Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/00894

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр                   Дугаар 183/ШШ2017/00894                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 хороо, 5 хороолол, Нарны зам-53, Саруул төв, 102 тоот, “Азикапитал корпорейшн ББСБ” ХХК-ийн /РД:5891108/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, 95 байр, 603 тоотод оршин суух, Далай овогтой Даваадоржийн Сэргэлэнд /РД:ЧП83061871/ холбогдох,

 

гэрээний үүрэгт 97.043.289 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жамьяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сэргэлэн нь тус ББСБ-тай 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/2015/22 дугаар зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл Д.Сэргэлэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээл, хүү эргэн төлөх хуваарийг зөрчиж зээлийн төлбөрөөс огт төлбөр төлөхгүй компанийг хохироож байх тул гэрээний дагуу үндсэн зээл 40.000.000, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү 51.397.267, нийт 91.397.267 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тэр 1 сарын хүү гэж 2 сая төгрөгийг 1 удаа төлсөн гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сэргэлэн зээлийн гэрээний үүргээс 2 сая төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлээс 40 сая, 5 сарын хугацааны төлөх байсан хүү 10 сая, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 2 сая, нийт 52 сая төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Азикапитал корпорейшн ББСБ” ХХК нь хариуцагч Д.Сэргэлэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 57.043.289 төгрөг, нийт 97.043.289 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 91.397.267 төгрөг болгож шаардлагаа багасгасан байна.

 

Хариуцагч нь үндсэн зээлд 40 сая, хүүнд 10 сая, нэмэгдүүлсэн хүүнд 2 сая, 52 сая төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

“Азикапитал корпорейшн ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэхээр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан байна.

 

Хариуцагч Д.Сэргэлэн нь “Ази капитал корпорейшн ББСБ” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/2015/22 дугаар зээлийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Гэрээний дагуу Д.Сэргэлэн нь Зээл, хүүгийн эргэн төлөх хуваарийн дагуу хүү болон үндсэн зээлээс төлж 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгахаар харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилснээр талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдэгч мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, гэрээний дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаа дуусахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээл, зээлийн хүүг буцаан нэхэмжлэгчид төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул үндсэн зээлд 40.000.000, 5 сарын хүүнд 10.000.000, нийт 50.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан ба зээлийн гэрээний 2-т зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон тохиролцоо хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүрэг гүйцэтгэгч зээл төлөх үүргээ хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан ба 208 дугаар зүйлийн 208.3-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Дээрх хугацаа өнгөрснөөр нэхэмжлэгчид шаардах эрх үүсч байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар Д.Сэргэлэн нь хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй тул зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүнд 2.000.000 төгрөг төлөх үндэслэлтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 52.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 39.397.267 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643.200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 417.950  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан /РД:ЧП83061871/ Далай овогтой Даваадоржийн Сэргэлэнгээс зээлийн гэрээний үүрэгт 52.000.000 /тавин хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Азикапитал корпорейшн ББСБ” ХХК-д /РД:5891108/ олгож, шаардлагаас үлдэх 39.397.267 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643.200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 417.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ