Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00097

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00097

 

 

 

 

 

2024 01 08 210/МА2024/00097

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 09-ний

өдрийн 102/ШШ2023/03585 дугаар шийдвэртэй,

С.Э-ын нэхэмжлэлтэй, С.Т-, С.О- нарт холбогдох,

- 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э-, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч С.Т-, С.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би, аав Г.С-, ээж Б.Н- нарын ууган хүү бөгөөд 5 дүүтэй. Эх Б.Н- 2020 оны 11 сарын 15-ны өдөр 91 настайдаа бурхан болсон. Төрөөс 1986 оны үед ээж Б.Н-д маргаан бүхий орон сууцыг хувьчилж өгсөн. Дүү С.Т- ээжтэй хамт амьдарч байх хугацаандаа ээжийн байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар зээл авсан байсан. Би 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Эцэг, эхээс уламжлагдан ирсэн  - орон сууцны зах зээлийн ханш 150,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа. Иймд ээж Б.Н-ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоож, орон сууцны ногдох хэсэгт 50,000,000 төгрөгийг С.Т-аас гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.Т-ийн тайлбар, татгалзлын агуулга: Тухайн орон сууц нь минийх биш. Аав ээж хоёр отгон дүү С.О-од гал голомтоо өвлүүлнэ гэж хэлсэн байдаг. Ээж маань 2005 онд хэвтэрт орж, би аав, ээж хоёрыгоо асрах болсон. Миний аав 2013 онд, ээж 2020 онд бурхан болсон. Дүү С.О- нь аавын захиасаар гал голомтоо сахья, та манай байранд ор гэснээр би 10 дугаар хорооллын 22-30 тоотод амьдрах болсон. Хэсэг хугацааны дараа дүү маань өөрийн байраа надад өгөх тухай ярьж, дүүдээ 20 сая төгрөг өгөөрэй гэсний дагуу би хүүхдийнхээ цалингийн зээлийг авч өгөөд, байрыг өөрийн нэр дээр шилжүүлж одоо амьдарч байна гэжээ.

 

3. Хариуцагч С.О- шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар нэхэмжлэгч С.Э-ыг хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс -40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас ногдох хэсэгт 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэг жилийн дотор өвийг өвлөж аваагүй учраас хуулиар олгогдсон эрхээ алдсан гэж дүгнэсэн. Өвлөгдвөл зохих эд хөрөнгө нь талийгаачийг нас барахаас өмнө С.Т-ийн нэр дээр шилжсэн байсан. С.Т- уг орон сууцыг барьцаалах зорилготой зээл авч нэр дээрээ шилжүүлсэн ба жинхнээсээ түүний өмчлөлд шилжээгүй. Ийм учраас өв нээлгэх маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгдэх шаардлагагүй байсан. Гэвч энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн.

Өвлүүлэгч буюу ээж Б.Н- нас барсны дараа хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөнөөс ногдох хэсгийг С.Э-д өгөх талаар хэлж явсаар 2023 он хүрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өвлөх эрхээсээ татгалзсан гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймд тус шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч С.Т-ийн тайлбарын агуулга: Аав, ээж хоёр амьд сэрүүн байхдаа ахад ийм үг огт хэлээгүй. Аав 2013 онд нас бараад 3 жил өнгөрсний дараа ээж маань 2016 онд дүүд чинь байрыг өгье, гал голомтод нь оруулъя, миний охин дүүтэйгээ явж хөөцөлдөөд нэрийг нь шилжүүл гэж надад хэлж дүүгийн нэр дээр нэрийг шилжүүлсэн. Хэрэв ахын хэлснээр хийх байсан юм бол ээжээс тэр талаар зөвшөөрөл, гарын үсгийг зуруулж авах хугацаа зөндөө байсан. Ээжийг нас барснаас хойш 3 жилийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сард ах шүүхэд хандсан байдаг. Бид нартай ч ярилцаагүй, гэнэт шүүхэд өгөхөөр нь их гайхсан. Миний хувьд байргүй болоод байр нэхсэн зүйл огт байхгүй гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч С.О-ын тайлбарын агуулга: Анх ах байрны асуудлаар биднийг шүүхэд өгсөн талаар сонсоод ахаас асуухад чи өмчлөгч нь мөн, гэхдээ ах нь бололцоогүй гэдэг зүйл ярьсан. Ах бололцоогүй биш, боломжтой, мундаг дархан хүн, хүүхдүүд нь ч сайн явж байгаа. Би ахдаа хэлэхдээ танд аав, ээж хоёрын гэрээслэл байх юм бол ахдаа гуравны нэгийг өгөхөд ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Гэтэл тийм бичиг байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Э- нь хариуцагч С.Т-, С.О- нарт холбогдуулан -3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч С.Э-, хариуцагч С.Т-, С.О- нар нь талийгаач Г.С-, Б.Н- нарын төрсөн хүүхдүүд бөгөөд эцэг Г.С- 2012 онд, эх Б.Н- 2020 онд нас барсан үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл маргаж буй - 3 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй байна.

4.1. Талийгаач Г.С-, Б.Н- нар 1997 оны 09 сарын 19-ний өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр анх улсын бүртгэлд бүртгэгдэж, Г.С-, Б.Н- нарын охин С.Т- 2004 оны 10 сарын 25-ны өдөр хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдсэн байна. Г.С- 2012 онд нас барснаар орон сууцны Г.С-т ногдох хэсэг өвийн журмаар 2013 оны 11 сарын 12-ны өдөр С.Т-т шилжсэн нь өвлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдсон. Харин хүү С.Э- өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаагүй тул түүнийг өв хүлээн авахаас татгалзсан тухай тэмдэглэлийг нотариатч үйлдэж, өвийг С.Т-т олгожээ.

4.2. Улмаар дээрх орон сууцны өмчлөгчөөр Б.Н-, С.Т- нар 2023 оны 11 сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Б.Н- нь 2015 оны 08 сарын 21-ний өдөр орон сууцны өөрт ногдох хэсгийг бэлэглэлийн гэрээгээр С.Т-т шилжүүлж, С.Т- уг орон сууцыг дангаар өмчилжээ.

4.3. Хариуцагч нарын хооронд байгуулсан 2015 оны 08 сарын 27-ны өдрийн арилжааны гэрээгээр нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцыг хариуцагч С.О- өмчилжээ. Тус арилжааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч С.О- уг орон сууцанд өнөөг хүртэл амьдарч байгаа талаар зохигч маргаагүй байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв зааглан тодорхойлж чадаагүй байна. Нэхэмжлэгч нь ...эх Б.Н-ын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож... улмаар 50,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос үзвэл тэрээр 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ эх Б.Н-ын хууль ёсны өвлөгч учир ногдох хэсгийг шаардах эрхтэй гэж үзжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг бие даасан шаардлага гэж тодорхойлон С.Э-ыг талийгаач Б.Н-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэснээр хууль зүйн үр дагавар үүсээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

6. Хариуцагч нараас 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С.Э- нь талийгаач Г.С-, Б.Н- нарын хууль ёсны өвлөгч мөн боловч дээрх орон сууц нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвийн журмаар хариуцагч нарын өмчлөлд шилжээгүй тул нэхэмжлэгч нь өвлөгдсөн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хариуцагч нараас гаргуулна гэж шаардсан нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Учир нь талийгаач Б.Н- маргаан бүхий орон сууцны өөрт ногдох хэсгийг амьд ахуйдаа буюу 2015 онд бэлэглэлийн гэрээгээр хамтран өмчлөгч болох хариуцагч С.Т-т шилжүүлснээр Б.Н-ын зүгээс маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх дуусгавар болжээ. Иймд түүнийг 2020 онд нас барах үед Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасны дагуу дээрх орон сууц өвлөгдөөгүй тул нэхэмжлэгч нь уг орон сууцнаас ногдох хэсгийг шаардах эрхгүй юм.

Үүний зэрэгцээ Б.Н- нас барсны дараа хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсгийг нэхэмжлэгчид өгөх талаар харилцан тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

7. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.Т-, С.О- нарт холбогдуулан гаргасан -3 өрөө орон сууцны ногдох хэсэг 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ