Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00042

 

 

        2023         12          27                                        210/МА2024/00042   

                                               

Л.Ж-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03138 дугаар шийдвэртэй

Л.Ж-ны нэхэмжлэлтэй

И-т холбогдох

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсаны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие И-ын даргын тушаалаар 2017 онд дотоод аудитын ахлах мэргэжилтнээр, 2018 оны 10 дугаар сараас ахлах аудитораар томилогдон ажиллаж байсан.

 1.1. И-ын дарга шинээр томилогдсонтой холбоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар Л.Ж-ыг хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулан албан тушаал бууруулсан арга хэмжээ авсан. Улсад 30 жил ажиллахдаа сүүлийн 20 жилийг аудитораар ажилласан. Аудитораар ажиллахын тулд би маш их сургалтад хамрагдаж, өндөр шаардлага, шалгуур, шалгалтуудыг давж Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх, нэгдсэн дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч гэх зэрэг өөрийн бололцоогоор мэдлэг чадвар, оюун ухаанаар ажиллаж ирсэн. Аудитор нь хүнээс маш их мэдлэг ур чадвар шаарддаг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд оролцдог учраас ганцхан санхүүгийн мэдлэгтэй байхыг шаарддаггүй олон төрлийн ур чадваруудыг шаарддаг тул өөрийгөө байнга хөгжүүлж ирсэн. Тийм болохоор аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах хүсэлттэй байна.

1.2. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дугаар тушаалын үндэслэл болгосон И-ын хөдөлмөрийн дотоод журам, заалтууд болон хөдөлмөрийн гэрээний заалт албан тушаалын заалтуудыг тодорхой дурдсан үндэслэл нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь ажлаа хийгээгүй гэдэг шалтгаан хөндлөнгийн аудитын дүгнэлтийг үндэслэж гаргасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд миний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүд нь дотоод аудиторын ажлын холбогдолтой заалтууд байдаг. И-ын даргын тушаалаар хөндлөнгийн аудиторын дүгнэлтийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргасан үйл баримтыг хангалттай тогтоож чадаагүй. И-ын даргын 2022 оны Б/79 дугаартай тушаалын үндэслэл хэсэгт Үндэсний Аудитын газраас И-ын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгаагүй хязгаарлалттай дүгнэлт удаа дараа авсантай холбогдуулаад, хяналт, шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмж, түүнийг өгөөд авах арга хэмжээгээ хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж. Өөрөөр хэлбэл, гаргасан зөрчлийг хэрэгжилтэд хяналт тавих үүргийг биелүүлээгүй гэх байдлаар тодорхойлсон байна. Гэтэл энэ үүрэг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүрэг биш. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг удирдлага болгосон боловч тухайн заалтуудыг нэг бүрчлэн үзэхэд ажилтан хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомж дотоод хэмжээнд мөрдөж ажиллах үүргээ зөрчсөн ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ чанартай бүрэн гүйцэтгээгүй гэсэн 2 заалтыг үндэслэл болгон сахилгын арга хэмжээ авсан бөгөөд тухайлсан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй. Нөгөө талаар хөндлөнгийн аудитын дүгнэлт буюу Аудитын ерөнхий газраас хийсэн санхүүгийн аудитын тайлангийн 3.10 өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт 80 хувь гэж дүгнэсэн.  Мөн ажил үүргийн хуваарийг харахад дээрх тушаал дээр тусгаад байгаа энэ хяналт тавих үүрэг байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар бол ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилд нь мэдэгдэж тайлбар авахаар гаргасан талд байгаа. Энэ нь сонсох ажиллагааны нэг хэлбэр буюу тухайн ажилтан гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа эсэх, зөрчлийн хэм хэмжээ шинж чанарыг харгалзаад сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхтэй холбох процесс байгаа. Гэтэл И энэ процессыг хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулаад албан тушаал бууруулж байгаа юм бол тухайн эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбоо хамааралтай байх ёстой гэж үзэж байна. Дотоод аудитын албаны ахлах аудитор хүнийг албан тушаал бууруулахдаа шал өөр нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан болгосон. Энэхүү ажил албан тушаалд тэнцэж томилогдох шат дараатай дэвшин ажиллахын тулд 30 гаруй жил өөрийгөө дайчлан ажилласан. Гэтэл үүнийг үгүйсгээд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж нягтлангаар ажиллах ийм ажлын байрыг санал болгосон. Уг албан тушаалаас өөрийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн.

     Иймд И даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал буруулсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

2. Хариуцагч талаас анхан шатны шүүхэд тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ж-ны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал буруулсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай хариуцагч И-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөний дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсссэн, И-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар дотоод аудитын албаны ахлах аудитор Л.Ж-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, Л.Ж нь уг тушаалыг эс зөвшөөрч, албан тушаал буруулсан гэх ажил, албан тушаалд ажиллахаас татгалзаж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад талууд маргаагүй.

Тушаалд Л.Жы үйлдсэн гэх зөрчлийг нэрлэхдээ “Үндэсний аудитын газраас И-ын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгаагүй, хязгаарлалттай дүгнэлт удаа дараа авсантай холбогдуулан хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмж, түүний мөрөөр авах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчил гаргасан гэжээ. Гэтэл Үндэсний аудитын газраас ирүүлсэн, тушаалын үндэслэх хэсэгт тусгагдсан Аудитын санал дүгнэлт баримттай танилцахад: “Аудитын тайлан буруу гарсан байна, аудитор нь алдаа дутагдал гаргасан байна" гэх агуулга бүхий зөрчил дутагдал илрээгүй, харин ИНҮТ-ийн үйл ажиллагаатай холбоот зөрчил, дутагдлууд илэрсэн талаар “Төлбөр барагдуулах тухай”, “Сахилгын хариуцлага тооцуулах тухай", “Зөрчил арилгах тухай акт” болон албан шаардлага гаргаж, эдгээрийн И-ын дарга С.М, Хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Э, Ерөнхий нягтлан Х.Б нарт тус тус даалгасан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд дээрх зөрчил дутагдлыг дотоод хяналт шалгалтын алба, ахлах аудитор Л.Жы хувьд дотоод хяналтаар илрүүлж, зөрчил дутагдлыг арилгах талаар зөвлөх үүргээ хэрэгжүүлж холбогдох албан тоот, шаардлага, зөвлөмжүүдийг хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан 2021 оны аудитын тайланд тодорхой тусгагдсан байгаа юм. Энэ санал, дүгнэлт, шаардлагад аудитор ажлаа буруу, эсхүл дутуу хийсэн гэх үг үсэг тусгагдаагүй, харин ч “И-ын 2021.12.31-ний өдрөөр санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн бүх материаллаг зүйлсийн хувьд үнэн зөв толилуулсан байна” гэж, ахлах аудитор Л.Жыг ажлаа алдаа дутагдалгүй хийсэн болохыг тогтоосон байна.

Гэтэл хөдөлмөрийн дотоод журмын 3.29.1, 3.29.2-т, хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2-т заасан ерөнхий заалтыг зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Аудитын ерөнхий газраас хийсэн Санхүүгийн аудитын тайлангийн 3.10-т “өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт 89.6 хувийн биелэлттэй байна” гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ажил үүргээ 89.6 хувийн биелэлттэй хийж гүйцэтгэсэн байхад хангалтгүй, муу хийсэн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Мөн түүний ажил, албан тушаалын тодорхойлолтод “санхүү ба бүхий л үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн итгэлтэй, шударга байдал, үйл ажиллагааны үр дүнтэй, үр ашигтай байдал, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийн хангаж байгаа байдлыг үнэлэх, зөвлөмжийн хэрэгжилтийг шалгах” үүрэг тусгагдсанаас бус арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, дарга нарыг ажлаа хийхгүй бол хүчээр хийлгэдэг, албаддаг, гаргасан шаардлага, санал, дүгнэлтийг биелүүлээгүй бол хариуцлага тооцдог эрх үүрэг огт байхгүй.

Иргэний нисэхийн үндэсний төвийн хэмжээнд дотоод хяналт шалгалтын хамгаалалт, хяналтын 3 шугам байдаг бөгөөд миний үйлчлүүлэгч Л.Жы ажил үүргийн хувьд холбогдох баримт, тушаал шийдвэрүүдэд хяналт тавьж зөрчлийг илрүүлэх, илрүүлсэн зөрчлийн арилгах тухай эрх бүхий этгээд дүгнэлт, зөвлөмж байдлаар хүргүүлэх үүрэгтэй этгээд юм. 2015 оны Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д аудитын үйл ажиллагаа гэж хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг ойлгох талаар заасан байна. Байгууллагын дотоод аудит ч гэсэн тухай байгууллага дахь хяналтын үйл ажиллагааг үнэлэх, байгууллагын удирдлагад хяналтын систем, байгууллагын зохион байгуулалтын болон захиргааны тогтоолцоог оролцуулан, эрсдлийн удирдлагыг хангах зорилгоор мэргэжлийн түвшинд хийгдэж буй бие даасан, хараат бус баталгаажуулах, зөвлөх үйлчилгээ юм. Гэтэл шүүх аудитын үйл ажиллагааны мөн чанарыг алдагдуулан, бие даасан, хараат бус баталгаажуулах, зөвлөх үйлчилгээг бусад эрх бүхий албан тушаалтнуудыг удирдах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, тэдгээрийн биелэлтийг хянах эрх, үүрэгтэй мэтээр тайлбарлаж, Л.Жыг зөрчил үйлдсэн гэж үзсэн нь илт үндэслэлгүй байна.

4.2. И нь Л.Ж-д сахилгын шийтгэл ногдуулахдаа, түүнийг хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр гаргасан, ямар үйлдлийг нь зөрчил гэж үзэж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, шийдвэрт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдсэн цаг хугацаа нь тус зөрчилтэй холбогдуулан зөрчлийг шалган шийдвэрлэх процесс ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоодог онцлогтой талаар хуульчилсан. Гэтэл энэ тушаалд Л.Ж хэзээ зөрчил гаргасан, хэзээ илрүүлсэн гэх үйл баримт тусгагдаагүй байхад шүүхээс тухайн тушаал шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3. Л.Ж нь И-ын 2018 оны Б/470 дугаартай тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Дотоод аудитын албаны ахлах аудитороор томилогдон ажиллаж байсан. Гэтэл түүнд сахилгын шийтгэл ногдуулсан Б/79 дугаартай тушаал албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч яг ямар ажил албан тушаалд бууруулж байгаа талаар тусгаагүй бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/177 дугаартай тушаалаар Л.Ж-ыг Үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн албаны тооцооны нягтлан бодогчоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, ажилд авах тушаал гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл нь ажилд олгогчид олгогдсон хууль, компанийн дүрэм, бүтэц зохион байгуулалтанд нийцэх ёстой. Түүнээс биш тушаал бууруулж байгаа бол хамаагүй гэх байдлаар өмнө гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй нь хамааралгүй, өөр салбар нэгжид албан тушаал санал болгох боломжгүй юм.

Л.Ж зөрчил гаргасан нь үндэслэлтэй гэж үзвэл түүний ажиллаж буй Дотоод аудитын хэлтэст нь ахлах аудитороос энгийн аудитор болгох нь тус сахилгын шийтгэлийн хэмжээ хязгаарт хамаарахаар байна. Гэтэл огт хамаагүй Үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн албанд тооцооны нягтлан бодогч гэх албанд ажиллуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлсэн гэж үзэхээр байгаа юм.

4.4. Нэхэмжлэгч нь Ит холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба хэрэгт И-ыг хуулийн мэргэжилтэн П.Б төлөөлөн оролцож байсан бөгөөд шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч байгууллага нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбар гаргаагүй, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш жилийн хугацаанд хариу тайлбар гаргаагүй, хариуцагчийн төлөөлөгч П.Б өмнөх шүүх хуралдаанд биечлэн оролцож, шүүх хуралдааны товыг мэдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх ёстой байхад хууль зөрчиж, хуулийн илэрхий тодорхой заалтыг хэрэгжүүлэхгүй, миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, үндэслэлгүйгээр албан тушаал буруулсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү 7,414,801.66 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч И-т холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсаны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

3.1. И-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/470 дугаар тушаалаар Л.Ж-ыг дотоод аудитын албанд ахлах аудитораар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 дугаартай тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Уг тушаалд Үндэсний аудитын газраас И-ын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгаагүй, хязгаарлалттай дүгнэлт удаа дараа авсантай холбогдуулан хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмж, түүний мөрөөр авах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дотоод аудитын дүрмийн 7.8-д санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч, дотоод аудитор нь хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмж, түүний мөрөөр авах арга хэмжээний хэрэгжилтэд улирал тутам хяналт тавьж ажиллана гэж заажээ.

Тушаалын үндэслэл болох Үндэсний аудитын газрын төлбөр барагдуулах тухай актууд, сахилгын хариуцлага тооцуулах тухай болон зөрчил арилгах тухай албан шаардлагууд, аудитын санал дүгнэлт 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан /6хх 139-157/, нэхэмжлэгчид 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн акт, албан шаардлага, зөвлөмжид Дотоод аудитын дүрмийн 7.8-д заасан хугацаанд буюу улирал тутам хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

3.2. И-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны тооцооны нягтлан бодогчоор томилж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгджээ. /1хх 32-33/

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүд 7,414,801 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн гаргасан цалингийн тооцооллын баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна. Иймээс цалингийн зөрүүний талаар нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Иймд И-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/79 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг дотоод аудитын албаны ахлах аудиторын ажлын байранд эгүүлэн тогтоож, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсны улмаас авч чадаагүй цалингийн зөрүү 7,414,801 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцнэ.

4. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Л.Ж-ыг И-ын дотоод аудитын албаны ахлах аудиторын ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч И-аас 7,414,801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 203,787 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЭНЭБИШ

                               ШҮҮГЧИД                                       Т.БАДРАХ

                                                                                      Д.БЯМБАСҮРЭН