Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Ж,

Шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/, түүний өмгөөлөгч М.А, Ч.Ш, орчуулагч Ц.М, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ф.З.Х, /F.Z.H/ -д холбогдох эрүүгийн 1728001120134 хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /паспортын дугаар Е88925764/, 1965 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын Шандунь мужид төрсөн, 53 настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, үнэлгээчин мэргэжилтэй, “Дун Юань" ХХК-ийн Хар толгойн уурхайн даргаар ажилладаг, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт БНХАУ-ын Шандунь мужийн Лин И хот, Нужуан дүүрэг Вэньхуа зам, 180 тоотод оршин суудаг, Монгол Улсад Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “.............” хотхоны ...байрны ... тоотод түр оршин сууж байгаа гэх, өөрийн харъяаллын улсаас болон Монгол Улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл бүртгэгдээгүй, “Цадигт гэгээн” ХХК-ийн нэр дээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөл бүхий дугаарын үнэмлэхтэй Ф.З.Х, /F.Z.H/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч БНХАУ-ын иргэн Ф.З.Х, /F.Z.H/ нь Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй "Дун Юань" ХХК-ийн Хар толгойн уурхайн даргаар ажиллах хугацаандаа компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн компанийн жолооч Н.Г-О-д үүрэг өгөн тусгай зөвшөөрөлгүйгээр Натрийн сульфид /Na2S-60%, Fe-0.15%, Sodium sulfide СAS-1313-82-2/ гэх химийн хорт, аюултай бодис 82 тонныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6-82 тоот хашаанаас Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутагт байрлах “Дун Юань” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Хар толгойн уурхайд 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 28-ны өдөр хүртэл хугацаанд хууль бусаар тээвэрлэсэн,

Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт байрлах “Дун Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэр дотор болон гадна орчинд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт, аюултай бодис болох 82 тонн натрийн сульфид /Na2S Sodium sulfide/-ыг хууль бусаар хадгалж, улмаар тусгай зөвшөөрлийн дагуу олборлосон хүдрийг боловсруулах зорилгоор дээрхи химийн хорт, аюултай бодисыг ашиглаж гаргасан хүдрийн баяжмалаас 203.75 тонныг 4 автомашинд ачуулж 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Номгон сумын төв хүртэл, 60 тонн хүдрийн баяжмалыг 1 автомашинд ачуулж, 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-ний өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Номгон сумын Дун-Овоо гэх газар хүртэл хууль бусаар тус тус тээвэрлэсэн,

2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар олж аван тээвэрлэн Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт байрлах “Дун Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэрт авчирсан дээрхи химийн хорт, аюултай бодис болох 82 тонн натрийн сульфидыг хууль бусаар хадгалж, ашиглан хүдрийн баяжмал бэлтгэх явцдаа баяжуулах технологийн горим /баяжуулах үйлдвэрийн болон хаягдлын далан/ зөрчсөнөөс говь цөлийн хуурай ландшафтад гадаргын ил урсац үүсгэсэн, далд уурхайн шүүрлийн усыг байгальд шууд асгаж 5120 м2 хөрс талбай химийн бодисоор бохирдож, 2.27 га талбайд эвдрэл үүсгэж, 41150 м3 ухаш бүхий эвдрэлийг газрын хэвлийд үүсгэсэн зэргээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 134.168.951 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Туршилт хийж үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд хохирол учирсан. Хүйтний улирал эхэлсэн тул саармагжуулалтын ажиллагаа зогссон байгаа. Дулааны улирал эхлэхээр саармагжуулалт дахин явагдана. Байгаль орчны хуулийн дагуу хохирлыг 2-3 дахин төлүүлэх саналтай байна гэв.

Шинжээч З.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Баяжуулах үйлдвэрийн технологи нь ТЭЗҮ дээрхи зураг төсөлтэйгээ таарч байсан харин ТЭЗҮ дээр нь саармагжуулах технологи нь байсан боловч баяжуулах үйлдвэр дээрээ саармагжуулах технологи огт хийгдээгүй байсан. Энэ нь саармагжуулах технологийг явуулахад хэрэглэх гол бодис болох шохойн чулуу нь их хэмжээгээр хэрэглээгүй баяжуулах үйлдвэр дотор овоолсон, мөн босоо 3 дугаар амны сааралжинд овоолсон хэрэглээгүй байсан... Баяжуулах үйлдвэр дотор нэр хаяг тодорхойгүй хятад бичигтэй химийн бодисууд ихээр ил хураасан байсан нь аюулгүй ажиллагааг зөрчиж байсан. Мөн химийн бодисыг гар аргаар хийж хүдэр баяжуулж байсан нь бэлдсэн хувин, хувингаас хутгаж авсан шанага зэрэг нь байсан, мөн баяжуулах үйлдвэрийн гадна талд зориулалтын биш саванд найруулсан химийн бодис ил задгай байсныг фото зургаар баталгаажуулж авсан...” гэжээ. /2хх-ийн 8-10-р хуудас/

Шинжээч С.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өмнөговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захилга өгч хөрс болон усны дээж шинжилгээ хийлгэсэн. Нийт усны дээж 4, хөрсний дээж 7 өгсөн. Үүний дагуу тухайн ус болон хөрсөнд агуулагдаж байгаа элментүүдийг тодорхойлж өгсөн байна. Манай байгууллагын хувьд тухайн дээжинд байгаа элментүүдийг тодорхойлж өгдөг болохоос дүгнэлт гаргадаг эрхгүй байгууллага. Бидний гаргасан үр дүнд мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргах ёстой...” гэжээ. /2 хх-н 23-р тал /

Шинжээч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эцэст нь дүгнэхэд “Дун Юань” компани ашигт малтмал баяжуулах явцдаа байгалийн нөөцүүдэд нийт 134 сая 168 мянга 951 төгрөгний хохирол учруулсан байна. Баяжуулах үйл ажиллагаандаа химийн бодис ашиглаж, химийн бодисын ашиглалт хадгалалт хамгаалалтын дүрэм журмын мөрдөөгүй зөрчсөн байгаа нь тогтоогдлоо. Технологийн процестой химийн бодис ашиглан хоргүйжүүлэх процес хийгээгүйтэй холбоотой хөрс ус ургамал амьтан зэрэг байгальд ноцтой их хэмжээний хохирол учруулж, байгаль орчны тэнцэл алдагдуулсан байна..." гэжээ. / 2 хх-н 3-7, 5 хх-н 214-215-р тал /

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017.09.31-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын байгаль хамгаалагч С.А тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дун Юань” компани нууцаар хүдрийн баяжмал тээвэрлэж байсныг сумын засаг дарга, цагдаагийн төлөөлөгчийн хамт саатууллаа гэж мэдэгдсэн. Үүний дагуу би зохион байгуулалтын арга хэмжээг авч тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.М-д шилжүүлж өг гэж Амаржаргалд хэлсэн. ...Дараа нь 10 дугаар сарын 28-ны шөнө дахин 1 ачааны автомашин баяжмал тээвэрлэсэн талаар А мэдээд мөн М болон сумын хэсгийн төлөөлөгч М-д шилжүүлж өгсөн гэдгийг манай аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын, газрын хэвлий ашигт малтмал, үнэлгээ, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн О надад хэлсэн. Үүний дагуу сүүлийн үйлдэл дээр нь аймгийн прокурорын газраас 172800112 дугаартай хэрэг үүсгэн шалгасан. ...Ингээд аймгийн эрх бүхий байгууллагын төлөөлөл оролцсон хурал 2018 оны 01 сарын сүүлээр болоход чиглэл, чиглэлээрээ мэдээлэл хийсэн. Тэгээд мэдээлэл сонсож байхад мал эмнэлгийн эмч нь янгир ямаа хордож үхсэн гэсэн шинж илрээгүй, хүнд металын шинжилгээ хийгээгүй, хийлгэе гэвэл нөөц дээж байгаа гэж байсан. Тэгээд холбогдох чиглэлүүдийнхээ дагуу хаягдлын усан сангаас ус шүүрч байгаа тул дахин мал амьтан оруулахгүйгээр хашаа татуулах ажлыг зохион байгуулж, хашаа татуулсан байгаа. 2017.02.20-ны өдөр “Сайхан ариун дэлхий” нэртэй компанийн гаргасан “Дун Юань” компанийн Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Хар толгойн холимог металын ордыг ашиглах явцад байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээтэй танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Нийт учирсан хохирол болох 134.168.951 төгрөгийн хохирлын “Дун Юань” компаниас нэхэмжилж байна...” гэжээ. /хх-н 40-41, 4 хх-н 174-175-р тал /

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2017 оны 10 сарын 29-ний шөнө 00 цагийн үед ээж над руу хөдөөнөөс утсаар яриад “Дун Юань” компаниас нэг машин гарлаа” гэж хэлэхээр нь би Амаржаргалтай холбогдоод цагдаад хэлээд А, С, М нарыг хамт баруун талын зам дээр тосоод байхад манай сумын иргэн жолооч Г-О-д боловсруулсан баяжмал ачсан машин бариад ирж байсан. Тэгээд цагдаа зогсоогоод шалгахад байгаль хамгаалагч А үзээд жолооч Г-О-д өөрөө баяжмал ачаад явж байна гээд хаашаа явж байгаагаа хэлэхгүй байсан. Тэгээд машиныг сумаас 2 км-н зайтай түгжээд О-д мэдэгдсэн. Маргааш нь аймгаас ажлын хэсгийн гээд салбар салбарын хүмүүс бүгдээрээ ирсэн. Миний хувьд иргэний үүргээ биелүүлээд өргөдлөө бичээд сумын төлөөлөгч М-д шалгуулахаар өгсөн. Тэгээд шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллага цааш нь үргэлжлүүлсэн. Надад эргээд цагдаагаас гаргасан өргөдөлд чинь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах алба руу явуулсан гэж хэлсэн. Ахиж тус уурхайгаас машин тэрэг баяжмал ачиж яваагүй. Миний хувьд 2014 онд тусгай зөвшөөрөл нь дууссан байхад яагаад баяжмал ачаад машин яваад байгаан бол хууль зөрчөөд байна гэж үзээд л зохих байгууллагад нь хандаж мэдээлсэн...” гэжээ. /1хх-н 42-45-р тал/

Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017.10.01-нээс 02-нд шилжих шөнө суман дээрээ эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад сумын урд зүгээс 4 шаланз ирж байхаар нь зогсоогоод шалгасан чинь цагаан өнгийн том том шуудайтай зүйл ачсан Норд бенз маркийн автомашинууд “Дун Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайгаас хар тугалганы баяжмал гэх зүйл ачаад Улаанбаатар орох гээд явж байна гэсэн. Тэгээд би энэ талаар сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэж асуусан чинь “Дун Юань” ХХК нь химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл аваагүй байгаа баяжмал гаргахгүй байх ёстой гэж аймгийн дарга нараас асууж тодруулна гэж хэлсэн. Тэр өдөр манай төлөөлөгч чөлөө аваад явчихсан эзгүй байсан болохоор бас байгаль орчны байцаагчаас ямар нэг хариу өгөхгүй байхаар нь Өмнөговь аймаг дахь цагдаагийн эдийн засгийн мөрдөгчид энэ талаар танилцуулсан чинь Номгон суман дээр очиж шалгана байлгаж бай гэж хэлсэн...” гэжээ. /4хх-н 129-р тал/

Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017.10.28-наас 29-нд шилжих шөнө Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн нутагт орших “Дун Юань” ХХК-иас ачааны машин явлаа гэсэн иргэдийн мэдээллийн дагуу 01 цагийн орчимд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт дуудлага өгч Номгон сумаас ертөнцийн зүгээр баруун урд байрлах Дун овоо орчимд явж байсан автомашиныг зогсоогоод юу ачаад явж байгаа гэхэд, баяжмал тээвэрлэж явна, Цогтцэций орно гэж хэлсэний дагуу шалгахад 33 ширхэг ууттай баяжмал байсан. Тэгээд сумын төв рүү оруул гэхэд дугуй хагарсан би явж чадахгүй гэсэн тул машины бичиг баримтыг цагдаа аваад сумын төв рүү орсон. “Дун Юань” ХХК нь зөвшөөрөлгүйгээр боловсруулалт хийж баяжуулсан тээвэрлэсэн тул, уг тээврийн хэрэгслийг тийм зөрчилтэй байсан тул саатуулсан. "Дун Юань” ХХК нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж баяжмал тээвэрлэж байсан, баяжмалаас их хэмжээний ус автомашины чиргүүлнээс доош газарт шүүрч байсан...” гэжээ. /1хх-н 49, 97-99-р тал/

“Дун-Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайгаас хүдрийн баяжмал ачиж явсан автомашины жолооч О.С /Толгойн дугаар 41-33 ДГО, чиргүүл 23-23 ГЧ/, Б.Б /Толгойн дугаар 36-25 ДГО, чиргүүл 11-86 ГЧ/, Э.З Толгойн дугаар 35-21 УНГ, чиргүүл 26-18 ГЧ/, Ж.Г / Толгойн дугаар 35-12 УНГ, чиргүүл 37-83 БЧ./ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд / 4хх-н 136-137, 138-139, 140-141, 142-143, 186, 188-р тал/

Гэрч Х.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уурхайн даргаар  Ф.З.Х, /F.Z.H/ гэх хятад хүн ажиллаж, тушаал заавар өгч байсан... Химийн бодисоо контейнэрт хадгалж байгаа түүн дотор 2015 онд ажиллахад ашигласан хуучин химийн бодис байгаа хэр их байгааг мэдэхгүй, лацтай байгаа, харин 2017 онд ашигласан химийн бодисыг контейнэрт хийгээгүй ил баяжуулах үйлдвэрийн гадна хурааж ашиглаад дуусгасан одоо гадаа ил химийн бодис байхгүй. Хир хэмжээний бодис байсан талаар мэдэхгүй байна...” гэжээ. /1хх-н 62-63-р тал/

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Үүний дараа манай газрын дарга, Номгон сумын байгаль орчны улсын байцаагч, цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч нарын хамт үйлдвэр дээр нь очоод үзлэг хийхэд үйлдвэр ажиллаад баяжмалуудаа ачиж яваад 1.7 тонны даацтай 11 шуудай баяжмал үлдсэн байдаг. Энэ үйлдэл дээр тухайн үед 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2017 оны 07 сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн шинэ хуулийн зүйлчлэлтэй холбоотойгоор хэргийг 2017 оны 07 сарын эхээр хэрэгсэхгүй болгож хаасан байсан. Үүний дараа буюу 2017 оны 08 сарын сүүлээс эхлээд тус компани ажиллаад байна гэсэн мэдээллийг сумын байгаль хамгаалагч дамжуулж хэлж байсан. Би өөрөө 2017 оны 09 сарын сүүлээр Канад улс руу 15 хоногийн томилолтоор яваад ирэх хооронд 4 автомашинтай баяжмал тээвэрлэж явсан үйлдлийг тус сумын байгаль хамгаалагч А илрүүлж, сумын засаг дарга Буянтогтох, татварын байцаагч М, цагдаа С нарын хамт саатуулан зогсоосон байдаг...” гэжээ./1хх-н 132-136-р тал/

Гэрч В.Ю.Ш-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уурхайн тэнд болсон асуудлыг би мэдэхгүй байна. Химийн хорт болон аюултай бодисыг хэрэглэх ашиглах тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар ч би мэдэхгүй байна. Уурхайд дааж ажиллуулж байгаа хүн нь Х.Т захирал байгаа юмаа. Тэр хүний томилсон хүн нь Ф.З.Х ба Ф.З.Хай нь уурхайн ажил хариуцсан хүн юм... Би уурхайн ажилчдад тушаал өгөөд ажиллуулах жаахан ч эрх байхгүй. “Дун Юань” ХХК нь Ж.Ч.Ю болон Х.Т гэх 2 хүний хөрөнгө оруулалттай компани, Ж.Ч.Юй нь давуу эрхтэй хувьдаа эзэмшдэг гэхдээ одоо хувьцаан дээрээ маргаантай байгаа. Х.Т. гэдэг хөрөнгө оруулагч нь өнгөрсөн жил буюу 2017 онд уурхайг бие дааж ажиллуулахаар болоод өөрөө Ф.З.Х гэдэг хүнийг томилж явуулсан... Бид нар өөр өөрсдийнхөө чиглэлээр хариуцсан ажлаа хийдэг болохоор тэр нь илүү эрх мэдэлтэй гэсэн зүйл байхгүй. Би Улаанбаатар дахь компанийн арын ажлыг хариуцдаг бол Э Монгол талын ажилчид болон бичиг баримтуудыг, Ф.З.Х. болохоор уул уурхайн ажлаа хариуцаж ажилладаг юм...” гэжээ. /1хх-н 58-59-р тал/

Гэрч Г.Б-Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...20 тонны контейнэрт хуучин химийн бодисыг хурааж лацдсан байсан. Харин баяжуулах үйлдвэрийн 3-р шатны зүүн талын хаалганы хажууд 2-3 төрлийн 30-40 ширхэг 50 кг-н шуудайтай химийн бодисыг ил хураасан байсан. Тэгээд би энэ химийн бодисыг ил байж болохгүй агуулахдаа хураах хэрэгтэй гэж хэлээд хураагаагүй. Тэгээд үйлдвэртээ химийн бодисоо ашиглаад дуусгасан. Би Ф.З.Х-с орчуулагч Ц гэх хүүхнээр дамжуулаад “та нар ямар ажил хийгээд байгаан бэ” гэж асуулгахад Фан Зэн Хай бид нар техникийн туршилт хийж байна гэж хэлдэг байсан... Уурхайн дарга Ф.З.Х л бүх ажлыг хариуцаж удирдаж, шийдвэр өгч ажиллаж байсан...” гэжээ./1хх-н 90-92-р тал/

Гэрч Д.Б-Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намайг Л гэх хятад зуучилж Э танилцуулсан. Л гэдэг хятад болохоор “Дун Юань” компанид ажилладаг хүн. Э-с өөр надтай холбогдоогүй, Э өөрийгөө компаний монгол талын захирал, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг гэж байсан. Энэ 82 тонн натрийн сульфид нэртэй химийн бодисыг Хятадын хаанаас худалдан авсан талаар мэдэхгүй байна, “Дун Юань” компаниас Э л уг химийн бодисыг худалдан авч уурхайд ашиглах хэрэгтэй байна гэж яриад байсан. Энэ химийн бодисоор баяжмал боловсруулдаг гэж ойлгодог, ямар хэмжээний хортой талаар мэдэхгүй байна...” гэжээ./1хх-н 118-120-р тал /

Гэрч Л.Х.М./L.H.М/-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сард манай найз Х.Б /Н.B/ “Дун Юань” компаний захирал Ж.Ч.У гэх хүнтэй танилцуулсан. Тэр үед Ж өөрийгөө “хувьдаа Өмнөговь аймгийн Номгон суманд цайр, хар тугалганы уурхай ажиллуулдаг, тэрийгээ ажиллуулах гэсэн чинь тэсэлгээний компани байхгүй, ажлаа хийж чадахгүй байна, чи уурхай сайн мэддэг юм чинь хамтран ажиллая” гэсэн санал тавиад би зөвшөөрөөд Ж.-н уурхайн тэсэлгээний ажил дээр хамтран ажиллахаар болсон. Энэ үед “Дун Юань” компанийн гүйцэтгэх захирал Э гэх хүнтэй танилцсан, Э манай компанийн тэсэлгээний тусгай зөвшөөрөлтэй танилцаж, судлаад 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ТА17/07 дугаартай тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээг байгуулсан. Уг гэрээнд “Дун Юань” компанийн 2017 оны уулын ажлын төлөвлөгөөнд заасан батлагдсан талбайд ажиллахдаа 1 сарын ажлын хөлс нь 8.000.000 төгрөгийн төлбөрөөр тохироод 1 жилийн хугацаатай ажиллахаар болсон. Ингээд нийт 24 хятад, 65 монгол иргэдийг Ж-н уурхай дээр тэсэлгээ болон хүдэрийн баяжмал олборлохоор авч ирсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 300-400 мянган тонн хүдрийн баяжмал олборлосон бөгөөд олборлосон баяжмалыг баяжуулах үйлдвэрт өөр хүмүүс химийн бодис ашиглан баяжуулж байсан. Баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятадуудыг Ф хариуцаж байсан, Ф өөрөө уурхайн даргаар ажиллаж байсан... 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Х.Б./Н.В./-ний ярьсан Баянзүрх дүүргийн тэнд айлын хашаанд химийн бодисыг түр буулгаад 14 хоног болгоод тэндээс ачааны машинд ачаад уурхай руугаа явуулсан. Тэр химийн бодис нь ямар ч бичиг баримтгүй байсан, Э бичиг баримт хийгээд өгөх хүн байна уу гээд яриад яваад байсан. “Дун юань” компани уурхайдаа хичнээн төрлийн химийн бодис ашиглаж байсан талаар мэдэхгүй байна, цагаан ууттай олон тооны шуудайтай химийн бодис байсан нэрийг нь мэдэхгүй байна. ...Э өөрөө химийн бодисыг тухайн хашаанд буулгаад уурхай руу ачуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж байсан. Мөн уурхайн дарга Ф.З.Х ч гэсэн мэдээд химийн бодисыг хэрэглэх шаардлагатай гэж байсан...” гэжээ. /4хх-н 228-230-р тал/

Гэрч Л.Б. /L.В./-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2017 оны 11 сарын эхээр Ж-н утсаар яриад “уулзая манайд ажил явахгүй байна, боловсон хүчин болохгүй байна” гэхээр нь би зөвшөөрөөд Улаанбаатар хотод байдаг компанийн байран дээр нь очоод Ж-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаад уурхай хариуцсан захирал гэдэг албан тушаалд тавьсан. Гэтэл тэр үед уурхайн үйл ажиллагаа бүрэн хаагдсан, цагдаагаас шалгаад эхлэсэн байсан. Өмнө нь байсан уурхайн дарга Ф. гэх хүн нь хятад руу явчихсан гэж байсан. Би “Дун юань” компаний дотор нь ороод ажиллаад эхлэхэд Ж-н нь хөрөнгө оруулагч Х-н гэх хүнтэйгээ харилцаа муутай, маргаан үүссэн, уурхайн байдал олон жил ашиггүй зогсонги байдалтай ажиллаж байсан. Тэгээд монгол талын гүйцэтгэх захирал Э байсан, Э өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан...” гэжээ./1хх-н 83-85-р тал/

Гэрч Н.У. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уурхайн даргаар Ф.З. Х гэж хүн хятадуудыг баяжуулах үйлдвэр ажиллаж байсан, ямар ч монгол хүн байгаагүй, баяжуулахын инженер гэж монгол хүн байх ёстой гэтэл байгаагүй. Тэгээд баяжуулах үйлдвэр лүүгээ оруулдаггүй, ажиллахгүй байгаа засвар үйлчилгээ хийж байгаа, туршилт хийж байгаад байдаг байсан. Би нэг удаа баяжуулах үйлдвэр лүү ороод мэргэжлийн хүнээр нүдээр харахад ажиллаагүй, баахан 1.5 тоннын даацтай шуудайнд маш боловсруулсан баяжмал байсан. Тэгэхээр баяжмал гаргасан байгааг харахад химийн бодис зайлшгүй ашиглаж гаргасан байж таарна. Тэгээд би Э захирал холбогдох тусгай зөвшөөрлүүд байхгүй байна, мөн химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй баяжмал гаргаад байна гэхэд удахгүй зөвшөөрлүүд гарна, манайх үйл ажиллагаа явуулаагүй л гэж хэлээрэй гэдэг байсан. Н. байх хугацаанд аймаг болон улсаас 3 удаа том шалгалт ирсэн, шалгалт ирэхээс 1-2 хоногийн өмнө Э утсаар яриад шалгалт очно шүү гэж урьдчилан хэлдэг байсан. Шалгалт ирэх үед нь баяжуулах үйлдвэр зогссон байдалтай байдаг байсан. ...Би уурхайд мэргэжлээрээ ажиллаж байгаа хүний хувьд Э захирлаас хуулийн дагуу бүрдүүлэх ёстой материал, зөвшөөрлүүдийг удаа дараа шаардаж байсан боловч огт гаргаж, бүрдүүлж өгөөгүй...” гэжээ /1хх-н 87-89-р тал/

Гэрч А.О /W D/-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би уурхай дээр аж ахуйн даргын ажил хийгээд оффис дээр байдаг байсан, уурхай болохоор 2 км зайтай, хэн хаанаас химийн бодис уурхай руу хүргүүлснийг мэдээгүй. Уурхайн даргаар ажиллаж байсан Ф.З.Х гэж хүн л баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг удирдаж байсан. Би баяжуулах үйлдвэр дээр очдоггүй байсан. Ф дарга надад баяжмал гаргаж байгаа талаараа яриагүй техникийн туршилт хийж байгаа л гээд байсан...” гэжээ. /1хх-н 53-54-р тал/

Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2014 онд уурхай хуулиас болоод огт ажиллаагүй, 2015 онд 06 сарын үед ...манайх химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй байхдаа үйл ажиллагаа явуулсан гээд 2016 оны 01 сараас аймгийн цагдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2017 оны 07 сард надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2016 онд эрүүгийн хэргийг шалгаж байхдаа уурхайг ажиллуулаагүй. ...Ингээд би 2017 оны 05 сарын эхээр уурхай дээр очиход хэдэн харуулаад байсан, араас нь манай ажилчид болох Б, Г-О, Б нар ирсэн. Хятад ажилчдыг 05 сарын сүүлээр Гашуун Сухайт боомтоор оруулж ирсэн. Тэр хүмүүс дотор Ф.З.Х. гэх хятад хүнийг энэ жил уурхайн даргаар энэ хүн ажиллана гэж хэлсэн. ...Тэгээд бид нар бэлтгэл ажлаа хийгээд тусгай зөвшөөрөлүүдтэй холбоотой баримтуудыг Э захирал Улаанбаатар хотод хөөцөлддөг, би аймагт шаардлагатай баримт, зөвшөөрлүүдийг бүрдүүлэх ажлыг зохицуулж байсан. Ингээд хятад ажилчид баяжуулах үйлдвэрт гагнуур хийгээд эд анги солих ажил хийж байсан. Тэгээд 2017 оны 08 cap гэхэд ерөнхийдөө баяжуулах үйлдвэрийг туршилтын журмаар ажиллахад бэлэн болгосон байсан. Тэгээд баяжуулах үйл ажиллагаа явуулах гэсэн чинь үлдэгдэл бодис бага байсан бөгөөд ахиад бодис татах шаардлага гарсан байхаа, би өөрөө удирдаж явуулаагүй. Хятад ажилчид дарга нар хоорондоо яриад л Улаанбаатар хотоос уурхайн жолооч Г-О 40 тонны урт шалаанзаар 3-4 удаа химийн бодис ачиж ирээд ил гадаа баяжуулах үйлдвэрийн гадаа хураасныг сүүлд хэрэг шалгаж эхлэх үед мэдсэн. ...2017 оны 09 сарын эхээр “Си Эм Би” нэртэй тэсэлгээний компанийн тэсэлгээчин Д хоёр залуутай хамт ирсэн. Тэсэлгээний дараа баяжмал гаргаж авах 54 монгол ажилчид байсан. Тэгээд тэсэлгээг далд уурхайд явуулж байсан. Уурхайн нэг ил газар бага зэрэг ухсан байсан, тэрийг туршилтаар л ухсан байх гэж бодоод байна. Манай уурхай ил уурхайгаар явж байгаад байгаль орчинд сөрөг гээд далд уурхайгаар ажиллах зөвшөөрөл авсан. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр 20 хоног амрахаар хот руу гэр лүүгээ яваад байж байхад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө Э утсаар яриад “4 ачааны машинтай баяжмал суман дээр баригдсан байна ямар учиртай юм бэ” гэхээр нь би мэдэхгүй байна, баяжмал гаргаагүй байсан ш дээ” гэсэн. Тэгээд намайг уурхай руу яв гээд шууд суманд очоод засаг даргатай уулзахад “танай 4 машиныг саатуулсан тусгай зөвшөөрөл бүх юмаа гаргаад ирэх юм бол явуулна” гэхээр нь би тусгай зөвшөөрөл нь гараагүй байгаа, торгуулийн арга хэмжээ авахуулаад машинаа явуулья гэсэн. Тэгээд 3-4 хоног байлгаж байгаад сумын байгаль орчны мэргэжилтэн М компанид торгууль тавиад түүнийг нь компаниас төлөөд 4 машинаа хот руу явуулсан. Тэр машинууд Багахангай дүүрэгт байдаг үйлдвэр лүү ангилан ялгах гэж л явуулсан байх би сайн мэдэхгүй байна. Тэр 4 машиныг баригдахад химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл гараагүй одоо ч гэсэн гараагүй л байгаа. Дараа нь жолооч Г-О нэг машинтай баяжмал ачаад явж байгаад баригдахад би байгаагүй, Э захирал бас над руу утсаар яриад яагаад баяжмал ачаад байгаан бэ уурхай руу явья гээд Ж-н Э бид нар сум дээр очоод сумын цагдаатай уулзаад байж байхад аймгаас Д гэх цагдаа ирээд суманд байцаалт өгөөд шөнөдөө уурхай дээр очсон. Нэг машинтай баяжмалаа буцаагаад уурхай дээр буулгасан. Одоо уурхай дээр баяжмал, химийн бодис байгаа битүүмжилсэн байгаа. Сүүлийн нэг машинтай баяжмал баригдахад шөнөдөө бүх хятад ажилчид фургонд суугаад Ф.З.Х дарга ч гэсэн хамт Гашуун сухайт боомтоор гараад явсан байсан...” гэжээ./1хх-н 69-71, 4хх-н 133-135-р тал/

Гэрч Н.Г-О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Уурхайн даргаар ажиллаж байсан Ф.З.Х-г намайг дуудаад орчуулагч Ц дамжуулаад “Улаанбаатар хот руу компаний байран дээр очоод 50 тонн-н норд бенз маркийн автомашин 3 жил хашаанд асаагаагүй байгаа тэрийг засаад асаагаад ачаа ачаад ир” гэж хэлсэн. ...Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 17, 18-ны үеэр байхаа тэр үед өдөр очоод байж байхад ...ачих ачаа нь гарааж дотор байж байсан. ...Тэгээд маргааш өглөө нь 25 кг цагаан ууттай хар англи бичигтэй бодисыг ачаад нийт 24-25 тонн орчим болсон. Г хэлэхдээ чи өөрөө мэдээд нийт 82 тонныг хувааж ачаад зөөгөөд уурхай дээр аваач гэсэн. ...бодисны оруулж ирсэн бичиг гээд хуулбарласан баримт байсан тэрэн дээрээ натрий сульфид 82 тонн гэсэн бичиг байсан. Тухайн үед Г надад “энэ бодисуудыг Замын-Үүдийн гаалиас машинаар ачиж ирсэн уурхайд хэрэглэнэ” гэсэн юунд ашиглах талаар огт хэлээгүй би асуугаагүй. Ингээд би уурхай дээр 2 хоног яваад авч ирээд баяжуулах үйлдвэрийн гадна талд буулгаж өрөөд 1 хоног болоод ахиад хот руу очоод, дахин 37 орчим тонныг ачаад мөн л уурхай дээр буулгасан. 3-н удаа бодисыг ачиж ирэхэд замд цагдаа шалгахаар нь бичиг баримтаа үзүүлээд л яваад байсан. Тэгээд би 3 дахь ачилтандаа яваад 2017.09.28-нд гэртээ ирээд амарсан... үүнээс хойш 2017 оны намар 4 машин гараад баригдаад тэрийгээ Багахангай дүүрэгт буулгасан гэж байсан, хамгийн сүүлд би 1 машинтай баяжмал ачиж яваад баригдаад буцаагаад уурхай дээр буулгасан. Өөр уурхай ажиллаж баяжмал гаргаж байгаагүй. Уурхай ажиллах хугацаандаа хэр их химийн бодис ашигласан талаар мэдэхгүй байна. Би 2017.09.10-наас 28-ны хооронд 80 тонн натрийн сульфид гэх бодисыг 3 хувааж ачааны автомашинаар уурхай руу зөөсөн. ...Уурхайн дарга Ф.З. Х химийн бодис ачаад ир гэсэн гэж хэлсэн. Энэ талаар бусад дарга, захирал нар мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Уурхайн хашаанд 20 тонн-н контейнэрт бодис хийгээд лацдсан байсан, миний ачиж авчирсан бодисыг шууд ашиглана гэж хэлээд контейнэрт хийгээгүй ил буулгаад гялгар уутаар хучсан...” гэжээ./1хх-н 72-74, 76-77-р тал /

Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би “Дун Юань” компанийг төлөөлж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Реагент боракс” гэх компаниас Натрийн сульфид гэх химийн бодис худалдан авахаар гэрээ байгуулаагүй. ...Би өөрөө Улаанбаатар хотод байдаг болохоор уурхай дээр худалдаж авч байгаа химийн бодис болон бусад зүйлийг тухайн үед хөрөнгө оруулагч Х.Т.-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ф.З.Х гэх хүн уурхайн даргаар томилогдон ажиллаж байсан. Энэ хүн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ф.З.Х уурхай дээрээ байсан, уурхай үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг мэдэхгүй байна. Ф.З.Х өөрөө уурхайд шаардлагатай худалдан авалтуудыг бие даан шийдэж байсан гэж би компанийн ажилчдаас сонссон. Өнгөрсөн жилийн хувьд уурхайд худалдан авахтай холбоотой зардлуудыг төв компаниар дамжуулалгүйгээр Ф.З.Х Хятад улс руу шууд харьцаад шийдээд байсан гэж сонссон...” гэжээ. /1хх-н 56-р тал/

Ч.Э хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Химийн бодисыг 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатарт ирэхэд нь би Улаанбаатар хотод байгаагүй, би БНХАУ-д байсан. Наад химийн бодис гэдэг зүйлийг урдаас ирүүлэх хэрэгтэй байна гэхэд нь манай компани зөвшөөрөлгүй учраас хилээр оруулах боломжүй гэдгийг уурхайн удирдлага Ф.З.Х, /F.Z.H/ -д хэлж байсан... Химийн бодисын зөвшөөрлийг авахын тулд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан байх ёстой, үүний дагуу эрх бүхий компанитай гэрээ байгуулж дээрх үнэлгээг хийлгүүлж БОАЖЯ-наас химийн бодисын зөвшөөрөл авахаар хандсан, зөвшөөрлийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлдэг тул шийдвэр гарахыг хүлээж байсан...” гэжээ. /4хх-н 87, 177-178, 180-181, 5хх-н 66-67-р тал /

Хэргийн газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-н 23-32, 184, 4 хх-н 104-105, 109-113, 4 хх-н 192-196-р тал/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 22, 4 хх-н 106-108-р тал/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2017.11.02-ны өдрийн 01 тоот прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1хх-н 34-37-р тал /

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2018.09.27-ны өдрийн 1917 дугаартай прокурорын тогтоол /5 хх-н 153-154-р тал/, Баяжуулах үйлдвэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 5хх-н 158-175-р тал /, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх-н 103-105, 218-221, 222-р тал/, Лац тавьсан тухай тэмдэглэл, Лац хөндсөн тэмдэглэл /1хх-н 33, 4хх-н 154-161-р тал/, Уурхайд гаднаас ирсэн, тээврийн хэрэгсэл, хүмүүсийн бүртгэлийн хуулбар, “Дун Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайн 2015 оны баяжмалын агуулахын бүртгэлийн хуулбар /4хх-н 119-123-р тал/, 82 тонн химийн бодис түр хадгалсан гэх хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-н 71-75-р хуудас/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06/840 дугаартай “2724146 регистрийн дугаартай “Дун Юань” ХХК нь 2013 онд тус яамнаас химийн хорт болон аюултай бодистой холбоотой тусгай зөвшөөрөл аваагүй болно” гэсэн утгатай албан бичиг /4хх-н 200-р тал/, Химийн хортой, аюултай бодис импортлох, худалдах тусгай зөвшөөрөлтэй “ЭМНГ” ХХК- ийн 0000588 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар, Монгол улсын Замын-Үүд дэх гаалийн боомтоор 82 тонн натрийн сульфид бодисыг 2017.08.18-ны өдөр оруулж ирсэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /4хх-н 57-58-р тал/

 “Сайхан Ариун дэлхий” ХХК-иас гаргасан “Дун Юань” ХХК-ийн Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Хар толгойн холимог металлын ордыг ашиглах явцад байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ /1хх-н 209-250, 2хх-н 1-2-р тал/, Геологийн төв лабораторийн 2017.11.28-ны өдрийн ХФ 2017/2397 дугаартай, 2018.10.04-ний өдрийн ЦЛ 2018/0338, ЦЛ 2018/0337 дугаартай, 2018.10.05-ны өдрийн ХФ 2018/2398, ХФ 2018/2399 дугаартай шинжилгээний дүн /2хх-н 11-12, 5хх-н 178-182, 185-189-р тал /, “Хан лаб” итгэмжлэгдсэн лабораторийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2017/1034 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2017/1039 дугаартай шинжилгээний дүн /2хх-н 13-21-р тал/, “Дун Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэрт үзлэг хийн дээж авсан бодисуудад химийн бодис илрэх эсэх талаар гаргасан шинжээч Т.О-н 2018.10.12-ны өдөр гаргасан дүгнэлт /5хх-н 196-212-р тал/, шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/- нь Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Дун-Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайн даргаар ажиллах хугацаандаа компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн компанийн жолооч Н.Г-О-д үүрэг өгөн тусгай зөвшөөрөлгүйгээр Натри Сульфид гэх 82 тонн химийн хорт бодисыг Баянзүрх дүүргийн 11 хороо, товчооны 6-82 тоот хашаанаас Хар толгойн уурхайд 2017 оны 9 дүгээр сарын 10 наас 28-ны өдрийн хүртэл хугацаанд хууль бусаар тээвэрлэсэн,

Мөн Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэр дотор болон гадна орчинд 2017.09.12-ноос 2017.10.29-ний хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис болох Натри Сульфид-ийг хууль бусаар хадгалж, улмаар тусгай зөвшөөрлийн дагуу олборлосон хүдрийг боловсруулах зорилгоор дээрх химийн хорт, аюултай бодисыг ашиглаж гаргасан хүдрийн баяжмалаас 203.75 тонныг 4 автомашинд ачуулж, 2017.09.30-наас 2017.10.02-ныг хүртэл хугацаанд Номгон сумын төв хүртэл, 60 тонн хүдрийн баяжмалыг 1 автомашинд ачуулж, 2017.10.28-29-ний өдөр хүртэл Номгон сумын Дун-овоо гэх газарт хүртэл тус тус тээвэрлэсэн,

Мөн 2017 оны 9 дүгээр сараас 2017.10.29-нийг хүртэл хугацаанд хууль бусаар олж аван тээвэрлэсэн химийн хорт, аюултай бодис болох 82 тонн Натри сульфидийг хууль бусаар хадгалж, ашиглан хүдрийн баяжмал бэлтгэх явцдаа баяжуулах технологийн горимыг зөрчсөнөөс говь цөлийн хуурай ландшафтад гадаргын ил урсац үүсгэсэн, далд уурхайн шүүрлийн усыг байгальд шууд асган 5120м2 хөрс талбай химийн бодисоор бохирдуулж, 2.27га талбайд эвдрэл үүсгэж, 41150м3 ухаш бүхий эвдрэлийг газрын хэвлийд үүсгэсэн зэргээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 134.168.951 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээч нарын дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ф.З.Х, /F.Z.H/-д зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирол төлбөрийн хувьд

Прокуророос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролыг 134.168.951 төгрөгөөр тогтоож ирүүлсэнийг үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П-с “Дун Юань” ХХК-иас  байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжилсэн 134.168.951 төгрөгийг  шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ нь мөрдөн байцаалтын шатанд төлсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нөхөн төлсөн гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн 177 уут баяжмалыг битүүмжилсэн бөгөөд уг гэмт хэрэг гарахаас өмнө буюу 2015 оны 8 сарын 31-нд 79072.67 кг баяжмал, 20015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 291833.62 кг баяжмал, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 68147.19 кг баяжмалыг Дун Юань ХХК нь агуулахдаа оруулж бүртгэсэн бүртгэл 4 дүгээр хавтаст хэргийн 150-152 хуудсанд авагдсан байна.

Иймд 2015 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд нийт 439053,48 кг баяжмалыг Дун Юань ХХК нь агуулахдаа бүртгэлж оруулсан нь нотлогдож байна. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 177 уут /1 уут нь 1 тонн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл дурдсан/ баяжмалаас 439053.48кг буюу 44 уут баяжмалыг хууль ёсны эзэмшигч “Дун Юань” ХХК-д буцаан олгох нь зүйтэй.

Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 177 уут баяжмалаас 133 уутыг, 1650 ширхэг уут химийн бодисыг тус тус улсын орлогод оруулж,  44 уут баяжмалыг хууль ёсны эзэмшигч “Дун Юань” ХХК-нд буцаан олгох, шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ -г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Ф.З.Х, /F.Z.H/ -г 15000 / арван  таван  мянга/-н нэгж буюу 15.000.000 / арван таван сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ -д оногдуулсан 15.000.000 / арван таван  сая/  төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 177 уут баяжмалаас 133 уут, 1650 ширхэг уут химийн бодисыг тус тус улсын орлогод оруулж,  44 уут баяжмалыг хууль ёсны эзэмшигч “Дун Юань” ХХК-нд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ -д урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ