Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2024/00003

 

 2024           01            19                                          212/МА2024/00003                                

 

 

 

А.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00867 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 00 дугаар багт оршин Н овогт А-н Г-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль (хуучнаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв)-д холбогдох,

 

“Тус аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие СУИС-иас дуу хөгжийн багш, арга зүйч мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой. 1996-2006 он хүртэл Баян-Өлгий аймгийн Багшийн коллежид дуу хөгжмийн багшаар, 2006-2010 онд Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвд дуу хөгжмийн багш, 2010 оноос 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус төвд нийгмийн ажилтнаар ажилласан.

1.2. Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад оролцсон. Тухайн шалгалтаас тэнцсэн ба 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түр хөдөлмөрийн гэрээ байгуулж Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуульд ажилд орсон. Энэхүү асуудлыг Мэргэжлийн сургалт үндэсний төвийн эрхлэгч Х.Н-д мэдэгдэж байсан. 3 оюутан сургаж байгаа тул 2023 оны хичээлийн дуустал Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуульд ажиллаж байя гэж хэлж байсан. Тухайн үед хариуцагч байгууллагын захирал Х.Н-д Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үндэсний төвийн нийгмийн ажилтнаас чөлөөлөгдөхгүй,одоо зуны амралт эхэлж байгаа тул намар би Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлнэ гэж хэлсэн.

1.3. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Н нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй, өөр байгууллагад зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож, тухайн байгууллагатай хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар ажил олгогчтой мэдэгдсэн ба өөрийнхөө үүрэгт ажлаа хэвийн хийж байсан. Ажлын цаг таслаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ба Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 18 жил нийгмийн ажилтнаар ажилласан. Ажил олгогчоос миний хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлаагаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байна.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах 6 үндэслэлийг заасан боловч ажил ологч тухайн 6 үндэслэлийн аль нэгийг нь баримтлахгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал, шийдвэр хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлаагаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг баримтлах ёстой боловч баримтлаагүй байна.

1.5. 2023 оны 7 дугаар сард Боловсролын багц хууль батлагдсан ба би Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулиас зохих цалингаа авч чадахгүй хохирч байна. 3 жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн. Багш нар 5 жил тутамд тэтгэмж авдаг. Одоо би Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуульд 3 жил ажиллаж байж тэтгэмжид хамрагдана. Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Ний 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, намайг урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан А.Г- нь 2023 оны 3 дугаар сард надад: Би энэ сард зарлагдсан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн дуу хөгжмийн үндсэн багшийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтад нэгдүгээр байранд шалгарлаа. Цаашид дуу хөгжмийн багш гэсэн өөрийн үндсэн мэргэжлээр ажиллах хүсэлттэй байна. Тус сургуулийн захирал намайг гурван сарын туршилтын хугацаагаар түр томиллоо. Гурван сарын туршилтын хугацаа дуусахаар үндсэн ажилтнаар томилохоор бид хоёр харилцан тохиролцлоо. Миний гурван сарын туршилтын хугацаа дуусаж, тус сургуульд дуу хөгжмийн багшийн үндсэн орон тоонд томилогдох хүртэл та миний орон тоог хадгалж, тушаал гаргахгүй, надад нэг боломж олгож өгөхийг хүссэн.

2.2. Мөн Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн захирал намайг тус сургуулийн үндсэн багшийн орон тоонд томилсон өдөр би одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтны ажлын байрыг чөлөөлж өгнө гэж хүсэлт тавьсан. Миний бие нэхэмжлэгчийг тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олон жил ажилласан багшийн хувьд 2023 оны 4 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулиас нэхэмжлэгчийн бүр тушаал гарах хүртэл ажлын байрыг нь хэвээр хадгалсан.Харин 2023 оны 6 дугаар сард Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн захирлаас: А.Г- нь манай сургуульд дуу хөгжмийн үндсэн багшаар томилогдсон тул, танай байгууллагаас чөлөөлж өгнө үү" гэх албан бичиг ирүүлсэн учир нэхэмжлэгч А.Г-ын хөдөлмөрлөх эрхийг хангаж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

2.4. Нэхэмжлэгч А.Г- нь өөрийнхөө хүсэлтээр өөр байгууллагад үндсэн орон тоонд ажилд орохоор сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, тухайн байгууллагаас А.Г-ыг байнгын ажлын байранд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон тул ажилтныг чөлөөлж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн учраас ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон эрхийн акт маань хууль ёсны, үндэслэлтэй гэж дүгнэж байна.

 

2.5. Миний бие ажил олгогчийн хувьд 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр сонсох ажиллагаа хийж,А.Г-д та аль нэг байгууллагыг сонгоорой гэж хэлсэн. Нэхэмжлэгч Б.Г-д ямар нэгэн дарамт, шахалт үзүүлээгүй, ажлаас гараарай гэж хэлээгүй. Хувийн хэвшлийн байгууллага биш. Төрийн байгууллага учраас төр түмэн, хуулиа хүндэтгэх ёстой гэдгээ хэлсэн.

2.6. Тухайн үед нэхэмжлэгч надад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн захирал Б.А- Улаанбаатар хотод ажлаар явсан ба захирал ирсний дараа Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулиас жилийн чөлөө авч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтнаар ажиллана гэж хэлэхэд тухайн долоо хоногийн 5 дахь хүртэл хариугаа ирүүл гэж хэлсэн боловч нэхэмжлэгчээс надад ямар нэгэн хариу өгөөгүй.

2.7. Харин ч нэхэмжлэгч Б.Г-ын ажлын байрыг 3 сар хадгалсан ба Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг ханган ажиллах шаардлагатай болсон тул 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтнаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

2.8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзал:

3.1 Миний бие боловсролын салбарт 30 жил ажилласан багш мэргэжилтэй хүн. 15 жил улсын сургуульд ажиллаж бусад жилүүдэд хувийн сургуульд ажилласан. Хувийн сургуульд ажиллахдаа улсын сургуульд ажилладаг багш нартай адил цалин хөлс авдаг боловч 5 жил тутамд авдаг тэтгэмжийг авдаггүй. Тийм учраас улсын сургуульд ажиллах зорилготой удаа дараа хүсэлт гаргаж байсан. Миний бие хэдэн жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарна. 2022 оны 8 дугаар сард Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн захирлын орон тоонд Улаанбаатар хотод очиж шалгалтад орсон боловч 3 дугаар байр эзэлсэн. Тухайн үед Б.А- Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн захирлын орон тоонд тэнцсэн. Би улсын сургуульд ажиллах зорилготой байсан ба Боловсрол шинжлэн ухааны сайд Б.Энх-Амгалан, Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн захиралд хүсэлтээ гаргаж байсан.

3.2 Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер А- жирэмсний амралт авсан тул түүний оронд түр 2 сарын хугацаагаар ажилласан. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн пэйж хуудасны админ нь байсан тул сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг би тавьсан. Энэхүү шалгалтад 10 хүн хамрагдсан ба нэхэмжлэгч Б.Г- багш тэнцсэн. Би олон жил Б.Г- багштай хамт ажиллаж байсан.

3.3 Нэхэмжлэгч Б.Г- надад таныг дэмждэг ба улсын сургуульд орж ажиллахыг хүсдэг хүний нэг шүү гэж хэлдэг байсан. Дараа нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер А- ажилдаа орсон тул 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас гарсан. Улсын сургуульд ямар сул орон тоо гардаг тухайн байгууллагад өргөдлөө өгдөг байсан. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сул орон тоо гарсан гэдгийг мэдэж өргөдлөө өгсөн ба 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуульд нийгмийн ажилтнаар ажилд орсон. Олон жил нийгмийн ажилтан, хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаж байсан тул ажлын туршлагатай гэж үзэж байна.

3.4 Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтны ажлын цаг нь өдрийн 8 цаг ба нэхэмжлэгч яаж 2 байгууллагад 2 албан тушаалд ажиллаж байсан гэж боддог. Нэхэмжлэгч ажилгүй байгаа биш Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуульд багшаар ажиллаж байгаа. Анх нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн багш нарын цалин Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтны цалингаас өндөр гэдгийг мэдэж тус сургуульд ажилд орсон. Харин өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн багшийн цалин бага, харин Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтны цалин өндөр гэж шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна.

3.5 Нэхэмжлэгч Б.Г- өөрөө сонголтоо хийж Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуульд ажиллахаар хүсэлтээ гаргасан. Зарим хүмүүс ажилгүй байхад нэг хүн 2 байгууллагад зэрэг ажиллана гэдгийг би ойлгохгүй байна.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00867 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Г-ын Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах 6 үндэслэлийг заасан боловч ажил ологч тухайн 6 үндэслэлийн аль нэгийг нь баримтлахгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэр хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлаагаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг баримтлах ёстой. Учир нь миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй, өөр байгууллагад зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож тухайн байгууллагатай хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар ажил олгогчтой мэдэгдсэн ба өөрийнхөө үүрэгт ажлаа хэвийн хийж байсан. Ажлын цаг таслаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, тухайн үед сургууль завсардсан, хичээл амарсан байсан, ажил олгогчоос энэхүү асуудалтай холбоотой хурал хийсэн үеэр би МСҮТ-ийн нийгмийн ажилтны орон тооноос чөлөөлөгдөхгүй гэдгээ хэлсэн” гэх байдлаар тайлбарласан.

5.2. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-ыг баримтлан өөр байгууллагад зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол үндсэн ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон. Ингэж хуулийг тайлбарлаж байгаа нь ажилтны эрхийг хуульд зааснаас доордуулсан бөгөөд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

5.3. Өөр байгууллагад зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ хийсэн явдал нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болохгүй бөгөөд ажилтанд сонгох боломжийг олгох ёстой. Ажилтан А.Г- нь ЕБ-ын 3 дугаар сургуульд сонгон шалгаруулалтын журмаар ажилд томилогдож ажиллахдаа үндсэн ажлаа хэвийн хийж байсан бөгөөд ажил таслаагүй, ямар нэгэн зөрчил гаргаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үед ээлжийн амралттай байсан юм. Б.Г-аас ажил олгогч үндсэн ажлаасаа чөлөөлөгдөх үү гэж тодруулж асуухад чөлөөлөгдөхгүй, үндсэн ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу ажилламаар байгаа гэдгийг илэрхийлсэн. А.Г- нь ЕБ-ын 3 дугаар сургуультай байгуулсан гэрээгээр ээлжийн амралттай байх хугацаандаа ажиллаж, хичээл эхэлсэн үед чөлөөлөгдөхөөр болсон байсан. Гэтэл түүний үндсэн ажил олгогч МСҮТ нь түүнийг өөр ажилд томилогдсон гэдэг үндэслэлээр шууд ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд нийцээгүй болно.

5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 867 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж шаалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00867 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүх бүхэлд нь шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгасан. Нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас үнэлсэн.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12, 13, 14, 15 дахь заалтуудад нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас үнэлэхээс гадна Хөдөлмөрийн тухай хууль болон тухайн байгууллагын хөдөлмөрийн  дотоод журам, хөдөлмөрийн гэрээтэй уялдуулан үндэслэлтэй тайлбарласан нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэх үндэслэлтэй.

6.2. Боловсролын хоёр байгууллагад зэрэгцэн ажиллах хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж заасан. Гэтэл ажилтны хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.15 дахь заалт мөн хөдөлмөрийн гэрээний 5, 9 дэх заалтуудад зэрэгцэн ажиллах боломжгүй нөхцөл байдлыг тусгасан. Хоёр сургуулийн хооронд нэхэмжлэгч зэрэгцэн ажиллах боломжгүй. Нийгмийн ажилтан гэдэг нь тухайн сургуульд 8 цаг ажиллахаар гэрээ байгуулсан. 8 цагийн эхлэх хугацааг хөдөлмөрийн гэрээнд болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өглөө 8 цагаас орой 17 цагийн хооронд үргэлжилнэ.  Зэрэгцэн ажиллаж байгаа хоёр дахь боловсролын байгууллага мөн адил хичээлийн өдөр буюу хичээлийн цаг өдрийн 8 цагтай давхцаж байгаа. Ийм давхацсан байдлаар зэрэгцэн ажиллахыг хуульд ч,  дотоод журамд ч хориглож байна. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.8, 5.4.6-д зэрэгцэн ажиллах боломжгүй гэдгийг тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын цагийг зохицуулсан зохицуулалтаар мөн адилхан зэрэгцэн ажиллах боломжгүй гэдгийг илэрхийлж байна.

6.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй гэдэг утгаар гомдол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл зөвхөн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх заалт биш. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-д “өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үндэслэл ийм байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг давхар баримтлах шаардлага байхгүй. Нэгэнт нэхэмжлэгч өөр байгууллагад багшийн ажилд томилогдсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Ийм нөхцөлд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа үйл явцыг буруутгах боломж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсье.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж шаалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Мэргэжлийн боловсролын сургуульд нийгмийн ажилтны орон тоо гарсан учраас би өргөдлөө өгч 9 дүгээр сард томилогдсон. Нэхэмжлэгч А.Г- Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд шалгалт өгсөн үед нь би тухайн сургуульд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан. 3 дугаар сургуульд гарсан сул орон тоог зарласан, А.Г- өөрөө ирж бүртгүүлээд шалгалтаа өгсөн. Шалгалтын комисст би өөрөө байсан. Зарим хүмүүс ажилгүй байхад энэ хүн хоёр байгууллагад зэрэгцэн 2 сарын турш ажиллаж байсан нь хууль бус гэж үзэж байна.

7.2. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдуулан гаргасан “Тус аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдлоор авч хэлэлцэх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

10. Нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ “...Миний бие Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэж 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түр хөдөлмөрийн гэрээ байгуулж тус сургуульд ажилласан.Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргаагүй, өөр байгууллагад зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож, тухайн байгууллагатай хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар ажил олгогчтой мэдэгдсэн ба өөрийнхөө үүрэгт ажлаа хэвийн хийж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэлийн аль нэгийг нь баримтлахгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна” гэж тайлбарлажээ.

 

11.  Хариуцагч “...А.Г- нь 2023 оны 3 дугаар сард надад “Би энэ сард зарлагдсан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуулийн дуу хөгжмийн үндсэн багшийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтад нэгдүгээр байранд шалгарлаа. Цаашид дуу хөгжмийн багш гэсэн өөрийн үндсэн мэргэжлээр ажиллах хүсэлттэй байна. Тус сургуулийн захирал намайг гурван сарын туршилтын хугацаагаар түр томиллоо, намайг тус сургуулийн үндсэн багшийн орон тоонд томилсон өдөр би одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтны ажлын байрыг чөлөөлж өгнө гэж хүсэлт тавьснаар өөр байгууллагад үндсэн орон тоонд ажилд орохоор сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, тухайн байгууллагаас А.Г-ыг байнгын ажлын байранд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон тул ажилтныг чөлөөлж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн учраас ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон” гэж гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

12. Хэргийн баримтаар нэхэмжлэгч А.Г- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Лаборатори 3 дугаар сургуулийн захиралд тус сургуулийн дуу хөгжмийн багшийн сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцож 1 дүгээр байр эзэлсний хувьд тус Лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар дуу хөгжмийн багшаар томилогдож, 2 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар мөн сургуулийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар дуу хөгжмийн үндсэн багшаар бүр томилогдож ажиллаж байгаа нь тус тус тогтоогдож байна.

 

13. Нэхэмжлэгч А.Г- өөр ажил, албан тушаалд томилогдсон гэх үндэслэлээр ажил олгогчоос түүнтэй үүсгэсэн хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгосон нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалтын төвийн захирал болон ажилтан А.Г- нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан 14 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.15, 5.1.8 дахь заалтууд, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалтын төвийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/20 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.8, 5.4.6 дахь заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8 дахь заалтад заасныг зөрчөөгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8 дахь заалтын урьдчилсан нөхцөлүүдийг бүрэн хангажээ. 

 

14. Ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Н нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар ажилтан А.Г-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8 дахь заалтад заасан үндэслэлээр дуусгавар болгосон учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-ыг баримтлан өөр байгууллагад зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол үндсэн ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон. Ингэж хуулийг тайлбарлаж байгаа нь ажилтны эрхийг хуульд зааснаас доордуулсан бөгөөд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. А.Г-ын үндсэн ажил олгогч МСҮТ нь түүнийг өөр ажилд томилогдсон гэдэг үндэслэлээр шууд ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд нийцээгүй болно” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй ба энэ талаар А.Г- үүргээ биелүүлсэн, түүний хувьд үндсэн ажил олгогч нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал мөн байна. Хуульд заасан тохиолдолд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, 57.2.2 дахь заалтад зааснаар ажилтан үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээ ажиллах бол зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах бөгөөд ажилтан Б.Г-ын хувьд үндсэн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээтэйгээ зэрэгцүүлэн Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори 3 дугаар сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг үндсэн ажил олгогч нь болох Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал зөвшөөрөөгүй нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл /хэргийн 70 дахь тал/, тус захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

15. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА                     

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ