| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0963/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 172
О.Т, С.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч О.Тод-Эрдэнийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ц.Дэлгэрням, цагаатгагдсан этгээд С.Бийн өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар, Б.Цолмон-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 786 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1475 дугаар магадлалтай, О.Т, С.Б нарт холбогдох 1809052951233 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Бум-Аюуш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Булаг овогт О.Т,
2.Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2008 оны 08 дугаар арын 18-нд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар санхүүгийн байгууллагад тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгүүлсэн, 2009 оны 07 дугаар сарын 22-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 08 сар 07 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан, Боржигон овогт С.Б нар нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
шүүгдэгч О.Тод-Эрдэнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
түүний цагдан хоригдсон 540 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч С.Б нь 540 хоног цагдан хоригдсоныг дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсийг тогтоол хүчин Т болмогц устгах, бичлэг хадгалах төхөөрөмж 1 ширхэг, нийт 10 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, талийгаачийн өмсөж явсан хувцсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар О.Тэс 33.520.330 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж, 5.278.552 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тийн цагдан хоригдсон 640 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, С.Б 640 хоног цагдан хоригдсонг дурдсугай...”,
тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч О.Тэс 20.795.364 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгож, нэхэмжлэлээс 18.003.518 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч М.Баасанбат, Д.Дарханбаатар, Д.Онон нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Т гаргасан гомдолдоо:
“1.Тухайн өдөр “нэг нэгэндээ баяр хүргэх” гэсэн маань санаандгүйгээр золгүй явдал болж хүний амь нас эрсдсэнд миний бие харамсан гэмшиж явдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед талийгаачийн довтолгоог болиулах үедээ 2-3 удаа цохисон гэдгээ хэлдэг. Намайг ингэж цохисны дараа талийгаач идэвхтэй хөдөлгөөн хийж байсныг гэрч хэлдэг бөгөөд талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь “тугны ишээр цохисноор бий болсон уу”, эсхүл “гараар цохиж бий болсон уу” гэдэг дээр эргэлзээтэй байдал үүсэж, тогтоогдохгүй байсан. Анхан шатны шүүх нь миний гараар цохисноос болж талийгаач амь хохирсон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх ингэж үзсэн учраас, өөрийн цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан учраас, давж заалдах шатны шүүхээр хохирлоо төлж, буруугаа хүлээн орсон билээ. Тухайн өдрийн хэргийн үйл явцад талийгаачийн хууль бус, зүй бус үйлдэл, гаднаас орж ирэхдээ л оффисын барилгын үүдний шилийг хага өшиглөсөн, байнгын “ална тална” хэмээн дайрч давшилсан хүч түрэмгийлэл, дарамтан дор, тухайн нөхцөл байдалд өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалах, хэрүүл зодооныг болиулах гэж хичээж байсан бөгөөд “хүний аминд хүрье” гэсэн бодол санаа, сэдэл надад огт байгаагүй. Ийнхүү гэнэтийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд миний бие анх удаа хэрэгт холбогдоод байна. Дээрхийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харж дүгнэлт хийн шийдвэр гаргахыг хүсэж байна.
2.Хохирлын хэмжээнээс хуульд зааснаар тогтоогдох хэмжээний хохирлыг давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө төлсөн байтал шүүхийн магадлалд энэ талаар тусгаагүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл, магадлалын 31 дүгээр тал “Тогтоох нь” хэсгийн 1-д хохиролд тооцох хэмжээ тогтоон, шүүгдэгчээс хохирогч талд олгохыг л дурьджээ. Уг шүүх хурлын явцад хохирол төлөгдсөн талаар хэлэлцэж өмгөөлөгч маань хохирлыг төлсөн талаар, санхүүгийнх нь баримтыг шүүгч нарт тодруулан хэлж байсан. Мөн магадлалын 27 дугаар талд анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оноохдоо харгалзан үзсэн нөхцөл байдалд “...хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан” гэж оруулан анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолд туссан агуулгыг өөрчлөн буруугаар хэрэглэжээ. Учир нь 2020.09.01-ний өдөр анхан шатны шүүх хурал болоход миний бие хохирлоос ямар ч хэмжээгээр барагдуулаагүй, төлөлт хийгээгүй байсан. Харин 2020.12.10-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө хохирлыг төлж барагдуулсан байсан. Үүнийг хяналтын шатны шүүхээр хянуулан бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.
3.Миний бие өөрийн хүч хөдөлмөрөөр сурч, мэдлэг боловсрол эзэмшин дээд боловсрол “Эдийн засагч-Статистикч” мэргэжилтэй болж, энэхүү мэргэжлээрээ хөдөлмөрийн зах зээл дээр тогтвортой ажил эрхэлж, хувийн хэвшлийн байгууллагад салбарын эрхлэгчээр ажиллаж байсан.
Залуу хүний хувьд гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж өрх толгойлох насандаа, мөн айлын том хүүхдийн хувьд 2 дүү, ээждээ түшиг тулгуур болох байтал санаандгүйгээр хэрэгт холбогдон шийтгүүлж, нийгмээс тусгаарлагдан хоригдох болоод байгаадаа харамсаж байна. Мөн энэ хэрэгт золгүйгээр эрдэнэт хүний амь нас эндсэнд харамсаж байна.
Эдгээрийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 12 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, “хаалттай” дэглэмийг “нээлттэй” болгож өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэн гуйж байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Тод-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхээс О.Тод-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм буруугийн асуудалд маргаантай зэргийг харгалзан үзэж, түүнд 12 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. О.Т нь талийгаач Б.Ттэй гар зөрүүлсэн, биеэ хамгаалах зорилгоор цохилцсон, тус хэргийн шүүгдэгч С.Бийг цохиж байх үед нь дундуур нь орж салгасан зэрэг үйлдлээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд гагцхүү талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөл болох хүнд гэмтэл нь талийгаачийн толгойн тус газар С.Б нь тугны ишээр цохисноос үүссэн гэж гэм буруугийн хувьд маргаж байсан болно.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь тугны ишээр цохисноос үүсээгүй, харин шүүгдэгч О.Т нь талийгаачийн эсрэг биеэ хамгаалах зорилгоор харилцан зодолдох, хүч хэрэглэх үед үүссэн гэмтлээс болж нас барсан гэж дүгнэсэн байдаг. Нэгэнт шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, талийгаач нь тугны ишээр цохиулснаас болж үхэлд хүргэх гэмтлийг аваагүй гэж дүгнэн, О.Тод-Эрдэнийн гараар учруулсан гэмтлийн улмаас талийгаач нас барсан гэж үзэн, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний хувьд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшин байгаа талаараа илэрхийлж, хохирогчид учирсан хохирол төлбөрт 23.381.811 төгрөгийг төлөх зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дансанд байршуулж, Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд нийцээгүй талаар болон Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоолгүй орхигдуулсан талаар тусгасан байдаг.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн 1809052951233 дугаартай хэргийг 2020.12.10-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүйгээр нэмэгдсэн хохирол болох талийгаач Б.Тийн банкны зээлийн үлдэгдэл 12.724.966 төгрөгийг хохирлын дүнгээс хасаж, хохирогчид учирсан хохирлын хэмжээг 20.795.364 төгрөг болохыг тогтоон, анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг буруу тэмдэглэснийг зөвтгөж шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дансанд зөвтгөн шийдвэрлэсэн хохирлын дүн болох 20.795.364 төгрөгийг хохирогчид төлөхөөр байршуулсан буюу хохирлыг нөхөн төлсөн баримт авагдсан, хохирол төлөгдсөн талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 1.1.“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2.“гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4.“хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь мөн хуулийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаас ялгаатай нь шүүхээс шийдвэр гаргахдаа заавал харгалзан үзэх талаар хуульчлагдсан.
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг авч үзвэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Ампер хаус” төвийн 301 тоотод буюу ажлын байран дээрээ “Бид” ББСБ-ын салбар хариуцсан захирал О.Т /удахгүй тушаал дэвшиж “Бид” ББСБ-ын зээлийн газрын дэд захирал болох гэж байсан/, ажилтан С.Б /ажлаас гарах өргөдлөө өгсөн, удахгүй БНСУ-д очиж ажиллах зорилготой Солонгосын виз нь гарсан гэх/, ажилтан Б.Э /О.Тод-Эрдэнийг тушаал дэвшсэнтэй холбогдон “Бид ББСБ-ын 100 айл салбар хариуцсан захирлаар дэвшин ажиллахаар удирдлагын хурлаар шийдвэрлэгдсэн/ нар нь ажил хэргийн амжилт, тушаал дэвшиж, амьдралдаа дэвшилт гаргаж буй баярт үйл явдлаа ярилцаж байх үед талийгаач Б.Т нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байдалтайгаар, “Ампер Хаус” барилгын 1 давхрын үүдний шилэн хаалгыг өшиглөн хагалж, харуултай маргаан үүсгэсэн байдалтайгаар орж ирсэн нь талуудын хооронд маргаан үүсэх, тайван байсан “Бид” ББСБ-ын ажилтан С.Б, захирал О.Т нар нь өөрийн биеийг хамгаалах зорилгоор талийгаачийн эсрэг харилцан хүч хэрэглэсэн үйлдэл хийх шалтгаан нөхцөл болсон байдаг.
Шүүгдэгч О.Т өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй бөгөөд анхнаасаа ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байх үедээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу талийгаач Б.Т нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Б.Этайгаа “Бид” ББСБ-ын ажилтнуудыг хардаж, хүч хэрэглэж цохисон, зодсон хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготойгоор талийгаачийн эсрэг харилцан хүч хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх шалтгаан нөхцөл болсон байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй мэтээр дүгнэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхээс талийгаач Б.Тийн Төрийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 12.724.966 төгрөгийг хохиролд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирлын хэмжээг зөвтгөн 20.795.364 төгрөг болохыг тогтоосон боловч хохиролд төлөх мөнгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дансанд хохирогч Б.Мд хохирлын төлбөр гэх утгаар шилжүүлсэн баримтыг үнэлж дүгнэлгүйгээр, хохирол нөхөн төлөгдсөн эсэх талаар магадлалд тусгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйпдсэн гэмт хэрэг, гэм буруугийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэсэн заалт зэргийг зөрчсөн байх тул Улсын дээд шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Тд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Тод-Эрдэнийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1475 дугаартай магадлалын 27 дугаар талд “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тод-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжзэ, хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн шийдвэр болжээ.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь миний үйлчлүүлэгч давж заалдах шатны шүүх хурлын өмнө хохирол төлбөрийг барагдуулсан төдийгүй анхан болон давж заалдах шатны шүүх хурал, мөрдөн шалган ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор зүүн шанаа тус газарт нь 2-З удаа цохисон гэдгээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Гэтэл шүүх ял хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаас гадна хэргийн бодит байдалд тохирсон ял шийтгэл оногдуулах хуулийн үндсэн зарчим зөрчигдөж байна.
Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих ангийн дэглэмийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нээлттэй болгон өөрчилж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М гаргасан гомдолдоо: “Миний бие 2018 оны 11 сарын 30-наас 12 сарын 01-нд шилжих шөнө өөрийн төрсөн ах Тийн амь насыг бусдын гарт хзрцгийгээр алдсанаас хойш 2 жилийн хугацаанд хэргийн үнэн мөнийг шийдүүлэх гэж 1809052951233 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Эцэг хүн үрээ алдсан энэ 2 жилийн хугацаанд 2 хөл дээрээ явж чадахгүй болтлоо сэтгэлээр унаж, эх хүн ганц хүүгээ хүний гарт зодуулж алдсандаа, хууль шүүхийн байгууллага хэргийн яллагдагч нарт ял завших боломжийг олгож байгаад гомдож, гашуун нулимстай цөхөрсөн өдрүүдийг манай гэр бүл өнгөрөөж байна. Монгол улсын шүүх хараат бус ажилладаг хэмээн би өдийг хүртэл итгэж ирсэн. Ийм ил тод баримттай хэрэгт санаатай юу, санамсаргүй юу, шийдвэрлэх гэж 2 жил болтол нь удааж, эцэстээ хохирогч талдаа сэтгэл санаа, бие эрүүл мэндэд хор хохиролтой, дээрээс нь үнэнээс хазайсан шийдвэр гаргаж байгаад үнэндээ маш их гомдолтой байна.
Т, Б нар нь бүлэглэж, үйлдлээрээ хамтарч, гар нийлж миний ахыг зодож алсан нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шинжээч нарьн дүгнэлтүүдээр хангалттай тогтоогддог. Хэрэв эдгээр нотлох баримтуудыг шүүх ач холбогдолтой гэж авч хэлэлцэхгүй байгаа юм бол эсрэгээрээ хэрэг учрал болох цагт 2 хүний эсрэг яаж ганцаараа амь тэмцэж байсныг миний ахын биед учирсан олон тооны бэртэл гэмтлүүд нэгийг хэлээд өгнө. Ахын минь биед учирсан гэмтлүүдийг Б, Т нарт учирсан гэмтэлтэй харьцуулахад энэ 2 хүн үйлдлээрээ хамтарч бүлэглэж хүний аминд санаатай хүрсэн нь тодорхой бөгөөд үүнийг нотлох баримтууд ч хавтаст хэрэгт бий. Гэтэл шүүх яг ямар нотлох баримт дээр түшиглэн нэг хүний үйлдлээр хүний аминд хүрснийг нотлоод байгаа нь ойлгомжгүй.
Талийгаач ахын минь биед учирсан гэмтлүүд, энэ тухай задлан хийсэн шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хурлын явцад мэдүүлсэн мэдүүлэгт "...Мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүр, ирмэг зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэж ойлгож болно. Үүнд атгасан гар, хөл, гутал зэрэг хамаарна... 3үүн зулайн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйл буюу тугны суурин хэсгээр цохигдох үед үүсэх боломжтой. Бусад том хэмжээтэй цус хуралт гэмтэл нь тугны сууриар цохиод үүсэхгүй. Харин нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр мохоо гадаргуутай зүйлээр цохиход үүссэн байх боломжтой, ...Амь хохирогчийн хувьд толгойн битүү гэмтэл авсан даруйдаа идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. ...Энэхүү гэмтэл нь мохой зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэв гараар цохисон байна гэж үзвэл нэг газарт олон удаагийн давтамжтай цохих үед үүснэ... Уг гэмтлийг авсан даруйд ухаангүй болно. Мөн хурхирах, өмдөндөө шээх зэрэг шинж тэмдэг илэрч болно. ...Энэ гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийхгүйгээр богино хугацаанд нас барна. ...Энэ гэмтлийг авсан хүн ухаан алдаж, ухамсарт ухаан алдагдаж, эмгэг хурхирах, өтгөн шингэн гадагшилна” (№2657 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт 2хх-202х, 8хх-71х, 2020 оны 1 сарын 8 шүүх хурлын тэмдэгдэлд-7хх-28) гэж удаа дараа маш тодорхой, ойлгогдохоор хэлсэн байдаг.
Гэтэл шүүх нэг хүний үйлдэл оролцоотойгоор миний ахыг нас барчихлаа гэж дүгнэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлд дурдсанчлан “...Т нь сейфний хажууд Б, Т нарыг зогсож байхад Т Тий хажуугаар гараараа Бийн нүүр шанаа руу 2-3 удаа цохисон, Т нөхөр Тийг болиулах гээд зогсож байхдаа Т дахиад талийгаачийн зүүн шанаа руу нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед талийгаач газар унаад босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан. ...Энэ нь талийгаач хамгийн сүүлд О.Тд иохиулаад үүдний цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсныг нотолж байна,” (2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоол 20 тал) гэсэн мэдүүлгийг ач холбогдолтой гэж авч үзэхдээ тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь учир дутагдалтай шүүхийн шийтгэх тогтоол боллоо гэж ойлгогдохоор байна.
Учир нь энэхүү шийтгэх тогтоольн үндэслэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хурлын даргалагч шүүгч шинжээчээс асуусан байдаг. Тодруулбал “...Даргалагчаас: Гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр харилцан заамдалцаад цохилцсон гэдэг. Тухайлбал Т нь 2-3, 3-4 удаа зүүн шанаа хэсэгт гараараа талийгаачийг цохисон гэж мэдүүлдэг. Энэхүү үйлдлээс үхэлд хүргэх гэмтэл учрах уу гэхэд Шинжээч: Талийгаачид дээрх гэмтэл учирсан даруйд ухаангүй идэвхгүй болох ёстой. Гэтэл талийгаач нь дахин идэвхтэй хөдөлгөөн хийгээд байдаг. Иймд дээрх гэмтлийг авсан бол ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй даруй ухаангүй болно гэж ойлгож болно” (7хх-З0 тал) гэж шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шинжээч эмч нь маш тодорхой мэдүүлсэн нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоол нь огтоос үндэслэлгүй байгааг, яг ямар нотолгоо баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитоор үнэлэхгүйгээр шүүгч няцаагдсан таамгаар ийнхүү ялын тогтоол бичин шийдвэрлэсэн.
Б нь хэрэг учрал болох үед идэвхтэй үйлдэл хийж байсан нь өөрийнх нь мэдүүлэг, хэрэгт бэхжүүлж авсан нотлох баримтуудаар батлагддаг. Тухайлбал гэрч Э “...Т нь сейфний хажууд Б, Т нарыг зогсож байхад Т Тий хажуугаар гараараа Бийн нүүр шанаа руу 2-3 удаа цохисон.” гэж мэдүүлдэг бөгөөд шүүх хурлын үеэр даргалагч шүүгч хэрэгт холбогдогч нараас тугны байрлалыг асуухад сейфний ойролцоо байрладаг тухай мэдүүлдэг. Харин хэргийн газарт хийсэн үзлэгээр сейфний дэргэдээс бэхжүүлж авсан ул мөр (зураг №8, №9 (1хх 12х) нь №12761 (2хх 184х) дугаартай дүгнэлтээр талийгаач ахын минь О/1 бүлгийн цус болох нь тогтоогддог бөгөөд уг ул мөрөөс ойролцоо газраас олдох БИД гэсэн бичигтэй нил ягаан өнгийн далбаатай тугны ишинд хийсэн №17 дугаартай биологийн илрүүлэх шинжилгээгээр (2хх-143х) “нил ягаан өнгийн далбаанд В/III бүлгийн харъяалалтай цус илэрсэн” нь Бийн бүлгийн цустай тохирч, тугны ишинд хийсэн ДНХ шинжилгээний №741 дугаартай хариунд “шинжилгээнд ирүүлсэн 106 см урттай төмөр зэрэг эд мөрийн баримт илэрсэн цусны ДНХ тогтоцыг 16 локусын алелоар тогтооход 16-16, 9-9, 29-30, 13-16, 15-18, 10-11, 9-11, 11-12, 9-13, 11-12, 9-10,16-16, 14-15, 8-8, 22-24” гэж дахин давтагдашгүй тоогоор илрүүлдэг ба энэхүү 16 локус тоо нь хэрэгт холбогдон Тод-Эрдэнийн цусны ДНХ тогтоцтой яв цав нийлж тохирсон хариу гардаг. /№767 дугаартай шинжилгээний хариу, 2хх-164х/. Энэ нь Б нь өөрийн мэдүүлж байгаа шигээ цайны өрөөндөө ухаан алдаж унаагүй болохыг, Ттэй үйлдлээрээ хамтарч миний ахыг зодож алсан болох нь, хэрэг учрал болох үеэр идэвхтэй хөдөлгөөн хийж байсан нь тусгай мэдлэгтэй шинжээч нарын дүгнэлтээр нотлогдсоор байтал шүүх зөвхөн Бийн мэдүүлэгт үндэслэж ухаан балартаж манарч унасан нь үнэн байна гээд түүнд ямар ч ял зэм оноогоогүйд үнэндээ маш их гомдолтой байна.
Мөн гэрч Э нь шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “намайг гарч явах үед бүгд зүгээр байсан. Ухаан алдаж барьсан асуудал хэнд нь ч байгаагүй. (2020 оны 09 сарын 01 өдрийн шүүх хурлын тэмдэглэл 25 тал), ...намайг байх үед хэн хэнийх нь хамраас цус гарч, газар манарч унасан зүйл болоогүй. ...Намайг байх үед С.Б хэвтээд Б орж ирсэн зүйлгүй. Манаач Б нь талийгаачийг эхлээд орж ирэхэд ард нь зогсож байгаад гараад явсан” гэдэг боловч хэргийн 2 дахь гэрч болох Б нь хэргийн талаар удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Тухайлбал хэрэг гарсны дараахан надад “...тэгээд тэднүүс хаалгаа дотроосоо түгжчихээд пичигнээд байсан, ...эхнэр нь түргэн дуудаж болохгүй, цагдаа битгий дууд гээд уурлаад байсан. ...тэгсэн чинь авгай нь ерөөсөө аваад явчихья, түргэн мүргэн хэрэггүй” гэх мэтчилэн хэлдэг ба хэргийг мөрдөн шалгах явцад өмнө нь өгсөн мэдүүлгээсээ буцдаг удаатай. Энд гэрч нарын мэдүүлэг бие биенээ няцааж байгаагаас үзэхэд ямар нэгэн нөлөөнд эсвэл болгоомжилж айсандаа ийнхүү мэдүүлсэн мэдүүлгээсээ буцаж байна гэж үзэхээр байна.
Шүүгчийн шийтгэх тогтоолд гэрч нарын мэдүүлэгт тулгуурласнаа үндэслэл болгодог боловч энэ нь бодит үнэнтэй нийцэхгүй байгааг зориуд энд дурдаж хэлье. Хэрэг учралыг үзсэн харснаараа нотлох гэрчүүд хэрэг гарах мөчид хэргийн газар байгаагүйг хавтаст хэрэгт авагдсан камерын дүрс бичлэг нотолдог. Тодруулбал хэрэгт бэхжүүлж авсан хэргийн газрын барилгын гаднах камерт 01 цаг 10 минутаас цагдаа ирэх хүртэл буюу 01 цаг 28 минут хүртэл гэрч Б нь барилгын гадаа, 01 цаг 19 минутаас 01 цаг 27 минут хүртэл хүртэл гэрч Э нь барилгын гадаа байгаа нь хяналтын дүрс бичлэгийн камерт бичигдэж хадгалагдаж үлдсэн. Тэгвэл гэрч Б нь 2 дахь удаагаа үнэхээр хэргийн газарт очсон уу? эсвэл гэрч Эын хэлсэн шиг, ”хэн хэнийх нь хамарнаас цус гарч, газар унаагүй” гэх явдал болоогүй юу гэдэг асуулт гарч ирж байна.
Өөрөөр хэлбэл гэрч нарын мэдүүлгүүд бие биенээ үгүйсгэж байгааг шүүх шийтгзх тогтоолдоо тайлбарласангүй, харин үндэслэл болгож үзэж байгаа нь хэргийн жинхэнэ бодит байдлаас зөрж байна. Энэ хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг нь хэрэгт холбогдогч нарын анхны мэдүүлэг буюу хэрэг учрал болоод 10 гаруй цагийн дараа өгсөн мэдүүлгүүд юм. Үүнээс хойш Б, Т нар нь өмгөөлөгч авсан, хорих ангид бие биендаэ захиа дамжуулж үгсэн хуйвалдсан, мөн Бийн өмгөөлөгч Баатардорж нь хорих ангид Ттэй уулзсан үйлдлүүд баримттай нотлогддог. (7хх-61х, Зхх-33-35х) Өөрөөр хэлбэл нэг гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь хоорондоо хэргийн үйл баримтаар тохиролцож болох ба ингэснээрээ гэмт хэргийг нэг нь үүрч дааж үлдсэнээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж, ялын хэмжээ багасах учиртай. Энэ нь ч биелэлээ оллоо гэж хардахаар байна.
Хэдийгээр Эаас болж би өөрийн цорын ганц дотны хүнээ алдсан боловч манай гэр бүл түүнийг ахын минь 2 хүүхдийн эх хүн учраас гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулж, “гомдолгүй” хэмээн түүнийг хэргээс тусгаарласан байдаг. Гэтэл Э нь хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг удаа ч болов миний аав, ээж дээр ирж хүний ёсоор болсон явдлын талаар ярьж, уучлалт гуйгаагүй, өвөө эмээ нь хүүгээ алдсан мөчөөс хойш ач нартайгаа уулзаж чадахгүй явна. Аав ээж минь хэргийн шүүн хэлэлцэх өдрийг хамаг байдаг тэнхээгээ шавхагдтал хүлээхдээ Монгол улсын шүүх гэмт этгээдүүдэд арай ч ингэж ял завшуулна гэж санаачгүй. Үнэхээр их гомдолтой байна. Хэргийг хянаж байсан прокурор хэдийгээр олон удаа солигдож байсан ч нэг байр суурь дээр санал нэгдэж байсан нь “Тийн амь насыг бүлэглэж санаатай алсан байгаа нь илэрхий тод байна” гэж дүгнэж үздэг.
Өмнө нь энэ хэрэгт хяналт тавьж ажиллаж байсан прокурор нь мөрдөн шалгах ажиллагаанд сайтар хяналт тавиагүйгээс болж хэргийн оролцогч нарт хуйвалдаж, хэрэг наймаалцах боломжийг өгсөн нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд ил тод болдог. Түүнчлэн прокуророос хэрэгт хяналт тавьж байгаа байр байдлаас нь ажихад знэ хэргээс залхсан байдалтай, тэгэс ингэс хийсэн хандлагатай хандаж ирсэнд гомдолтой байна. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал дээр прокурор нь бодолгүй хэлсэн үгээ засаж залруулсангүй, яллах дүгнэлтийнхээ эсрэг үг хэлж буй нь прокурор хүн өөрийн итгэл үнэмшилгүй мэт хийсэн ажлаа үгүйсгэж, хэрэгт хураан авагдсан нотлох баримтуудыг үнэлж чадахгүй байгаагаар харагдаад зогсохгүй, хэргийн байдлыг улам дордуулж байгаа явдалд гайхахаас өөр үг хэлж чадахгүйнээ.
Анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирлын нэхэмжлэлээс 5.278.552 төгрөгийг үндэслэлгүй хассан гэж үзээд гомдолтой байна. Оршуулгын зардал болох нийт 25.627.311 төгрөгийг гзмт хэрэг учруулсан этгээдүүдээс бүрэн гаргуулах хүсэлтэй. Гэмт хэргийн улмаас манай гзр бүлд шууд учирсан үр дагавар нь шүүх хурал удаа дараа хойшлогдох бүрт миний аавын биеийн байдал муудаж, яаралтай зүрх судасны хагалгаанд орсон. Мөн түүнчлэн шүүх хурлыг хоног тоолон хүлээсэн ээж минь сэтгэл санаа гүн хямарч, биеийн байдал огцом нэг өдөр муудаж, хоёр хөл дээрээ зогсож чадахгүй дайвалзаж сонсголоо алддаг. Энэ нь эмнэлгийн хэллэгэндээ сэтгэл санааны хямралаас болж сонсголоо алдсан гэж үзэх ба гэнэт алдсан сонсгол дахиж сэргэдэггүй байна.
Өөрөөр хэлбэл ах минь амьд сэрүүн ажлаа хийгээд явж байсан бол өнөөдөр аав, ээж минь хүний асаргаанд ортлоо бие эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирохгүй, манай гэр бүл элэг бүтэн байх байсан. Судалгаагаар Монгол улсын эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг 65 гэж үзсэн ба багаар бодоход миний ах дахиад 20 жилийн идэвхтэй амьдралаар амьдрах байсан. Энэ хэргээс учирсан бодит хохирол нь миний аав ээж хэвтрийн дэглэмд хүний асаргаанд орсон нь Б, Т нарын үйлдлээс шууд учирсан үр дагавар гэж үзнэ. Иймд гэмт буруутай энэ этгээдүүдээс сэтгэл санааны хохиролд тооцуулан 100 сая төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Гэмт хэрэгт үйлдлээрээ хамжиж хамтарсан хүмүүсийг бүлэг биш гэж үзэн гэмт этгээдүүдэд ял завшуулсан гэж үзэж байгаа тул дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/1475 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШДТ/786 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/1475 дугаартай магадлалыг 2021 оны 01 дүгээр сарын 07-нд хүлээн аваад эс зөвшөөрөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хэмээн хуульчилсан бөгөөд шүүх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан эсрэг ашиг сонирхол бүхий яллагдагч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ чухам ямар учраас тэдгээрийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй юм. Яллагдагч С.Б хамгийн анх 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...Намайг сандал дээр сууж байхад Эын нөхөр Т миний толгой руу нэг зүйлээр цохих шиг болсон, яг юугаар цохисон талаар мэдэхгүй, тэгтэл миний толгойны зүүн хойд дагзнаас цус гарахаар нь би сандлаасаа босоод Эын нөхөр Ттэй барьцалдаж аваад хоорондоо 2-3 удаа цохилцсон, яг хаана нь яаж цохисон талаараа санахгүй байна, би цайны өрөөний сандал дээр суугаад үлдсэн, тэгээд удаагүй 3-4 минутын дараа цайны өрөөнөөс гараад заал руу ороход Эын нөхөр Т нь оффисын өрөөнөөс гарах хаалганы үүдэнд дээшээ харсан толгой нь үүд рүү чиглэсэн байдалтай шалан дээр унасан байсан...” хэмээн мэдүүлдэг. /13-р хавтаст хэргийн 125-128/
Өөрөөр хэлбэл, яллагдагч С.Б нь хамгийн анхны мэдүүлгээрээ ухаан алдаж унасан талаар огт мэдүүлээгүй атлаа сүүлд өмгөөлөгч авсан цаг хугацаанаас эхлэн юу ч санахгүй, ухаан алдсан байсан мэтээр худал мэдүүлсээр ирсэн бөгөөд яллагдагч С.Б нь гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон болох үйл баримт хангалттай нотлогддог. Тухайлбал, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр С.Бийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийхэд “...цэнхэр өнгийн брюкен өмдний зүүн салтааны хэсэг оёдол дагуу урагдалтай болохыг тогтоож гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн, ШШҮХШинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14272 дугаартай дүгнэлтийн болсон хэргийн товч агуулга, зовиур хэсэгт тайлбарлахдаа “Толгой өвдөнө, чих, нүд, эрүү хөндүүр...” гэжээ. Энэ нь С.Б нь анхнаасаа хэргийн газарт ухаан алдаагүйг нотлох баримт бөгөөд С.Бийн биед тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын угт зулгаралт, дагзны зүүн хэсэг дээд уруулын дотор салстад шарх тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ...” гэж дүгнэсэн нь түүнийг тухайн цаг хугацаанд хэргийн газарт О.Ттэй бүлэглэн амь хохирогчийг харгис хэрцгий, олон удаагийн довтолгооноор цохиж биед нь гэмтэл учруулан алсан гэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлд “...С.Бийг ухаан алдсан хэвтэж байсан болохыг гэрч С.Б -2 дахь удаагаа дээшээ буцаад гартал нөгөө залуу 301-д байсан 2 залуутай зодолдож байсан, 301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай...” гэх мэдүүлгийг үндэслэн С.Бийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь энэхүү мэдүүлгээр 3-лаа зодолдож байсныг гэрчилснээс гадна нэг намхан залуу нь газар унасан байдалтай гэснээс, ухаан алдаад унасан байдалтай гэж огт мэдүүлээгүй байхад шүүх таамаглалд үндэслэн С.Бийг ухаангүй хэвтэж байсан мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Гэрч Б.Эын хамгийн анх удаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлэхдээ “...Намайг ажлын өрөө рүү ороход цайны өрөөний хажуу талын сейфний хажууд нөхөр Т, Т, Б 3 шалан дээр ноцолдоод хоорондоо зодолдож байхад Т өндийгөөд босож ирэхэд хамарнаас цус гарсан байсан ба юун цус вэ гээд миний хажуугаар гараад явсан, Б босож ирэхэд толгойноос нь цус гарч байсан, тэр үед Т шалан дээр доошоо хараад хэвтэж байхаар нь цохиулаад босож ирэхгүй хэвтэж байна гэж ойлгосон...” хэмээн мэдүүлдэг. /3-р хавтас хэргийн 170-174/ Энэхүү мэдүүлгээс үзэхэд гэрч Эыг ажлын байрнаасаа гараад буцаад ороход Т, Б нар амь хохирогчийг бүлэглэн зодоод амь хохирогч шалан дээр доошоо харсан байдалтай, идэвхтэй үйлдэл хийх боломжгүй болсон байсан нь нотлогддог.
Мөн амь хохирогчийг тухайн цаг хугацаанаас хойш шалан дээрээс зөөвөрлөн сандал тэгнүүлэн тавьсан болох нь тодорхой байхад шүүх талийгаач хамгийн сүүлд О.Тд цохиулаад үүдний цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсныг нотолж байна гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/1475 дугаартай магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Т, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Т, С.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх боломжтой бүхий л ажиллагааг хийсэн байна. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоног, хохирлын тооцоог зөвтгөсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т нь аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг бүлэглэн үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй ба шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокуророос С.Б, О.Т нарыг 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын байранд Б.Ттэй маргалдаж, улмаар бүлэглэн зодож алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос С.Бт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Давж заалдах шатны шүүхээс О.Тод-Эрдэнийн цагдан хоригдсон хоног болон түүнээс гаргуулах хохирлын хэмжээг зөвтгөж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Бум-Аюуш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэргийн бодит байдалд нийцсэн үнэн зөв эсэх, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэхийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчимд тулгуурлан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч О.Тод-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг буруутгах, шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Хохирогч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын байранд ирж, улмаар эхнэр Б.Этай хамт байсан О.Т, С.Б нартай хэрүүл маргаан үүсгэн харилцан зодолдох явцад шүүгдэгч О.Т нь хохирогч Б.Тийн толгой руу цохисны улмаас түүний тархинд цус харвалт бүхий хүнд гэмтэл учирч нас барсан үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин шүүгдэгч С.Бийн хувьд О.Ттэй бүлэглэн хохирогч Б.Тийн биед үхэлд хүргэсэн хүнд гэмтлийг учруулсан гэж үзэх нөхцөл байдал хангалттай, бүрэн дүүрэн нотлогдоогүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул уг шийдвэрийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүйн гадна хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрх хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, тэрээр шүүхийн гаргуулахаар тогтоосон төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Бум-Аюуш нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, О.Тд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээр дурдсан өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 786 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Шүүгдэгч Оийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ялаар шийтгэсүгэй”,
тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1475 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН