Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00020

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00020

 

 

2023 12 25 210/МА2024/00020

 

Х б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/03502 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С и-ХХК, Д.О- нарт холбогдох,

Зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 727 009 611,79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч С и-ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С и-ХХК-ийн төлөөлөгч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч нар нь 2020 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний дагуу 600,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалттай 84 сарын хугацаатай авсан. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.О-ийн өмчлөлийн амины орон сууцын зориулалттай Баянгол дүүрэг, 9 хороо, 000 тоотод байршилтай, 549.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9 хороо, 000 тоотодод байршилтай, 00000000000000 нэгж талбарын дугаартай 250 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хан-Уул дүүрэг, 4 хорооны, н з-гудамж, 00/0-тоот, 415,1 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээний үүрэгт 726,974,611.79 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 35,000 төгрөг, нийт 727,009,611.79 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.О-ийн тайлбар, татгалзлын агуулга: Хуулийн этгээдийн итгэмжлэлд гүйцэтгэх захирлын гарын үсэг байх ёстой боловч Г.Н-д төлөөлөх эрхийг төлөөлөгчийн төлөөлөгч М.Э- олгосон нь үндэслэлгүй. Х б- ХХК-ийг төлөөлөх эрх олгож буй итгэмжлэлд Г.Н-д гуравдагч этгээдийн тухай зохицуулсан зүйл заалтыг удирдлага болгон олгосон нь ойлгомжгүй бөгөөд бие даасан шаардлага гаргаж буй этгээд эсхүл шаардах эрхтэй нэхэмжлэгчийн алин болох нь тодорхойгүй. Г.Н-д олгосон итгэмжлэл хуульд нийцээгүй, Х б- ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй. Хэрэг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2020 оны 06 сарын 26-ны өдрийн ЗГ/202045390365 зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С и- ХХК, Д.О- нараас 726,974,611.79 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч Д.О-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 хороо, 000-тоот хаягт байршилтай, 549.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9 хороо, 000 тоотод хаягт байршилтай, 00000000000000 нэгж тасалбарын дугаартай 250 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 хорооны, н з-гудамж, 00/0-тоот хаягт байршилтай, 415,1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,863,198.06 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,792,823 төгрөг, 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч С и-ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т "нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт" гэж, 62.1.5-д "нэхэмжлэлийн үнэ" гэж заасныг зөрчин ямар ч үндэслэлгүйгээр тусгасан, нотлох баримтыг буруу тайлбарлан нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хангаж хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, ач холбогдолтой эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

 

4.2.Мөн Өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан эрхийг хязгаарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.7 дахь хэсэгт заасан зохигч, оролцогч мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч С и-ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр болно. Хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасанд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х б- ХХК нь хариуцагч С и-ХХК, Д.О- нарт холбогдуулан зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 727,009,611.79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ./хх. 1-3, /

 

3. Нэхэмжлэгч Х б- ХХК, хариуцагч С и-ХХК, Д.О- нарын хооронд 2020 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагджээ./хх. 15-27/

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 600,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаа тооцон зээлдэгч нарт олгосон, зээлдэгч нар зээлийг гэрээнд заасан зориулалт, хугацаагаар ашиглаж, хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн зээлдэгч Д.О-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 9 хороо, 000-тоот хаягт байх 549.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байх, 0000000000000 нэгж талбарын дугаартай 250 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 4 хороо, н з-гудамж, 00/0-тоот хаягт байх 415,1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдүүлэгч тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 52-54/

Талууд дээрх гэрээнд 2020 оны 12 сарын 15, мөн 2021 оны 12 сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх 28-31/

 

4. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг буцаан төлүүлэхээр шаардахдаа 2020 оны 03 сарын 15-ны өдрийн байдлаар гаргасан зээл, хүүгийн тооцооллыг баримталсан нь зөв байна. Уг тооцооллоор хариуцагч тал 170,724,337.25 төгрөгийн зээлтэй, нэмэгдүүлсэн хүүгийн төлөөгүй хуримтлагдсан төлбөртэй болох нь тогтоогдсон, уг баримтыг хариуцагч няцаагаагүй. Иймд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэлээ тодорхойлж үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргах үүрэгтэй бөгөөд хариуцагч С и-ХХК шүүхэд тайлбар гаргаагүй байна.

Харин хариуцагч Д.О- 2023 оны 05 сарын 23-ны өдөр гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хэрхэн үгүйсгэж буй татгалзлын үндэслэлээ тодорхойлоогүй, гагцхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан гэж маргажээ./хх.79-80/

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд Ковид-19 буюу цар тахлын үеийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн, хил хаагдаж, бараа материалын үнэ огцом өссөн, бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх агуулгатай тайлбар гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд уг тайлбар нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 4,426,558 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 35,000 төгрөг, нийт 4,458,558 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Х б- ХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н- 2023 оны 03 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Х б- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 01/12242 дугаартай итгэмжлэлийг тус компанийн Хууль, эрх зүйн газрын захирал Э.Х-т олгосон, Хууль, эрх зүйн газрын захирал Э.Х-ын мөн өдрийн 29/12244 дугаартай итгэмжлэлээр тус компанийн Тусгай активын газрын захирал М.Э-д итгэмжлэл олгосон, Тусгай активын газрын захирал М.Э-гийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 1/1-дугаартай итгэмжлэлээр тус компанийн Тусгай активын газрын Хуулийн мэргэжилтэн Г.Н-д олгосон итгэмжлэл тус тус хэрэгт авагдсан. /хх.11-14/

Уг итгэмжлэлүүдэд бусдад дамжуулах эрхгүй талаар заагаагүй, зохигчийн эрхийг бүрэн олгосон тул Г.Н- нь Х б- ХК-ийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна. Иймд энэ талаархи хариуцагч Д.О-ийн татгалзал үндэслэлгүй байна.

 

7. Хариуцагч С и-ХХК нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлан зөрчсөн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

7.а. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Д.О-ийн өмгөөлөгч Ж.Т- 2023 оны 05 сарын 03-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлжээ. Уг хугацаанаас хойш шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх 5 сарын хугацаанд өмгөөлөгч Ж.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжтой байсан гэж үзэх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7.б. Шүүхээс 2023 оны 10 сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч С и-ХХК-ийн гүйцэтгэх удирдлага бөгөөд хариуцагч Д.О-т 2023 оны 09 сарын 26-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар түүний 00000000- дугаар болон баталгаат шуудангаар дамжуулан мэдэгдсэн, хариуцагч нар шүүх хуралдааны товыг хүлээн авсан байна. Иймд хариуцагч нарын шүүх хуралдаанд бичелэн оролцох эрхийг шүүх хангаагүй, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.О-ийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг хангаагүй байна. Энэ талаар хариуцагч Д.О-, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаагүй тул шүүх хариуцагч Д.О-, түүний өмгөөлөгч нарын мэтгэлцэх эрхийг шүүх зөрчсөн гэх хариуцагч С и-ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Хариуцагч С и-ХХК, Д.О- нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан оролцогч тул хариуцагч С и-ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор хариуцагч Д.О-ийн эрх зүйн байдлыг дүгнэхгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С и-ХХК, Д.О- нараас зээлийн гэрээний үүрэгт 722,551,053 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б- ХК-д олгож, нэхэмжлэлээс 4,458,558 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч С и-ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/03502 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...С и- ХХК... гэснийг С и-ХХК гэж, ...726,974,611.79 төгрөг... гэснийг 722,551,053 төгрөг гэж, ...35,000 төгрөг... гэснийг 4,458,558 төгрөг гэж,

3 дахь заалтын ...3,792,823 төгрөг... гэснийг 3,770,705 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч С и-ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С и-ХХК-ийн төлсөн 3,863,023 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ