Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2024/00005

 

 

 

 

 

 

 

 

2023 12 22 210/МА2024/00005

 

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/03801 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Э-ын хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 340,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.М-аас - улсын дугаартай NB0210014 тоот арлын дугаартай, - маркийн, 2006 оны шар өнгөтэй экскаваторыг 340,000,000 төгрөгөөр худалдан авсан. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөгийг Б.М-гийн нөхөр н.Н-ын ХААН банкны дансанд урьдчилгаанд өгч, үлдэх 240,000,000 төгрөгийг сар бүрийн 10-ны дотор 40,000,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх экскаваторыг М ХХК-д түрээслэн ажиллуулахаар түрээсийн гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах карьер дээр ажиллуулсан. Гэтэл Мотор сервис ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйн улмаас уг экскаваторыг далангаас унагаж, дахин ашиглах боломжгүй болгон их хэмжээний хохирол учруулсан. Ийнхүү цагдаагийн байгууллага шалгаж, хариуцагч байгууллагын ажилтныг хөдөлмөр хамгааллын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай гэж үзсэн боловч эрүүгийн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би худалдах, худалдан авах гэрээний дагуу уг техникийг шилжүүлж авсан учраас нь өмчлөгч нь болсон, худалдагч болох Б.М-д үлдэгдэл 240,000,000 төгрөгийг төлөх үүрэг хэвээр байгаа, ийм нөхцөл байдал үүссэн учраас төлөх хугацааг хойшлуулсан. Иймд экскаваторыг анх бусдаас худалдан авсан үнэ болох 340,000,000 төгрөг, шинжээчийн зардал 800,000 төгрөг, нийт 340,800,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр М.Э тай техникийн түрээсийн гэрээ байгуулан, 2 сарын хугацаатай сарын төлбөр 30,000,000 төгрөг төлөхөөр, М.Э нь техникийг операторчны хамтаар ажиллуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу техникийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын талбайд 1 сар гаруй хугацаанд ажилласан, бид түрээсийн төлбөрт 50,000,000 төгрөг төлсөн. Гэрээний 4.2-д заасан үүргээ биелүүлээгүй, манай компанитай техник машин болон операторчны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй. - улсын дугаартай экскаваторыг далангаас операторчны буруутай үйлдлээс болж унаж хохирол учирсан. Тухайн осол гарах үед операторч талийгаач Ж.Б 0,5 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон ... эвдэрсэн техникийн өмчлөгч иргэн нь Б.М байх тул нэхэмжлэгчийг энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Талууд анх гэрээ хийж байхдаа ирээдүйд учрах эрсдэлийг тооцоогүй, өнгөцхөн хандсан учир маргааныг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байна. Гэвч хоёр тал харилцан тохиролцож тухайн гэрээг хүлээн зөвшөөрсөн учир хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоог цаг тухай бүрд нь төлсөн, түрээслүүлэгч тал тухайн гэрээнд заасны дагуу техникийн эд анги, бүрэн бүтэн байдалд анхаарал тавих үүрэгтэй, мөн жолоочийн ажлын байраар хангаж байжээ. Иймд нэхэмжлэлийг хангахад эргэлзээтэй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 95,660,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Э ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 244,340,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,039,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 636,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 224,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.Э ад олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба хариуцагч байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтаны гэм буруутай үйлдлийн улмаас үйлдвэрлэлийн осол гарч, үүний улмаас экскаватор шорооны карьерээс унаж эвдэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь экскаваторийн операторч нь тухайн шорооны карьерт анх удаа ажиллаагүй, олон өдөр ажиллаж байсан туршлагатай, ажлаа зохих ёсоор мэддэг хийж гүйцэтгэдэг байсан ба тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байхад М.ХХК-ийн ажилтны буруугаас болсон гэж үзэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч М.Э нь Х- маркийн - улсын дугаартай экскаваторыг худалдах, худалдан авах гэрээг өмчлөгч Б.М-тай байгуулан, наториатаар батлуулсан ба уг гэрээний 3.7-д зааснаар төлбөр тооцоо дууссаны дараа текникийг шилжүүлэхээр заасныг үзвэл энэ техник нь нэхэмжлэгч М.Э-ын өмчлөлийн зүйл биш болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд М.Э нь өмчлөгч биш гэж маргадаг. Анхан шатны шүүх өмчлөгч нь М.Э мөн байна гэж дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу нөхцөлийг тохирч, тухайн эд хөрөнгө нь М.Э-ын өмчлөлд байсан тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон байдаг. Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй байна. Мөн экскавотарыг ашиглах боломжгүй болсон хөрөнгийн үнийг нэхэмжилсэн байхад шүүх зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 340,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. М.Э нь М ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр техникийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь - маркийн - улсын дугаартай экскаваторыг жолоочийн хамт түрээслэх, түрээслэгч нь гэрээний 2.1-д зааснаар түрээсийн төлбөрийг сард 30,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.2. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч М.Э нь экскаваторыг хариуцагч М.ХХК-ийн ажиллаж буй ажлын талбайд операторчны хамт ажиллуулахаар шилжүүлсэн. Ажлыг гүйцэтгэх явцад буюу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, нүүрс тээврийн зам 176 дахь км-ээс зүүн тийш 1 км 400 метрын зайд мөргөцөг нурсаны улмаас нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн экскаватор 6 метрын өндрөөс унаж эвдэрсэн байна.

3.3. Энэ нь хариуцагч компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас үйлдвэрлэлийн осол гарч, үүний улмаас нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн экскаватор 6 метрийн өндрөөс унаж эвдэрсэн бөгөөд түүний улмаас операторчин Ж.Б нас барж, эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт нь зохигчийн тайлбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас ирүүлсэн 2029002120021 дугаартай хэргийн материал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2029002120021 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №16 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол болон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хийгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №01 дугаар шинжээчийн дүгнэлт, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №05-078/21 шинжээчийн дүгнэлт, М.ХХК-ийн экскаваторын операторын ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Хөдөлмөрийн дотоод журам, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн үйлдвэрлэлийг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яралтай мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон байна./хх-8, 9-10, 17-19, 20, 69-77/

4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Хариуцагч М.ХХК-ийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт хангалтгүй, хөдөлмөр зохион байгуулалтын зохицуулалтгүй зэрэг хүчин зүйл осол гарахад нөлөөлсөн хууль бус эс үйлдэхүй, уг эс үйлдэхүйн улмаас бусдад учирсан гэм хорын хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон тул тухайн Мотор сервис ХХК нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заажээ.

5.1. Нэхэмжлэгч М.Э нь экскаваторыг эргэн ашиглах боломжгүй болсон гэж гэм хорын хохиролд 340,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч шүүх тухайн эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсныг бүрэн нотлогдоогүй гэж дүгнэн автомашин техникийн үнэлгээний тайланг үндэслэн хохиролд 95,660,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, харин эд хөрөнгөд гэм хорын хохирол бодитоор учирсан боловч нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдаж, дуусгавар болсонтой холбоотойгоор өөрийн эд хөрөнгийг буцаан авах үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь болгоомжгүй үйлдэл хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

5.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагч М.ХХК-ийн ажилтны чиг үүрэгт хамаарахгүй ажил үүрэг гүйцэтгүүлэх явцад осол гарсан, тухайн тээврийн хэрэгсэл стандартын шаардлагыг бүрэн хангаагүй, ажил үүрэгтэй холбоотой хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй нь нөлөөлсөн байж болзошгүй байдал хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт тусгагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзсан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгтэй нийцжээ.

6. Иймд анхан шатны шүүх гэм хорын хохиролд 95,660,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 244,340,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж тогтоосон байдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирол, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...экскаваторийн операторч ажлаа хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна.

9. Мөн тухайн экскаватор нь М.Э-ын өмчлөлийн зүйл биш тул нэхэмжлэх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөлдөө шилжүүлж авсан, үүний дараа түрээсийн гэрээ байгуулагдахад өмчлөх эрхтэй эсэх талаар зохигчид маргаагүй байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Учир нь хариуцагчийн хууль бус үйлдлээс шалтгаалан хохирол учирсан болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/03801 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 636,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН