Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00159

 

 

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00159

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/04037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-ад холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д-,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шакмен маркийн автомашиныг 335,000,000 төгрөгөөр зарна гэх зарын дагуу хариуцагчтай холбогдож, худалдан авахаар урьдчилгаа 110,000,000 төгрөгийг түүний дансанд 6 хуваан шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг удаахгүй төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь худалдахаар тохиролцсон автомашинаа бусдад худалдсан тул урьдчилгаа төлбөрийг буцаан шаардсан.

Гэвч хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А-гийн дансанд 105,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Б- нь А-г танихгүй, түүнтэй автомашиныг худалдах, худалдан авахаар тохиролцоогүй, уулзаж байгаагүй. Харин А-гийн нөхөр болох Д- нь Шакмен маркийн автомашиныг Б-аас худалдан авахаар тохиролцсон. Д- нь эхний ээлжинд 110,000,000 төгрөг бэлнээр, мөн цагаан өнгийн Тоёота ланд круйзер маркийн автомашин өгөөд үлдэгдэл мөнгийг нь зээл авч өгөхөөр тохиролцсон.

Б- нь УБЭ 35-** улсын дугаартай, Тоёота ланд круйзер маркийн автомашиныг Д-ээс аваад засвар, сэлбэг, бусад зүйлд 1,000,000 гаруй төгрөг зарцуулсан бөгөөд Д-ийн зүгээс Шакмен маркийн авто машиныг худалдан авахаас татгалзсан санал гаргасан тул тохиролцоогоо буцаахаар болсон.

Б- нь Д-ээс авсан дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг засан сайжруулаад тэр хэвээр нь буцааж өгсөн, мөн цаг хугацаа алдуулсантай холбоотой талууд харилцан тохиролцоод Б- 5,000,000 төгрөг суутган авсан. Иймд Б- нь А-тай наймаа хийгээгүй бөгөөд 105,000,000 төгрөгийг нь Д-ийн хэлж өгсөн данс руу шилжүүлсэн. Иймд А- нь нэхэмжлэх эрхтэй этгээд биш.

 

3. Гуравдагч этгээд тайлбар, татгалзлын агуулга: Д- миний бие 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шакмен маркийн автомашиныг 350,000,000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу Б-тай холбогдож худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 110,000,000 төгрөгийг А-гаар шилжүүлсэн. Автомашины төлбөрийн зарим хэсгийг бартераар буюу Тоёота ланд круйзер маркийн автомашиныг оролцуулахаар болсон. Гэтэл Шакмен автомашинаа авах гээд очиход үзэж байсан автомашиныг бусдад худалдсан өөр автомашин санал болгоход нь зөвшөөрөөгүй бөгөөд тохиролцоогоо буцаахаар болсон. Б- Тоёота ланд круйзер маркийн автомашинд засвар, үйлчилгээ хийгээгүй атлаа урьдчилгаа төлбөрийг буцаахдаа 5,000,000 төгрөг дутуу хийсэн.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б-аас 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах тохиролцооны гол нөхцөлийг хариуцагч Б- нь гуравдагч этгээд Д-тэй хийсэн ба гуравдагч этгээд нь тайлбартаа энэ талаар дурдсан. Мөн анхан шатны шүүх А-, Б- нарын хооронд ямар нэг худалдах болон худалдан авах тохиролцоо үүсээгүй талаар дүгнэсэн.

А- нь жинхэнэ нэхэмжлэгч биш, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.2. Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийг хүлээж, хүлээж ойролцоогоор 20 минутын дараа буюу 11:50 минутад эхэлсэн. Улмаар шүүгчийн зүгээс ирцтэй холбоотой санал асуухад хариуцагчийн талаас нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байх тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэсэн саналтай байгаа талаараа хэлэхэд ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хуралдаанаа түр завсарласан.

Шүүхээс завсарлаж орж ирээд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж., хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэхээр болсон. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг түүний эзгүйд шийдвэрлэхээр шийдвэр гарсан байхад уучлаарай хоцорчихлоо гэж хэлээд ороод ирсэн.

Харин хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан даргалагчид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах ёстой талаар удаа дараа хэлсэн боловч огт авч хэлэлцэж үзэлгүйгээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсанд гомдолтой байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож., дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-ад холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 20-21-ний өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5542266*** тоот данснаас 6 удаагийн гүйлгээгээр 110,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, харин хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд 105,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.1. Зохигчийн ийнхүү харилцан мөнгөн хөрөнгө шилжүүлэх болсон үндэслэл нь гуравдагч этгээд Д- болон хариуцагч Б- нарын автомашин худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлээс үүдэлтэй байх бөгөөд уг тохиролцоо хэрэгжээгүй тул хариуцагч нь автомашины төлбөрт хүлээн авсан 110,000,000 төгрөгөөс 105,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байна.

 

3.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, автомашин худалдах, худалдан авах талаарх гуравдагч этгээд, хариуцагч нарын тохиролцоо хэрэгжээгүй тул нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн данснаас шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж үндэслэл бүхий дүгнэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

3.3. Хариуцагч Б- нь автомашин худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцэл хэрэгжээгүйтэй холбоотой гуравдагч этгээд Д-тэй тохиролцон хүлээн авсан 110,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг суутган авч үлдсэн гэж байгаа боловч уг тайлбар нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж эрх нь нээлттэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд тооцогддог.

 

4.1. Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан үйл баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг буцаах хүсэлтийг шүүх шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны танхимд орж иржээ.

 

Үүнтэй холбогдуулан шүүх хуралдаан даргалагчаас зохигчийн биеийн байцаалтыг шалгаж, шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг танилцуулж, шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг танилцуулж, татгалзал бий эсэхийг асууж, талуудад эрх үүргийг тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-105 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

4.2. Эдгээр ажиллагаатай холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт, татгалзал гаргаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаагүй, шүүх хуралдаан хуульд заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд явагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй тул үүнд холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/04037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ