Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2016/0999/З |
Дугаар | 210 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Г
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
Нэхэмжлэлийн тодуулсан шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Х.Г, түүний өмгөөлөгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ж.Б, А.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.Г миний бие нь 1997-2001 онд МУИС-д суралцаж, геологич мэргэжил эзэмшсэн. 2003-2005 онд МУИС-ийн ГГЗФ-д петрологи-геохимийн чиглэлээр магистрийн зэргийг “Дорноговь аймаг дахь Эрдэнийн дүүргийн боржинлог чулуулгийн петрологи, петрохими, геохимийн онцлог” сэдвээр “Онц" үнэлгээтэй хамгаалсан болно.
Миний бие нь 1991 онд ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн (Төрийн байгууллага) Геохимийн лабораторид лаборантаар эхлэн орж эрдэм шинжилгээний туслах ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, Геохимийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний '‘эргүүлэх ажилтан зэрэг ажлыг эрхлэн төрийн байгууллагад нийтдээ 24 жил ажиллаж байна.
Энэ хугацаанд О.Т, Г.Б, Д.О, Ж.Б, Д.Д, Д.Т зэрэг Монголын геологийн салбарт нэр, цуутай эрдэмтэн, докторуудтай мөр зэрэгцэн ажиллаж, “Монгол орны тектоник ба металлогени” 1999 он, “Монгол орны геодинамик ба нүүрстөрөгчийн хуримтлал” 2001 он, “Хангай, Хэнтийн бүслүүрийн тектоник, магматизм ба алтны хүдэржилт” 2003 он, “Тамир голын сав газрын магматизм” 2008 он, “Өмнөд Монголын арлан нум” 2013 он зэрэг төслийн судалгаанд гар бие оролцож, геохими, литологийн хэсгийг болон мөн петрографи, минераграфийн шинжилгээ, элсэн чулууны модаль шинжилгээний ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэн, тайлангийн зохиогчийн жагсаалтанд орсон байгаа. Эдгээр судалгааны явцдаа элсэн чулууны модаль шинжилгээ хийх Диккенсоний арга, аргачлалыг Монголд анх удаа нэвтрүүлж, судалгааны ажилдаа ашиглан хэрэгжүүлж, судалгааны түвшинг дээшлүүлж, олон улсын орчин үед хэрэглэгдэж буй түвшинд зэрэгцэх шинэлэг аргачлал нэвтрүүлсэн гэж сайшаагдсан. ГЭБХ-ийн Петрологийн лабораторид ажиллаж байх хугацаандаа шлиф, аншлиф бэлтгэлийн болон петрографийн шинжилгээний стандарт арга, аргачлалыг Японы ЖАЙКА- гаас хэрэгжсэн “Геологи, эрдэс баялгийн хүрээлэн” төслийн мэргэжилтнээс дагалдан суралцсан туршлага, арга барил дээрээ үндэслэн орчин үеийн шинэ түвшинд боловсруулан, улмаар тус лабораторийг СХЗГ-ын магадлан итгэмжлэлтэй лаборатори болгосон билээ.
Үүний зэрэгцээ Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Лимонологийн хүрээлэн, Солонгосын КИГАМ, ШУА-ын ГЭБХ зэрэг гурван улсын хамтарсан Хөвсгөл нуурын ёроолын хурдсын геохимийн судалгааны гүний өрөмдлөгийн ажилд биечлэн оролцож, улмаар Хөвсгөл нуурын эрэгт судалгааны бааз байгуулах ажлыг амжилттай удирдан ГЭБХ-д судалгааны суурин бааз байгуулж хүлээлгэн өгсөн. Эдгээр шинэлэг санаачилга гаргаж ажилдаа үр дүнтэй хэрэгжүүлдэг шинийг санаачлагч, идэвх зүтгэлтэй, хөдөлмөрч бүтээлч чанартай, хичээнгүй нямбай, даруу, төлөв түвшин, бусадтай нийцтэй, нэр хүндтэй, бусдыг манлайлагч зан чанартай гэж хамт олны зүгээс үнэлэгдэн, 2005 онд Монгол улсын “ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ’- ээр, 2006 онд Монгол улсын “ ТЭРГҮҮНИЙ ГЕОЛОГИЧ" цол тэмдгээр тус тус шагнагдсан билээ.
Мөн 2014 онд Монгол улсын геологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, геологийн судалгааг хөгжүүлэх, эрдсийн түүхий эдийн нөөц баялгийг арвижуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг минь өндрөөр үнэлэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагдсан.
Миний бие 2014 онд геохими, литологийн судалгааны ажилд мэргэшиж, дадлагажсан, олон жил энэ чиглэлээр ажиллаж туршлагатай болсон байдал дээрээ тулгуурлан төрийн албаны шалгалтыг өгч тэнцсэнээр “Төрийн жинхэнэ албан хаагч” болж төрийн албан хаагчийн тангарагийг өргөн АМГ-ын Региональ геологийн тасгийн лаборатори, геохимийн судалгааны мэргэжилтэн (хуучнаар) болсон. Энэ хугацаандаа төрийн албыг үнэнчээр хариуцлагатай гүйцэтгэж 39 тайлангийн стратиграфийн бүлгийн давхарга зүй ялгалт, литологи, геологийн шийдвэрлэгдээгүй болон эрдэмтдийн маргаантай асуудлуудыг орчин үеийн петрологи, геохимийн ажлуудад тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй шийвэрлэхэд өөрийн мэргэшсэн мэргэжлийн дагуу арга аргачлал, зөвлөмжөөр хангаж ирсэн.
Мөн Монгол улсад геохими, эрдэс судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудын талаар судалгааг анх удаа хийсэн. 2014 оны 09-р сарын 30 өдөр болсон “Эрдэс баялгийн салбарт лабораториудын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтад “Лабораториудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн 33 аж ахуйн нэгжид лаборатори, геохимийн ажлын талаар санал боловсруулж албан тоот бичгээр заавар, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж ирсэн. Мөн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт буюу дээжний хөдөлгөөнийг хариуцан ажиллаж ирсэн. Уул уурхайн салбарт хэрэглэгдэж байгаа 90 гаруй үндэсний стандартаас 11 стандартыг батлахад Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хорооны хуралд оролцон үндэсний стандарт болгоход зохих засвар, санал, дүгнэлтийг гарган батлуулж ажилласан.
Ашигт малтмалын газрын Региөналь геологийн тасгийн геохимийн судалгааны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа төрийн албаны хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг ямагт биелүүлэн сахилгын болон бусад ямар ч зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд сүүлийн 2 жил дараалан төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг маш сайн гэсэн үнэлгээтэйгээр /2014 онд 96,1, 2015 онд 90,8/ дүгнүүлж байсан нь миний ажилдаа бүтээлчээр ажиллаж байсны баталгаа болно.2016 онд Байгаль орчны геохимийн чиглэлээр Солонгосын КИГАМ-ийн 21 хоногийн сургалтанд оролцон геохимийн мэргэжлээ ахиулан дээшлүүлсэн.
Намайг ажлаас чөлөөлөхдөө Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсэгт заасан Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх. нэгтгэх, хуваах. тусгаарлах. өөрчлөх), эсхул зохион байгуулалтын бүтэц нь өөөчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тущаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн. мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг УР чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах өрөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэх заалтыг зөрчиж, хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн.
Учир нь; 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/82 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө миний ажиллаж байсан албан тушаалыг Ашигт малтмал газрын тосны газрын “Геологи, хайгуулын хэлтэс”-ийн Региональ геологийн нэгжийн лаборатори, геохими, дээж хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалтан болгон өөрчилсөн боловч уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох ёстой байтал төрийн албанд 1 жил хүрэхгүй хугацаанд санхүүгийн чиглэлээр буюу хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн хүнийг ажилд томилж, намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
Ашигт малтмал, газрын тосны газар нь өөрчлөн байгуулагдсан боловч миний ажил албан тушаалд хэвээр хадгалагдаж байхад ажлаас чөлөөлсөн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие энэ талаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч уг зөвлөлөөс шүүхэд хандах талаар албан тоот ирүүлсэн.
Иймд Х******* овогтой Г******* намайг Ашигт малтмал газрын тосны газрын “Геологи, хайгуулын хэлтэс”-ийн Региональ геологийн нэгжийн лаборатори, геохимийн судалгаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч: Улсад 24 жил ажилласан. Ашигт малтмалын газарт орохоос өмнө би 10 гаруй жил инженер геологийн 5 төсөлд ажиллаж байсан. Монгол орны геодинамик ба нүүрстөрөгчийн хуримтлал, Хангай, хэнтийн бүслүүрийн тектоник, магматизм, Тамирын голын сав газрын магматизм гээд тайлангийн зохиогчийн жагсаалтад орсон. Мэргэжлийн дагуу геохими, литологийн хэсэг, петрографийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн. Судалгааны явцад элсэн чулууны модаль шинжилгээ хийх диккенсоний арга, аргачлалыг Монголд анх удаа нэвтрүүлж, ажиллаж байсан. 2009 онд эрдэм шинжилгээний бүтээл гаргасан. Геохими, литологийн судалгааны ажилд мэргэшиж, дадлагажсан бөгөөд Ашигт малтмалын газрын Региональ геологийн тасагт 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орж ажилласан. Энэ хугацаанд стратиграфийн бүлгийн давхарга зүй, литологи, геологийн шийдвэрлэгдээгүй болон эрдэмтдийн маргаантай асуудлыг орчин үеийн петрологи, геохимийн ажлуудад тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд өөрийн мэргэшсэн мэргэжлийн дагуу арга аргачлал, зөвлөмжөөр хангаж ирсэн. Үр дүнгийн гэрээгээр 96, 92, маш сайн үнэлэгдэж байсан. Олон жил энэ салбарт ажилласныг төр засгаас үнэлж, 2014 онд алтан гадас одонгоор шагнасан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны Б/82 тоот тушаалаараа намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг төлүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 тоот тушаал нь Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Бүтэц зохион байгуулалт батлах тухай” А/01 дүгээр тушаалуудад маргаагүй. Хамгийн гол нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дахь хэсэгт заасныг үндэслэж, ажлаас чөлөөлсөн байгаа. Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг хариу тайлбартаа бол шинэ бүтэц, орон тоо, ажлын байрны шаардлагыг хамгийн ихээр хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтныг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Тиймээс сонгон шалгаруулалт явуулж томилсон.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч юу гэж үзэж байгаа вэ гэхээр бүтэц, орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах талаар зохицуулсан. Жишээ нь хоёр нягтлангийн нэг ажлын байр нь байхгүй болж байгаа тохиолдолд хэрэглэнэ гэж ойлгож байгаа. Албан тушаал нь геологийн судалгаа, лаборатори хариуцсан мэргэжилтэн. Энэ орон тоо нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/01 тоот тушаалаар энэ албан тушаал байхгүй болсон. Харин энэ орон тоог хасаж, шинээр геологи хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж, уг орон тоо нь дээр сонгон шалгаруулалт явуулсан байгаа. Ингэж сонгон шалгаруулалт явуулж байгаа нь энэ үүднээс харах юм бол илт хууль бус болох нь харагдаж байна. Геологи, хайгуулын салбарын менежмент хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо дээр Ашигт малтмал, газрын тосны газрын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Э.М-г томилсон. Түүний ажлын байр бол шинээр батлагдсан. Шинээр батлагдсан орон тоо нь дээр зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн гээд байж байгаа. Гэтэл шинээр сонгон шалгаруулалт явуулсан буруу юм. Сонгон шалгаруулалтаар томиллоо гэж бодоход уг сонгон шалгаруулалтын талаар Х.Г-т мэдэгдээгүй. Сонгон шалгаруулалтын үнэлгээг харах юм бол хууль зөрчсөн байна. Сонгон шалгаруулалтын комисс томилогдож, дүгнэлт гаргахад ямар ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байж, энэ хүмүүс ямар ямар оноо авсан байх ёстой талаар хүснэгтэлсэн байгаа. Дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага бол байхгүй. Гэхдээ хариуцагч талаас сонгон шалгаруулалтыг үндэслэж, Э.М-г томилж, Х.Г-ийг чөлөөлсөн талаар хариу тайлбартаа дурддаг.
Тиймээс дүгнэлтийг ярихгүй байхын арга алга байна. Сонгон шалгаруулалтын дүгнэлт байна. Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа ажлын байрны тодорхойлолтод тавигдах шалгуур үзүүлэлтийг уншиж танилцуулав. Үүнд: мэргэжил /мэргэжлийн зэрэг/ Геологи, эрдэс баялгийн менежмент, 20 оноо авах ёстой. Э.М геологийн менежмент мэргэжилтэй учраас 15 оноо авсан. Харин Х.Г геологич инженер учраас 10 оноо өгсөн. Илт хууль бус дүгнэлт гарсан. Мөн геологи хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтод үнэхээр уг салбарынхаа менежмент, хамтын ажиллагааг хариуцаж явж байгаа бол салбарын менежментийн хүрээнд хэрхэн ажиллах талаар уг албан тушаалын зорилго, зорилтыг тодорхойлсон байх ёстой. Гэтэл менежмент гэдэг үг геологи хайгуулын салбарын хамтын ажиллагааны менежмент хариуцсан мэргэжилтний албан тушаалд менежмент гэдэг үг байхгүй.
Мэдээлэл боловсруулах ажил хоёрынх ажлын байрны тодорхойлолтод дээр байгаа. Олон улсын хамтын ажиллагаатай лабарторит хяналт тавих. Хяналт тавих гэдэг үг нь байгаа бөгөөд санал солилцох гэдэг үгийг нэмсэн байгаа. Үндсэн зориулалтын хүрээнд хийж байгаа ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Дээж олгох тодорхойлолтыг Э.М хийж байгаа. Х.Г нь дээжний тодорхойлолт хийж өгдөг байсан бөгөөд газрын даргын гарын үсэгтэй баримт байгаа. Дээрх байдлаас харахад Х.Г-ийн ажлын байр хасагдсан. Ажлын байр цөөрсөн биш чиг үүргээр ажлын байрны нэр нь өөрчлөгдсөн гэж үзэж болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан гэж миний хувьд үзэж байна. Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөгдөн байгуулагдсан, эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх эрх, үүргийн алийг нь ч Ашигт малтмалын газар хангаагүй. Энэ байдлаас харах юм бол тушаал нь хууль зөрчсөн харагдаж байна. Өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажлаас халсан учраас цалин хөлсийг бууруулахгүйгээр ижил төвшний албан тушаалд томилж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газрыг Газрын тосны газартай нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн.
Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрын орон тоо/246/-г бууруулж, өөрчлөн байгуулагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын орон тоог 61-ээр цөөрүүлэн нийт 185 орон тоотой байхаар баталсан. Ийнхүү Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолуудаар орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 25-ны 10 дугаар тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дүгээр тушаалаар тус газрын бүтэц, зохион байгууулалтыг шинэчлэн баталсан.
Ашигт малтмалын газрыг Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчилж, тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Ашигт малтмалын газрын Геологийн албаны бүтцэд байсан “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ийн орон тоог хасч, уг албан тушаал/ажлын байр/-ын гүйцэтгэж байсан чиг үүргийг “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын ажлын байрны чиг үүрэгт нэмж өгсөн.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх,) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн Дээрх хуулийн заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн а/04 дүгээр тушаалаар шинээр батлагдсан орон тоо, уг орон тооны албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан ажилтнуудыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шалгаруулж, дүгнэлт гаргах “Ажлын хэсэг”-ийг байгуулсан.
Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны Б/114 дүгээр тушаалаар тус агентлагийн мэдэлд шилжүүлсэн албан хаагчдыг шинээр батлагдсан орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хэрхэн хангаж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс дүгнэлт гаргаж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.
Уг Ажлын хэсгийн дүгнэлтээр орон тоо цөөрсөн, хасагдсан бөгөөд шинэ бүтэц, орон тооны ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтныг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Шинээр байгуулагдсан Геологи, хайгуулын хэлтсийн бүтцэд “Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын /ажлын байр/-д тавигдах Ерөнхий шаардлагын “мэргэжил/чухал шаардпагатай” хэсэгт “геологи, эрдэс баялгийн менежмент”-ийн мэргэжилтэй байх шаардлага тавигдсан бөгөөд нэхэмжлэгч Х.Г-ийн хувьд “геологич” мэргэжилтэй байсан тул уг ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байсан.
Дээр дурдсан сонгон шалгаруулалт явуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Х.Г-ийг ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 2,032,308 төгрөгний тэтгэлгийг олгосон нь Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн хууль ёсны үйлдэл болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...төрийн албанд 1 жил хүрэхгүй хугацаанд санхүүгийн чиглэлээр буюу хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн хүнийг ажилд томилж...” гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилогдсон Э.М нь хуучин Ашигт малтмалын газрын Геологийн албаны “хайгуулын ажпын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал/ажлын байр/-д ажиллаж байсан бөгөөд санхүүгийн мэргэжилтэн биш юм.
Шинээр батлагдсан геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн “геологи, эрдэс баялгийн салбарын менежмент”-ийн мэргэжилтэй байх шаардлагыг геологийн менежмент мэргэжилтэй Э.М хангаж байсан бөгөөд сонгон шалгаруулах Ажлын хэсгийн дүгнэлтээр тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг нэхэмжлэгч Х.Г-аас илүү хангаж байсан тул уг албан тушаалд томилогдсон болно.
Иймд нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулагдсан бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрыг газрын тосны газартай нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны газар болж өөрчлөн байгууласан. Энэ өөрчлөгдөн байгуулагдсан бүтцээр энэ хоёр агентлагийн нийт орон тоо 246 байсан бөгөөд шинэ бүтцээр 61 орон хасаж, 185 орон тоог баталсан. Энэ хүрээнд Уул уурхайн сайдын 2016 оны 10 дугаар тушаал, тушаалын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Бүтэц зохион байгуулалт батлах тухай” А/01 дүгээр тушаалаар тус агентлагийн бүтцийг шинэчлэн баталсан.
Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан орон тоо, цалингийн санд багтаах талаар эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байгаа. Үүний дагуу газрын дарга саяны тушаал гаргасан. Энэ тушаалаар хуучин геологийн албанд байсан геохими лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан байгаа. Тухайн ажлын байрны хэрэгжүүлж байсан чиг үүрэг бол хасагдсан, дээжтэй холбоотой чиг үүрэг, одоо нэхэмжлэгчийн маргаж байгаа чиг үүрэг геологи хайгуулын менежментийн ажлын байрны чиг үүрэг дээр шилжсэн байгаа. Нэхэмжлэгч өмнө нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан баталгаагаар хангагдах ёстой гэж маргаж байсан. Гэтэл шүүх хуралдаан эхлэхийн өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт заасан баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дахиад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт заасан баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байгаа гэж ойлгож байна.
Нэхэмжлэгчийн хариуцаж байсан геохими лабарторийн судалгаа хариуцсан ажилтны ажлын байр, ажлын байрны нэр нь өөрчлөгдөж шилжсэн гээд байгаа геологи хайгуулын салбарын менежмент хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа ажлын байрны үндсэн 5 зорилтод заасны 1, 2 үг өөрчлөгдсөн бөгөөд хэвээрээ гэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын салбарын бус хүн байгаа бөгөөд дураараа тайлбарлаж болохгүй. 3 дахь ажлын байр нь дээр улсын төсвийг нь авч хаясан бөгөөд бусад нь хэвээрээ байгаа.
Гэтэл энэ бол улсын төсвийн хөрөнгөөр хийсэн судалгааны ажил. Судалгааны ажилд тусгагдсан геохимийн ажилд хяналт тавих дүгнэлт гаргах гэсэн байгаа. Энэ хоёр ажлын байр бол огт хоёр өөр ажлын байр байгаа. Үүнийг нэхэмжлэгч бас тайлбарлаж хэлэх байх” Геохими лабораторийн судалгаа хариуцсан ажлын байр дээр байсан, төрөл бүрийн дээж нь шинжилгээ хийж буй лабораторийн үйл ажиллагаатай танилцах, гарч буй үр дүнд хяналт тавих гэсэн байгаа. Шинэ ажлын байранд судалгаа, шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах. Хуучин бол нэхэмжлэгч төрөл бүрийн дээжин дээр геохимийн судалгаа хийж, дээжний тодорхойлолт гаргаж өгч байсан.
Одоо энэ Э.М-н ажлын байрны тодорхойлолтод дээр шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа бөгөөд хяналт тавьдаг. Шинэ бүтцээр ажлын байр байхгүй болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ бол тодорхой бичсэн байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрын Региональ геологийн тасгийн лаборатори, геохимийн судалгааны мэргэжилтэн болсон.
Яг ажлын байрны тодорхойлолтоор бол нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан. Зөвхөн энэ биш нэлээд олон орон тоо хасагдсан. Боломжтой ажлуулах ямар ажлын байр байна вэ гэдэг дээр шинээр батлагдсан бүтцийн хувиар авч үзсэн. Энэ дээр зөвхөн дээжтэй холбоотой чиг үүрэг, геологийн салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан ажлын байр нь дээр тохиолдлууд орж ирсэн учраас энэ дээр өмнө нь ажиллаж байсан Х.Г, мөн тухайн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.М хоёрыг харьцуулж үзсэн.
Тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг Э.М хангаж байсан. Сонгон шалгаруулалтын дүгнэлт дээр маргаагүй учраас тусгайлсан тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах. Нэгэнт ажлын байр хасагдчихсан, тухайн ажлын байр нь дахь боломж судалгаа, боломжтой зүйлсүүдийг авсны үндсэн дээр дүйцэхүйц албан тушаалд томилох боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хуучин ажлын байр байхгүй болсны чацуу чиг үүрэг нь өөр хэлтэс рүү шилжсэн гэж ойлгож болно. Нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан учраас тухайн ажлын байр нь дээр илүү шаардлага хангасан хүмүүсийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу шалгаруулж авсан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...геологи ч биш бөгөөд геохимийн талаар нэг ч ажил хийгээгүй. Менежмент хамтын ажиллагаа өөр юм аа. Хамтын ажиллагаа гэдэг нь ямар улс оронтой ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, ямар үр дүн авах зэргийг мэддэг хүн юм. Ганцхан дээжний тодорхойлолт бичдэг хүн юм. Тэр ажлыг хэн ч хийж болохоор ажил юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Г нь “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуул хэлтсийн Региональ геологийн нэгжийн лаборатори, геохими, дээж хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.
Шүүх хуралдаанд “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд дараах 2 өөр үндэслэлийг хуульчилсан байна. Үүнд:
• төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар,
• орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар
Монгол Улсын Дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тайлбарласан байх ба уг тогтоолд “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ. “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын нэрийг өөрчилсөн боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тодорхой байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг дээр менежмент, хамтын ажиллагааны талаарх зарим чиг үүрэг нэмэгдсэн байх ба энэ үндэслэлийг дор тайлбарлавал:
Х.Г-ийн эрхэлж байсан Геологийн албаны “геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэг нь Геологи, хайгуулын хэлтсийн “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн эрхэлж байсан “геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын буюу ажлын байрны нэр нь хэлбэрийн хувьд геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт цугларсан ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Гийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь нотлогдож байх тул түүнийг чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2-т “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж заажээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т орон тоо цөөрүүлсэн тохиолдолд шалгаруулж авахаар хуульчилсан байх ба орон тоо цөөрүүлсэн талаарх хуулийн зохицуулалт энэ маргаанд хамааралгүй байна.
Учир нь ижил, адил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг орон тоо цөөрүүлэх гэж ойлгох бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоог цөөрүүлээгүй, харин нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын нэр өөрчлөгдөж, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байх тул орон тоо цөөрүүлсэн асуудал энэ маргаанд хамааралгүй, орон тоо цөөрүүлсэн талаарх хуулийн зохицуулалтыг тус маргаанд хэрэглэхгүй.
Иймд “орон тоо цөөрсөн тул сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Х.Г-ийг чөлөөлж, Э.М-г томилсон нь хуульд нийцсэн” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлага нь төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх шалгуур байтал төрийн албанд 1 жил хүрэхгүй хугацаанд ажилласан Э.М-г томилсон нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Учир нь Э.М төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болох нь Э.М-гийн нийгмийн даатгалын дэвтэр, төрийн албан хаагчийн анкет зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/82 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасан байна.
Дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Г-ийг урьд эрхэлж байсан геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Гийг урьд эрхэлж байсан геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах нь зүйтэй байна.
Х.Г-ийн ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 911,404 ( есөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун дөрөв) төгрөгөөр тооцож, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх нийт 4,557,021 ( дөрвөн сая таван зуун далан долоо мянга хорин нэг) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Г-ийг урьд эрхэлж байсан Геологийн албаны “геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Х.Г-т 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,557,021 ( дөрвөн сая таван зуун далан долоо мянга хорин нэг ) төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б