Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч: Т.Алтангэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч Т.Т, Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тунгалагийн Т, Бат-Очир овогт Шарын Н нарт холбогдох 1829002970004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т, Ш.Н нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг “Бага бууц” гэх газарт иргэн Т.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлийг ярьсан. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Алтангэрэл мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай гэрийн гадаа машин ирсэн бөгөөд Ш.Н манайд орж ирээд “Наранболд чамтай уулзъя гэж байна” гэж хэлээд намайг аваад гарсан. Намайг машин дээр очиход Наранболд машины урд талын суудал дээр сууж байгаад “сонин юу байна” гэхээр нь би “юмгүй, юу байна” гэж хэлэхэд Т.Т “чи миний ахтай сонин юу байна гэж мэндэлдэг хэн бэ” гэж хэлээд миний зүүн шанаа руу мөргөж унагаасан. Намайг газар унасны дараа Н толгойны ар дагз хэсэгт цохиход Наранболд машинаас бууж ирээд салгасан.  Наранболд нь “чи яагаад манай адууг усалдаггүй хүн бэ?” гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгээд “танай мал усан дээр байвал би услаад гаргадаг, би усан дээр мал үлдээдэггүй” гэхэд Наранболд авч хэлэлцэхгүй байсан бөгөөд бусад нь Наранболдыг “...Миний ах бол том хүн шүү, миний ахыг мэдэх үү?” гэх зэргээр хөгжөөгөөд дэвэргээд байсан. Тэр үед манай ах гэрээс гарч ирээд “та нар яагаад байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ?” гэхэд Пүүжээ, Т.Т хоёр манай ах дээр очоод “...Алалцаад танилцах уу эсхүл гар бариад танилцах уу?” гэх  зэргээр үгээр идэж байсан. Тэгээд Ш.Н над дээр ирээд чамаас бүх юм боллоо гэхээр нь “... Би намайг та нар алах гэж ирсэн бол ал, зодох гэж ирсэн бол зод” гэж хэлэхэд  Наранболд “чамайг алах гэж ирсэн” гэж хэлээд түрийнээсээ хутга гаргаж ирээд  миний суган доогуур хий хутга шаачихаад миний ард гараад намайг ташаад унагаасан. Тэгтэл Ш.Н намайг миний толгой хэсэгт дээрээс цохиод авсан. Ах намайг татаж босгоод гэрт цусаа угаах гээд ороход “...Яасан овоо муу бацаан бэ гэж хэлээд” Наранболд, Т.Т 2 араас хашигчаад орж ирээд Наранболд “...Чи яасан том дуутай юм бэ, ахынхаа өмнөөс том дуугарч зүрхэлнэ гэнээ” гэж хэлээд зогсож байхад Т.Т зуух тойрч ирээд цохиод авахад нь би зөрүүлээд цохисон. Тэгтэл Наранболд намайг заамдаж аваад “Хад зүрх шиг хүрэн зүрхтэй, хайрга шиг хар нүүртэй Болдыг таних уу?” гэж хэлээд намайг дарамтлаад байсан. Болд “чи ахынхаа адууг усалж байх уу” гэхэд нь “усалж байя” гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс тарцгаасан бөгөөд түүний дараа Наранболд ирээд хамт явж байсан Төрөө гэх хүнээ хутгалчихлаа гэж хэлээд нэг шил архи гаргаж ирээд талд нь хүртэл уучихаад манайд хоноод явсан. Тэр өдөр цагдаад мэдүүлэг өгөх гэхэд утасны антенны утсыг тастсан байсан бөгөөд үүнийг Ш.Н тастсаныг Баянмөнхийн хүү Амгаланбаатар гэх хүү харсан байсан. Эмчилгээний зардал болон замын зардал, өмгөөлөгчийн зардлаа төлүүлнэ. Эмчилгээний зардал болон замын зардал нийлээд 1,873,849 төгрөг болсон. Би 2 хоногт 150,000 төгрөгийн орлого олдог байсан бөгөөд ингэ сааж суман дээр ирж борлуулж мөнгө олдог байсан. 1 сарын эмчилгээ хийлгэж байх хугацаанд 1,500,000 төгрөг олох байсан бөгөөд энэ зардлаа төлүүлэх хүсэлтэй байна. Нийт 6,123,849 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 4,623,849 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нарын төлсөн 1,500,000 төгрөгийг эмчилгээний зардлаас хасаж тооцож байна. Шүүгдэгч нараас өмгөөлөгчийн төлбөрийг гаргуулж авна.” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-14 дүгээр хуудас/,

 Т.Алтангэрэлийн хохирогчоор өгсөн: “...Төрөө /Т/ гэх хүн миний зүүн шанаанд мөргөсөн. Тэгээд баруун талын шанаанд гараараа цохьсон. Дараа нь гэрт дагз хэсэг рүү нэг цохиод зүүн талын шанаанд гараараа цохьсон. Багадорж /Н/ миний дагз хэсэг рүү нэг удаа цохисон.  Тэгээд газарт унасны дараа дээрээс нүүр болон ам руу дэвсээд нүд болон хамар хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан олон цохьсон. Амруу дэвсэж байхад миний шүд хугарах шиг болсон...“ гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/,

Ш.Нийн гэрчээр өгсөн: “...Би Алтангэрэлтэй маргалдаж зогсож байгаад Алтангэрэлийн нүүр рүү нь 2 удаа гараараа цохьсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Т.Тын гэрчээр өгсөн: “...Би Алтангэрэлийг мөргөөд дараа нь Н 2 удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Т.Уугангэрэлийн гэрчээр өгсөн: “...Алтангэрэлийг Т нь мөргөсөн гэж байсан. Би мөргөснийг нь хараагүй. Миний харснаар Наранболд нь Алтангэрэлийг хавирч газарт унагаангуут Н дээр нь сууж байгаад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж байсан...гэрт Наранболд, Алтангэрэл хоёр зууралдаад нэг нэгнийгээ цохиж аваад байсан. Тэр үед шальтай цохиж авсан зүйл болоогүй. Дараа нь Т хажуугаас нь очоод Алтангэрэлийн нүүр рүү гараараа 2 удаа цохиж авсан. Тэгээд тэр нүд нь хавдчихсан. Өөр цохиж авсан зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Б.Даваагийн гэрчээр өгсөн: “... Алтангэрэл гэрт орж ирсний дараа араас нь Наранболд, Т 2 орж ирээд Т, Алтангэрэлийг нэг удаа цохиж авч байсан. Алтангэрэл, Тыг түлхэж унагаагаад нэг цохиж авсан байх. Гэрт өөр зодоон, цохион болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Ш.Наранболдын гэрчээр өгсөн: “...Анх Т Алтангэрэлийг машины хажууд ирэхэд нь мөргөсөн. Дараа нь Нтой муудалцчихсан зогсож байсан. Гэрт орсны дараа нь Алтангэрэл Тыг цохиж авсан. Нэг удаа өшиглөсөн. Өөр зодоон болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  5 дугаартай нэмэлт шинжилгээгээр: ”...Т.Алтангэрэлийн биед хамар ясны хугарал, мурийлт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53  дугаар хуудас/,

Т.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Ш.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Ш.Н, Т.Т нарын хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 76-105 дугаар хуудас/,

Хохирогч Т.Алтангэрэлээс ирүүлсэн хохирол төлбөрийн баримт /хх-ийн 108-122, 158 дугаар хуудас/,

Хохирол, төлбөр төлсөн баримт /хх-ийн 125, 137 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ш.Н, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж /хх-ийн 1, 5 дугаар хуудас/, мөн дээрх үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5/08 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг, харин тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал заавал байхыг шаарддаг.

Шүүхээс шүүгдэгч Ш.Н, Т.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ тус хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хянан шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа бүлэглэн буюу тухайн үйлдлийг санаатай нэгдэж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр журамласан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцэхгүй, мөн тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг зөвхөн хөнгөрүүлэн өөрчлөх эрхийг шүүхэд олгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэж буй хэрэгт тус  хулийн 33 дугаар бүлэгт заасан журмыг баримтлах боломжгүй, өөрөөр хэлбэл прокурорын гаргасан хууль хэрэглээний алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх ба шүүх тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан цаг хугацаанд хэргийг хянан, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах хуулийн зохицуулалттай байна.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1829002970004 дугаартай яллагдагчаар татах тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5/08 дугаартай яллах дүгнэлтэд заагдсан дээрх хуулийн алдаатай байдлыг шүүх хуралдаанаар залруулах боломжгүй байх тул шүүгдэгч Ш.Н, Т.Т нарт холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Тунгалагийн Т, Бат-Очир овогт Шарын Н нарт холбогдох 1829002970004 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй. 

2.Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Т.Алтангэрэлийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай нэмэлт шинжилгээгээр: ”...Т.Алтангэрэлийн биед хамар ясны хугарал, мурийлт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтдийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53  дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” боловч шүүгдэгч Ш.Н, Т.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул тус хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Т.Алтангэрэлийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/26 дугаартай прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн даавуун материалтай, дотор талдаа саарал өнгийн зулхай дотортой, 9 ширхэг сампин товчтой монгол дээл 1 ширхэг, 20,5 см урттай, ажлын хэсэг нь 9,5 см, иш нь 11 см урттай, хүрэн бор өнгийн иштэй, ишний 2 талд хөнгөн цагаан таваар 2 удаа тавласан, хутганы дээд хэсэгт гагнуурын гагнаастай, ажлын хэсэг дээр TAINLESS STEEL JAPAN гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг тус тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт шилжүүлвэл зохино.

Шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Н, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ш.Н, Т.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 1829002970004 дугаартай /нэг хавтас/ эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Т.Алтангэрэлийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/26 дугаартай прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн даавуун материалтай, дотор талдаа саарал өнгийн зулхай дотортой, 9 ширхэг сампин товчтой монгол дээл 1 ширхэг, 20,5 см урттай, ажлын хэсэг нь 9,5 см, иш нь 11 см урттай, хүрэн бор өнгийн иштэй, ишний 2 талд хөнгөн цагаан таваар 2 удаа тавласан, хутганы дээд хэсэгт гагнуурын гагнаастай, ажлын хэсэг дээр TAINLESS STEEL JAPAN гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг тус тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт шилжүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Н, Т.Т нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Н, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨЛЗИЙ-ОТГОН