Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2024/00226

 

 

 

 

 

 

 

 

2024 01 29 210/МА2024/00226

 

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03441 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 37,692,500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, нийт 39,192,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, М.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие тус байгууллагад 2012 онд анх ажилд томилогдсон. Ажил олгогчид байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах, үндсэн ажилтантай адилхан цалин хөлс олгуулах, орон тооны цомхотголоор халагдсан тохиолдолд тэтгэмж авах гэсэн 3 шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүй. Иймээс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 15 ажилтан ажил хаялт зарласан. Ингээд ажил олгогчийн зүгээс ажилтантай цахим уулзалт хийсэн боловч Т.Б-ийг оролцуулаагүй.

1.1. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2021/18 дугаартай тушаалаар 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжилсэн 21 өдрийн ажил тасалсан тул сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Уг тушаалыг шуудангаар Т.Б-ийн гэрийн хаягаар хүргүүлсэн. Шууданг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Т.Б-д гардуулсан. Ажил олгогч мөн оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээнэ гэсэн агуулга тушаалаас харагдаж байна. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгосон атлаа мөн оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал гэж алдаатай тушаал гаргасан. Тэгэхээр энэ тушаалд дурдагдаж байгаа 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаа нь Т.Б ажил хаялтад оролцсон хугацаа байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажил хаялтад оролцсон хугацааг ажил тасалсан гэж сахилгын шийтгэл хүлээлгэсэн. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2, 124.3 дахь хэсэгт заасныг ажил олгогч зөрчсөн. Учир нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хууль бусд тооцох эрхтэй. Тийм учраас ажил олгогч өөрийн дураар шийдвэр гаргах эрх байхгүй. Хариуцагч тал энэ ажил хаялтыг хууль бусд тооцуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргаагүй. Энэ талаар ямар нэгэн санал хүсэлт, нотлох баримт хэрэгт байхгүй. Ажил олгогч ажил тасалсан гэж үзэж байгаа нь ажил тасалсан гэсэн нэг л зөрчил байна. Нэг зөрчлийг 2 хуваачихаад 2 зөрчил гэх агуулгаар тайлбарлаад байна. 31 хоног ажилласан хүнийг үргэлжлүүлэн 21 хоног ажлаагүй нь үндэслэлгүй.

1.2. Иймд надад сахилгын шийтгэл ногдуулсан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Б ХХК-ийн операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 37,692,000 төгрөг гаруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүж, даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгуулах, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, нийт 39,192,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Харин сэтгэл санааны хохиролд 32,980,500 төгрөг гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болно гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар гүйцэтгэх захирлын тушаалаар Б ХХК-д операторын албан тушаалд томилсон. Гэвч Т.Б нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан тул 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/18 дугаар бүхий тушаалаар ажил тасалсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан ажилдаа ирээгүй учраас ажил тасалсан гэж үзэх үндэслэл болно. Ажлаас халсан тушаалыг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй. Захиргааны хэргийн шүүхэд төлөөлөхөөр итгэмжлэл олгосон байсан учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж буцаасан. 2021 оны 04 дүгээр сард гарын үсэг зураад шүүхэд нэхэмжпэл гаргасан гэдгээ нотлох үүрэгтэй. Гэтэл ийм нотолгоо байхгүй. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч Т.Б-ийн гарын үсэг биш байсан. Иймээс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Уг нэхэмжлэлийг 1 жилийн дараа хариуцагчид гардуулсан. Энэ нь хариуцагчаас болсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 37,692,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг гаргуулах, гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/18 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай Т.Б-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 655,789 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн оролцсон ажил хаялтыг хууль бус болохыг тогтоолгох хүсэлтээ өмнө нь харьяалах шүүхэд гаргасан боловч тухайн шүүхээс уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, уг ажил хаялтыг хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргаагүй талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Гэтэл шүүх ажил хаялтад оролцсон ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлыг шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, ажил олгогчоос ажил хаялтыг хууль бус гэж тогтоолгох хүсэлт гаргаагүй, ажил хаялтын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудад үндэслэн ажил хаялтыг хуульд заасан журмын дагуу явагдсан ажил хаялт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхээс ажил хаялт болж байх үед уг ажил хаялтыг хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргаагүй тул ажил олгогч нь мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгчид ажил хаялтын хугацаанд хоёр удаа сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Ажил олгогч нь гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/18 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажилдаа ирэх шаардлага тавьсан. Ажил олгогч нь үүгээрээ 2021- 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын 5 хоног нэхэмжлэгчийг амрах боломжийг олгосон тул уг хугацааг ажил тасалсан хугацаанд оруулж тооцох ёсгүй. Нэхэмжлэгчийг 2021 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 2 хоног ажилдаа ирээгүйн төлөө 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал ажил олгогч гаргасан бөгөөд уг тушаалд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн 13 хоног ажил тасалсан гэснийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүх гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/106-6 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хээрийн анги дээр ажил, амралтын горимын тусгай зохицуулалт хийх тухай тушаалын дагуу нэхэмжлэгчийг ажил хаялт эхлэх хүртэл 3 өдөр ажлаад 1 өдөр амрах горимоор ажилласан гэж ойлгосон нь буруу болсон. 3 өдөр ажлаад 1 өдөр амрах горимыг 2020 оны 11, 12 дугаар сард мөрдсөн, 2021 оны 01 дүгээр сараас эхлэн уг горимыг мөрдөөгүй болох нь 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар сарын ажлын цагийн бүртгэлээс тодорхой харагдаж байсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 31 хоног ажилласан байхад нийт 65 хоног ажилласангүй гэж шийтгэсэн шийтгэл болсон. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, 63 хоног ажиллахыг шаардаж хууль зөрчсөн ажил олгогчийг шүүх буруутгах ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажил хаялт зарласан боловч ажил хаялт зарласан ажилтнууд ажилдаа эргэж орсон. Харин Т.Б нь ажилдаа ороогүй. Хамтын гэрээгээр асуудлыг хэлэлцэж, шаардлагуудыг бүгдийг нь бүрэн биелүүлсэн. Б ХХК нь нийт 80 гаруй ажилтантай. Үүнээс 13 ажилтан хоорондоо ярилцаж ажил хаялт зарлаж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд эдгээр хүмүүс ажилтны төлөөлөл биш байсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.1.1-д заасан үндэслэл журмыг зөв хэрэглэсэн. Байнгын ажлын байранд орон нутгийн ажилчидтай хугацаатай гэрээ байгуулсанг хугацаагүй болгох, ижил төрлийн ажил гүйцэтгэж байгаа хүмүүст цалин хөлс ялгавартай оногдуулсан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарна. Ажилтны төлөөлөгчид уламжилж хамтын маргаан эхлүүлсэн буюу хамтын хэлэлцээр хийх санал тавьсан тохиолдол байхгүй. Иймд ажил хаялтыг хууль бус гэж үзсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Сануулах сахилгын шийтгэл ажлаас халах үндэслэлийн талаарх маргаан ажил хаялтын маргаан биш. Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Тус сануулах шийтгэлийг нэхэмжлэгч хүлээж авсаны дараа хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын дотор гомдлоо гаргах эрхтэй. Сануулах сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцуулахаар 2023 оны 09 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргаад 2 жил 6 сар өнгөрсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд шаардах эрхийн үндэслэл байхгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч анх ажлаас чөлөөлсөн тушаалаа 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар хүлээж авч, танилцсан. Түүнчлэн, Т.Б 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зураагүй бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ...тухайн үед нэхэмжлэлд гарын үсэг зураагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө нэхэмжлэлд гарын үсэг зурж байгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл шүүхэд гаргасан нь ажлаас халагдсан тушаалыг гардаж авснаас хойш 4 сар 24 хоног өнгөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг үндэслэх хэсэгт оруулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б нь нэхэмжлэлд гарын үсэг зураагүй, энэ талаар хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар дурдаагүй атал шүүх өөрийн санаачилгаар зөрчлийг арилгах захирамж гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн деспозитив зарчмыг зөрчсөн, шүүх хөндлөнгийн байх зарчмаа зөрчсөн гэж үзнэ. Дээрх захирамжийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасныг хариуцагчид 1 жилийн дараа мэдэгдэж гардуулсан нь Шүүхийн тухай хуульд заасан ажиллагааг бодитой хийгээгүй гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө нэхэмжлэлд гарын үсэг зурж байгаагүй. Иймд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Б нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэттэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. гэж заасан. Шүүх Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсгийг андуурч хэрэглэсэн байна. Давж заалдах гомдлын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил хаялт зарлаж, ажил тасалсан Т.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг шуудангаар илгээсэн буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн гэж үзэх тул гардуулсан хугацааг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр тоолно. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргаж байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, харин эсрэгээрээ нэхэмжлэлд би гарын үсэг зураагүй, хэн зурсныг мэдэхгүй гэж тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болно. Иймд хөөн хэлэлцэх хугацааг 4 cap 24 хоногт хэтрүүлсэн гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гардаж авсан өдрөөс гомдол гаргасан эрх үүсдэг. Иймд нэхэмжлэгч рүү шуудангаар ажлаас халсан тушаал хүргүүлсэн өдрөөс хойш гомдол гаргах хугацааг тоолох нь буруу. Хариуцагч байгууллагаас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар хүргүүлсэн тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зураагүй. Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Дорноговь аймгаас шуудангаар шүүхэд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлд өөрөө зурсан. М.О нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гардан авч, захирамжид заасан зөрчлүүдийг арилгаж, дахин нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Т.Б Дорноговь аймагт байсан. Өөрөөр хэлбэл, 2021 оны 05 дугаар сард шүүхэд өгсөн нэхэмжлэлд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О гэдэг хүний гарын үсэг. Иргэний хэрэг үүссэний дараа нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлээ дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан учраас шүүхэд нэхэмжлэлийг буцаах үндэслэлгүй гэж дахин гарын үсэг зуруулан ажиллагааг дахин хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шууданд хийж явуулсан нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад шүүхийн ажилтан хуваарилалтад оруулахгүй өөр дээрээ хэд хоног дарсны дараа хуваарилалтад оруулсан. Шүүх нэхэмжлэлийг хуваарилалтад оруулсан өдөр гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэгчийн буруугаас болж гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байсан. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-4/

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 32,980,500 төгрөг, сэтгэл санааны хохирол 32,980,500 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, нийт 67,461,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэмэгдүүлж, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 37,692,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

2.2. Харин сэтгэл санаанд учирсан эдийн бус хохиролд 32,980,500 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. /2хх30-31/

2.3. Хариуцагч нь татгалзлаа ...нэхэмжлэгчийг ажилтны төлөөлөгч биш, ажил тасалсан зөрчил гаргасан, хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй гэж тайлбарласан байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

3.1. А ХХК-ийн оноосон нэрийг Б ХХК болгож өөрчилснийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ./хх-35/

3.2. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Т.Б-ийг тус компанийн ерөнхий захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/18 дугаар тушаалаар ...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байдлаар нийт 21 өдрийн ажил тасалж, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх-17, 123/

3.3. Уг тушаалыг Т.Б нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гардан авч, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 гэж дүгнэсэн нь техникийн шинжтэй алдаа байх тул энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 гэж залруулан дүгнэнэ.

3.4. Учир нь нэхэмжлэгч Т.Б эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/018 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4. Ажил олгогч нь сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтныг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажилдаа ирэхийг сануулсан боловч Т.Б нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2021/26 дугаар тушаалаар сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

4.1. Тодруулбал, Т.Б нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирж ажилдаа орох үүргээ үл биелүүлж, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн 13 хоног ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/106-б тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хээрийн анги дээр ажил, амралтын горимын тусгай зохицуулалт хийх тухай тушаал, ажилтнуудын ажлын цагийн 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны бүртгэлүүд, Б ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/281 тоот тайлбар, баримт гаргах тухай албан бичиг, түүнд хавсаргасан Б ХХК-ийн ажилтнуудын ажлын цагийн 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр саруудын бүртгэл гадаад болон монгол хэл дээрх орчуулга хийлгэсэн баримтууд, гэрч Д.Батхуяг, У.Ганбаатар, Я.Ганболд, Г.Ганбүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

5. Нэхэмжлэгч Т.Б нь ажлаас халагдсан тушаалыг гардан авч, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2021/05080 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/05767 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

5.1. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад Т.Б эс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан эсэхийг тодруулахад ...Би өөрөө гарын үсэг зурсан гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байдлыг харгалзан шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцагчийн ...нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

5.2. Иймд Т.Б нь нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг буруу баримталсаныг хассан өөрчлөлт оруулна.

5.3. Талуудын хооронд хөдөлмөрийн маргаан 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд үүссэн тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийг баримталж анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

5.4. Нэхэмжлэгч Т.Б-ийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

6. Б ХХК нь Т.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2021/26 дугаартай тушаалаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж шүүх зөв дүгнэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажил хаясан гэх байдал Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 119 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Т.Б-ийг ажилтны төлөөлөгч болохыг нотлох баримт авагдаагүй, ажилтныхаа хувьд ажил хаялтанд оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул ажил хаялтыг зохион байгуулсан гэж дүгнэхгүй юм.

7.1. Нэхэмжлэгч нь ажил таслаагүй ажил хаялтад оролцсон гэж тайлбарласан боловч орон нутгийн ажилтнуудаас Б ХХК-д шаардлага хүргүүлсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус эргэлзээтэй байхаас гадна ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан хамтын гэрээнд ажилтны төлөөлөгчөөр Т.Б-ийн нэр тусгагдаагүй тул Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 120 дугаар зүйлд зааснаар ажил хаялт зохион байгуулсан гэж үзэхгүй. Мөн хэргийн баримтаар Т.Б нь ажилтны хувьд ажил хаялтад оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлаагүй орхигдуулсныг шүүхийн шийдвэрт нэмж өөрчлөлт оруулна

9. Иймд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн Б ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

10. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийн зардлыг хохиролд тооцож шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан хохиролд шууд тооцогдохгүй гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

11. Хөдөлмөрийн гэрээний 4.1 болон хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3-т хүндэтгэх шалтгаангүй ажил тасалбал ажилтанд шат дараалсан сахилгын арга хэмжээ авна, 9.1-д ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу арга хэмжээ авна, үүнд: сануулга, цалингийн 20 хүртэлх хувийг 3 сар хүртэл хугацаагаар хасах, ажлаас халах, 9.3.1-д сахилгын арга хэмжээ авах зөрчлүүд, 9.5-д хүндэтгэх шалтгаангүй 3-аас дээш өдөр ажил таслах нь сахилгын шийтгэл ногдуулах тухай журамд давтан зөрчил гэж тооцсон зөрчилд хамаарч байх тул сахилгын зөрчлийг давтан гаргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.6-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх эрхтэй ба шүүх уг хэм хэмжээний хүрээнд давтан зөрчил эсэхийг тогтоох тул нэхэмжлэгч нь давтан зөрчил гаргаагүй, ажил хаялтыг зохион байгуулаагүй, оролцоогүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03441 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 129 дүгээр зүйлийн 129.1 гэснийг хасч, 128.1.2 гэсний дараа 128.1.7 гэж, 69.1 гэсний дараа 46 дугаар зүйлийн 46.2 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 417,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 655,789 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН