Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/0091

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компанид нийслэлийн Засаг даргын 2011 оны 744 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх орчим орон сууцны зориулалтаар 9800 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нийслэлийн зүгээс тус хэсэг нь төвийн дэд бүтэцтэй холбогдоно гэж төлөвлөж аж ахуйн нэгжүүдэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн ба бид ч ирээдүйд орон сууц барих боломжтой гэж тус газрыг эзэмшсэн. Манай компани нэгэнт орон сууцны зориулалтаар газар эзэмшсэн учир газрыг зориулалтын дагуу ашиглаж, орон сууц барихаар зураг төслийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл газар эзэмшүүлснээс хойш  Нийслэлийн удирдлагууд солигдож, тус газар руу инженерийн шугам сүлжээ, зам, дэд бүтцийг шийдвэрлэх ажил удааширч, зогсонги байдалд орсон юм.

Гэвч бид тус газарт инженерийн шугам сүлжээ, зам, дэд бүтэц шийдэгдсэн тохиолдолд орон сууц барих төлөвлөгөөгөө орхиогүй ба жил болгон Газрын тухай хуульд заасан газрын төлбөрийг төлж байсан. ... Компанийн зүгээс асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газруудад хандсан боловч уг газарт дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэгэнт дэд бүтцийн асуудал хэзээ шийдвэрлэгдэх нь тодорхойгүй нөхцөлд бид газрын “Орон сууцны зориулалт”-ыг “амины орон сууц” болгож өөрчлүүлэхээр 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 06/29/01 тоот бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан боловч тодорхой хариу өгөөгүй. Хэрвээ бидний хүсэлтийг хүлээж авсан бол амины орон сууцны хороолол барьж, дэд бүтцийг бие даан шийдвэрлэх замаар газрыг зориулалтын дагуу эзэмших боломжтой байсан.

... Манай компани 2011 онд газрыг эзэмшихдээ 5.000.000 төгрөгийг өөрсдийн санаачлагаар дуудлага худалдааны анхны үнэд төлсөн ба дээр дурдсан асуудал шийдэгдэж, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломж бүрдсэн буюу инженер, дэд бүтэц шийдэгдсэн тохиолдолд төлөх ёстой үлдсэн дуудлага худалдааны үнийг төлөхөд хэзээд бэлэн байсан. Энэ тухайгаа ч 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 04/01 тоот бичгээр холбогдох хүмүүст мэдэгдсэн.

Гэтэл 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 тоот захирамжаараа манай байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хариуцагч Газрын тухай хуулийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл бид Газрын тухай хуулийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд уг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж болно. Гэтэл бодит байдал дээр бид удаа дараа болон ноцтой зөрчсөн аливаа зүйл байхгүй.  Бид орон сууц барих зориулалтаар л газрыг эзэмшсэн ба дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ шийдэгдтэл газрын төлбөрөө төлж байсан. Бодит байдал дээр дэд бүтцийн асуудал нь хэзээ шийдэгдэх эсэх нь тодорхойгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй тийм газарт эдийн засгийн хямралтай энэ үед бид дуудлага худалдааны анхны үнэд их хэмжээний мөнгийг урдчилан төлөх ямар ч боломж байгаагүй. Гэхдээ дэд бүтэц, инженер шугам сүлжээний асуудал шийдэгдсэн тохиолдолд бид дуудлага худалдааны анхны үнэ гэж хэдэн төгрөг төлөх ёстой, түүнийг нь төлье гэдгээ ч албан бичгээр мэдэгдэж байсан. Харин Нийслэлээс дуудлага худалдааны анхны үнэ гэж хэдэн төгрөг төлүүлэх гээд байгааг бид одоо ч мэдэхгүй байна.

Нөгөөтэйгүүр, бидний олж мэдсэнээр А/257 тоот захирамжаар зөвхөн дуудлага худалдааны анхны үнэ огт төлөөгүй 69 компанитай хамтатган манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Үүнийг мэдсэн даруйдаа Нийслэлийн өмчийн харилцааны газар очиж уулзахад “... танай компани дуудлага худалдааны анхны үнийг хэсэгчлэн төлсөн байтал дээрх захирамжид хамруулсан нь манай ажилтны алдаа, хариуцлагагүй үйлдлээс болсон тул уучлал хүсье” гэж Газрын үнэлгээ, төлбөр тооцооны хэлтсийн дарга Д.Д хэлж байсан. Манай компанитай адил дуудлага худалдааны анхны үнийг хэсэгчлэн төлсөн 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хэвээр үлдээсэн, тэдэнд дуудлага худалдааны анхны үнийг гүйцээн төлөх тухай мэдэгдэл өгч, хугацаа тогтоосон гэж байсан. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны анхны үнэ хэсэгчлэн төлсөн 40 гаруй компаниас зөвхөн манай компанийн газар эзэмших эрх ганцаараа хүчингүй болжээ.

... Ийнхүү манай компанийг бусдаас онцгойлон хохироож, компаниудад ялгавартай хандсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, тэгш эрхийн зарчимтай зөрчилдсөн үйлдэл юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 744 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 10 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 9800 м.кв газрыг эзэмшиж байсан. Уг газрыг эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байна. Энэхүү хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга А/915 дугаар захиргааны актыг гаргаж, үүний дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн ба өгсөн үүргийг биелүүлэх шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсээр байхад уг нийтлэг шаардлагыг биелүүлээгүй тул 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргаж “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан болно.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар мөн Засаг даргын 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд тухайн газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнии дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр, 3 дахь заалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлсөн баримтыг үндэслэн барилгын эскиз зургийг баталж, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохоор зохицуулж өгсөн.

Мөн Засаг даргын А/915 дугаар захирамжийн 1.1 дэх хэсэгт “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний анхны үнийг тогтоохдоо газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр анх гарсан үед мөрдөгдөж байсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-аар төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх, ногдуулсан үнийг бүрэн төлсөн болон захирамжийн 1.2-т заасан нөхцөлийг хангасан этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах, 1.5 дахь заалтаар дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах тухай мэдэгдлийг хоёр удаа хүлээн авсан боловч дуудлага худалдааны анхны үнэ төлж гэрээгээ шинэчлээгүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөхөөс татгалзсан, мэдэгдэл гардуулах хаяг, холбоо барих утас тодорхойгүй, эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй зэрэг тохиолдолд тухайн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалтыг тус тус тусгасан болно. Захирамжийн энэхүү зохицуулалт нь Газрын тухай хуулийг зөрчиж анх газар эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах, цаашид хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх олгох, нийслэл, дүүргийн хэмжээнд дээрх зөрчлийг гаргахгүй байх зорилгыг агуулсан болно. Дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд Засаг дарга 2013 онд А/309, А/915, А/257 дугаар захирамжийг тус тус гаргасан болно.

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасны дагуу хотын хөгжлийн төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу Нийслэлийн Засаг дарга тогтоох бүрэн эрхтэй. “Б” ХХК нь дуудлага худалдааны анхны үнэ болох 107,800,000 төгрөгийг төлөх ёстой ба үүнээс 5,000,000 төгрөгийг 2012 онд тушаасан байдаг бөгөөд тухайн үед нэр андуурагдан төлсөн байсныг залруулсан болно. Ийнхүү дуудлага худалдааны үнэ төлж байсан нь дуудлага, худалдаа төсөл шалгаруулалтын зарчмыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илуү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг зөрчиж газар эзэмших эрх олгосон газруудад дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх шийдвэр гаргасан нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хэрэгжүүлэн бусдаас давуу эрх эдлүүлэн дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр эрх олгосон газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан, тэдгээрт илүү боломж олгосон гэж үзэж байна.

“Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, захиргааны акт шинээр гаргатал Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-ийн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг дарга нь “... өмнө нь анхнаасаа дуудлага худалдаагаар олгоогүй хууль зөрчсөн гэх шийдвэрээ зөвтгөхийн тулд нэхэмжлэгчийн эрхийг ийнхүү хэт богино хугацаагаар хязгаарлаж, тодорхой хэмжээнд төлөгдсен төлбөр болон Газрын түхай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа эсэхийг үл харгалзан нэхэмжлэгчид газар олгосон шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд бүрнээ нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнээд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, захиргааны акт шинээр гаргатал Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь энэхүү зөрчилтэй актуудын зөрчлийг залруулж, хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр газар эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг харгалзсан эрх зүйн зөрчилгүй актыг дахин шинээр гаргах хүртэл түдгэлзүүлсэн хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “Нийслэлийн засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг түтгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь газар хамтран эзэмшүүлсэн Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар нь улсын төсөвт байгууллага.

Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.7-д “Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар ...” гэж Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулан эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас газрын байршил , зориулалт, хэмжээг зааж эзэмшүүлсэн болон эзэмшүүлэх газрыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтруулан газар эзэмшүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хан-Уул дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хороолол баригдах явцад Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар схем зургийг батлах, архитектор төлөвлөлтийн даалгаварт хяналт тавих, барилгатай холбогдсон бүх асуудлыг хариуцах зорилгоор тус газрыг оруулсан” гэж тайлбарлаж хүлээн зөвшөөрсөөр байхад нотлох баримтыг үнэлэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “анхан шатны шүүх шийдвэр гаргахын тулд “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага” зайлшгүй байх ёстой гэж хянасан атлаа “... цаашид тодруулах нөхцөл байдал үгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин зөвхөн хариуцагчаас гаргасан гомдлын хүрээнд асуудалд хандаж, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон үндэслэл бүхий дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт зэргийг огт хяналгүй бодит байдлыг үнэн зөвөөр тогтоолгүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тухайлбал: Хариуцагчийн зүгээс тус компанийг анх газар эзэмшсэн 2011 оноос дуудлага худалдааны үнэ болох 107.800.000 төгрөгийг мэдсээр атлаа төлөөгүй удаа дараа шаардуулан 5.000.000 төгрөг төлсөн байдаг, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрдөггүй мэтээр шүүхийг төөрөгдүүлж худал тайлбар хэлдэг. Гэтэл бодит байдал дээр анх бидэнд газар олгохдоо дуудлага худалдааны үнэ 107.800.000 төгрөг гэдгийг огт хэлж байгаагүй, бид огт мэддэггүй байсан ба тухайн үед 5.000.000 төгрөг төл гэсэн төлбөрийн баримтын дагуу төлсөн байдаг. Тэр байтугай энэхүү 5.000.000 төгрөг төлснийг ч хариуцагч мэддэггүй байсан бөгөөд үүний улмаас Нийслэлийн Засаг дарга дуудлага худалдааны үнэ огт төлөөгүй гэж үзэн дуудлага худалдааны үнэ огт төлөөгүй 69 иргэн, хуулийн этгээдтэй манайхыг хамруулан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Үүнийгээ нэр андуурагдан төлөгдсөн байсныг залруулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг ба тухайн ажлыг хариуцаж байсан ажилтан болон Төлбөр тооцооны хэлтсийн дарга н.Д нар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн ба манайтай адил дуудлага худалдааны үнийг хэсэгчлэн төлсөн 40 гаруй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээсэн байдаг бөгөөд үүнийг ч мөн хариуцагч хүлээн зөвшөөрдөг төдийгүй энэ талаар нийтэд ил мэдээлдэггүй, мэдээлэл өгдөггүй.

3. Мөн анхан шатны шүүх “эзэмшил газрын хэмжээнээс нь хамаарч дуудпага худалдааны үнийг хэрхэн төлүүлэх талаар ялгавартай хандаж, өөрөөр хэлбэл тогтоосон төлбөрийг төлөх боломжийг газар эзэмшигчдэд тэгш бусаар олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар эзэмших ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй болохын нотолгоо гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнээд тус компанийн Нийслэлийн Засаг даргаас нийт газар ззэмшигч нарт нийтлэг шаардлага тавьж, дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлж байгааг “Б” ХХК нь хүлээн зөвшөөрч гагцхүү энэ шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн ялгаварлан гадуурхахгүй тэгш байх үзэл санаа, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан тэгш, шударга байх зарчмыг баримтлалгүй Нийслэлийн Засаг дарга 915 дугаар захирамжаараа 3.0 га-гаас дээш газар эзэмшигч нарт давуу эрх олгон 30 хувийг төлөөд үлдэгдэл төлбөрийг 3 жилийн дотор төлөхөөр заасан байдаг. Бид ч энэхүү нөхцөлөөр хэсэгчлэн төлөх хүсэлтийг гаргадаг боловч хүлээж авдаггүй нь дээр дурдсан хуулиудыг зөрчин биднийг ялгаварлан тэгш, шударга бус хандсан үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан “Б” ХХК-ийн 5.000.000 төгрөг болон газрын төлбөрийн талаарх Өмчийн харилцааны газрын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10/1922 тоот албан бичиг, гэрчийн мэдүүлэг, дуудлага    худалдааны    анхны    үнийг    нэхэмжлэгчтэй    адил    төлөөгүй    иргэн, байгууллагын талаарх Өмчийн харилцааны газраас ирүүлсэн лавлагаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 07/1035 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан

1. Уг захирамжаар хүчингүй болгосон нийт 70 гаруй иргэн аж ахуйн нэгжийн тухайд: “... дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэгчтэй адил бүрэн бус ч тодорхой хэмжээнд төлсөн иргэн, аж ахуйн нэгж хамрагдаагүй байна.”

2. Энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий акттай агуулгын хувьд ижил адил буюу дуудлага худалдааны үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмшигчдэд холбогдох Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй болохыг хариуцагчаас тодорхой хариулаагүй ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 07/1035 дугаар албан бичгээр батлагддаг.

3. Мөн хэсэгт “эзэмшил газрын хэмжээнээс нь хамаарч, дуудпага худалдааны үнийг хэрхэн төлүүлэх талаар ялгавартай хандаж, өөрөөр хэлбэл тогтоосон төлбөрийг төлөх боломжийг газар эзэмшигчдэд тэгш бусаар олгож байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар эзэмших ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй болохын нотолгоо зэрэг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтүүдийг гаргасан байтал давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийг хохироож байгаа бус ... бусад хуулийн этгээдээс давуу эрх, боломжийг олгож байжээ” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд 40 иргэн, хуулийн этгээдэд давуу эрх олгосныг юу гэж ойлгохыг тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Б” ХХК-д дуудлага худалдааны үнийг хэсэгчлэн төлсөн 40 гаруй иргэн, хуулийн этгээдийн адил дуудлага худалдааны үнийг төлөх боломжийг олгосон
үндэслэлтэй шийдвэр юм.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 50 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгон, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Засаг дарга нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 744 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК болон Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан 0.98 га газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан ... аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан журмыг баримтлаагүй байна.

Газрын тухай хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмшүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А/309, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр А/915 дүгээр захирамжуудыг гаргаж, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг төлж байсны зэрэгцээ төсөл сонгон шалгаруулалтын төлбөрт 5,000,000 төгрөгийг Нийслэлийн Газрын албанд төлсөн байхад дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй бусад аж ахуйн нэгжтэй адилтган газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж заасныг хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид дуудлага худалдаагаар олгоогүй, хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрийг зөвтгөхийн тулд дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309, А/915 дугаар захирамжуудад үндэслэн 2014 оны А/257 дугаар захирамжийг гаргасан нь зүйн хэрэг боловч нэхэмжлэгчид төлбөр төлөх боломжит хугацаа олголгүй хэт богино хугацаагаар хязгаарлаж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 102,800,000 төгрөгийн төлбөрийн 30 хувийг шууд, үлдэх хувийг тохиролцсон хуваарийн дагуу төлөх боломжтой гэж тайлбарладаг, хариуцагчийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгахгүй байгаа учир дахин шинээр захиргааны акт гаргатал нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх;” гэж заасантай нийцсэн байна.

Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Газар эзэмших, ... эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу ... Засаг дарга тогтооно” гэсний дагуу Нийслэлийн Засаг дарга нь дуудлага худалдааны анхны үнийг төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тогтоосон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

“Б” ХХК нь Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтран газар эзэмшдэг тул дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдахгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Гэвч нэхэмжлэгч нь дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжтой, хариуцагч нь нэхэмжлэгчид энэ боломжит хугацааг олголгүй түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэсэн зарчимд нийцэхгүй байхад маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасныг буруу хэрэгжүүлсэн байна.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА