Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0130

 

О.Э-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 800 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор О.Э-гийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн офицерээр ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авсан. 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Н-ыг төрүүлж, мөн оны 3, 4 дүгээр саруудад төрсний дараах 2 сарын чөлөө, 5 дугаар сард тухайн оны ээлжийн амралтаа авсан. Түүнээс хойш 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөөг 3 сараар авах тухай өргөдлийг тухайн байгууллагадаа гаргаснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөөг авсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар миний хүүхэд асрах чөлөө нь 2 жил хүртэлх хугацаагаар олгогдсон боловч Хөдөлмөрийн тухай хуульд хүссэн үедээ ажилдаа орох хуулийн зохицуулалт байсан учир миний хувьд банкинд цалингийн зээл, орон сууцны зээлтэй байсан зэргийг бодолцон амьдралын шаардлагаар цагдаагийн газрын удирдлагад ажилдаа орох хүсэлт гаргасан.

Мөн тухайн үед миний жижүүрийн офицероор ажиллаж байсан ажлын байрыг хөхүүл хүүхэдтэй хүнд тохирохгүй, Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдөнө гэсэн шийдвэрийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн удирдлагын зүгээс гаргаж, миний ажлын байранд өөр хүнийг томилсон.

Гэвч ажлын орон байрыг тухайн байгууллага нь гаргаж өгөөгүйгээс миний хувьд ажилгүй явсан ба ажлын байр гарган өгч, эгүүлэн ажилд авах тухай хүсэлтийг би 2013 оны 9 дүгээр сарын 20, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус бичгээр гаргаж, өргөдлөө өгсөн боловч уг хүсэлтийг шийдвэрлэж, ажилд томилох шийдвэр гаргаагүйн улмаас 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл би ажилгүй, 10 сарын хугацаанд цалин хөлсгүй явсан юм. Намайг хүүхэд асрах чөлөө авсан 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2013 оны 6 дугаар сарын 30-ны хавьцаа миний ажлын байранд ахмад Энххадыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар миний ажиллаж байсан жижүүрийн офицерийн албан тушаалд томилж, хууль зөрчсөн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан тушаал хэвээр хадгалагдах заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж зааснаар ажилд томилох үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан учраас өрхийн эдийн засаг хүндэрч, эрсдэл хүлээсэн.

Иймд намайг ажилд томилох талаар арга хэмжээ аваагүй, мөн миний ажлын байранд өөр албан тушаалтанг томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацааны цалин хөлс болох 6.863.357 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Э Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 109 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн офицероор томилогдон ажиллаж, 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр амаржиж, мөн оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жил хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон.

О.Э ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасныг тус газар хүлээн авч, түүний эрхэлж байсан албан тушаалд өөр алба хаагч томилогдсон, жижүүрийн офицерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалын сул орон тоо байхгүй талаар хариуг амаар мэдэгдэж, түүний өргөдөлд энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасан.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас өргөдөл гаргагч О.Э-д хариу мэдэгдсэн боловч тэрээр хуульд заасан хугацаанд шууд харьяалах дээд шатны байгууллага буюу Цагдаагийн ерөнхий газрын даргад гомдол гаргаагүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан. Үүнээс үзэхэд О.Э-гийн шүүхэд гаргасан гомдол нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар О.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 800 дугаар шийдвэрээр Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э-гийн гаргасан “... О.Э-г Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын ажилтнаар томилох шийдвэр гаргаагүй Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,863,357 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 800 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э-гийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, О.Э-г Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын ажилтнаар томилох шийдвэр гаргаагүй Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 5 сар 25 хоногийн цалин хөлс болох 4,679,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх О.Э-гийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь:

1. О.Э- ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасныг тус газар хүлээн авч, түүний өмнө эрхэлж байсан жижүүрийн офицерийн албан тушаалд өөр хүн томилогдсон, уг албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалын сул орон тоо байхгүй талаар хариуг мэдэгдэж, түүний өргөдөлд энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна. Харин тус газрын жижүүрийн офицерийн албан тушаалд ажиллаж байсан Ж.Д нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар тушаалаар Асгат сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож, тухайн үед Цагдаагийн газрын дэд дарга Н.Л, О.Э-д өмнө нь ажиллаж байсан жижүүрийн офицерийн ажлын байр гарсан талаар мэдэгдэж, ажилдаа орохыг мэдэгдэхэд О.Э нь хөхүүл хүүхэдтэй учир ажиллах боломжгүй гэж татгалзсан талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж, бодитой дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх баримтыг “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэрч Н.Л-ы мэдүүлэг үнэн бодит, эргэлзээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар тушаалаар тогтоогдож байгааг анхаарч үзнэ үү.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “... ажилд томилох шийдвэр гаргаагүй Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй тогтоолгох...” гэж тодорхойлсон.

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас О Э-г ажилд томилуулах талаар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тодорхойлолтыг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр үйлдэж, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс өмнө О.Э-г ажилд томилох талаар санал ирүүлээгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх О.Э-г 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт ажилдаа эргэж орох талаар өргөдөл гаргаснаас хойш Цагдаагийн ерөнхий газар түүнийг ажилд томилох асуудлыг шийдвэрлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч нь дээд шатны байгууллага, алба хаагчийн өмнө ажлаа тайлагнах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримталдаг ч О.Э Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас түүний ажилдаа орох тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн тохиолдолд хуульд заасан хугацаанд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох”, 87 дугаар зүйлийн 87.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасантай нийцээгүйн гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан нь “эс үйлдэхүй” байхаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заажээ.

О.Э-гийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилдаа буцаж орох тухай 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өргөдлийн шийдлээс үүдэлтэй бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох ... тухай” 400 дугаар тушаал болон түүний 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн өргөдөлтөй холбоогүй юм.

Нэхэмжлэгч О.Э-гийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өргөдлийг шийдвэрлээгүй, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаар томилох шийдвэр гаргаагүй гэх Цагдаагийн ерөнхий газрын даргын “эс үйлдэхүй” хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн тогтоогдоогүй байна.

Тухайлбал, хэргийн 8 дугаар талд авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ц-д хандаж 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан О.Э-гийн өргөдлийг Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн бичмэл баримт хэрэгт авагдаагүй, уг албан бичигт хийгдсэн цохолтоор орон тоо гартал түр хойшлуулах хариу өгөхийг мөн аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтан С.Э-д үүрэг болгожээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч О.Э-гийн дээрх өргөдлийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлснийг Цагдаагийн ерөнхий газрын дарга танилцаад хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй орхигдуулсан “эс үйлдэхүй” байсан гэхэд эргэлзээтэй байна.

Түүнчлэн О.Э-гийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өргөдөлд хийгдсэн цохолтын дагуу цагдаагийн ажилтан С. нь нэхэмжлэгч О.Э-д хэзээ хариу өгсөн тухай баримт байхгүй, С.Э-г гэрчээр асууж, мэдүүлэг аваагүй, О.Э тухайн үед өргөдлийн хариугаа авсан бол Цагдаагийн ерөнхий газарт хандаж гомдол гаргасан эсэх нь ч тодорхойгүй үлджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Э-гийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өргөдлийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаас Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулаагүй, уг албан тушаалтанд шийдвэр гаргах боломжийг олгоогүй, тухайн өргөдөлд хийгдсэн цохолтоор асуудал шийдэгдсэн нь нотлогдвол энэ хэргийн хариуцагч өөрчлөгдөхөөр байна.

Шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан журмын дагуу энэ хэрэгт хариуцагч байж болох этгээдүүдийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргааны хэргийг нотлох болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй учир шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 гэсэн хуульд байхгүй заалт хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан атлаа үлдэх хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулснаас гадна хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй гэж үзсэнээс өөрөөр Цагдаагийн ерөнхий газрын даргын “эс үйлдэхүй” хууль бус болох талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй”, 88 дугаар зүйлийн 88.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Давж заалдах ... шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг ... өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг ... буцаан олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 800 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА