Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01092

 

"А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар              

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00894 дүгээр шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1300 дугаар магадлалтай,

            “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Д.С-д холбогдох

           Зээлийн гэрээний үүрэгт 91 397 267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг,                                          нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Д.С нь тус ББСБ-тай 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/2015/22 дугаар зээлийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл Д.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээл, хүү эргэн төлөх хуваарийг зөрчиж зээлийн төлбөрөөс огт төлбөр төлөхгүй компанийг хохироож байх тул гэрээний дагуу үндсэн зээл 40.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү 51.397.267 төгрөг, нийт 91.397.267 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тэрээр 1 сарын хүүнд 2.000.000 төгрөгийг төлсөн гэжээ.

         Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.С зээлийн гэрээний үүргээс 2.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлээс 40.000.000 төгрөг, 5 сарын хугацааны төлөх байсан хүү 10.000.000 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 2.000.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

          Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00894 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан /РД:ЧП83061871/ Далай овогтой Д.С-гээс зээлийн гэрээний үүрэгт 52.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д /РД:5891108/ олгож, шаардлагаас үлдэх 39.397.267 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 417.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1300 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017  оны  04 дүгээр сарын  19-ний  өдрийн  183/ШШ2017/00894 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С-гээс зээлийн гэрээний үүрэгт 86.666.667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.730.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “417.950 төгрөг” гэснийг “591.283 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 354.940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

        Хариуцагч Д.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1300 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Би “А” ХХК-иас 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөхөөр 40.000.000 төгрөгийг зээлсэн. Давж заалдах шатны шүүхээс намайг 24 сар 10 хоногийн хугацаанд хүү төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй болсон. Учир нь талууд гэрээний 2.3 дахь заалтыг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу хэрэглэсэн нь хуульд нийцсэн болно. Миний хувьд зээл 40.000.000 төгрөг, 5 сарын хүү 10.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.000.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөгийг хууль болон гэрээний дагуу төлөх ёстой гэж зөвшөөрсөн юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үнийн дүнгээс 34.666.667 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

          Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Д.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 57.043.289 төгрөг, нийт 97.043.289 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 91.397.267 төгрөг болгож шаардлагаа багасгасан байна. Хариуцагч нь үндсэн зээлд 40.000.000 төгрөг, хүүнд 10.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.000.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөг төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан ЗГ/2015/32 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Д.С нь нэхэмжлэгч “А” ХХК-иас 40.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл тохирч, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээнд заасан хугацаанд хүүнд тооцож 2.000.000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан, талууд энэ тухай маргаагүй байна.

           Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа гэж үзсэн нь хуульд нийцжээ.

        Гэвч анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг буруу тодорхойлж, зээлийн хүүг зөвхөн гэрээнд заасан хугацаагаар хязгаарлан, түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

         Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийг хугацаандаа төлж чадахгүй байгаа талаар зээлдэгчийн гаргасан удаа дараагийн хүсэлт, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч үндсэн зээл, түүний хүүг буцаан төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг тооцохгүй байх нь хуульд нийцэхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

        Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 24 сар 10 хоногт талуудын тохирсон хүүг сарын 5 хувиар тооцож,  үүнээс төлөгдсөн 2.000.000 төгрөгийг хасч, нийт 86.666.667 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг зөрчөөгүй байна.

        Зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон боловч зээлдэгчийн хариуцлагыг тодорхойлсон энэхүү заалт ойлгомжгүй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1300 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч Д.С-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335.000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                                 

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН