Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2024/00004

 

 

 

 

 

 

 

 

2023 12 22 210/МА2024/00004

 

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02858 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө ХХК-ийн хариуцагч Ө.Б, Б.Б, Д.Г нарт холбогдуулан гаргасан геодезийн багаж - маркийн - дугаартай, 2 долгионы ОМ55 хүлээн авагч, невелер хөл, аккумлятор, 2 ширхэг нөүтбүүк, геодезийн хэмжил зүйн лабораторийн - дугаартай гэрчилгээ, бусад бичиг баримтыг буцаан гаргуулах, олох ёстой орлогод нийт 347,871,543 төгрөг гаргуулах үндсэн, хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 62,755,253 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Д.Г, хариуцагч Б.Б, Ө.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт хийгдэж буй Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн ачаа тээврийн авто зам барих төсөлд LOT-Зийн SECTION-6-аас 10 км буюу ПК10оос+000-Пк20+000 хүртэл шороон далангийн ажлыг 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр 2022 оны 05 дугаар сард Н ХХК-тай гэрээ байгуулан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг гэрээг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж болон геодезийн багаж CHCNAV i50 маркийн 3459289 тоот хувийн дугаартай, 0025911 дугаарын Геодезийн хэмжил зүйн лабораторийн гэрчилгээтэй, 2 долгионы GNSS хүлээн авагчийг Н ХХК-ийн нэр дээр худалдан авч үнийг зохих ёсоор төлж дуусгасан. Мөн цахилгаан барааны дэлгүүрээс 2 ширхэг нөүтбүүкийг худалдан авсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээний урьдчилгаа 30,000,000 төгрөг авч, машин авах шаардлагатай гэхээр нь 15,000,000 төгрөг өгсөн. Инженер Д.Г ирж ажиллаагүй, харин Б.Б, Ө.Б нар ажилласан. Гэхдээ 2022 оны 07 дугаар сард инженер тус бүрд 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг өгсөн. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр инженер Ө.Б, Б.Б нар нь компанийн эд хөрөнгө болох - маркийн - тоот хувийн дугаартай 2 долгионы GNSS хүлээн авагч комоороо 30,300,000 төгрөг, Невелер хөл 220,000 төгрөг, Аккумлятор 290,000 төгрөг, Арина компаниас худалдан авсан нөүтбүүк 2 ширхэг нийт үнэ 4,619,700 төгрөг, нийт 35,429,700 төгрөгийн эд зүйл мөн өөрсдийн 1 дугаартай автомашинд 42 литр түлш, түрээслэн ажиллуулж байсан автогрейдерт 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 156 литр, мөн оны 08 дугаар сарын 19-ний өдөр 184 литр түлш, канистрт 10 литр түлш, нийт 3952 литр х 3,500 төгрөг=1,372,000 төгрөгийн түлш авч явсан. Үүнээс болж ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, хэдийгээр өөр инженер техникийн ажилчид хөлслөн ажиллуулах боломжтой боловч гол багаж хэрэгсэл байхгүйгээс болж ажил гүйцэтгэх гэрээг цуцлах болсон. Иймд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд сул зогссоны улмаас 40,883,864 төгрөгийн хохирол компанид учирсан. Гэрээ цуцлагдсан учраас барьцаа 39,577,938 төгрөг, багажгүйн улмаас талбай дээр 3000 м.куб шороо буулгаад тэгшлээгүй орхисон. Үүний өртөг 31,500,000 төгрөгийн акт тавигдсан. Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 30,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөг авч автомашин худалдан авсан. Ажлаа орхин явахдаа 1,372,000 төгрөгийн түлш авч явсан. Хэрэв Н ХХК-тай байгуулсан гэрээг зохих ёсоор хийж гүйцэтгэж дуусгасан бол 485,896,235 төгрөгийн ашиг олох байсан бөгөөд үүний 60 хувь болох 219,537,741 төгрөгийн ашгийг манай компани олох ёстой байсан. Иймд хариуцагч нараас геодезийн багаж болох - маркийн - тоот хувийн дугаартай 2 долгионы GNSS хүлээн авагч комоор, невелер хөл аккумлятор, 2 нөтбүүк нийт 35,429,700 төгрөгийн үнэ бүхий компанийн эд зүйлийг биет байдлаар нь геодезийн хэмжил зүйн лабораторийн 0025911 дугаартай гэрчилгээ бусад бичиг баримтын хамт буцаан гаргуулан авах, гэрээ цуцалснаар үүдэн гарсан хохиролд нийт 347,871,543 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 2022 оны 05 дугаар сард Ө.Б, Б.Б, Д.Г нар нь Ө ХХК-ийн удирдлагууд болох Х.А, Д.М, Л.Г нартай уулзаж, Н ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 10 км авто замын далангийн ажлыг гүйцэтгэж хамтран ажиллахаар болсон. Ингээд Н ХХК-аас туслалцаа хүсч, эхний удаагийн нүүлгэн шилжүүлэлтийн болон цаашдын үйл ажиллагааны шатахуун, шатах тослох материал, механизм тээвэрлэх трайплер, хоол, хүнс зэрэгт бэлэн мөнгө болон бараа материал авсан. Улмаар талууд ажилд гарахдаа өдөрт 1500 м, сард 45.000 м шороо тээвэрлэж далан дээрээ тарааж нягтруулах төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлсэн боловч нэхэмжлэгчийн машин механизмуудын эвдрэл гэмтлээс шалтгаалж, төлөвлөсөн хэмжээндээ ажиллаж чадалгүй 2022 оны 06 дугаар сард ургамлын хөрс 14.805 м, ул хөрс нягтруулалт 4.935 м, далангийн ажил 13.128 м нийт 192,254,816 төгрөгийн газар шорооны ажил хийж, 239,262,496 төгрөгийн зардал гаргаж, толгой компанид 47,007,680 төгрөгийн өртэй ажилласан. Бид өдөр шөнөгүй ажилласан бөгөөд 2022 оны 07 дугаар сард 40.282 м ажил буюу 424,020,674 төгрөгийн газар шорооны ажил гүйцэтгэж, Н.ХХК-д 2022 оны 07 дугаар сард суутгуулах зардлаас гадна 2022 оны 06 дугаар сарын гүйцэтгэлийн өр болох 47,007,680 төгрөг, 2022 оны 07 дугаар сард урьдчилж авсан 30,000,000 төгрөгийн өр, нийт 77,007,680 төгрөгийн өрийг дарж, 262,220,198 төгрөгийн санхүүжилт авахаар болж алдагдлаа нөхөж ашигтай ажилласан ба үүнээс 212,000,000 төгрөг нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэр дээр нээсэн Хаан банкны 0 тоот төгрөгийн дансанд орж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагын 1-4 дүгээр шаардлагад дурдсан төлбөрийг Н ХХК -аар урьдчилан төлүүлсэн ба дээр дурдсаны дагуу ашигтай ажилласан тул бүх өрийг суутган авсны дараа 262,220,198 төгрөгийн санхүүжилтийг олгохоор болж гүйцэтгэлийг баталгаажуулсан тул тухайн гүйцэтгэлээс 100,000,000 төгрөг хариуцагч Д.Г-ын дансанд, 112,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.А-ын дансанд шилжүүлж, Д.Г нь 6 сарын ажлын хөлс, түрээсийг, Х.А нь 7 сарын ажлын хөлс, түрээсийг ажилласан хүмүүст төлөхөөр болсон. Иймд тухайн эд хөрөнгийн хувьд хариуцагч нь өмчлөх болон ажил гүйцэтгэгчийн барьцааны эрхтэй ба бусад санхүүжилтийн мөнгө, ашиг, хөрөнгийг нэхэмжлэгч өөртөө үлдээсэн тул буцаан өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 5-10 хүрээнд, нэхэмжлэгч тал нь 7, 8 дугаар сарын ажлын хөлсийг шилжүүлээгүй, автогрейдерийн түрээсийг дутуу шилжүүлсэн. Иймээс талууд хамтран ажиллахаа зогсоох шийдвэрийг нэхэмжлэгч тал гаргасан тул тухайн нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь замын ажил гүйцэтгэхэд шаардагдах бүх машин механизм манайд байгаа гээд жагсаалт үзүүлсэн. Уг жагсаалтын дагуу ажил гүйцэтгэхэд боломжтой байсан бөгөөд нэмж эксковатор 1 ширхэг, далангийн индүү 1 ширхэгийг түрээсэлсэн. Н ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 10 км авто замын далангийн ажлыг гүйцэтгэж хамтран ажиллахаар болсон. Бид Н.ХХК-д хандаж, ажил эхлэхэд санхүүгийн хүндрэлтэй байгаагаа хэлж туслалцаа хүсэхэд эхний удаагийн нүүлгэн шилжүүлэлтийн шатахуун, шатах тослох материал, механизм тээвэрлэх трайллер зэрэг зардлыг өгсөн. Туслан гүйцэтгэгчийн гэрээг Н ХХК болон нэхэмжлэгч Ө ХХК-ийн хооронд байгуулж, бидний зүгээс Ө.Б төлөөлөх эрхтэй оролцсон. Бид гэрээт ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа эхэлсэн. Ингээд ажилд гарахад Ө ХХК-ийн машин механизмуудын зарим нь операторгүй, ажиллахаар ирсэн операторууд нь чадвар муутай, ажлын гүйцэтгэл муу, техникүүд нь эвдрэл, гэмтэл их, зарим техник нь ажлын талбайд хүрч чадалгүй эвдэрч, очсон өөрөө буулгагч машинуудын зарим нь ажлаа хийлгүй Улаанбаатар хот руу буцаж, ажил гүйцэтгэхэд хүндрэл гарч эхэлсэн. Өөрийн компанийн мэргэжлийн оператор, засварчин байхгүй, сэлбэг хэрэгсэл авдаг боловч засвар үйлчилгээг муу хийдэг, сэлбэг хэрэгслийг нэгээс нь авч нөгөөд нь тавих зэргээр аргацааж байсан ч автогрейдерь ачигч /ковш/ машин бүрмөсөн зогссон, машин механизмууд эвдрэл ихтэй, хүрэлцээ муутай учраас ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэхгүй хоцрох нөхцөл байдал үүссэн. Иймээс бид машин техник гаднаас түрээслэх болсон. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан захиалагчийн зүгээс гэрээгээр гүйцэтгэх 10 км замын эхний 5 км замыг гүйцэтгэсний дараа дараагийн 5 км замыг хийлгэнэ гэдэг шаардлага тавьсан тулд бид үлдэх 5 км замын хөрс хуулалтыг хийлгээгүй. Энэ нь карьерын тээвэрт өөрчлөлт орж бидний төлөвлөлтөд нөлөөлсөн тул гаднаас автогрейдерь 1 ширхэг, усны машин 1 ширхэг, өөрөө буулгагч машин 6 ширхэг, нийт 8 техникт 1 сард 104,000,000 төгрөгийн түрээсийн машин механизмуудыг нэмж түрээсэлсэн. Энэ түрээсийн зардлууд нь бидний тооцоолоогүй зардал бөгөөд Өндөр бүрэн хаан ХХК хариуцах зардал юм. Бид анх ажилд гарахдаа өдөрт 1.500 м, сард 45.000 м шороо тээвэрлэж далан дээрээ тарааж нягтруулах төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлж байсан боловч Өндөр бүрэн хаан ХХК-ийн машин механизмуудын задрал гэмтлээс шалтгаалж, төлөвлөсөн хэмжээндээ ажиллаж чадалгүй 6 дугаар сард ургамлын хөрс 14805 м ул хөрс нягтруулалт 4935 м далангийн ажил 13.128 м, 189,754,816 төгрөгийн газар шорооны ажил хийж, 239,262,496 төгрөгийн зардал гаргаж толгой компанид 47,007,680 төгрөгийн өртэй ажилласан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр наадмын амралт эхлэх хүртэл 13000 м газар шорооны ажилтай ажлаа зогсоож, Н ХХК-аас төслийн санхүүжилт олгогдоогүй учир төслийн ажилтнуудад Өндөр бүрэн хаан ХХК-ийн зүгээс 500 мянгаас 1.5 сая төгрөгийг 6 дугаар сарын цалингийн урьдчилгаа болгож өгөөд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа гарч, 40282 м, 424,020,674 төгрөгийн газар шорооны ажил гүйцэтгэж толгой компанид 7 дугаар сард суутгуулах зардлаас гадна 6 дугаар сарын гүйцэтгэлийн өр болох 47,007,680 төгрөг, урьдчилж авсан 30,000,000 төгрөг, нийт 77,007,680 төгрөгийн өрийг дарж 262,220,198 төгрөгийн санхүүжилт авахаар болж алдагдлаа нөхөж ашигтай ажилласан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар 58,087,037 төгрөгийн ашигтай ажилласан. Толгой компаниас санхүүжилт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр орсон ба Д.Г-ын дансанд дахь мөнгөөр 6 дугаар сарын цалин, хөлс, түрээс, 7 дугаар сарын зарим түрээсийн зардлыг төлөөд 1,400,000 төгрөг үлдэхэд түүнийг нь Х.А миний дансанд шилжүүлчих, би үлдсэн цалин, хөлс, түрээсийг нь төлнө гэсний дагуу түүнд шилжүүлсэн. Д.Г нь 7 дугаар сарын цалин болон үлдсэн түрээсийг та одоо шилжүүлэхгүй бол маргааш банк ажиллахгүй гэхэд Х.А автогрейдерийн түрээсийг дутуу шилжүүлээд бусад ажлын хөлс, түрээсийн төлбөрийг шилжүүлээгүй, автогрейдерийн түрээсийг дутуу шилжүүлсэн. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр санхүүжилт орсон байхад яагаад ажлын хөлс, түрээсийн төлбөрийг олгохгүй байгаа, ажлыг хэн хийж гүйцэтгэж, хэн нь хийдүүлж байгаа зэргээс маргаан үүссэн. Бидний зүгээс ажилласан цалинг өгчих, тэгвэл гараад ажлаа дуусгая гэдэг саналыг хэлсэн. Бид 2022 оны 08 дугаар сарын 19-ний байдлаар 16500 м буюу 173,000,000 төгрөгийн ажил хийсэн байсан. Үүнийг зөвлөх хяналтын компанид гаргаж өгсөн ажил эхлэх, гүйцэтгэх зөвшөөрлийн хуудсаас харж болно. Ажлын хөлсөнд урьдчилгаа 30,000,000 төгрөг авсан бөгөөд 15,000,0000 төгрөгийг Өндөр бүрэн хаан ХХК, үлдэх 15,000,000 төгрөгийг Д.Г, Ө.Б, Б.Б нар авсан. Менежментийн баг нь геодезийн хэмжилтийн багаж шинээр авах шаардлагатай байсан тул толгой компанид хүсэлт тавьж төлбөрийг гүйцэтгэлээс суутгуулан Өндөр бүрэн хаан ХХК-тай өөрсдийн авах тооцоондоо оруулж тооцохоор тохирч геодезийн GPS багаж 1 ширхэг, нөүтбүүк 2 ширхэгийг авсан. Өндөр бүрэн хаан ХХК нь эдгээр эд зүйлсийг авна гэдэг ба бидний зүгээс хамтран ажиллах гэрээний хөлс болон түрээс авъя, мөн эцсийн тооцоо нийлж дууссаны дараа хэн нь эзэмших эсэхийг шийдье гэсэн хариуг өгсөн. Хариуцагч нарын зүгээс ямар, ямар зардлууд юу юунд хэрхэн зарцуулсан зэрэг холбогдох зардлын тайлан баримтаа бидэнд гаргаж өгч байгаагүй атлаа зардал гарсан гэсэн хариу хэлдэг. Өндөр бүрэн хаан ХХК нь өнөөдрийг хүртэл 2022 оны 07, 08 дугаар сарын хамтран ажиллах гэрээний хөлс 24,193,548 төгрөг, автогрейдерийн түрээс 20,322,581 төгрөг, өөрөө буулгагчийн түрээс зэрэг 47,000,000 төгрөгийг бусдад төлөөгүй. Иймд Д.Г-т 7 дугаар сарын ажлын хөлс 5,000,000 төгрөг, 8 дугаар сарын ажлын хөлс 3,064,516 төгрөг, нийт 8,064,516 төгрөг, Ө.Б-д 7 дугаар сарын ажлын хөлс 5,000,000 төгрөг, 8 дугаар сарын ажлын хөлс 3,064,516 төгрөг, нийт 8,064,516 төгрөгийг, Б.Бд 7 дугаар сарын ажлын хөлс 5,000,000 төгрөг, 8 дугаар сарын ажлын хөлс 3,064,516 төгрөг, нийт 8,064,516 төгрөгийг, геодезийн иж бүрэн багажны үнийн суутгалаас нэхэмжлэгч нарт оногдох 40 хувь буюу 12,324,000 төгрөг, ажил гүйцэтгэсэн хугацааны буюу 2022 оны 08 дугаар сарын байдлаарх хувийн ашиг 29,237,705 төгрөг, урьдчилгаанд талуудын хувааж авсан 30,000,000 төгрөгийн зөрүү 3,000,000 төгрөгийг хасаад, бүгд 62,755,253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй болно.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас 30,300,000 төгрөгийн үнэ бүхий 0025911 гэрчилгээний дугаартай - маркийн - хувийн дугаартай GNSS хүлээн авагч 1 ширхэг, 0025912 гэрчилгээний дугаартай CHCNAV I73 маркийн 3452235 хувийн дугаартай GNSS хүлээн авагч 1 ширхэг, нийт 2 ширхэг хүлээн авагч, 220,000 төгрөгийн үнэ бүхий невелер хөл, 290,000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор, 4,619,700 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нөүтбүүк, нийт 35,429,700 төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, мөн 0025911, 0025912 дугаар бүхий гэрчилгээг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө. ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 347,871,543 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээний болон хамтран ажиллах гэрээний үүрэгт 20,918,417 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд, 20,918,417 төгрөгийг гаргуулж хариуцагч Ө.Б-д , 20,918,417 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Г нарт тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,155,212 төгрөг, хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,727 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө. ХХК-д олгож, нэхэмжлэгч Ө ХХК-аас 471,727 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нарт олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нар нь хамтран ажиллах, хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, өөр бусад газар ажиллах зорилгоор манай компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй хулгай хийн, хууль бусаар нууцаар авч явснаас болж цаашид гэрээт ажлыг гүйцэтгэж дуусах боломжгүй болсон. Ийм учраас гэрээг цуцлахаас өөр аргагүй байдалд хүрсэн байхад шүүх анхаарч үзээгүй. Мөн гэрээт ажлын хугацаа 2022 оны 09 дүгээр сард дуусах ёстой байсан үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Талууд гэрээний үүргээ биелүүлсэний дараа ашгийн 60х40 хувь гэж тохирсон болохоос биш ажлыг бүрэн хийж дуусгаагүй, гэрээнээсээ татгалзан ажлаа хаясан, ашигтай ажиллагаагаа тооцоогүй байхад тэдний дур мэдэн авч явсан багаж төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгч талаас хариуцагч нарт гаргуулах үндэслэлгүй байна. Компанийн үндсэн хөрөнгийг ашигт тооцон хувиарлах үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байхад удаан хугацаанд шүүх хурлыг товлоогүй, хийгээгүй атлаа 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд хариуцагч тал 5 минут хоцроод ирэхэд шүүх хурал эхэлсэн байсан. Гэтэл бид шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх гэж удаан хугацаанд хүлээсэн, шүүх хурлын өдөр нарийн бичиг болон туслах нар руу булан тойроод орж байна. Жаахан 5 минут хүлээж байгаарай гэж хэлээд байхад үл тоон хурлаа хийсэн байсан нь мэтгэлцэх боломж олгоогүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Д.Г-ын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас ажил хаяж явсан, эд хөрөнгө авч зугтаасан бичлэг байгаа гэдэг боловч бичлэгээ үзүүлдэггүй. Ажлын байранд маш их дарамт үзүүлдэг байсан. Барьцаа суутгасан талаар ямар нэгэн ажил гүйцэтгэхэд барьцаа 5 хувиа аваад үлддэг. Хэрэв тухайн барьцаа хөрөнгийг огт өгөхгүй мөнгө байсан бол барьцаа гэж тэмдэглэн үүргийн гүйцэтгэлдээ оруулахгүй байсан. 15,000,000 төгрөг авч явсан гээд байгаа асуудалд манай талаас сөрөг нэхэмжлэлдээ 15,000,000 төгрөгнөөс 40 хувьд ногдох 12,000,000 төгрөгөө хасуулаад үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нь буцаан өгье гэж хэлсэн. Багаж бол бидний өөрсдийн хэрэглэдэг багаж буюу 150 гаруй мянган төгрөг тушааж баталгаажуулсан миний нэртэй гарын үсэг зурсан баримт байгаа. Бид ажлын хөлснөөсөө суутгуулаад багажаа авъя гэдэг тооцоо хийн авч явсан. Бидний сөрөг нэхэмжлэлд хуулийн хугацаанд нь хариу тайлбар өгөөгүй гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч-ын агуулга: Мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад хуулийн хугацаанд хариу тайлбар өгөөгүй, сөрөг нэхэмжлэлийн талаар ямар байр суурьтай байгаагаа ч илэрхийлээгүй юм. Шүүх хуралдаанд оролцоогүй талаар бол 40, 50 минут хүлээсэн боловч ирээгүй учир шүүх хуралдаан үргэлжлээд явсан. Талууд анх бие биедээ тодорхой хэмжээний хөлс өгнө гэж тохиролцсоны үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Тухайн 3 инженерт бага хэмжээний хөлс өгч байсан учир ашгийн 40 хувийг ажил дууссаны дараа нэмэлтээр өгнө, сар болгон гүйцэтгэлээсээ тооцоод 40 хувиа аваарай гэж тохиролцсоны дагуу 60:40 хувийн харилцаа үүссэн. Хариуцагч нар багажийг буцааж өгөхийг зөвшөөрч байна, татгалзах зүйл байхгүй гэдэг. Харин багаж нь ажил хийх явцад бий болсон дундын хөрөнгө юм гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Ө.Б, Б.Б, Д.Г нарт холбогдуулан геодезийн багаж - маркийн - дугаартай, 2 долгионы ОМ55 хүлээн авагч, невелер хөл, аккумлятор, 2 ширхэг нөүтбүүк, геодезийн хэмжил зүйн лабораторийн - дугаартай гэрчилгээ, бусад бичиг баримтыг буцаан гаргуулах, олох ёстой орлогод нийт 347,871,543 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 62,755,253 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Ө ХХК , Н ХХК -иудын хооронд авто замын далангийн ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Ө ХХК нь Таван толгой-Манлай-Ханги Мандал чиглэлийн хатуу хучилттай авто замын LOT-3-ийн SECTION-6-аас 10 клометр буюу ПК10+000-оос ПК20+000 хүртэл далангийн ажлыг гүйцэтгэж, тухайн ажлын үр дүнг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн дуусган хүлээлгэн өгөх, захиалагч Н ХХК нь хийсэн ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ./хх14-17/

3.2. Ажил гүйцэтгэгч Ө ХХК нь дээрх гэрээг хэрэгжүүлэхийн тулд Д.Г, Ө.Б, Б.Б нартай амаар тохиролцож, тухайн ажлаас олсон ашгийн 40 хувийг инженерүүдэд өгөх, 60 хувийг компани авахаар тохиролцсон байх ба уг гэрээний дагуу 10 километр далангийн ажлаас 5 километрыг хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, түрээсээр ажилласан машин механизмын 6, 7-р сарын тооцоо, ажилтны цагийн бүртгэл зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна./хх29-32, 51-63/

3.3. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байх бөгөөд хамтран ажиллах гэрээг амаар байгуулахыг хуулиар хориглоогүй тул уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хамтран ажиллах инженер техникийн ажилтнуудад 2022 оны 07 дугаар сард тус бүрд нь 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг төлсөн бол хариуцагч нь тухайн хамтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх хэлбэрээр хураамжийг төлсөн гэж үзэхээр байна.

3.4. Ө ХХК нь Н ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь CHCNAV фирмийн I50 BASE I73 ROVER GNSS иж бүрдлийн хүлээн авагчийг 30,300,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон./хх-19/ Мөн Ө ХХК-ийн дэд захирал Д.Мөнхбаяр нь Арина компьютерс ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 4,619,700 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нөүтбүүкийг худалдан авсан болох хэрэгт авагдсан зарлагын падаан болон талуудын тайлбараар тогтоогджээ./хх-25/

4. Иймд талууд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа буюу хамтран ажиллах гэрээ хэрэгжих явцад дээрх эд хөрөнгүүдийг бусдаас худалдан авсан үйл баримтыг шүүх зөв дүгнэж эдгээр тоног төхөөрөмжүүд болон холбогдох гэрчилгээг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд ажлаа бүрэн дуусгаж өгөөгүйгээс захиалагч нийт барьцаа 39,577,938 төгрөг суутгаж тооцсон нь тогтоогдсон бөгөөд энэ нь хариуцагч нарт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, гэрээг цуцалсан үед дээрх барьцаа мөнгийг хариуцагч нараас шаардах үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

6. Нэхэмжлэгч нь багажгүйн улмаас талбай дээр 3000 м.куб шороо буулгаж, уг шороог тэгшлээгүй орхисон зардал 31,500,000 төгрөг болон шатахууны үнэд 1,372,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, шатахууны үнэ болон тухайн 3000 м.куб шороо буулгаж, уг шороог тэгшлээгүй орхисон зардалтай холбоотой үнийг шаардахдаа нэхэмжлэгч уг ажлыг хийж гүйцэтгэсэн, ямар хэмжээний шатахуун авч хэрэглэсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

7. Түүнчлэн, хамтран ажиллах гэрээ зохих ёсоор биелэгдэж ажлыг хийж дуусгасан бол 485,896,235 төгрөгийн олох ёстой байсан ашгийн 60 хувь болох 219,537,741 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Учир нь талууд гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон байдлаа илэрхийлэн тооцоо нийлсэн акт үйлдсэн байхад олох ёстой орлого нэхэмжлэх эрхгүй юм.

8. Мөн нэхэмжлэгч нь сул зогсолтын улмаас үүсэн хохиролд 40,883,864 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүлээн авсан мөнгөө хэрхэн захиран зарцуулсан нь тодорхой бус бөгөөд өөрийнх нь буруутай үйлдэл гэрээг цуцлахад нөлөөлсөн байх тул шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

9. Харин анхан шатны шүүх автомашины үнэ 15,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, хэргийн баримтаар хариуцагч нараас гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцэхгүй байна.

9.1. Учир нь хэргийн 18 дугаар талд авагдсан баримтаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төслийн зардалд Г-т 15,000,000 төгрөг бэлнээр олгов гэж тусгагдсан баримтыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг автомашин худалдан авах зориулалтаар хүлээлгэн өгсөн бөгөөд мөнгөн хөрөнгийг авсан, өгсөн эсэх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

9.2. Иймд талууд хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон хүрээнд 15,000,000 төгрөгийн хуваарилалтын асуудлыг 60:40 хувь гэж дүгнэвэл тухайн 15,000,000 төгрөгийн 60 хувь буюу 9,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

10. Анхан шатны шүүх хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нар нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 62,755,253 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцсэн байна.

10.1. Харин шүүх зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэжээ. Учир нь хариуцагч нар хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээг гүйцэтгээгүй, хамтран ажиллаж ашиг олох бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

10.2. Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах зохицуулалтын хүрээнд шүүх нэг хариуцагчаас цалин хөлс 8,064,516 төгрөг, тоног төхөөрөмжийн нийт үнэ 30,810,000 төгрөгийн 40 хувь болох 12,324,000 төгрөгийг 3 хариуцагчид ногдох хувь 4,108,000 төгрөг, 26,237,705 төгрөгийн ашгийн 40 хувь буюу 8,745,901 төгрөг, нийт нэг хариуцагчид ногдох 20,918,417 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан болоход 5 минут хуралд хоцроод, булан тойроод орж байна, хүлээж байгаарай гэж хэлээд байхад үл тоон хурлаа хийсэн гэж гомдол гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн байна. Анхан шатны шүүх хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02858 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...нараас гэсний дараа 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө. ХХК-д олгож гэж нэмж,...347,871,543,5 гэснийг ...338,871,543 гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, ...хөлсөөр ажиллах гэрээний болон гэснийг тус тус хасч, ...477.1 гэсний дараа 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,193,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН