Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 14

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хуралдаанд

          Ерөнхий прокурор Ц.Бямбадорж /онлайнаар/

          Шүүгдэгч Ш.Н , Т.Т  нарын өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/

          Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/19 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдол, дээд шатны прокурор Ц.Бямбадоржийн  эсэргүүцлээр  Ш.Н , Т.Т  нарт холбогдох 1829002970004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймаг, Гурвансайхан сум, ................................” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Т.Т  /регистрийн дугаар ................/

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ахынхаа хамт амьдардаг, Дундговь аймаг, Өлзийт сум, .............................. гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овгийн Ш.Н  /регистрийн дугаар ............................./                                                      

Шүүгдэгч Т.Т , Ш.Н  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг “Бага бууц” гэх газарт иргэн Т.А тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь Ш.Н , Т.Т  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ш.Н , Т.Т  нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр” хэрэгсэхгүй болгож, 1829002970004 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Т.А ийн гаргасан нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн монгол дээл, хутгыг хэргийн хамт шилжүүлж, Ш.Н , Т.Т  нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

          Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  ... “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: ...шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлаж явуулж болно.

Мөн хуулийн 5 дахь хэсэгт: ... хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэсэн заалтыг зөрчиж шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна.

 Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэлт гаргахдаа буруу дүгнэлт хийсэн.

Хохирогчийн мэдүүлгийг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Шүүгдэгч нарыг ял завшуулахгүйгээр хэргийг прокурорт буцаах эрх зүйн үндэслэл байсаар байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй.

Шүүх шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Т.Т , Ш.Н  нар нь нийгэмд аюултай гэмт үйлдэл хийсэн, гэмт үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндээрээ хохирсон, хохирогчид хор уршиг учирсан байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хууль буруу хэрэглэсэн.

Иймд 19 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

            Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... “Ш.Н , Т.Т  нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар 72 цагийн дотор хянан хэлэлцэж эхэлсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах тухай оролцогчийн саналыг хүлээн авч хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан, хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дараа мөн журмаараа “анхан шатны шүүх хуралдаан” хийсэн нь хуулийн дээрх заалтыг  ноцтой зөрчсөн байна.

Уг шийдвэртээ хохирогч Т.А ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох |нь тогтоогдсон талаар дүгнэлт хийсэн атлаа прокурорын гаргасан хууль хэрэглээний алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар дүгнэлт хийж. цагаатгах шийдвэр гаргасан нь буруу байна.       

Шүүх нь “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр прокурорын шийдвэрийг хүчингүй болгоогүй, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлийг огт дурьдаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шийдвэрийг гаргаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо цагаатгах тогтоол гаргасан нь буруу байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргасан атлаа цагаатгах тогтоолын 5, 6 дахь хэсэгт “шийтгэх тогтоол” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр  нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

            Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр 19 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

           Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад, прокурор хяналт тавиад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

           Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтас хэргийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй гэж үзэж байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний биед хөнгөн хохирол учруулсан байдаг бол тухайн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний биед хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг.

          Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэргийн шинж байхгүй учраас анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хавтас хэргийн хүрээнд шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд тус тусдаа хөнгөн хохирол учруулсан байдаг ба бүлэглэн хохирол учруулсан үйлдэл тогтоогддоггүй. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох эрхтэй юм. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг хүндрүүлэн зүйлчлэх эрхгүй тул хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй байна.

         Тухайн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дугаар хэсэгт “шийтгэх тогтоол” гэж бичсэн нь уг цагаатгах тогтоолыг тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байдалд хүргэхгүй тул үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой юм.

          Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай цагаатгах тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулан бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

            Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:            2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай цагаатгах тогтоолоор Ш.Н , Т.Т  нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж шүүх хуралдааныг хийсэн.

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байдал нь хэргийн хүрээнд харагддаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-т шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана. Үүнийг харгалзаж үзэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангаагүй гэж үзээд Ш.Н , Т.Т  нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ цагаатгах шийдвэр гаргаж, уг шийдвэртээ хохирогч Т.А ийн эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогдсон талаар дүгнэлт хийсэн атлаа прокурорын гаргасан хууль хэрэглээний алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж цагаатгах шийдвэр гаргаж хэргийг буцаасан нь үндэслэлгүй. Шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлийг огт дурдаагүй.

            Ш.Н , Т.Т  нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байхад гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүгдэгч нарыг ял завших нөхцөл байдал бүрдүүлж байна.

            Хэргийг хянан шийдвэрлэсэн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт 5, 6 дахь хэсгүүдэд шийтгэх тогтоол гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шаардлагыг хангаагүй зөрчсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж цагаатгах тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг хүндрүүлэх нөхцөл байдлын хүрээнд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байх хуулийн шаардлагатай. Харин 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдал буюу бүлэглэн хөнгөн гэмтэл учруулсан байхыг шаарддаг. Прокурор бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн.

Анхан шатны шүүх нь хэргийг бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэргийн шинж агуулаагүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн хэргийг шүүгдэгч Ш.Н , Т.Т  нар нь бүлэглэн үйлдсэн нь тогтоогддоггүй. Т.Т , Ш.Н  нар нь Т.А д учруулсан хохирол нь тус тусдаа үйлдэгдсэн, бүлэглэн нэг цаг хугацаанд үйлдэгдээгүй учраас бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

             Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт нэг хавтас эрүүгийн хэргийн хүрээнд Ш.Н , Т.Т  нарын үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсэн. Хавтаст хэргийн шүүхийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.А д хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосон. Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд хохирогчийг зодсон, хохирогчийн эрх чөлөөнд халдсан гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад гэм буруугүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй.

          Прокурор яллагдагчаар татсан тогтоолоос зөрүүтэй байдлаар журамласан зүйл ангийг хасаад Эрүүгийн хуулийн тусгай ангиар бүлэглэсэн гэдгийг орхиод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг хүн нь гэмт хэрэг үйлдсэн  байдлаар ял халдааж байгаа нь яллагдагчаар байцаасан нь хууль хэрэглээний буруутай ажиллагааг явуулжээ. Үүнийг шүүхийн шатанд зөвтгөх боломж байхгүй. Харин хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх зүйн үндэслэлтэй.

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хохирогч А-тэй шүүгдэгч нар эвлэрээгүйг шүүх анхаарч үзээгүй. Гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтаар нотлогдсон эсэхийг хангалттай бүрэн дүүрэн хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй.

          Гэм буруугийн асуудал дээр хохирогчтой ямар нэгэн байдлаар эвлэрээгүй, хохирлоо төлөөгүй бол 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг баримтлан хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхад шүүх үндэслэлгүйгээр өөр хууль хэрэглэж хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

                                   

                  ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн бичсэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн давж заалдах гомдол, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Бямбадоржийн бичсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт /хх-171/ ...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо, мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтад “шийтгэх тогтоолыг”, “шийтгэх тогтоолын” гэж тус тус бичжээ.

          Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д ...шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл, 2.2-т ...таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэсэн шаардлагыг хангаагүй байна.  

          Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа бүлэглэн буюу тухайн үйлдлийг санаатай нэгдэж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, ...прокурорын гаргасан хууль хэрэглээний алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, ...шүүгдэгч Ш.Н , Т.Т  нарт холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.                                                                      Шүүхээс хэргийн талаарх нөхцөл байдлыг тогтоож баримтын талаар дүгнэлт хийгээгүй атлаа гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан нь ойлгомжгүйгээс гадна ...хохирогч Т.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна гэж зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийсэн  анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Анхан шатны шүүх нь Ш.Н , Т.Т  нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус  хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/19 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. Ш.Н , Т.Т  нарт холбогдох 1829002970004 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ш.Н , Т.Т  нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ