгээд нь мөн үү биш үү гэдэг нь тодорхой бус байгаа юм.  

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-т заасан үйл ажиллагаа явагдаагүй гэж үзэж байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд оролцогчдод ямар аргаар, хэд хоногт хүргэгдсэн талаар нарийвчилсан зохицуулалт байдаггүй учраас Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдаж явна гэж үзэж байна. 

Мөн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т тодорхой сонгох хэлбэрийг зааж өгсөн байдаг. Гэтэл утас, факс,  мэйл хаяг бүртгэлд авагдсанаар мэдэгдэж болох байсан.

Иймд хууль зөрчин манай компанийн МВ-0******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн "С" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Э.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

"С" ХХК-иас Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын ашиглалтын МВ- ******* тоот тусгай зөвшөөрлийг эрхийг сэргээх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

"С" ХХК нь Дархан уул аймгийн Дархан, Орхон сумдын нутаг Их Булан нэртэй 100.53 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өргөдөл гаргасан ба Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 336 дугаар шийдвэрээр тус компанид ашигт малтмалын ашиглалтын МҮ-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар "С" ХХК нь МҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 13-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 “хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байх бөгөөд “С************** ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл төлөх боломж хуулиар олгогдсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 7/276 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол цуцална ” гэж зааснаар "С" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр цуцалсан байна.

Цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2021 тоотоор хүргүүлж байсан болно.

Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдэгдлүүд нь компанидаа очсон ба буцалт хийж ирсэн талаарх тэмдэглэгээ шуудангийн дэвтэрт тэмдэглэгдээгүй байгаагаас харахад "С" ХХК- ийг Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

... “Хавтаст хэрэг нэхэмжлэгч нь Монгол шуудангаар хүлээн авсан гэх баримтууд байж байгаа. Мөн нэхэмжлэл дээрээ хугацаа хэтэрсэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн харагдаж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

...“30 хоног гэдгээр 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж байгаа юм. Харин энэ дээр 09 дүгээр сарын 19-ний өдөр болоод техникийн алдаа гараад 19-ний өдөр гэж бичигдсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд "С" ХХК-ийн гаргасан кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын МҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч "С" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч "С" ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд “Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг “...147 дугаар шийдвэрийн "С" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын “МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгах” гэсэн хэсгийг хасч багасгасан тул шүүх “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн "С" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно. 

"С" ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын И******* нэртэй 502.66 гектар талбайд МV-0******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар буюу 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2043 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг олгожээ.  

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр "С" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт И******* нэртэй газарт олгогдсон MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн байна. 

Хэргийн оролцогчид тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээнд маргахгүй байх ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн хэдий ч төлбөрийг тус байгууллагын дансанд төлсөн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчин манай компанид тусгай зөвшөөрлийг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл хүргүүлэлгүйгээр шууд цуцалсан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, оролцоог хангаагүй нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Нэхэмжлэгч байгууллага нь хуульд заасан журмын дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй, хуулиар олгогдсон хугацаандаа төлбөрийг төлөөгүй тул 147 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанчлан 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хаягийн өөрчлөлтийг мэдэгдэх, төлбөр төлсөн баримтыг хүргүүлэх үүрэгтэй байсан байх ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна. 

Гэсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө хадгалах эрхийг хангах, хариуцагчид тусгай зөвшөөрөл эзэмшигчийг эрхэд халдахдаа урьдчилан мэдэгдэх үүргийг ногдуулсан агуулгатай байна. 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу "С" ХХК-ийн MV-01******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл нь 2016 оны 08 дугаар сарын 13-нд бүрдсэн гэж үзэх бөгөөд хариуцагч нь энэ хугацаанаас хойш ажлын 10 өдөрт багтаан буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны дотор мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй байна. 

Гэтэл хариуцагчаас "С" ХХК-ийн эзэмшиж байгаа МV-0******* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/276 тоот мэдэгдлийг хүргүүлэхээр шууданд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн  өгч, нэхэмжлэгч байгууллага нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус мэдэгдлийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдэгдлийг хуулийн хугацаанд хүргүүлээгүй шалтгаанаа “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, тамга тэмдэг, хэвлэмэл маягт байхгүй байсантай холбоотойгоор мэдэгдлийг хуулийн хугацаанд хүргүүлж чадаагүй” гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч байгууллагаас хамаарахгүй шалтгаан байх ба нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15.47 цагт хүлээн авмагцаа мөн өдөртөө багтааж тусгай зөвшөөрлийн төлбөрийг Төрийн сангийн 900000712 тоот дансанд төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт , Ашигт малтмалын газрын дээрх дансны журналын бичилтэд огноог “2015-09-15”  гэж бичсэнээр тогтоогдож байна.  

Дээрхээс үзвэл, захиргаа өөрөө хуулиар хүлээсэн “...ажлын 10 хоногт багтаан мэдэгдэл хүргүүлэх” үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй атлаа нэхэмжлэгч байгууллагыг хуульд заасан хугацааны дотор төлбөрөө төлөөгүйд буруутгаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...шударга ёс”-ны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

 Зүй нь захиргаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүргүүлж чадаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргэгдэх болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үүргээ гүйцэтгэх боломжит хугацааг тооцоолох, түүнчлэн MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн төлбөр бодит байдал дээр төлөгдсөн болохыг харгалзах нь шударга ёсны зүй тогтолд нийцэхүйц байжээ. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...төлбөр төлөөгүй тухайд маргаагүй, төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн” гэсэн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй байна. 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэсэн тайлбар нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Учир нь, маргаан бүхий бүхий ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэр нь MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "С" ХХК-ийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий акт байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Тодруулбал, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлэх, тусгай зөвшөөрлийн хугацаа тоолох зэрэг харилцаа нь нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах хэдий ч тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг гаргах процесс ажиллагаанд оролцогчийг татан оролцуулах, оролцоог нь хангах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг тус хуулиар зохицуулаагүй байх тул энэ харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “...тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу зохицуулагдах учиртай. 

Гэтэл Ашигт малтмал ашиглалтын МV-0******* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/276 тоот мэдэгдлийг "С" ХХК-д хүргүүлэхээр шууданд өгсөн нь захиргаа өөрийн санаачлагаар шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн, энэ тухайгаа оролцогчид мэдэгдсэн гэж үзэх үндэстэй хэдий ч түүний оролцоог хангасан, сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, маргаан бүхий 147 дугаар шийдвэрийн хувьд "С" ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу “захиргааны актын эрх зүйн үйлчлэл шууд чиглэсэн оролцогч” байх ба мөн зүйлийн 13.3-т заасны дагуу захиргаа нь түүнийг шийдвэр гаргах ажиллагаанд “өөрийн санаачилгаар татан оролцуулах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох” үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна. Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "С" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн "С" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "С" ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ