Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00058

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00058

 

 

Д.А-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/03981 дугаар шийдвэртэй,

Д.А-ны нэхэмжлэлтэй

Н-т холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шинжээч "Д" ХХК, нэхэмжлэгч Д.А-ны өмчлөлийн эрхийн улсын Ү-220501**** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот, 54 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 212,477,731 төгрөгөөр үнэлсэн 4-171/9475 дугаартай мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гаргасан.

1.1. Нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот, 54 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 1 дүгээр давхарт байрлах 3 өрөө орон сууц нь Баянгол дүүргийн Төмөр замын дээд сургуулийн урд тал төв зам болох Сөүлийн-42 дугаар гудамжны дагуу хотын үнэ цэнэтэй, ашигтай байршилд байдгаас гадна нэг м.кв талбайн үнэ 3,500,000 төгрөг нийт 308,000,000 төгрөгийн үнэтэй 88 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай, 30,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий авто зогсоолоор арилжих дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулсан байдаг. Шинжээч "Д" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн өмчлөгчөөс хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл аваагүйн улмаас зах зээлийн бодит үнэлгээг тогтоогоогүй гэж үзэж байна.

1.2. Шинжээч "Д" ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Шинжээч Ц.Т-д Д.А тодорхой мэдээллүүдийг өгсөн байдаг. Энэ орон сууц өргөтгөлтэйгээ нийлээд 82 м.кв талбайтай, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй цоожтой байгаа, орлогын хандлагаар дүгнэлтээ хөрөнгийн үнэлгээний байгууллага гаргасан. Гэхдээ хүн амьдрах зориулалттай 3 өрөө орон сууцыг 600,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Д.А-ны хувьд үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж сард 3,200,000 төгрөгийн орлого олдог. Үүнтэй холбоотой ямар нэг мэдээлэл гаргаагүй. Жишиг үнийн аргыг ашигласан гэхэд хэцүү. Энэ байр төмөр замын арктай байшин ба хамаагүй газар байрлах үйлчилгээний зориулалттай дэлгүүрийг олон нийтэд нээлттэй мэдээллээс авч 310,000,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийг метр квадрат бага гэх шалтгаанаар 212,477,731 төгрөгөөр үнэлсэн.

1.3. Шинжээч өртгийн, харьцуулалтын, орлогын, зах зээлийн хандлагыг ашиглаж үнэлгээ гаргах ёстой боловч дүгнэлтэд аль аргыг ашигласан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн хувьд 4,500,000 төгрөгөөр 88 м.кв үйлчилгээний талбайг зөвхөн хөнгөлөлттэй нөхцлөөр буюу нэг давхарт үйлчилгээ эзэмшдэг иргэдэд 3,500,000 төгрөгөөр нэг м.кв талбайг зарж байгаа талаар мэдээлэл өгсөөр байхад зориулалтын дагуу ашигладаг нөхцлүүдийг зах зээлийн үнэтэй харьцуулж үзсэн гэхэд эргэлзээтэй. Миний хувьд Х ХХК-ийг мөрдөн шалгах ажиллагаанд оруулах талаар удаа дараа хүсэлт гаргаж өгч байгаа.

Мөн ирээдүйд бий болох хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл өгсөөр байтал харьцуулалт хийх, жишиг үнийн аргыг ашиглахгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/Ш32018/15360 дугаартай шийдвэрээр хариуцагч Д.А-аас 226,352,595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Х" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19250176 дугаартай тогтоолоор явуулсан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын Ү-2205018656 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот, 54 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ү-220500**** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ** дугаар хороолол, ** дугаар хороо, 4-А дугаар байрны ** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцуудыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19250176/04, 19250176/05 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Эрхийн улсын Ү-220501**** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот, 54 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/171/19250176 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч Д.А 750,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч "Х" ХХК зөвшөөрөхгүй шинжээч томилох хүсэлтийг гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/166 дугаартай тогтоолоор "Д" ХХК-ийн шинжээч Ц.Т томилогдож, хөрөнгийн үнэлгээг 212,477,731 төгрөгөөр тогтоосон.

Үнэлгээний тайланг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 4-171/9475, 4-171/9476 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

Иймд шинжээчийн дүгнэлт хууль ёсны хийгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Нт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шинжээч Д ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205018656 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 212,477,731 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангаагүй, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, зах зээлийн болон үнэлэгдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ирээдүйд бий болох хөрөнгийн үнэ цэнэ, хөрөнгийн зориулалт, байрлал, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулан үзэж хамгийн өндөр үнэлэгдсэн зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд ач холбогдол өгч эцсийн үнэлгээг гаргах ёстой байтал шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төсгүй, орон сууцны зориулалтай ашиггүй байрлал бүхий харьцангуй алслагдмал орчинд байрлах хөрөнгийн үнэ цэнэтэй харьцуулснаас гадна Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасны дагуу үйлчлүүлэгчээс хөрөнгийн талаар ирүүлсэн зохих мэдээллийг магадлан шинжлээгүйн улмаас үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайг 52 м.кв гэж буруу тооцсон зэрэг нь албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнэ бодитой тогтоогдоогүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна.

4.2. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 2.3-д Шинээр баригдах орон сууцны барилгаас сууц өмчлөгч талд одоо эзэмшиж байгаа орон сууцны бодит хэмжээг Барилгын хэмжилтийн зураг төслийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй Б ХХК-ийн Барилгын талбайн хэмжээ тооцох стандарт ММ36058:2009-ийн дагуу хэмжсэн бодит талбай буюу орон сууцны зай талбайн бодит талбай хэмжилтийн зураг, актыг үндэслэн 82 м.кв талбай бүхий талбайг үнэ төлбөргүй өгнө. төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцон нэмэлтээр 6 м.кв үнэ төлбөргүй олгож ниит 88 м.кв үйлчилгээнии талбай олгоно. гэж, гэрээний 2.4-д Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 31 байрны орон сууцны барилгын 18 тоотын орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх түрээсийн төлбөрийн 24 сараар тооцон 1 авто машины зогсоол авахад тооцуулахаар 2 тал тохиролцов. /хавсралт-1/ гэж зааснаар нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн нийт талбайн хэмжээ 82 м.кв болох нь нотлогддог. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагч Х ХХК-иас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцохгүй, төлбөр нэхэмжилж, шаардсан нөхцөлгүй, шийдвэр гүйцэтгэгчийн удаа дараагийн шаардлагын дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагч Х ХХК нь шинжээч Д ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээтэй танилцсан эсэх, үнэлгээг зөвшөөрсөн эсэх тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу Х" ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэгч Д.А-ны өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 88 м.кв талбайн 1 м.кв талбайг гэрээнд заасан хөнгөлөлтэй үнэ 3,500,000 төгрөгөөр тооцоход 308,000,000 төгрөг, авто зогсоолын 30,000,000 төгрөгөөр тооцоход өнөөгийн байдлаар багадаа 338,000,000 төгрөгийн үнэ цэнэтэй байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэг м.кв талбайг 4,5-5 сая төгрөгөөр тооцож Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлэх саналыг худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдээс санал тавьж байгаа болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Нт холбогдуулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 31 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай, 54 м.кв талбайтай орон сууцыг 212,477,731 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаар захирамжаар хариуцагч Д.А 225,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-220501**** дугаартай Баянгол дүүргийн ** дугаар хороо,** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот хаягт байршилтай, 54 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Ү-2205004941 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, 4-А байрны ** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан байна.

3.2. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэрт дурдагдсан орон сууцыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хураан авч, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шинжээчээр Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

3.3. Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн шинжээч Ц.Т нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээчид хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлаж тэмдэглэл үйлдсэн байна.

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ...үнэлгээчин орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн... гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

5.1 Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээг 54 м.кв гэсэн байгаа боловч орон сууц өргөтгөлтэйгээ нийлээд 82 м.кв талбайтай тул 54 м.кв-аар тооцсон нь буруу, үнэлгээ бодитой тогтоогдоогүй гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолтод Тус орон сууц нь өмч хувьчлалын үеийн талбайн хэмжээгээр буюу 54 м.кв талбайгаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан ба өмчийн эзэн 2014 оны 05 сарын 16-ны өдөр Тоонто гранд ХХК-аар MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт хийлгэсэн байх бөгөөд тус хэмжилтээр 77.67 м.кв талбайтай байгаа болно. Иймд орон сууцны үнэлгээг тооцоолохдоо хэмжилтээрх талбайд үндэслэлээ гэжээ. Үүнээс үзэхэд шинжээч орон сууцны үнэлгээг 54 м.кв-аар тооцсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэгч Д.А болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр шинээр баригдах орон сууцны барилгаас 82 м.кв талбайг үнэ төлбөргүй өгөхөөр тохирсон нь ирээдүйд бий болох эд хөрөнгийн тухайд байгуулагдсан гэрээ байна. Харин шинжээч нь одоо бодитой байгаа орон сууцыг зах зээлийн хандлагаар үнэлсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан төлбөр авагч Х ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах, шинжээч томилуулах хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан, шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэсэн үндэслэлээр шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь шүүх нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 5 сарын дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтийг гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан эсэх, хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, энэ нь баримтаар тогтоогдсон эсэх талаар шүүх дүгнэлт хийсний үндсэн дээр тухайн хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/03981 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН