Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 175

 

 Т.Б, Н.Т, Г.С  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Г.С , шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Б.Батцэнгэл, хохирогч П.А, түүний өмгөөлөгч Т.Баярбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр магадлалтай, Т.Б, Н.Т, Г.С  нарт холбогдох 1839 00404 0300 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Г.С

2. Монгол Улсын иргэн, Т.Б

3. Монгол Улсын иргэн, Н.Т 

Т.Б, Н.Т, Г.С  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүх шүүгдэгч Г.С г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг, Т.Б, Н.Т нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1-д зааснаар Т.Б, Н.Т нарыг гэмт хэргийн хор уршгийг 6 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.С г гэмт хэргийн хор уршгийг 6 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Б, Н.Т нараас тус тус 9.159.624 төгрөгийг гаргуулж хохирогч П.Ад, шүүгдэгч Г.С гаас 4.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.О д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаас “Хэрлэн сум 4-р баг Сариг А57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү1817004122 дугаар бүхий 15.68м2 талбайтай авто зогсоолыг” гэснийг хасч,

шийтгэх тогтоолд “Хэрлэн сум 4-р баг Сариг А57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү1817004122 дугаар бүхий 15.68м2 талбайтай авто зогсоолыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хэвээр үлдээсүгэй” гэсэн заалтыг шинээр нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд П.А нь 2018.01.08-ны өдөр Т.Бд 7.547.000 төгрөгийг зээлж байсан бөгөөд Т.Б нь 2 хоногийн дараа буюу 2018.01.10-ны өдөр 604.000 төгрөгийн хүү нэмж, нийт 8.151.000 төгрөгийг буцаан төлсөн болох нь 4-р хх-ийн 109-р хуудсанд байгаа П.А-н 5935056466 тоот дансны хуулганд байдаг. Үүнээс өөр буюу 2018.01.03-04-ний өдрүүдэд П.А нь Т.Бд нэг төгрөг ч өгч байгаагүй байна.

Харин П.А нь дансаар 7 удаа, бэлнээр 1 удаа, нийт 8 удаа 36.500.000 төгрөгийг Н.Тд зээлүүлсэн бөгөөд Н.Т нь 19.030.000 төгрөгийг эргүүлэн төлж 17.470.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эдгээр гүйлгээ нь 3-р хх-ийн 119, 194, 195-р хуудсанд байгаа П.А 5935056466, 5954132038 тоот дансны хуулгуудаар нотлогдож байгаа.

П.А, Н.Т нарын хоорондох 8 удаагийн зээлүүдээс төлөгдсөн 19.030.000 төгрөгийн зээл нь ямар нэгэн Зээлийн гэрээгүй байдаг. Харин 2018.01.03-ны өдрийн 13.000.000 төгрөгийн болон 2018.01.04-ний өдрийн 13.500.000 төгрөгийн зээлүүд нь тус тус Зээлийн гэрээтэй болох нь 3-р хх-ийн 198-199-р хуудсанд байдаг. Гэхдээ П.А нь Н.Тд 2018.01.03-ны өдөр зөвхөн 13.000.000 төгрөг өгөөгүй бөгөөд гэрээгүйгээр 3.500.000 төгрөг нэмж нийт 16.500.000 төгрөг өгсөн байдаг. Түүнчлэн 2018.01.04-ний өдөр мөн л 9.000.000 төгрөг дээр нэмж 4.500.000 төгрөг өгсөн байдаг.

Гэтэл П.А нь 2018.01.03-ны өдөр өгсөн 16.500.000 төгрөгийнхөө 13.000.000 төгрөгийг нь залилуулсан, 2018.01.04-ний өдрийн 13.500.000 төгрөгийнхөө 4.500.000 төгрөгийг нь залилуулсан болж таарч байна.

Нэг өдөр 2 удаа буюу нийт 16.500.000 төгрөг зээлүүлсэн атлаа Зээлийн гэрээтэй 13.000.000 төгрөгөө залилуулсан, зээлийн гэрээгүй өгсөн 3.500.000 төгрөгөө залилуулаагүй. Маргааш нь мөн 2 удаа буюу 13.500.000 төгрөг зээлүүлэхдээ нийлбэр дүнгээр нь Зээлийн гэрээ байгуулсан байхад 9.000.000 төгрөгийг нь залилуулаагүй, 4.500.000 төгрөгийг нь залилуулсан гэдэг нь ойлгомжгүй байна.

Хоёр: Т.Б нь тухайн өдрүүдэд П.Аы нэгэн адил Н.Тд мөнгө зээлүүлж байсан байдаг. Тухайлбал: 1. 2018.01.02-ны өдөр 13.000.000 төгрөг, 2018.01.03-ны өдөр 4.000.000 төгрөг, 2018.01.04-ний өдөр 10.000.000 төгрөг буюу нийт 27.000.000 төгрөгийг Н.Тд зээлүүлсэн болох нь Н.Т, Т.Б нарын дансны хуулгуудаас харагддаг.

Т.Б нь Н.Тэгшжаргаптай бүлэглэн П.Аыг залилж мөнгө зээлүүлээд авлагаа авсан бол Н.Тд гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа 2018.01.03-04-ний өдрүүдэд мөнгө зээлүүлэхгүй байсан. Арай гэж Н.Таар гэмт хэрэг үйлдүүлэн байж авлагаа авчихаад дахиад юуг нь авах гэж дахин мөнгө зээлэх юм бэ? Үүнээс үзэхэд П.Аыг Н.Т залилж байна гэдгийг мэдээгүй учраас өөрөө ч бас 14.000.000 төгрөг зээлүүлж хохирсон байдаг.

Гурав: Залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн гээд байгаа 2018.01.03, 04-ний өдрүүдэд П.А нь Н.Тд мөнгө зээлүүлэхдээ Зээлийн гэрээ байгуулсан, барьцаа хөрөнгө авсан, баталгаа бичүүлж авч үлдсэн, эгчтэйгээ Дорнод аймагт Банк бус ажиллуулж байгаа гэж хэлсэн болохыг нь тэмдэглэн авсан байдаг. Энэ нь 3-р хх-ийн 196-199-р хуудсанд авагдсан байдаг. Тэгвэл Н.Т нь Дорнод аймагт эгчтэйгээ нийлээд Банк бус нээсэн гэж хэлж байсан гэдгийг нь Т.Б мэдүүлсэн байдаг. Үүгээрээ Т.Б, П.А нар нь адил мэдүүлсэн бөгөөд Н.Тын тухайн үед хэлж байсан үгийг П.А тэмдэглэн авснаар энэ нь баталгаажсан байдаг. Мөн П.А нь 3-р хх-ийн 33-35-р хуудсанд мэдүүлэхдээ “... Тэгэхээр нь би байрных нь ордерийг авч үлдээд дахин Төрийн банкнаас хадгаламж барьцаалсан зээлээр 9.000.000 төгрөг авсан” гэдэг. Н.Т нь 3-р хх-ийн 59-61-р хуудсанд мэдүүлэхдээ “... Би ингэж очихдоо өөрийнхөө нэр дээр Дорнод аймагт байдаг 3 өрөө байрныхаа ордерийг авч очоод орхисон. Тэгээд П.А эгч итгээд 9.000.000 төгрөг зээлсэн” гэдэг. Шүүх хуралдаан дээр П.А, Н.Т нараас тодруулахад уг ордерийг “7 хоног орчим барьцаалж байгаад сайн дураараа буцааж өгсөн” гэдэг. Тэгэхээр тухайн үедээ Зээлийн гэрээнээс гадна 3 өрөө байрны ордерийг барьцаалж байсан байна. Тэгэхээр Зээлийн гэрээтэй, барьцаа хөрөнгөтэй/барьцаалагч сайн дураараа барьцаагаа чөлөөлсөн/ байгаагаас үзэхэд Иргэний эрх зүйн харилцаа байна. Хэрэв үүнийг залилан гэж үзвэл Т.Б нь П.Аы нэгэн адил Н.Тд залилуулсан хохирогч болох ёстой атал П.А, Н.Т нарын худал мэдүүлэгийн улмаас яллагдагч, шүүгдэгч, улмаар ялтан болоод байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний бие Н.Таас асуухад “П.Ааас мөнгө авч Т.Бд, Т.Бгаас мөнгө авч П.Ад өгч байсан” болохоо мэдүүлсэн байгаа. Энэ нь хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт тусгагдсан байгаа. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд П.А, Н.Т нарын дунд үүссэн Зээлийн гэрээний харилцааны улмаас 17.470.000 төгрөгийн өр авлагын зөрүү гарсан, үүнийг залилангийн гэмт хэрэг гэж үзвэл Т.Б ч мөн адил Н.Тд залилуулсан байна. Гэтэл Анхан болон Давж заалдах шатны шүүх нь Т.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байх тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020.08.26-ны өдрийн 2020/ШЦТ/49 тоот шийтгэх тогтоол, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 2020/ДШМ/49 тоот магадлалаас Т.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Б гаргасан гомдолдоо “... Н.Т нь надаас 2018 оны 1 сарын 2, 3, 4-ний өдрүүдэд 27.000.000 төгрөг, 2018 оны 2 сарын 8, 9, 10 гэсэн 3 өдөр бас дараалан авсан. Энэ сүүлийн 2 сарын мөнгө 19.300.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Би нэг нотариатаар орсон бичигтэй л үлдсэн байгаа. ... Иймээс Бор-Өндөр сумын шүүх болон Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэмгүй хүнийг гэмт хэрэгтэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрч чадалгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлоо гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч М.Энхтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа Н.Тын хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Т.Б нь өөрийн зээлүүлсэн мөнгөө авахын тулд П.Ад худал хэлүүлж, түүнийг залилж мөнгө авсан ба тэр даруйд дансандаа шилжүүлсэн байдаг. 2018 оны 01 дүгээр сарны 04-ний өдөр Т.Бгийн мөнгийг өгөхийг тулд 4.500.000 төгрөгийг нэмж авсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан” гэв.

Хохирогч П.Аы өмгөөлөгч Т.Баярбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдааП.Аы хохирлыг барагдуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот прокурорын тогтоолоор Т.Бгийн эзэмшлийн газар, Н.Тын өмчлөлийн нэг өрөө сууц, авто зогсоолыг битүүмжилсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална” гэж, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно” гэж заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэгийг нь битүүмжлэлээс гаргаад нөгөөг нь гаргаагүй нь мөн үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг өөрчилж, прокурорын тогтоолыг хэвээр үлдээлгэхээр гомдол гаргасныг дэмжиж байна” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээАнхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б, Н.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан. Хэрэгт авагдсан хохирогч П.А болон гэрч нарын мэдүүлэг бусад баримтуудаас харахад П.Ад Н.Тыг мөнгөтэй, хөрөнгөтэй гэж ойлгуулж, түүнээс мөнгө зээлж авахуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна. Анхан болон давж давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг танилцуулж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Т.Б, Н.Т, Г.С  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.С  нь иргэн С.О гаас түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээл хаана гэж худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 06 дугаа сарын 21-ний өдөр 3.100.000 төгрөг, мөн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг буюу нийт 6.900.000 төгрөг авч залилсан,

Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Наран плаза" худалдааны төвд Н.Ттай бүлэглэн улмаар түүгээр дамжуулан Хэнтий аймгийн харьяат иргэн П.Атай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар зээл хаана гэж итгүүлэн хуурч иргэн түүнээс 13.000.000 төгрөгийг авч залилсан,

мөн Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Н.Ттай бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт /Хаан банкны АТМ/ иргэн П.Атай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар Н.Тд мөнгө шилжүүлж байна гэж хуурч иргэн П.Ааас 4.500.000 төгрөгийг, Н.Таар дамжуулан авч залилж бусдад нийт 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсноос гадна энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага тэдгээрийн үйлдэл, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Б нь бусдад мөнгө зээлдүүлэн хүү бодож ашиг олох замаар өөрийн хөрөнгийг эргэлтэнд оруулдаг байсан боловч зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн Н.Т, Г.С  нарт мөнгө зээлэх хүнийг дахин олж өгөх, улмаар өөрийн мөнгийг тэдгээрээс авахын тулд хохирогч нарт зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж залилах замаар уг гэмт хэрэгт оролцсон байх тул шүүгдэгч Т.Б болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын “Т.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хууль ёсоор зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг эрүүгийн хэргийн хохирлыг нөхөн төлүүлэхэд ашиглах үндэслэл байхгүй тул шүүгдэгч Н.Тын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Саригийн А-38 дугаар байрны 32 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-1817003410 дугаартай 30.34 м2 талбай бүхий “Заг капитал” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, харин Хэний аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А-57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаар бүхий 15.68 м2 талбайтай авто зогсоолыг хохирлыг төлүүлэхээр шилжүүлэх өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр магадлалын 1 дэх хэсгийг “Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А57 дугаар байрны 00 давхрын 01 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаар бүхий 15.68 м2 талбайтай авто зогсоолыг хохирлыг нөхөн төлүүлэхээр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Ч.ХОСБАЯР