Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2024/00072

 

 

 

 

 

 

 

 

2024 01 05 210/МА2024/00072

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/04103 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч Б.Ц-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие хүргэн ах Б.Б-аар төлөөлүүлэн Б.Ц-тай --- маркийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу тээврийн хэрэгслийн нийт үнийн дүнг 34,500,000 төгрөгөөр тохирсон бөгөөд үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож өөрийн автомашиныг эзэмшилд нь шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгийг тус тус Б.Б-ын дансаар дамжуулан авсан бөгөөд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний 3.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцвол 7,500,000 төгрөг болж байгаа. Иймд үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц гаас 21,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлээс 750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 266,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие иргэн Б.Б-аас с --- маркийн тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу уг автомашиныг 34,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Б.Б т нийт 26,984,000 төгрөг өгсөн. 19,500,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 1,024,000 төгрөг, 1,300,000 төгрөг, 1,200,000 төгрөг, манай гэрээс ирж миний зарж байсан бараанаас косонкорво 24 ширхэг х 50,000=1,200,000 төгрөг, смирнон 6 ширхэг 60,000=360,000 төгрөг, жак виски 4 ширхэг 80,000 төгрөг=320,000 төгрөг, жемсон 6 ширхэг 70,000 төгрөг=420,000 төгрөг, финланд 4 ширхэг х50,000=200,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг өгсөн. Автомашины гэрчилгээг шилжүүлж авья гэж хэлэхэд энэ автомашин Б.Э-ын эзэмшилд байгаа учраас шууд шилжүүлж болохгүй байна гэсэн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахад Б.Э-ын иргэний үнэмлэх байхгүй байхад таньдаг нотариатчоор гэрчлүүлэн гэрээ хийсэн. Би удаа дараа нэр дээрээ шилжүүлээд үлдэгдэл мөнгөө өгье гэтэл би ерөөсөө автомашинаа буцааж авья гээд миний дансанд 20,000,000 төгрөг байна гэж хэлээд хуулгаа над руу явуулсан. Тэгвэл та надаас авсан бүх мөнгөө өгөөд автомашинаа ав гэтэл Гранд плазагийн хажууд уулзсан боловч мөнгө өгөлгүй зугтаасан. Иймээс харьяаллын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гарган эрэн сурвалжлуулсан. Б.Э-тай утсаар ярихаар надад хамаагүй, Б.Б надад өртэй хүн гэж хэлсэн. Гэтэл одоо болохоор өөрөөс нь автомашин худалдаж авсан мэт нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Ингээд яах учраа олохгүй байтал дүү н.Нарантуяа таны авсан автомашиныг зарна гээд зар тавьсан байна гэхээр нь би дүүгээ утас руу нь яриулаад үзье гэж тохирч Хурд хорооллын гадаа байсныг олж авсан. Автомашиныг өгөхгүй гээд аккумляторыг нь авч зугтаасан. Б.Б нь Б.Э-д миний өгсөн мөнгө, надаас авсан бараагаа хэлэлгүй залилан хийсэн гэж би бодож байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхээс шүүх хурал хийх өглөө надад хэлэхэд нь би Сэлэнгэ аймагт байна очиж амжихгүй байх гэж хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б.Э-ыг төлөөлж Б.Б , Б.Ц нар нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь --- маркийн автомашиныг 34,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь гэрээний 3.2-т заасны дагуу төлбөрийн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 02-16-ны өдрийн хооронд дээрх дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон./хх5-7/

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

5. Дээрх гэрээний 3.2-т төлбөрийн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг Хаан банкин дах 5077234900 тоот дансанд шилжүүлсэн гэж тусгагдсан байх тул гэрээний төлбөрийн үлдэгдэлд 14,500,000 төгрөгийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэд 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг авснаа зөвшөөрч, гэрээний төлбөрийн үлдэгдэлд 14,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

5.1. Хариуцагч Б.Ц нь тээврийн хэрэгсэл худалдан авсны төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Э нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймд шүүх хариуцагч Б.Ц гаас гэрээний үлдэгдэл төлбөр 14,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Хариуцагч Б.Ц нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Э нь алданги шаардах эрхтэй. Учир нь үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрэх нөхцөл байдалд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул шүүх гэрээний үлдэгдэл төлбөр 14,500,000 төгрөгийн 50 хувь болох 7,250,000 төгрөгийн алданги тооцож гаргуулсан нь зөв болжээ.

7. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Ц гаас 21,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй юм.

8. Нэхэмжлэлд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг албадан ирүүлэх, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлах ажиллагааг шүүх хуульд заасан журмын дагуу явуулжээ. Мөн шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны товыг талуудад 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-13, 15, 16, 26, 27/

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

8.2. Мөн хариуцагч Б.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

8.3. Түүнчлэн, хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваагүй гэж тайлбарласан боловч уг байдлыг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй байна.

9. Харин хариуцагч нь бараа болон бэлэн мөнгийг бусдад өгсөн гэж гомдолдоо тайлбарласан байх тул энэ талаар зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/04103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЦОГТСАЙХАН