Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00971

 

А.С-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00456 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 991 дүгээр магадлалтай,

А.С-ыннэхэмжлэлтэй,

З эмнэлэгт холбогдох,

Гэм хорын хохиролд 2.107.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч А.Солонго шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ: 2015 оны 09 сарын 21-ний өдөр 6 настай охин О.Сарангарав эмэг эх Оролмаагийн хамт шүдний эмчээс зөвлөгөө авахаар З эмнэлэгт шүдний эмч Уранжаргалд үзүүлэхэд дээд, доод араанд ломботой адил төстэй эм тавьж, эмчилгээ хийсэн. Гэтэл охины нүүрний зүүн хэсгээр хавдан улайж, хоол, унд идэхгүй, халуурч, хүчтэй зовиурлах  болсон тул  эмч Уранжаргалтай  дахин уулзахад  шарлага эмчилгээ хийсэн. Гэвч охины биеийн байдал улам дордож, зовиурлах нь ихэссэн тул 2015 оны 09 сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Эх нялхсын эмнэлэгт очиж, 2015 оны 09 сарын 28-ны өдөр яаралтай мэс засал хийлгэсэн. Хүүхэд халуурч байхад шарлага хийж идээт буглааг улам идэвхжүүлж буруу эмчилгээ хийсэн буруутай тул З  эмнэлгээс  гэм хорын хохиролд 2.107.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З эмнэлэг шүүхэд гаргасан тайлбартаа: тус эмнэлгийн эмч Д.Уранжаргалын буруутай үйлдлийн улмаас  О.Сарангаравын  эрүүл мэнд,   сэтгэл санаанд хохирол учирсан болохыг нотолж чадахгүй байна. Эмчлүүлэгч охиныг 2015 оны 09 сарын 26-ны өдөр эмээ нь,  09 сарын 27-ны өдөр ээж нь дагуулж ирж эмчилгээ хийлгэсэн бөгөөд 09 сарын 28-ны өдөр дахин ирж үзүүлэхийг зөвлөсөн. Түүнчлэн эмчилгээг  дундаас нь тасалснаас үүдээд хүндрэл гарсан байх магадлалтай. Иргэний хуулийн 229.2-д гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээг харгалзан үзнэ гэж,  мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрахад буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан. Нэхэмжлэгч гэм хор шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00456 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498  дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар  зүйлийн  510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зонне ХХК-ийн З  эмнэлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 2.107.500 төгрөг гаргуулах тухай А.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 991 дүгээр  магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З ХХК-ийн З эмнэлгээс 557.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С-д олгож, үлдэх 1.550.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Зонне ХХК-ийн З эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 17375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамбын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  49.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 991 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эмчлүүлэгч охин 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирж үзүүлсэн. Үзлэгт 64-65 шүд цооролттой байсан тул цогцны хөндийг цэвэрлэж, түр ломбо тавьж 09 дүгээр сарын 27-ны өдөр ирэхийг зөвлөөд явуулсан. Гэтэл эмчлүүлэгч охин эмчилгээний үе шатны гам бариагүйгээс шалтгаалан буйл нь бага зэрэг хавдсан байдалтай 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Улмаар хавдсан хэсэг нь хатуу байсан тул 25, 26-нд шарлага эмчилгээ хийсэн.Учир нь, хавдсан эсэхийг шууд зүслэг эмчилгээг хийхэд юм гарахгүй үр дүн байдаггүй тул хавдсан эсэхийг зөөлрүүлэх зорилгоор 2 удаа шарлага эмчилгээ хийсэн. Үүний үр дүнд 09 дүгээр сарын 27-ны өдөр хавдсан хэсэг зөөлөрсөн байдаг.Гэвч нэхэмжлэгч нь эмчлүүлэгч охины хавдсан хэсгийг хариуцагчаар зүслэг эмчилгээ хийлгэлгүй, эмчилгээний дундаас орхин өөр газар зүслэг эмчилгээ хийлгэсэн байдаг.

Иймд дээрхээс дүгнэвэл шарлага эмчилгээнээс үйдэн хүндрэл гарсан зүйл байхгүй, харин эмчилгээний арга зөв байхад давж заалдах шатны шүүх арга тактик буруу байна гэж үзсэн нь буйлыг хатуу байхад нь шууд зүслэг эмчилгээ хийх ёстой байсан гэж ойлгогдохоор дүгнэсэн нь хэргийн үйл баримт бодит байдалд нийцэхгүй байна.Мөн эмч эмчлэх арга тактикаа өөрөө сонгон хэрэглэх зааврын дагуу эмчилгээгээ өөрөө сонгож хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр зөв болох нь нотлогдсон. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хариуцагчийн албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдэл гаргасан, түүний улмаас бусдад гэм хор учирсан гэсэн зүйл тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг буруу тайлбарлаж үнэлсэн байна.Гэтэл багш хөлсөлсөн хөлс, өмгөөллийн хөлс нь эмчлүүлэгч охины эмчилгээнд зориулан гаргаж байгаа шууд зардал биш, өмгөөллийн хөлс нь нэхэмжлэгчийн сайн дурын үндсэн дээр гаргасан зардал байхад хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна.

Иймд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангажээ.  

Нэхэмжлэгч А.С  нь хариуцагч З эмнэлгээс 2.107.500 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...эмчилгээг зөв хийгээгүйгээс хүндрэл гарч  хагалгаа хийлгэсэн ...” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...эмчилгээ дуусаагүй байхад тасалснаас хүндрэл гарсан байх магадлалтай...” гэсэн тайлбар гаргажээ.

З  эмнэлгийн эмч Д.У нь нэхэмжлэгчийн охин О.С-ын  шүдэнд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр түр ломбо тавьсан, үүний дараа хүүхдийн нүүрний зүүн тал хавдаж улайхад шарлага эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЭХЭМҮТ-д мэс засал хийлгэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг .

Хэргийн 69-70 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1580 дугаар дүгнэлтэд “...идээт үрэвслийн процессын үед зүслэг хийх, шарлага хийх, эмийн эмчилгээ хийх гэх мэт эмчилгээний арга тактикийг эмч үрэвслийн үе шатанд тохируулан сонгоно, ... С-ын  шүдний үрэвслийн үе шат шарлага эмчилгээгээр эмчлэх боломжгүй...” гэснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан тул З  эмнэлэг нь хариуцлагыг хүлээх ёстой.

Анхан шатны шүүх эмч Д.У албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр бусдад гэм хор учруулсан нь тогтоогдоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэх, гэм хорын хэмжээ, зайлшгүй зардал, хохирлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэж, нэхэмжлэлээс эмийн зардал 17.500 төгрөг, өвчний улмаас хичээл завсардаж  багш хөлслөхөд төлсөн 300.000 төгрөг, өмгөөллийн хөлс 200.000 төгрөг, З  эмнэлэгт төлсөн төлбөр 40.000 төгрөг нийт 557.500 төгрөгийн шаардлагыг хангасан нь эрх зүйн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн дээрх заалтад нийцжээ.

Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 991 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулгын  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлсөн  17.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ