Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0738/З |
Дугаар | 221/МА2019/0309 |
Огноо | 2019-06-05 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2019/0309
2019 оны 06 сарын 05 өдөр Дугаар 221/МА2019/0309 Улаанбаатар хот
“С...” ХХК -ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, Е.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0115 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “С...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0115 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28, 4.1.29, 4.1.30, 4.1.31, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлтүүд”-ийн “С...” компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч компани нь гэрээт талбайд 2015, 2016 онд үйл ажиллагаа явуулахад зарцуулсан зардлуудаас өртөг нөхөгдөх зардлын тайланг Газрын тосны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт тайлагнасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна” гэжээ.
Энэ нь шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгөлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Мөн Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлоод 9.1-д “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ ...” гэж хуульд тодорхой заасаар байхад шүүх үндэслэх хэсэгтээ тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран ...” гэж заасныг төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлээгүй гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан.
Шүүх холбогдох байгууллага гэдгийг зөвхөн төрийн захиргааны байгууллага /Ашигт малтмал, газрын тосны газар/ мэтээр дүгнэн хуулийг буруу хэрэглэн, тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж ...” гэж заасанд хамаарахаар байна.
Төрийн аудитын байгууллага Газрын тосны тухай хуулийн 32 , 37 дугаар зүйлд заасан хяналт шалгалтыг хийхдээ Төрийн аудитын тухай хуулийн 15.1.21-т заасан Үндэсний аудитын газрын аудитын бүрэн эрхийн хүрээнд аудит хийхээр хуульчлагдсан бөгөөд мөн хуулийн 13.4.2-т зааснаар энэхүү бүрэн эрхийн хүрээнд хийх аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг хянаж, батлах нь Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрх юм.
Харин Газрын тосны тухай хуулийн 4.1.14-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэгжүүлэх санхүүгийн хяналт шалгалтын эрх хэмжээг Газрын тосны тухай хуулийн 9.1.8-т “тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж, нэгтгэх” гэж заасан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно” гэж заасан тул Ашигт малтмал, газрын тосны газар Газрын тосны тухай хуулийн 9.1.8-д заасан чиг үүргээ тухайн санхүүгийн тайлангийн жил тус бүрд хэрэгжүүлсэн байх ёстой.
Гэтэл шүүх уг хяналт шалгалтыг заавал Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран явуулах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн, “... хуулийн дагуу нэхэмжлэгч хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсын бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх, уг гүйлгээг санхүүгийн баримтдаа бүрэн тусгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзэх боломжгүй байна” гэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байна.
Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хууль, Газрын тосны тухай хууль, холбогдох бусад стандарт, дүрэм, журмын дагуу Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн 2015, 2016 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнасныг шалган баталгаажуулах аудитыг хийсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч Д.Д, Л.Н нарын гаргасан мэдүүлгийг бүрэн тусгаагүй, гэрч Д.Д-ын мэдүүлэгт “... компанийн санхүүгийн баримтууд дутуу байсан, би шаардсан боловч баримт ирээгүй ...” гэж мэдүүлсээр байхад энэ талаар дүгнээгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болдог бөгөөд нэхэмжлэгч нь аудитын явцад холбогдох анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй, гаргасан зардлууд нь нотлогдохгүй байсан талаар маш тодорхой тайлбарласан.
Энэ талаар шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбарын хамт өгсөн боловч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судлан үзэлгүй өрөөсгөл дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбар үндэслэлүүдийг шүүхийн шийдвэрт дурдаагүй, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, шүүхээс гаргасан дүгнэлт нь маргаан бүхий актыг үндэслэлгүй, хууль зөрчсөн байдлыг тогтоогоогүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч талаас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотлох баримт хүргүүлэх тухай
Хуанлийн 2015 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв ---- -- талбай – 8 хуудас
Хуанлийн 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв ---- -- талбай- 7 хуудас
Хуанлийн 2015 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв ---- - талбай – 8 хуудас
Хуанлийн 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв ---- - талбай – 9 хуудас бүхий хүргүүлсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх түүнийг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.
Тухайлбал:
Хуанлийн 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв ---- -- талбай – 8 хуудас нотлох баримтын эхний нүүрт Батлав: С-д захирал Т.А, Монгол Улсын Газрын тосны газрын дарга Г.Ө гээд мөн хуудасны доод хэсэгт бэлтгэсэн, хянасан эрх бүхий албан тушаалтнууд тус тус газрын үсэг зурсан төлөвлөгөө байх бөгөөд нэхэмжлэгчээс уг баримтыг шүүхэд ирүүлэхдээ 178 дугаартай нотариатч П.Х “хуулбарын үнэн зөв” тэмдэг даруулан хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байна.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.11-т “Төлөвлөгөө, талбайн, удирдамж, танилцуулга зэрэг ... баримт бичигт зохион байгуулалтын нэгжийн болон албан тушаалын нэрээ зааж, боловсруулсан ажилтан гарын үсэг зурна”, “хэд хэдэн байгууллага хамтран боловсруулсан баримт бичигт гарын үсэг зурах тохиолдолд хэвлэмэл хуудас хэрэглэхгүй” гэж заасны дагуу уг “Хуанлийн 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв ---- -- талбай”-н 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг нэхэмжлэгч тал мөн Газрын тосны газрууд хамтран баталсан байна.
Дээрх баримт нь эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, байгууллагын тэмдгээр гэрчлэгдэх тул Нотариатын тухай хуулийн 44.1-д “Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 “... эсхүл хуулийн шаардлага хангаагүй ... нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”-д хамаарахаар байтал хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг шийдвэр гаргах үндэслэл болгон үнэлж, дүгнэсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0115 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарах зардлууд, үүнд өртөг нөхөх зардлаа төсөвлөж тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүрэгтэй байдаг. Улмаар тус байгууллагаас баталгаажуулснаар хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлуудаа өртөг нөхөхөөр буцаан авах эрхтэй болдог” гэсэн үндэслэлээр “Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлтүүд”-ийн “С...” ХХК-ийн өртөг нөхөгдөх зардлыг хассан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн “---- --”, “---- -” талбайн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд 2015, 2016 онд тайлагнасан зардлаас зарим хэсгийг хасаж, үлдэх хэсгийг өртөг нөхөх зардлаар тус тус баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгчээс “хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагын төрлөө тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчид үзүүлж буй эрх зүйн үр дагавар дуусгавар болох эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл өртөг нөхөгдөх зардлаас хасаж тооцсон дүнг өртөг нөхөгдөх зардалд тооцуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдана гэсэн агуулгаар буюу нэхэмжлэгчийн тайлагнасан зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцох ёстой талаар холбогдох хуулийн зохицуулалтуудыг тайлбарлан маргасан байна.
Маргаан бүхий захиргааны актуудын нэхэмжлэгчийн маргаж буй хэсэг буюу өртөг нөхөгдөх зардлыг “хассан” хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээх эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаарх маргаан нэг мөр шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага дахь “зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцоогүй” хэсгийг шүүх хүчингүй болгосон тохиолдолд тус зардал нь өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй, эсвэл нэхэмжлэгчийн гаргасан нийт зардлаас хасагдахгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэж заасан бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах бөгөөд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д зааснаар нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэгч уг шаардлагыг хангах боломжийг олгох ёстой байтал шүүх хуулийн дээрх шаардлагыг хангаагүй нэхэмжлэл хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...” гэж үзэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж заасан нэхэмжлэлийн аль төрлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасан аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь зүйтэй байна.
2. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан хязгаарлалт нь компанийн хувьд зөвхөн орж ирэх (мөнгөн) урсгалд хамааралтай. Гэтэл Үндэсний аудитын газраас компанийн зардлын гүйлгээг энэ хязгаарлалтад хамруулан дүгнэсэн нь хууль тогтоогчийн үзэл баримтлалыг гуйвуулан тайлбарлаж, хуулиас давсан шаардлага тавьсан” гэжээ.
Харин хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан татгалзалдаа “Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй” гэж заасныг болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн тул өртөг нөхөгдөх зардлаас дээрх зардлыг хасаж баталгаажуулсан” гэж тайлбарлажээ.
Гэтэл анхан шатны шүүх “... эдгээр зардлууд нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1 дэх хэсэгт заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарч байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал нь (маргаан бүхий актуудаар өртөг нөхөгдөх зардлуудаас хассан) ямар санхүүгийн баримтуудаар хэрхэн нотлогдож байгаа талаар холбогдох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Түүнчлэн, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д “хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах” гэж заасны хөрөнгө оруулалт болон борлуулалтын орлого гэдэг нь зөвхөн орж ирэх (мөнгөн) урсгалд хамааралтай эсэх талаар хууль тогтоогчийн үзэл баримтлалыг тодорхойлох холбогдох (Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн хувийн хэргээс) нотлох баримтыг авч, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр, дээрх хуульд “хөрөнгө оруулалттай холбоотой гүйлгээ”, “борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээ” гэсэн хоёр ойлголтыг зохицуулжээ. Энэ тохиолдолд борлуулалт хийгдээгүй тул борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээний талаар маргаан байхгүй байна. Оруулсан хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг хянахын тулд (өөрөөр хэлбэл, өртөг нөхөгдөх зардалд тооцуулах) зардлыг баталгаажуулах (Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар гүйлгээ хийхийг шаардах замаар) шаардлагатай байж болох юм.
Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан хөрөнгө оруулалттай холбоотой гүйлгээ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д заасан зардлыг санхүүжүүлэхэд зориулагдана гэж үзвэл уг хөрөнгө оруулалттай холбоотой гүйлгээ гэдэгт дээрх зардал хамаарах эсэхийг дүгнэх хэрэгтэй. Тиймээс маргаан бүхий актуудад дурдагдсан гүйлгээг (зардал) дээрх хуулийн “хөрөнгө оруулалттай холбоотой гүйлгээ” гэх зохицуулалтад хамруулан ойлгох эсэх талаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ