Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/1005/З |
Дугаар | 221/МА2019/0308 |
Огноо | 2019-06-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2019/0308
2019 оны 06 сарын 05 өдөр Дугаар 221/МА2019/0308 Улаанбаатар хот
С.Ч-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу С.Ч-н нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Ч-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ч-г урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох иргэн С.Ч-н нэхэмжлэлтэй “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байсан С.Ч-г өөр ажилд шилжин ажиллахаар болсон тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Сүрэнчулууны Чинбатыг ажлаас чөлөөлөх тухай” Б/110 дугаар тушаалаар чөлөөлсөн.
С.Ч-г ажлаас чөлөөлөхдөө өөртэй нь тохиролцон өөр ажилд шилжих болсноос үүдэн чөлөөлж байгааг тушаалын 1 дэх хэсэгт заасан. Гэвч бичилтийн алдаа гарч тушаалын тэмдэглэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг заасан байдаг. Учир нь нэхэмжлэгч С.Ч нь өөр ажилд шилжин ажиллахаар болж, 8 дугаар сарын 06-ны өдрөөс буюу тушаал гарахаас өмнө тухайн үеийн удирдлагуудтай тохиролцон, холбогдох шийдвэрийг гаргуулахаар ярилцан, сонсох ажиллагаа хийгдсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар яамны хүний нөөцийн асуудал хариуцагч мэргэжилтэнд чиглэл өгөхөөс өмнө С.Ч нь өөрөө тушаалын төслөө боловсруулах, тушаалыг яаралтай гаргуулахаар шаардаж, шавдуулсан байдаг нь холбогдох албан хаагчдын хэлснээр нотлогддог. Энэ талаар түүний Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг яамны салбар зөвлөлд шилжүүлэн шалгах явцад яамны хүний нөөцийн мэргэжилтэн Ш.С, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан Т.Н, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.М нарын бичиж өгсөн тайлбар, мэдээллээс харагддаг. Хүний нөөцийн мэргэжилтэн Ш.С “дарга нар эхэлж чиглэл өгөөгүй байхад өөрөө тушаалаа гаргуулахаар шаардсан, удирдлагаас тодруулахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуульд шилжих гэж байгаа” гэсэн гэж тайлбар өгсөн байна.
Мөн тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Н-с тайлбар авахад “биечлэн уулзаж өөр ажилд шилжүүлэн ажиллуулах санал тавихад өөрөө зөвшөөрсөн” гэж 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичгээр тайлбар өгч, дараагийн ажилд томилуулахаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиралтай уулзуулсан гэсэн байдаг.
Нэхэмжлэгч С.Ч нь удирдлагуудтай тохиролцсон өдрөө буюу 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанд хандан “одоо эрхэлж байгаа ажил буюу тус сургуулийн нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллуулж өгнө үү” гэж өргөдөл гаргасан байдаг.
Тиймээс ч Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “С-н Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/110 дугаар тушаалын тэмдэглэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь хэсэг” гэж захиргааны актын бичилтийн алдаа гарсан шинжтэй байх тул харилцан тохиролцож, харьяа байгууллагад шилжүүлэхтэй холбоотойгоор холбогдох хуулийн заалтыг үндэслэх хэсэгт оруулах буюу тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан гомдлыг хянан шалгаж, дүгнэлт гаргах комисс гаргасан.
Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар С.Ч-н гомдлыг хянан шийдвэрлэж, “Маргаан шийдвэрлэсэн дүгнэлтийн тухай” 04 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолоор “Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалын үндэслэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь хэсэг” гэснийг “22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг” гэж өөрчлөн, “Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/139 дүгээр тушаалаар батлагдсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэрэг хөтлөх журам”-ын 5.7 дахь хэсэг гэснийг хасч тушаалд зохих өөрчлөлт оруулахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Б-д даалгаж” шийдвэрлэсэн.
Үүнийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/166 дугаар “Тушаалын үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай” тушаал гарч, зохих өөрчлөлтийг оруулсан.
Учир нь нэхэмжлэгч С.Ч-г яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргатай тохиролцож, зөвшөөрсөн, өөрийнх нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан бичгэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажиллуулах тухай” Б/167 дугаар тушаалаар тус сургуулийн “Нийтлэг үйлчилгээний албаны дарга”-ын албан тушаалд томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл тус албан тушаалд ажиллаж байгаа болно.
Иймд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дээр дурдсан албан тушаалтнуудын тайлбар, мэдээллээр С.Ч нь тушаалаа гаргуулахаар удаа дараа шаардсан, удирдлагуудтай тохиролцсон өдрөө буюу 08 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанд хандан өргөдөл гаргасан байтал шүүх “төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй” гэж буруу дүгнэсэн.
Шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасан 44.1 дэх хэсгийн зааж, түүний тайлбар ёсоор “... Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гээд Боловсролын их сургуулийн захирлын “Нийтлэг үйлчилгээний албаны дарга”-ын албан тушаалд нэхэмжлэгчийн онцгой мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлага, онц түвэгтэй даалгавар биелүүлэх шаардлага байгаагүй гэж дүгнэсэн. Дээрх маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар буюу 2002 оноос 2018 оны хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулагдахыг анхан шатны шүүх анхаараагүй, буруу дүгнэсэн гэж үзэж байна.
Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох иргэн С.Ч-н нэхэмжлэлтэй “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар “өөр ажилд томилогдох болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг тус яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 960 дугаар албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх төрийн албаны Салбар зөвлөлд шилжүүлсэн байна.
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч С.Ч-г ажлаас чөлөөлсөн Б/110 дугаар тушаалд “Төрийн албаны тухай хуулийн 24.1.3” гэснийг “22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг” гэж өөрчлөн “Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/139 дүгээр тушаалаар батлагдсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэрэг хөтлөх журам”-ын 5.7 дахь хэсэг” гэснийг хассан өөрчлөлт оруулахыг Төрийн нарийн бичгийн даргад даалгажээ.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан боловч маргаан бүхий актаас үзвэл С.Ч-г аль байгууллагад, ямар албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болсон нь тодорхойгүй, төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр байна.
Түүнчлэн, өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, эсхүл түүнийг өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцсон гэх үйл баримт нь холбогдох бичгэн нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага байсан эсэх талаар нотлох баримт гаргаж, шүүхэд мэтгэлцээгүй зэрэг нь түүнийг хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдийн талаар зөв дүгнэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийг хэрэглээгүй, тус харилцааг зохицуулаагүй 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг баримталсан нь буруу байх тул залруулсан өөрчлөлт оруулах зүйтэй байна.
Төрийн албаны зөвлөлийн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэсэн, бие даасан захиргааны актын шинжгүй, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хянасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хянах болохоос урьдчилан шийдвэрлэх журмын дагуу маргаан бүхий актыг хянасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагын шийдвэрт дүгнэлт өгөхөөргүй байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу байх тул хүлээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ч-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Ч-г урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-н “Төрийн албаны зөвлөлийн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ