Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 215

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н    

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “С.Н-ыг Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албанд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг тогтоолгох” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн. Бүтцийн өөрчлөлтөөр жирэмсний болон амаржсаны амралттай байгаа намайг ажлаас болон төрийн албанаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг зөрчсөн. 

Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хариу албан бичигт “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б нь Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, хуулийн хүрээнд томилогдоогүй, уг албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул байгууллагын хүний нөөц, боловсон хүчний хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргах эрхгүй” гэж дурдсан байна. 

Чөлөөлөгдсөн албан хаагч миний бие үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ “сайн” биелүүлж байсан ба ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. 

Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллгааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б нь хууль бус шийдвэр гаргаж, төрийн албан хаагч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оноос анх ажиллаж эхэлсэн. Худалдан авах ажиллагааны газрын барилга хариуцсан мэргэжилтэн. 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр намайг жинхэлж, Худалдан авах ажиллагааны газрын Барилга хариуцсан мэргэжилтнээр томилсон. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зураг, төсөл хийцийн инженерийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Чиг үүрэг ижил гэж намайг шилжүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр жирэмсний амралтаа авчхаад байж байхад 2016 оны 10 дугаар сарын 28 өдөр буюу төрөхөөс 2 хоногийн өмнө ажлаас халсан гэсэн бөгөөд надад хүнд туссан. Нийслэлийн худалдана авах ажиллагааны газрын дарга Э.Б-тай найз нөхөд, эгч дүү байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд орсон. Барилгын инженерийн орон тоо байхгүй болсон гэсэн. Хийж байгаа ажлыг сайн шалгахгүй бол захиалагч, гүйцэтгэгч хооронд маргаан гардаг байсан бөгөөд тэр талаас нь шалгадаг байсан. Шүүхэд хандсан гэснийг сонсоод ажлын байрны тодорхойлолтыг сольсон гэж сонссон. Дөнгөж төрсний дараа удалгүй ажилчдаар залгуулсан. 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/.... тоот тушаалаар жинхэлсэн. Худалдан авах ажиллагааны хэлтэст барилга байгууламжийн худалдана авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/.... тоот тушаалаар Зураг, төсөв, хяналтын хэлтэст зураг, төсөв, хийцийн инженер ажилласан” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын “Газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/... дугаар тушаалын дагуу батлагдсан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын шинэчлэгдсэн бүтцээр Зураг, төсөв хяналтын хэлтэс татан буугдаж, Зураг төсөв хийцийн инженерийн албан тушаалын орон тоо байхгүй болсон тул Зураг, төсөв хяналтын хэлтсийн Зураг төсвийн хийцийн инженер албан тушаалтай байсан С.Н-ыг албан үүргээс нь чөлөөлсөн болно. 

Манай газрын зүгээс адил төстэй ажлын байрыг санал болгохоор удаа дараа С.Н-ыг урьж уулзах хүсэлт тавьж холбогдсон боловч С.Н хүлээж аваагүй, цааргалж одоог хүртэл, тодорхой хариу өгөөгүй байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зураг, төсвийн хэлтсийн мэргэжилтэн С.Н-ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 тоот захирамжаар байгууллагын бүтэц, орон тоог баталсан. Энэ бүтцээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь 4 хэлтэс, дарга, орлогч даргатайгаа баталсан бөгөөд орон тооны хязгаарыг 35 ажилчны оронтойгоор баталсан. Өмнө нь манай байгууллага 55 албан хаагчтай байсан. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дүрмийг боловсруулж 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/752 тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргаар батлуулсан байдаг. Уг бүтцэд зураг төслийн хийцийн хэлтсийг татан буулгасан байгаа. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зураг төслийн хэлтсийн мэргэжилтэн С.Н-ын тухайн орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн байна. Хуульд заасны дагуу 3 сарын үндэсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Н нь төрснийн дараа цалин нэхэмжилсэн байгаа бөгөөд 60 хоногийн листний мөнгийг авсан байдаг. С.Н-ын өмнө хэрэгжүүлж байсан ажлын чиг үүрэг байхгүй болсон байгаа. Нийслэлийн Худалдана авах ажиллагааны газрын худалдана авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн мэргэжилтний ажлын тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байгаа. Барилгын инженер, зургийн инженер ямар нэгэн зурагт хяналт тавих чиглэл байхгүй болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай газар 5 хэлтэс, 35 орон тоотой байсан бөгөөд бүтцэд өөрчлөлт орж 3 хэлтэстэй болсон. Зураг, төсөв хяналтын хэлтэс гэж байхгүй болсон. Өмнө урьдчилсан хэлэлцүүлэг дээр ярьсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг манай дээр давхардуулж хийж байна. Төсвийн зардлыг багасгах ёстой гэсэн бөгөөд зөвхөн манай газар ч биш, бүх яам, агентлагийн давхардсан чиг үүргийг хассан. Үүнээс болж хасагдсан. Э.Б дарга хувийн сэдэлтээр ажлаас халаагүй. Нийслэлийн Засаг дарга бүтцийн дээд хязгаарыг баталсан. Энэ газрын удирдлагын зөвлөлд байдаг учраас албан ёсоор хэлье. Хувийн ашиг сонирхлын үүднээс ажлаас чөлөөлөөгүй. Жирэмсэн, төрсөн, хүүхэд асарч байгаа энэ хүмүүст бүгдэд ажлын байр санал болгосон. С.Н-тай өмнө хамт ажиллаж байсан хүмүүс ярьсан. Би хүний ёсоор хандсан бөгөөд эмзэглэж байгаа бол өөр би юуны ёсоор хандсан гэж хэлэх вэ. Хүний ёсоор хандсаныг буруугаар ойлгож байгаа бол уучлаарай. С.Н-д ажлын байр санал болгосон бөгөөд тэр ажлын байрыг байлгаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид нар ажлын байр санал болгосон хэвээр л байгаа” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Н нь “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “С.Н-ыг Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албанд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. 

Нэхэмжлэгч С.Н-ыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “С.Н-ыг ажилд томилох тухай” Б/33 дугаар тушаалаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтэст “Их засварын ажлын худалдан авалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон байна. 

Улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “С.Н-ыг ажилд томилох тухай” Б/60 дугаар тушаалаар С.Н-ыг тус газрын Худалдан авах ажиллагааны хэлтэст “Барилга байгууламжийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилсон байна. 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “С.Н-ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/45 дугаар тушаалаар С.Н-ыг Зураг төсөв, хяналтын хэлтсийн “Зураг төсөв, хийцийн инженер”-ийн албан тушаалд томилжээ. 

С.Н-ыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “С.Н-ыг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/124 дүгээр тушаалаар “бүтцийн өөрчлөлтөөр, орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн” үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн байна. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан байна. 

Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй, харин уг асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан, нарийвчлан зохицуулсан байх тул энэ маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаас үзэхэд дараах 3 үндэслэл бий болсон тохиолдолд л бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халахаар зохицуулсан байна. Үүнд: 

• Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан 

• Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан 

• Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон 

Дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “...аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” гэж тодорхой заасан байх ба харин салбар, нэгж татан буугдах, орон тоо хасагдах, ажилтны тоог цөөрүүлэх гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д хуульчлаагүй байна. 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол гэсэн өөр, тусдаа, ялгамжтай ойлголтуудыг хуульчилсан байна. 

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д бага насны хүүхэдтэй эхийн эрхийг онцгойлон хамгаалж хуульчилсан байх ба байгууллага татан буугдах гэсэн ойлголт нь орон тоо хасагдах, цөөрүүлэх, байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөхөөс өөр, тусдаа ойлголт юм. 

Байгууллага татан буугдсан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд л бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг зөвшөөрсөн хуулийн зохицуулалт байсаар атал Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэж зааснаас үзэхэд байгууллага татан буугдаагүй л бол орон тоо цөөрүүлсэн, хассан, ажлын байр өөрчлөгдсөнөөс үл хамааран бага насны хүүхэдтэй эхийн эрхийг хамгаалан хуульчилсан байна. 

Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь татан буугдаагүй байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...орон тоо хасагдсан, Зураг төсөв, хяналтын хэлтэс татан буугдсан тул ажлаас чөлөөлсөн” гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар татан буугдаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.  

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”, 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж бага насны хүүхэдтэй эхийн эрхийг хамгаалж, зохицуулсан байна. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...адил төстэй ажлын албан тушаал санал болгосон боловч С.Н хариу өгөөгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц, ижил төстэй албан тушаалд томилох боломжтой байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Зураг төсөв, хяналтын хэлтэст С.Н-тай хамт ажиллаж байсан Б гэх мэт хүмүүсийг өөр хэлтэст шилжүүлэн томилон ажиллуулж байгаа” гэсэн агуулгаар тайлбарлаж  байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг адил төстэй, дүйцэхүйц албан тушаалд томилох боломжтой байсан байна. 

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “С.Н-ыг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/124 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасан байна. 

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “С.Н-ыг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг урьд эрхэлж байсан зураг, төсөв хяналтын хэлтсийн зураг, төсөв хийцийн инженерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “С.Н-ыг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг урьд эрхэлж байсан зураг, төсөв хяналтын хэлтсийн зураг, төсөв хийцийн инженерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгах нь зүйтэй байна.

С.Н-ын ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 320,355 (гурван зуун хорин мянга, гурван зуун тавин тав) төгрөгөөр тооцож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх нийт 1,601,779 (нэг сая зургаан зуун нэг долоон зуун далан ес) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг урьд эрхэлж байсан Зураг, төсөв хяналтын хэлтсийн зураг, төсөв хийцийн инженерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан С.Нд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,601,779 (нэг сая зургаан зуун нэг долоон зуун далан ес) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.Б