Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2024/00039

 

 

 

 

 

 

 

 

2023 12 27 210/МА2024/000039

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03531 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч Х-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор нийт 58,485,155 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:Х-ын нарийн бичгийн даргын ажлаас хууль бусаар халагдсаныг гурван шатны шүүхээр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан. Иймд цалин 41,517,834 төгрөг, ээлжийн амралт 2,453,931 төгрөг, урамшуулал 2,612,776 төгрөг, нийт 46,584,541 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 5 сар өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны 11,900,614 төгрөгийг нэмж тооцон нийт 58,485,155 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн. Мөн дахин шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 50,529,053 төгрөг, ажлаас халагдсанаас хойшхи 16 сард эдэлвэл зохих 2 удаагийн ээлжийн амралтын тооцоо 4,907,862 төгрөг, дээрх хугацааны урамшуулал 3,048,240 төгрөг, нийт 58,485,155 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэхүү хугацааны нийгмийн даатгалыг төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаар магадлалтай холбоотой Х-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцэх хүсэлтийг гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон байна. Иймд нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлдээ дурдсан Захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэгдсэн төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн агуулгатай тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчид олговол зохих цалингийн хэмжээг төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээний дагуу олгох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-аас өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговорт 50,237,937 төгрөг гаргуулан Н.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,247,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Х-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х-аас 409,140 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.Б-ийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, мөн ажилгүй байсан хугацааны цалинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын урамшуулал зэргийг оруулж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Н.Б-ийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 66 магадлалаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилж, эргээд шаардлага хангаагүй төрийн жинхэнэ албан хаагч биш албан тушаалтнуудыг шүүр ажиллагааны хүрээнд чөлөөл гэсэн Монгол улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг чиглэлийн дагуу сонсох ажиллагааг явуулж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/20 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү чөлөөлсөнтэй холбоотой асуудал нь Төрийн албаны зөвлөлөөр маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа ба шүүх ямар үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр талаар шийдвэртээ дурдаагүй байгаа нь Н.Б-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй. Мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны зарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т надад албан ёсоор мэдэгдэлгүйгээр, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалин хөлсний хэмжээг тогтоохдоо Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын 3.6 болон Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 3.7, 3.11-д зааснаар ажилтны авч байсан нэмэгдэл хөлсийг олгох талаар тодорхой зохицуулсан. Анхан шатны шүүхээс Н.Б-ийн цалингийн хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зөв тогтоосон гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааныг санаатайгаар хойшлуулах зорилгоор анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Мөн хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Уг үндэслэлээр хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо хугацааг буруу тооцож шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Х-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 41,517,834 төгрөг, ээлжийн амралтын цалин 2,453,931 төгрөг, урамшуулал 2,612,776 төгрөг, нийт 46,584,541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин 9,011,219 төгрөг, ээлжийн амралтын цалин 2,453,931 төгрөг, урашуулал 435,464 төгрөг, нийт 11,900,614 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн/хх-80/ нийт 58,485,155 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0772 дугаар шийдвэрээр Х-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Н.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б-ийг Х-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2023/0066 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,Х-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Н.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б-ийг Х-ын нарийн бгчийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ./хх5-16, 17-23/

3.1. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Б нь ажлаас чөлөөлсөнөөс хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны олговрыг хариуцагч Х-аас шаардах эрхтэй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар тооцсон нь буруу байна. Учир нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл зохигч 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд томилсон үйл баримтын талаар маргаагүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож олгох үндэслэлтэй.

5.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно.

5.2. Мөн журмын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж журамлажээ.

5.3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 143,905 төгрөгөөр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалт болон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцжээ.

5.4. Нэхэмжлэгч Н.Б-ийн ажилгүй байсан хугацааг тооцвол 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал нийт ажлын 267 өдөр ажилласан байна. Иймд ажилгүй байсан хугацааны 267 өдрийн олговор нийт 38,422,635 төгрөг/143,905 төгрөг х 267 хоног/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ээлжийн амралтын цалин болон урамшууллын мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг ажилгүй байсан нийт хугацаагаар тооцон олгосон учраас ээлжийн амралтын цалинг давхардуулан нэхэмжлэх эрхгүй юм.

7. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг Х-д даалгаж шийдвэрлэв.

8. Хариуцагчийн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг надад албан ёсоор мэдэгдэлгүйгээр, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Хэргийн баримтаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.М оролцсон ба шүүх 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсайханд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж, тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсгээ зурсан байна. Иймд шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

Учир нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал тул шүүх хариуцагчийн төлөөлөгч нэг бүрт мэдэгдэх үүргийг хүлээхгүй. Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03531 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 50,237,937 гэснийг 38,422,635 гэж, 8,247,218 гэснийг 20,062,520 гэж,

2 дахь заалтын ...10 дугаар сарын 09-ний гэснийг 08 дугаар сарын 02-ны гэж,

3 дахь заалтын 409,140 гэснийг 350,063 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЦОГТСАЙХАН