Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2024/00003

 

 

 

 

 

 

 

 

2023 12 22 210/МА2024/00003

 

 

Т.Б, Б.Т, Б.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03181 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б, Б.Т, Б.Д нарын хариуцагч Н, Ш нарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У ХХК, Б, Д.Б, Б.Д нарт холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Голомт банк ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,816,916,692 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Т.Б, Б.Т, Б.Д нарын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр гарснаас хойш 150,000,000 төгрөгийг төлбөр авагчид төлсөн хэдий ч тэдний гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй буюу ямар үндэслэлээр хүчингүй болгуулах, ямар журам зөрчсөн талаар тайлбарлаагүй, нэхэмжлэлдээ дурдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон. Тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж тусгайлан заасан. Хууль санаачлагчийн зүгээс 50,000,000 төгрөгөөс дээш бол гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ гэдэг байдлаар баталсан гэжээ.

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишигийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт холбогдох Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Б, Б.Т, Б.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Төлбөр төлөгчийн хилийн хориг тогтоосон 298/3 тогтоол үндэслэл нь шийдвэр гүйцэтгэлийн 15290774 дугаар хувийн хэрэг байх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 22/7/377 дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан байхад нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон эрх зүйн актаар нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчин зарим нотлох баримтыг үнэлэлгүйгээр орхигдуулан хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Голомт банк ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,816,916,692 төгрөгийг гаргуулж барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийн хувийн хэрэг нь 18291116 дугаартай байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус шийдвэр гүйцэтгэх баримт бичиг дээр маргаагүй байтал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 1.1, 59.1.2, 59.1.3-т заасан үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх боломжтой байна. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн заалтыг нэг мөр ойлгож онолын дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь илт үндэслэл муутай шийдвэр гэж үзэж байна. Тодруулбал, шүүх тус заалтыг тайлбарлахдаа хуулийн үг, хэллэгийг буруу ойлгож зүйл, заалтын учир холбогдол, логикийг анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Т.Б-тай холбоотой 3 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Б Т, Б-ны Д нарт холбогдох 2 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад нэхэмжлэгчийн дурдсанчлан 443,149,920 төгрөг болон 1,816,916,692 төгрөгийн төлбөрийн асуудал Т.Б, Б.Т, Б.Д нарт холбогдох төлбөр төлөх гүйцэтгэх баримт бичгүүд дууссан байгаа. Б-ийн Т, Б-ны Д нарын хилийн хоригийг сэргээсэн. Харин Т.Б-тай холбогдох 83,000,000 төгрөгийн төлбөрийн материал дуусаагүй байгаа юм. Нэхэмжлэгч талаас ямар үндэслэлээр хилийн хоригийг сэргээнэ гэж байгаа нь тодорхойгүй байна. 50,000,000 төгрөгөөс дээш төлбөрийн үнийн дүнг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хилийн хоригийг сэргээх үндэслэлгүй. Төлбөр төлөгч албан ажлаар болон эрүүл мэндийн шалтгаанаар холбогдох материалаа манай байгууллагад бүрдүүлж өгөн хүсэлт гаргавал гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байдаг. Төлбөр төлөгч Т.Б, Б.Т, Б.Д нар нь 2021, 2022 онуудад хүсэлт гаргаад хилийн хоригоо тодорхой хугацаанд сэргээлгэж байсан. Одоогийн байдлаар төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байгаа учир хилийн хоригийг сэргээх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Б, Б.Т, Б.Д нарын хариуцагч Н, Ш нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 144 дугаар захирамжаар нэхэмжлэгч ЕНОД ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 443,149,920 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т.Б 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1703 дугаар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх5, 6,7/

3.1. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/01753 дугаар захирамжаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 44,446.16 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 33,907.28 ам.долларын хэмжээнд эвлэрч, хариуцагч нь 33,907.28 ам.долларын маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ГХ2018/01028 дугаар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ./хх50, 51,52/

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нар нь бүртгэлийн 15290972 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул тус шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 298 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Т.Б, Б.Д нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн ба уг ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дугаар тогтоолоор дуусгавар болж, харин бүртгэлийн 15290774 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдээгүй тул Т.Б-ны гадаадад зорчих эрхийг үргэлжлүүлэн түдгэлзүүлсэн байна./хх32-33/

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Т.Б, Б.Д, Б.Т нарнь бүртгэлийн 15290774, 20290123 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нарын гадаадад зорчих эрхийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/7/377 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Т.Б-д холбогдох 15290774 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. Харин бүртгэлийн 20290123 дугаартай гүйцэтгэх баримт бичигт хийгдэх ажиллагаа дуусгавар болоогүй байна.

4.2. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1-д заасантай нийцжээ. Учир нь хэргийн баримтаас үзвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/01753 дугаар захирамж биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ажиллагаа дуусгавар болоогүй, шүүхийн шийдвэр биелэгдэх үнийн дүн тавин сая төгрөгөөс дээш байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д ...төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлд хамаарна. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нар нь төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5. Иймд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх боломжтой байхад хуулийг буруу ойлгон хариуцагч талын тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ. Гэтэл нэхэмжлэгч тал 2018 оны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байх тул төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзнэ. Дээрх гурван үндэслэлийн аль нэг үндэслэл тогтооогдсон үед гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх боломжтой бөгөөд заавал дээрх 3 үндэслэлийг бүгдийг нь хангасан байхыг шаардахгүй.

7. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Т Б.Д нарын гадаадад зорчих эрхийг сэргээсэн байдал нь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй юм. Учир нь төлбөр төлөгч нарын гадаад зорчих эрхийг сэргээсэн хугацаа дууссан үндэслэлээр дахин гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03181 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН