Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 174

 

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар магадлалтай, С.Б-д холбогдох 2036 00000 0199 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, З овогт С.Б.

С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнссэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.О болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон гэдэг үндэслэлээр хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-т учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тодорхойлолгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хохирогчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож ялтанд ял завших боломж олгож байгаад гомдож байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 667 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хохирогч Б.О-н биед учирсан гэмтэлтэй бодит байдлын хувьд нийцэхгүй байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хэргийн бодит байдалд зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт хохирогчийн биед учирсан гэмтэл хоёрын хооронд зөрүүтэй, шүүхийн дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байлал тогтоогдсоор байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан ... шүүх хохирогчийн биед хүнд гэмтэл учраагүй болохыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоол магадлалд заагаагүй нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь магадлан шалгах аргаар шалгаж бодит байдлыг тогтоогоогүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, үр дагаварыг тооцож үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч Б.О нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөний улмаас /авто осолд орж/ эрүүндээ гэмтэл авч, үүдэн доод 4 ширхэг шүд нь унаж, эрүүний ооч нь хугарсны улмаас /эрүүний заадас хугарч эвлэх боломжгүй болсон/ хугарлыг миний плейтээр хадаж бэхэлсэн. Эрүүний хугарал бүрэн эдгэрсний дараа импелат шүд суулгах мэс ажилбарт орохоор эмчлүүлж байгаа ба өнөөдрийг хүртэл эрүүний оочны уулзвар яс бороолоогүй. Эрүү нь гэмтсэний улмаас нүүрний хэлбэр алдагдаж нүүр баруун тал руугаа мурийсан байгаа. Хохирогчийн зажлах эрхтэнд гэмтэл учирсны улмаас хоолыг зажилж идэж чадахгүй болсон тул эмчийн зааврын дагуу байнгын эмчилгээний хоолтой байгаа болно. Эрүүний ясны эдгэрэлтийн явцаас шалтгаалж хохирогч цаашид ямар эмчилгээ, сувилгаа хийлгэх нь тодорхойлогдох бөгөөд эрүү нүүрний хэлбэр алдагдаж байгаа тул хохирогчийн сэтгэл зүйд таагүй байдал үүсч, сэтгэл санааны хохирол учирсныг шүүх анхаарч үзэлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаартай магадлалыг хянан үзэж, тогтоол магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаана уу” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээШүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна. Шүүх С.Б-д Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хохирогчид цаашид гарах эмчилгээний талаар баримт байхгүй байсан учир нэхэмжлэлсэн төлбөрийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг шийтгэх тогтоолд дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг танилцуулж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн С.Бад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос С.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 21 цагийн орчимд 47-60 УБӨ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажууд түр зогсолт хийж, зорчигч Б.О-г буулгаж байсан С.Ихбаярын эзэмшлийн 73-85 УНД улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч Б.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулдаг болно.

С.Б нь согтуурсан үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хохирогч Б.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, улмаар уг осол гарсны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, эргэлзээгүй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэж С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн байх ба иргэний нэхэмжлэлд холбогдох зарим асуудлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасан үндэслэл байгааг дурдан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зөрчөөгүй болно. 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь “хохирогч Б.О-т учирсан гэмтлийн зэрэг, шинж чанар, хор уршиг хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс эрс зөрүүтэй, тохироогүй дүгнэлт гарсан байхад шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Учир нь хавтаст хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн 667 дугаартай дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт тухай бүрт нь танилцуулж, түүнийг гарын үсэг зуруулж баталгаажуулсан бөгөөд хохирогч Б.О-н биед учирсан гэмтэл нь шинжээчийн 667 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Б.Цэндхүүгээс авсан мэдүүлэг зэргээр тогтоогдож буйгаас гадна хохирогч Б.О болон түүний өмгөөлөгч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар болон дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх талаар санал, хүсэлт гаргаагүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.О болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Б.ЦОГТ

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН