Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 312

 

Б.П, Д.Г нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ц, гуравдагч этгээд С.Г, Э.Б, П.Г, Г.У, Э.У, Э.Ч, гуравдагч этгээд Э.Ч-ийн өмгөөлөгч С.Г, В.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0402 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.П, Д.Г нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.П-т газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах”, “Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......, ......, ......, ......, ......, ...... тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, ......, ......, ......., ......., ......., ....... тоот гэрчилгээнүүдийн хамт тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.П, Д.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0402 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-н "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, маргаан бүхий газрыг Б.П-т эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах", нэхэмжлэгч Д.Г-ийн "Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......., ......, ......, ......., ......., ...... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, ......, ......, ......., ......., ......, ...... тоот гэрчилгээнүүдийг хамт хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Г-ийн "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, маргаан бүхий газрыг Б.П-т эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах" болон Б.П-н "Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......, ......, ......, ....., ......., ........ дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, ......., ......., ......., ......., ......., ....... тоот гэрчилгээнүүдийн хамт хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай." гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.П, Д.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 сарын 17-ны өдрийн А/264-р захирамжийн Э.Чинзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий газарт хэн нэгний эзэмших эрх албан ёсоор үүсээгүй байсан бөгөөд 2015 оны А/264 дүгээр захирамжаар анх удаа эзэмшил үүссэн. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэдгийг тодорхойлохдоо "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар хүлээн зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно" гэсэн байдаг. Гэтэл маргаж байгаа газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй хэдий ч уг газар дээр бусдын эд хөрөнгө, байшин барилга баригдсан байсан юм.

Газрын тухай хууль болон Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тоот тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам”-д зааснаас үзвэл бусдын газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ суурин болон хээрийн судалгаа хийх ёстой. Маргаан бүхий газарт судалгаа хийгдсэнээр энэхүү газар нь бусдад эзэмшүүлэх төлөвлөгөөнд орсон эсэх, бусдын газартай давхцалтай эсэх болон өөр бүсэд өргөдөл энэ газарт гарсан зэрэг асуудлыг тодорхойлно. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж 2015 оны 6 дугаар сард гарсан гэхээр энд Э.Ч-н ч тэр, Б.П-н ч тэр хүсэлтүүд газрын албанд байсан нь ойлгомжтой. Улмаар хээрийн судалгаа буюу тухайн газарт газрын албаны холбогдох мэргэжилтэн очиж судалгаа хийж, нөхцөл байдалтай танилцсан. Ингэхдээ тухайн газарт эд хөрөнгө байгаа, энэхүү эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаантай гэдгийг мэдэж авсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд ч Сүхбаатар дүүргийн Засаг даргын төлөөлөгч үүнийг тодорхой хэлсэн. Газрыг эзэмших эрх үүссэнээр тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломж үүснэ. Эндээс харахад Сүхбаатар дүүргийн Засаг дарга хээрийн судалгаагаар газар дээрх эд хөрөнгийн талаарх маргааныг мэдсээр байж 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр А/264 захирамжаар Э.Ч-т газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа тухайн үл хөдлөх хөрөнгө, мөнгийг гаргасан этгээдүүд болох нэхэмжлэгч Д.Г, Б.П нарын эрх, ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа болно.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар А/264-р захирамж гарснаар Э.Ч-т тухайн газар дээр баригдсан таунхауснуудыг ч мөн авах боломжийг олгож байгаа юм. Энд яригдаж байгаа газар нь 0.07 га буюу 700 мкв хэмжээтэй жижиг газар хэдий ч дээр нь баригдсан таунхаусны үнэ, өртөг нь их тул яах аргагүй таунхаус барих хөрөнгө мөнгийг гаргасан Б.П, Д.Г нарын эрх ашиг, сонирхлыг хөндөж байгаа учраас үүнийг зөрчигдөхөөс сэргийлж, хээрийн судалгаагаар тухайн газарт эд хөрөнгө баригдсан, тэр нь маргаантай гэдгийг мэдсээр байж газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/264 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Нөгөө талаас тухайн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг Э.Ч 2012 оны 8 дугаар сарын 10-нд анх гаргасан буюу Б.П-оос түрүүлж гаргасан гэсэн үндэслэлийг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, өргөдөл гаргасан тохиолдол бүрт газар олгох ёстой гэсэн хууль дүрэм огт байхгүй бөгөөд шүүхийн дүгнэсэн логикоор бол иргэн Э.Ч-ийн 2012 оны өргөдлийг судалж, шийдвэрлэх явц үргэлжилсээр байгаад 2015 онд буюу 3 жилийн дараа захирамж гаргасан байж таарах нь. Талуудын мэтгэлцээнээс харахад 2012, 2013 онуудад огт газар олгогдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл 2012 оны 8 сарын 10-нд гаргасан өргөдлийн дагуу газар олгогдоогүй гэсэн үг.

Өмнө дурдсанчлан Б.П-н гаргасан хүсэлт, өргөдлүүдийн хариу болгож дүүрэг, газрын албанаас "... бусдын газартай давхцал байхгүй, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ үү", "гэрчилгээний мөнгө тушаана уу" зэрэг хариунуудыг бичгээр болон амаар өгч байсан нь Э.Ч-ийн 2012 оны хүсэлт, өргөдөл эрх зүйн хувьд ямар нэгэн хүчин чадалгүй болсон байсныг илтгэж байгаа юм. Энэ нөхцөл байдлаас харахад ч гэсэн Э.Ч-т 2012 оны 8 дугаар сарын 10-ны хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгосон гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 захирамж үндэслэлгүй юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ....., ......., ......., ......., ......, ....... тоот  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, ......., ......., ......., ......, ......, ...... тоот гэрчилгээнүүдийн хамт хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэл 2013 оны 4 дүгээр сарын 22-нд хийгдсэн байдаг. Тухайн үед Э.Ч энэ талаар нэхэмжлэгч нэрт огт мэдэгдэлгүй, нууцаар бүртгүүлсэн юм.

Маргаан бүхий 6 үл хөдлөх хөрөнгө нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар олгогдсон ..... нэгж талбарын дугаар бүхий газар дээр биш, харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 264 дүгээр захирамжаар олгогдсон ...... нэгж талбарын дугаар бүхий газар дээр болон ..... нэгж талбарын газар дээр дамнан байрлаж байгаа болох нь, харин Э.Ч нь үл хөдлөх хөрөнгүүд 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар олгогдсон ...... нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдаж байгаа мэтээр буруу, алдаатай кадастрын зургийг үйлдэн бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Э.Ч-н болон Н.А-н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2016 оны зурган мэдээллийг 2015 оны агаарын зурагтай давхцуулсан байдал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээлэл, “Т М” ХХК-ны инженер Я.Б-г асуусан тайлбар, Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 16, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 61 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна гэдгийг иргэн Э.Ч нь өөр газарт баригдсан тэунхаүснуудыг өөрийнхөө тухайн уед эзэмшиж байсан газар дээр баригдсан мэтээр хуурамч материал бүрдүүлж, худлаа кадастрын зураг хийлгэж улмаар улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулан авсан гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрч, дүгнэсэн байдаг.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилт нь аливаа этгээдийн хууль ёсны дагуу, үнэн шударгаар олж авсан эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, өмч хөрөнгийг баталгаажуулж, хамгаалах байдаг. Гэвч энэхүү маргаан бүхий тохиолдолд 1 биш, 6 эд хөрөнгөнд худал, хуурамч баримт материал ашиглаж өмчлөх эрх гаргуулсан байхад "Хэдий хуурамч материал бүрдүүлсэн нь үнэн ч бүртгэх байгууллага ажлаа л хийсэн" гэсэн байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж шийдвэрлэж байгаа нь иргэний зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэлгүй алдаатай шийдвэрлэсэн. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0402 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.П, Д.Г нар Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх олгохыг даалгах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......, ......., ......., ......., ......., ....... дугаартай бүртгэлүүд, ......, ......., ......., ......., ......., ....... тоот гэрчилгээнүүдийг  тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар Э.Ч, Н.А нарт тус бүр 700 мкв газар эзэмшүүлсэн, эдгээр газар нь хил залгаа оршдог, энэхүү хоёр газрыг дамнан, хоорондоо залгаа бүхий 6 байшин байрлаж байх бөгөөд нэхэмжлэгчээс “...газрыг эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасан байхад гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус, тухайн газарт миний хөрөнгө оруулсан дундын эд хөрөнгө байгаа...” хэмээн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын маягт, Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрээс үзэхэд гуравдагч этгээд Э.Ч түрүүлж буюу 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, харин нэхэмжлэгч Б.П нь 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр тус тус газар эзэмших хүсэлт гаргасан болох нь тогтоогдсон, маргаан бүхий газарт хэн нэгний эзэмшил үүсээгүй байсан учир нэгж талбарын ....... дугаар бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болно.

Мөн маргаан бүхий газар дээр хоорондоо залгаа байшин байх бөгөөд үүнээс 4 байшин нь гуравдагч этгээдийн газар дээр, 2 байшин нь нэгж талбарын ....... дугаар бүхий Н.А-н эзэмшил газар дээр байрлаж байгаа болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 1/203 дугаар албан бичиг, мэдээллийн сангийн зурган мэдээллээр тогтоогдсон байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 162 дугаар захирамжаар Э.Ч нь Б.Т-с 400 мкв газар шилжүүлэн авсан, улмаар газрын хэмжээ нэмэгдүүлж, 700 мкв болгож, нэгж талбарын ...... дугаараар, 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр газар эзэмших гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, энэхүү газар нь 2015 оны А/264 дүгээр захирамжаар эрх үүссэн гуравдагч этгээдийн нэгж талбарын ...... дугаар газартай /одоо маргаж байгаа/ хил залгаа оршиж байна.

Нэгж талбарын ....... дугаартай газарт маргаан бүхий 6 байшин байрлаагүй боловч тухайн үед Э.Ч Н.А нар нь гэр бүлийн харилцаатай байсан, газраа хувааж тусгаарлаагүй байх үедээ Э.Ч-с 2008 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 162 дугаар захирамжаар эрх үүссэн газрын холбогдох баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж, гүйцэтгэл нь дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулжээ.

Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албаны 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1119 дүгээр албан бичиг зэргээс үзэхэд гуравдагч этгээд Э.Ч нь 2008 оны 162 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын байршлыг буруу тодорхойлсон  кадастрын зургийг улсын бүртгэлийн байгууллагад гаргасан болох нь тогтоогджээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөр заажээ. Эндээс Н.А-н эзэмшлийн газарт үл хөдлөх хөрөнгө барьсан үйлдлийн үр дагаврыг мэдүүлэг буруу гаргасан этгээд болох гуравдагч этгээд өөрөө хүлээх болохоос захиргааны байгууллагыг шууд буруутгах боломжгүй байна.

Учир нь Э.Ч,  Н.А нарын аль аль нь өөртөө газар эзэмших эрх үүсээгүй байхад маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барьсан, Н.А-с өөрийнх нь газарт үл хөдлөх хөрөнгө залгуулан барих тухайн цаг хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй, өөрийн газрыг тусгаарлаагүй, Э.Ч-с шүүх хуралдаанд “А, Г нартай тохирсон асуудал байгаа, нэг байшин өгнө гэж гэрээ байгуулсан” гэж  тайлбарлаж байсан, түүнчлэн Н.А-с Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанд хандаж, “Э.Ч нь 2012 оны 8 дугаар сарын 9-ны өдөр Хандгайтын зусланд газар эзэмших хүсэлт гаргасан ба газар дээр байрших хөрөнгө дээр маргаангүй тул газрыг холбогдох журмын дагуу олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргаж байжээ.

Иймээс, улсын бүртгэлийн байгууллагыг “газар эзэмших захирамж гараагүй байхад үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон” гэж дүгнэх хууль зүйн боломжгүй, захиргааны байгууллагаас 2008 оны 162 дугаар газар эзэмших захирамжаар олгогдсон газрын баримт бичгийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, гагцхүү нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тухайн үеийн хүсэл зоригоос шалтгаалан өөр байршилд барилга баригдсан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий 6 барилгын өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт орох бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн асуудал, дундаа хөрөнгө оруулсан асуудлыг шийдвэрлэсний дараа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудал, бусдын газар дээр барилга барьсан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх учиртай.

Тодруулбал нэхэмжлэгч Б.П-н тухайд маргаж буй газрыг эзэмших эрх үүсээгүй, түүний маргаан бүхий газар дээрх барилгад хөрөнгө оруулсан, дундын хөрөнгийн асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, иргэний хэргийн шүүхийн маргаан ба эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтойг дээр дурдсан хуулиар зохицуулсан байна. 

Урьд нь нэхэмжлэгч Б.П нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан маргаан бүхий ......, ......, ......, ......, ......, ...... тоот гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6732 дугаар захирамжаар уг нэхэмжлэлийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байжээ.

Иймд, Б.П-н үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2015 оны А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх олгохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн “...2012 оноос хойш маргаж буй газарт бидний хамтарч хөрөнгө оруулсан зуслангийн байшин байхад ... өмчлөх эрх зөрчлөө...” гэх гомдлыг хангах боломжгүй.

Үүнээс гадна Н.А-с өөрийн газар эзэмших эрхийг Д.Г шилжүүлсэн гэх боловч захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу  газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захирамж гараагүй, харин Н.А-с өөрийгөө захиргааны хэрэгт төлөөлөн оролцох эрхийг Д.Г-т олгожээ. Иймээс Д.Г-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдвэр зөв, түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг дүгнэх шаардлагагүй юм.

Урьд нь Д.Г, Н.У нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “газар эзэмших эрх хүсэлтийн дагуу захирамж гаргахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээсээ татгалзаж байсныг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 420 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь “хуурамч бичиг баримт ашигласан гэдэг нь тогтоогдсон байхад бүртгэлийг хүчингүй болгоогүй” гэх боловч “хуурамч” баримт гэдгийг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогоогүй, дээр дурдсанаар алдаатай баримтыг үндэслэн бүртгэл хийхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0402 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ     

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ