Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00174

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/00174

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/04836 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.А

Хариуцагч: ЗТН-ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,165,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянхишиг, хариуцагч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Т- нь 2022 оны 12-р сарын 10-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн таван шарын автобусны буудлын орчим зам хөндлөн гарч байтал 9644 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн троллейбуст мөргүүлж унахад толгой, нуруу хэсгээр халуу дүйгэж өвдөж, баруун талын гар хавдсан байдалтай хөдөлгөж болохгүй байсан. Троллейбусны жолооч Н.А нь надад ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж үзүүлээгүй, цагдаагийн дуудлага өгөлгүй ослын газрыг хаяж явсан.

1.2. Цагдаагийн байгууллага руу дуудлага өгч, шүүх эмнэлэгт үзүүлэхэд баруун гарын шууны яс хугарсан, цуурсан байж болзошгүй байх тул гараа хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй гээд гарт нь гипс тавьсан, бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр баруун шуу ясны цууралт гэмтэл тогтоогдсон тухайн гэмтэл нь хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан.

1.3. Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж, жолооч Н.А-д Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан.

1.4. Нэхэмжлэгч Б.Т- нь Сутайн буянт зах дээр туслах ажилтай ба нэг сарын үндсэн цалин 1,200,000 төгрөгийн цалин хөлс авдаг. Гэмтлийн улмаас ажилдаа явалгүй 4 cap болсон тул ажилгүй байсан хугацааны хөлс 4,800,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэх эм тариа авсан зардал 685,310 төгрөг, унааны мөнгө 680,010 төгрөг, нийт 6,165,320 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.Аюурзанын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие Н.А нь ЗТН-ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад жолоочоор ажилладаг. Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой 18 цаг орчимд гарц гарамгүй зорчих хэсгээр гэнэт нэг эмэгтэй автобусны хажуугаас гүйж орж гарч ирсэн, Б.Т- нь дарга буучих гэсэн учраас 4 дүгээр эгнээнд буусан тухай мэдүүлсэн. Тухайн үед Б.Т- миний буруутай үйлдлээс боллоо гэж хэлсэн.

2.2. Нэхэмжлэгчийн хүү утсаар холбогдож 400,000 төгрөг өгвөл шүүх цагдаагийн байгууллагаар явахгүй гэж хэлсэн. Намайг тээврийн Цагдаагийн байгууллагаас шалгаж Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийг хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ЗТН-ОНӨААТҮГ-ын тайларын агуулга:

3.1. Сонгинохайрхан дүүргийн таван шарын буудлын орчим манай байгууллагын 2 дугаар баазын 9644 УНП улсын дугаартай троллейбусыг жолооч Н.А зам тээврийн осол гаргасан.

3.2. Нэхэмжлэгч нь Сутайн буянт зах дээр туслах ажилтнаар ажилладаг гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн нь нотлогдохгүй байх тул цалинд нэхэмжилсэн 4,800,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч ЗТН-ОНӨААТҮГ, хариуцагч Н.А нараас 2,346,382/хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,818,938/гурван сая найман зуун арван найман мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,595 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 52,492 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04836 дугаартай шийдвэрийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдпыг гаргаж байна. Үүнд:

5.1. Ажилгүй байсан хугацааны цалин 4,800,000/дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Б.Т-ын хувьд 2017 оноос хойш тухайн осол гарах хүртэл хугацаанд сарын 500,000 төгрөгөөс эхлэн цалинжиж, тус цалин хөлс нь нэмэгдэж улмаар 2022 оны 10 дугаар сараас эхлэн 1,200,000 төгрөг авч байсан гэдгээ нэхэмжлэл дээрээ болон хурал дээр тодорхой тайлбарладаг. Мөн гэрч Ц.Жанчив гэрчээр мэдүүлэг өгсөн ба тухайн осол гарах үед 1,200,000 төгрөгийн цалин авч байсан гэж мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс цалин хөлс нэмэгдэхээс өмнөх үе буюу сарын 1,000,000 төгрөгийн цалин хөлс авч байсан үетэй харьцуулан 6 сарын дунджаас нь цалин хөлсийг тодорхойлсон нь үндэслэлгүй. Түүнчлэн сүүлийн 6 сарын хугацаанд орсон цалин хөлсийг нэмж тооцоолохдоо тооцооллын шинжтэй алдаа гаргаж 1,500,000 төгрөгийг дутуу бодсон байна.

Нэхэмжлэгч Б.Т-ын илт болгоомжгүй үйлдлээс шалтгаалан тус осол гарсан гэж үзэж цалин хөлсний дунджийг нь 30 хувиар бууруулсан нь үндэслэлгүй. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар Б.Т- нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна гэсэн замын хөдөлгөөний магадлагаа гаргасан цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа. Иймд цалин хөлсийг нь бууруулж бодох ёсгүй байсан.

5.2. Шатахууны төлбөрт 680,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тус осол гарснаас хойш шүүх эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, мөнгөн гүүр эмнэлгүүдэд үзүүлэх, түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн сэргээн засах эмчилгээ хийлгэхэд хувийн унаа ашиглаж явсан ба эдгээрт тухай бүр нь шатахуун зарцуулсан. Хариуцагчийн Б.Т-ын биед гэмтэл учруулаагүй байсан бол өнөөдөр ингэж олон газраар явж бензин үрэх шаардлага гарахгүй байсан. Хэрэгт авагдсан баримтуудаар эмнэлэгт үзүүлсэн, хөдөө орон нутагт очиж хэвтэн эмчлүүлсэн зэрэг эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа. Иймээс шатахууны зардлыг хангах үндэслэлтэй.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Б.Т-ын шүүхэд гаргасан ЗТНОНӨААТҮГ, Н.А нарт холбогдох гэм хорын хохиролд 6,165,320/Зургаан сая нэг зуун жаран таван мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч хариуцагч ЗТНОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч 4,800,000 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Сарын цалин 1,200,000 төгрөгөөр тогтоогдсон гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Тээврийн прокурорын газрын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолд гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр нэхэмжлэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үед 3 дугаар эгнээнд буусан гэдэг нь тогтоогдсон.

6.2. Тиймээс цалин хөлсний дунджийг 30 хувиар бууруулсныг анхан шатны үндэслэлтэй дүгнэсэн. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн харъяат, тухайн дүүрэгт оршин суудаг иргэн атлаа яагаад заавал Говьсүмбэр аймаг руу явж эмчлүүлэх шаардлагатай байсан тухай эмчийн заавар, эмчилгээ байгаагүй учир шатахууны төлбөр 680,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч хариуцагч Н.Аюурзанын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн осол гарах үед нэхэмжлэгч үзэгдэх орчин хязгаарлагдсан 5 шарын уулзварын тойргийн 3 дугаар эгнээнээс бууж, машины хажуу талаас гарч ирсэн. Би дагалдан жолоочтойгоо бууж очин машиндаа оруулаад эмнэлгийн анхны тусламж үзүүлье, цагдаа дуудья гэхэд хэрэггүй, миний буруу гэж хэлэн тухайд үед явсан атлаа одоо хохирол нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Н.А, ЗТНОНӨААТҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 6,165,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Хариуцагч Э.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд 96-44 УНП улсын дугаартай троллейбус жолоодож Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын тойргоор буцаж эргэх үйлдэл хийж байхдаа нэхэмжлэгч Б.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зөрчил гаргасан.

 

3.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай дүгнэлтүүдэд нэхэмжлэгч Б.Т-ын биед баруун шуу ясны цуурал гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эдгэрэлт удаашрах нь эмчилгээний үр дүн, хувь хүний биеийн онцлогоос хамаарах талаар дүгнэлт гарсан.

 

3.3. Зөрчлийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Н.Аюурзаныг уг осолд гэм буруутай гэж үзэн хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж, 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн ба хариуцагч нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, мөн шийтгэлийн хуудаст заасан торгуулийг сайн дураар төлсөн болох нь тогтоогдсон.

 

4. Н.А нь ЗТНОНӨААТҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргасан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ын эрүүл мэндэд урчуулсан гэм хорын хариуцлагыг ЗТНОНӨААТҮГ хариуцан арилгах үүрэгтэй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Т- нь автомашинаас замын гуравдугаар эгнээнд бууж явсны улмаас осолд орсон нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэж, уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Т- нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

7. Анхан шатны шүүх олох ёстой байсан орлого 2,666,664 төгрөг, эмнэлэг, эмийн бүтээгдэхүүнд зарцуулсан 685,310 төгрөг, нийт 3,351,974 төгрөгөөс 30 хувь буюу 1,005,592 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас 2,346,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,818,938 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.1. Учир нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай дүгнэлт шуу ясны гэмтэл нь ердийн явцаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг ба 28 хоногийн дотор эдгэрдэг гэж дүгнэсэн.

 

Түүнчлэн, Б.Т- нь ...4 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдасны улмаас ажил эрхлээгүй гэж тайлбарлах боловч 4 сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж болохгүй талаар эмнэлгийн магадлагаа, эмчлүүлэгчийн картыг баримтаар гаргаагүй тул 4 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдасны улмаас ажил эрхлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Б.Т-ын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг буруу тооцсон гэх гомдлыг хангахгүй.

 

8.2. Нэхэмжлэгч нь орон нутагт очиж эмнэлэг, сувилалд эмчлүүлсэн гэх боловч орон нутагт очиж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байсан үйл баримтыг нотлоогүй тохиолдолд хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас шатахууны зардал 680,010 төгрөгийн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

9. Харин, анхан шатны шүүх хариуцагч нараас гэм хорын хохирлыг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийн зохицуулалтыг удирдлага болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч ЗТНОНӨААТҮГ-аас гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг баримтаагүй алдааг гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/04836 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1 ... гэснийг ... 498 дугаар зүйлийн 498.1 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 113,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР