Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2024/00002

 

 

 

 

 

 

 

 

2023 12 22 210/МА2024/00002

 

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02935 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б-ийн хариуцагч Ч.О-д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууц худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Б.Б, хариуцагч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Б дүүргийн 1 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Би хариуцагчийн нагац дүү болох Э.Ж тай 2014 оноос 2017 оны эхэн хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд Э.Ж эгчийнхээ орон сууцыг худалдаж мөнгөөр нь бизнес хийнэ гэж 2016 оны 08 дугаар сард миний өмчлөлийн орон сууцанд Ч.О-ийг оруулж амьдруулсан. Э.Ж 35,000,000 төгрөгөөр уг орон сууцыг худалдаж, татвар хасч үлдэх 34,300,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг Э.Ж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч одоо бүх мөнгийг өг эсхүл шинэ орон сууц надад өг гэсэн шаардлага тавьдаг. Би хөөгдөж явахдаа орон сууц болон мөнгөгүй болно гэдгийг мэдээд 14,300,000 төгрөгийг авсан. Одоо өөрийн авсан мөнгөө буцаан төлж, орон сууцанд орох хүсэлтэй байх тул Ч.Оюун-Эрдэнийг орон сууцнаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ч.Б намайг нотариатын газар дуудаж, гэрээнд гарын үсэг зуруулсан. Үүний урд орой над руу утсаар залгаад танай орон сууцыг худалдах болсон би хүнтэйгээ тохироод ярьсан гэж хэлсэн. Би нэг төгрөг ч аваагүй, нэг төгрөг авсныг нь ч хараагүй нотариатаас гарч явсан. Ч.Б нь ...миний 2 өрөө орон сууцанд ор, таны орон сууцыг томруулж өгнө гэж хэлэхээр нь орон сууцанд орж амьдарсан болохоос хүчээр ороогүй. Тухайн орон сууцанд орсон цагаас хойш бүх зардлыг төлсөн. Би Ч.Б д өгсөн нэг өрөө орон сууцаа авна, надад өөр амьдрах орон гэр байхгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Ч.Б нь миний төрсөн дүүгийн хүүхэд Э.Ж тай амьдарч байхдаа ...эгчээ таны орон сууцыг зараад мөнгийг нь хэсэг ашиглаж байгаад буцаагаад танд орон сууц аваад өгчихнөө, орон сууц авч өгөх хүртэл миний байранд амьдарч байгаарай гэж гуйсаар ирсэн. Тиймээс би дүү нартаа сайхан сэтгэлээр туслах зорилгоор гуйлтыг нь хүлээн авч 2016 оны 07 дугаар сард Ч.Б-ийн орон сууцанд нүүж орсон. Харин 2016 оны 08 дугаар сард миний өмчлөлийн орон сууцыг худалдах ажлыг Ч.Б өөрөө зохион байгуулсан ба намайг нотариат дээр дуудаж гэрээнд гарын үсэг зуруулж, төлбөрийг авч явсан. Гэтэл Ч.Б одоог хүртэл надад орон сууц авч өгөхгүй, амьдарч байгаарай гэж оруулсан орон сууцнаасаа хөөж гаргахаар нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцны үнэлгээг 80,505,800 төгрөг болохыг тогтоосон. Иймд Ч.Б эс орон сууц худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь намайг орон сууцыг худалдаж, мөнгийг нь ашиглаж байгаад буцаагаад орон сууц авч өгнө гэсэн гэж байна. Энэ нь намайг үндэслэлгүйгээр гүтгэж байгаа бөгөөд би хэзээ ч Ч.О-тэй орон сууцыг нь худалдах болон мөнгө зээлэх талаар уулзаж ярилцаж байгаагүй. Харин Э.Ж тухайн үед эх болон эгчтэйгээ үгсэн хуйвалдаж, орон сууцыг худалдаж, манайд амьдруулах, улмаар намайг луйвардах талаар ярьсан болохыг Э.Ж гаас салсны дараа олж мэдсэн. Би 2016 онд Э.Ж тай хамтран амьдарч байхдаа хамт явж орон сууцыг худалдсанд маргадаггүй. Намайг өөрөө зар тавиад, Ч.О-д мэдэгдэхгүйгээр 35,000,000 төгрөгөөр худалдсан гэж хариуцагч тал маргадаг. Гэвч гэрчийн мэдүүлэг болон худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаар нотлогддог. Мөн хариуцагчийн нагац дүү Э.Ж энэхүү орон сууц худалдсан мөнгөнөөс 20,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Би 14,300,000 төгрөг авсанд маргаагүй. Э.Ж гаас салсны дараа орон сууц суллах талаар хэлэхэд намайг шинэ байр авч өг эсхүл уг орон сууцыг Ч.О-д өг гэж хэлдэг. Би сар бүр ипотекийн зээлийн төлбөр төлдөг боловч орон сууцанд амьдарч чадахгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 341.1.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн хариуцагч Ч.О-ийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.О-ийн нэхэмжлэгч Ч.Б эс нэг өрөө орон сууцны үнэ 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715,950 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б эс гаргуулан хариуцагч Ч.О-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гэрч Б.Ц мэдүүлэхдээ ...гэрээ хийхэд Ч.О, Ч.Б нар хамт байсан гэж мэдүүлдэг. Ч.О өөрийн өмчийн орон сууцыг худалдахыг зөвшөөрч, орон сууц худалдах бүх ажиллагаанд идэвхтэй оролцож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсгээ зурсан зэрэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Э.Ж г 20,000,000 төгрөгийг Ч.О-ийн орон сууцыг борлуулсан мөнгөнөөс авсныг нотолдог. Э.Ж тай харилцсан чатыг гар утсанд үзлэг хийлгүүлэхэд Э.Ж надтай орон сууц худалдах үнийн талаар харилцаж явж ирсэн нь батлагддаг. Гэрч Э.Ж мэдүүлэхдээ 20,000,000 төгрөгийг би шүүх дээр сандраад авсан гэж хэлсэн, би аваагүй, ... би байр зарахад огт оролцоогүй, юу болсныг мэдээгүй, Ч.Б өөрөө Ч.О-тэй холбогдон хэлэлцээр хийсэн гэж илтэд худал мэдүүлдэг. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.О "эд нар" гэж Э.Ж г хамтатган хэлсэнд дүгнэлт хийвэл хариуцагч Ч.О намайг далд хэлэлцээр хийж илүү өндөр үнээр зарж зөрүүг нь завшсан гэж хэлдэг ба энэ нь гэрч Б.Ц ийн мэдүүлгээр худал болох нь батлагдаж байна. Ч.О, Э.Ж нар удаа дараа шүүхийн өмнө санаатайгаар худал мэдүүлэг өгсөн нь тодорхой харагдаж байна. Мөн гэрч Б.Ц мэдүүлэхдээ Ч.Б эгчийн байрыг зарж өгч байгаа юм гэж хэлсэн" гэсэн байна. Энэ нь үнэн бөгөөд намайг энэ байрыг зарж өгөөч гэж Э.Ж гуйсан. Өөр хүний өмчлөлийн орон сууцыг хэн нэг этгээд дур мэдэн зарах ямар ч боломжгүй. Ч.Б Ч.О-д орон сууцны нөхцөл сайжруулж өгнө эсхүл тэнцүү хэмжээний мөнгө өгнө гэж хэлцэл хийсэн нь батлагдаагүй. Э.Ж өөрөө би 20,000,000 төгрөг авсан гэж хэлээд байхад шүүх нотолгоо гэж үэзх нь үндэслэлгүй. Э.Ж авсан" гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрөө хэлсэн баримт нь гол нотолгоо гэж үзэж байна. Шүүх 2016 оны 08 дугаар сард Ч.О-ийн орон сууц зарагдахаас болон Э.Ж 20,000,000 төгрөг авч хэрэглэхээс өмнөх баримтууд дээр үндэслэн Э.Ж гийн 20,000,000 төгрөг авсан нотлох баримтыг үгүйсгэх нь хуульд нийцэхгүй. Хариуцагч Ч.О нь 2016 оны 07 дугаар сард миний өмчлөлийн Хан- Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол,0 дугаар байрны 0 тоот орон сууцанд орохдоо надтай ямар ч гэрээ, аман хэлцэл хийлгүй, өөрийн нагац дүү Э.Ж тай хуйвалдаж миний зөвшөөрөлгүй орсон. Би Э.Ж гийн гэрээс 2017 оны эхээр хөөгдөж ирээд, түүнээс хойш өөрийн орон сууцыг чөлөөлж өгөхийг Ч.О, Э.Ж , Ч.Х нараас удаа дараа шаардаж ирсэн. Хэрэв миний орон сууцанд Ч.О хууль бусаар суугаагүй байгаад энэ хугацаанд би өөрийн өмчлөлийн орон сууцыг өөр хүнд түрээслэсэн бол 89,400,000 төгрөгөөр түрээслэх байсан. Шүүх хэт нэг талыг барьсан, хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх 80,000,000 төгрөгийг гаргуулан Ч.О-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Би Ч.О-тэй орон сууцыг зарна гэж огт хэлцэл хийгээгүй. Дур мэдэж худалдах боломж байхгүй. Гэрч Б.Ц ийн мэдүүлгээс харахад хариуцагч Ч.О-ийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдахад хэн, хэн оролцсон нь тодорхой мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээс харвал Ч.О өөрийн өмчлөлийн орон сууцыг сонирхсон хүмүүст үзүүлэхэд, орон сууцыг худалдах үнийг 35,000,000 төгрөг байхаар тохироход хүлээн зөвшөөрөөд, худалдах, худалдан авах гэрээ хийх зэрэг бүх процессуудад оролцож байсан нь нотлогдож байгаа. 35,000,000 төгрөгөөр зарагдсан орон сууцны мөнгийг гэрч Б.Ц аас надад өгүүлээд, би Ч.Х гийн гэрт авчирч өгөхөд өөрсдөө авчихаад байхад надаас 80,000,000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хариуцагч Ч.О-тэй орон сууцыг нь худалдах талаар болон миний өмчлөлийн орон сууцанд Ч.О-ийг амьдруулах талаар аман яриа, гэрээ хэлцэл огт хийгээгүй. Энэ ч мөн нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүх зохигчдоос гаргаж өгсөн нотлох баримтуудыг хооронд нь зөрүүлж, хольж сольсоноос гадна зарим хэрэгт ач холбогдолтой чухал баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан. Үүнд гэрч Э.Ж тай цахим сүлжээ болох фэйсбүүк сайтын чатаар харилцсан мессэжүүдэд үзлэг хийлгэсэн баримт, үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн хавсралт Э.Ж гийн аппликейшн хийж гүйцэтгүүлэхээр бусадтай харилцсан баримт, ажил гүйцэтгэх гэрээний төсөл зэрэг баримтаар Ч.Б , Э.Ж нар Ч.О-ийн орон сууцыг худалдахад оролцсон, үнийн дүнгийн талаар саналаа хэлж байсан, 20,000,000 төгрөгийг нь аппликейшн хөгжүүлнэ гэж авсан гэх тайлбарууд бүрэн нотлогддог. Мөн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж шийдвэрлэсэн Э.Ж гийн нэхэмжлэлтэй, Ч.Б-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Ж гийн шүүхэд өөрөө гаргаж өгсөн тайлбарыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан баримтаар гэрч Э.Ж өөрөө аппликейшн хөгжүүлэх зорилгоор 20,000,000 төгрөгийг Ч.О-ийн орон сууц худалдсан мөнгөнөөс авсан болохоо бүрэн хүлээн зөвшөөрдөг ба гэрч шүүхэд худал мэдүүлэг, тайлбар гаргасан нь нотлогддог. Мөн гэрч Цэ-ийн мэдүүлэгт орон сууц үзэх, худалдах, үнэ тохирох бүхий л үед Ч.О өөрөө нэхэмжлэгчтэй хамт байсан болох нь нотлогддог. Дээрхээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дурдсан 7 дугаар хэсэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн гэх баримт нь энэ хэрэгт огт хамааралгүй, хавтаст хэрэгт байхгүй баримтууд байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлтдээ гэрч Э.Ж гийн хариуцагч Ч.О-ийн 20,000,000 төгрөгийг авч ашигласан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаахдаа цаг хугацааны өмнө байна гэх ямар ч ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Гэтэл эсрэгээрээ гэрч Э.Ж гийн Ч.Б д холбогдох иргэний хэрэгт өөрийнх нь бичсэн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээний дагуу аппликейшн хийх, ээжүүдэд зориулсан гэх бизнес төсөл хийж байсан зэрэг нотлох баримтуудыг өөр ямар нотлох баримттай дүйцүүлэн няцаасныг ойлгосонгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар харин ч хариуцагч Ч.О орон сууцаа худалдах үйл ажиллагаанд өөрөө оролцсон, орон сууц худалдсан мөнгөө Ч.Б , Э.Ж нарт зээлдүүлсэн, Э.Ж тус мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг авч ашигласан зэрэг нь тодорхой бөгөөд Ч.О-ийг орон сууцаа зар гэж ятгасан, түүнд мэдэгдэхгүй үнэ тохирсон, Ч.О-д нь орон сууц авч өгөхөөр болзол тавьж гэрээ хэлцэл хийсэн зэргийг нотлох нэг ширхэг нотлох баримт байхгүй. Дээрхээс дүгнэхэд шүүгч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлан авч үзэж шийдвэрлэхдээ үндэслэсэн нотлох баримтуудаа шүүхийн шийдвэртээ тусгаагүй, зарим нотлох баримтыг үндэслээгүй, няцаасан баримт тус бүрдээ дүгнэлт хийгээгүй, талуудын тайлбарыг бүрэн гүйцэд судлаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгч орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг хэмээн тодорхойлсон. Хариуцагч cөpөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн тодорхойлоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг асуухад хариулж чадаагүй. Нэхэмжлэгч Ч.Б нь Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхээр хамгаалуулахаар хандсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн асуудалд өнөөдрийг хүртэл хариуцагчийн эзэмшил хууль бус болсон. Гэтэл шүүх яагаад миний үйлчлүүлэгч, өмчлөгч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хуулиар бус эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ байгуулсан байж болзошгүй гэж үзэн баримтгүй дүгнэлтээр өмчлөгчийн эрхийг хязгаарласан нь ойлгомжгүй. Шүүх хариуцагч буюу эзэмшигчийн эрхийг хамгаалахдаа Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг үндэслэжээ. Нэхэмжлэгч Ч.Б-ийн хариуцагч Ч.О-ийг ямар ч хариу төлбөргүй өөрийн өмчлөлийн орон сууцандаа 8 жил амьдруулсан. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ч.О-ийн нэг өрөө орон сууцыг өөрийн эзэмшил, өмчлөлд хүлээж аваагүй, тухайн орон сууцыг бусдад худалдаагүй, энэ бүх харилцаанд Ч.О өөрөө оролцсон. Хариуцагч Ч.О нь худал тайлбар, мэдүүлэг гаргадаг. Нэхэмжлэгч нь 14,300,000 төгрөгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүйгээ илэрхийлдэг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн нэг өрөө орон сууцыг шилжүүлж авч, ашигласан гээд хариуцагчид 80,000,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Өнөөдрийн маргааны үндсэн асуудал хэн мөнгийг авсан нь чухал биш Ч.О гэдэг хүний орон сууцыг Э.Ж болон нэхэмжлэгч нь худалдан борлуулаад оронд нь орон сууц авч өгөх хүртлээ өөрийнхөө орон сууцанд амьдруулна гэж тохиролцсон. Гэрч Б.Ц мэдүүлэгтээ орон сууцны үнийг Ч.Б тэй тохиролцон мөнгийг түүнд өгсөн гэж хэлдэг. Тухайн орон сууцыг Ч.Б зарж мөнгийг нь авсан гэдэг нь энэ нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үнэдэслэлээр гаргасан. Гэтэл Ч.О нь нэхэмжлэгчийн орон сууцанд хууль ёсоор орсон гэдгийг нэхэмжлэгч тал өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Өнөөдрийн байдлаар Ч.О нь айлын байранд үнэ төлбөргүй амьдарсан юм шиг эсхүл өөрөө орон гэргүй ч болсон юм шиг нөхцөл байдал үүсээд байна. Хариу төлбөр огт нэхэмжлээгүй. 20,000,000 төгрөгийг Э.Ж д өгсөн авсан гэдгийг Ч.О мэдэхгүй бөгөөд гагцхүү гэрч Б.Ц ийн мэдүүлгээр тухайн орон сууцыг худалдсан мөнгийг Ч.Б авсан гэдэг нь нотлогддог. Анхан шатны шүүх энэ хүн өөрийн хөрөнгөө нэхэмжлэгчид болзолтойгоор өгч оронд нь өөрийнх нь орон сууцанд орж амьдарч байгаа юм байна, хэрвээ Ч.О-ийг хууль бусаар орсон гэж үзээд хөөгөөд гаргах юм бол өнөөдөр энэ хүн өөрийн байр ч байхгүй үлдэхээр шийдвэрлэсэн. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээд байхад нэхэмжлэгч тал энэ асуудлыг гэр бүлийн маргаантай хольж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Гар утасны үзлэгээр тухайн гэр бүлийн хоорондох харилцан яриа л байсан учир хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. Ипотекийн зээлтэй орон сууцны ипотекийн зээлийг төлөөд явж байгаа гэж ярьдаг. Энэ нь өөрийнх нь орон сууц зээлтэй байсан учир худалдан борлуулж ямар нэгэн санхүүгийн эргэлтэнд оруулах боломжгүй байсан учир Ч.О-ийн барьцаагүй, зээлгүй орон сууцыг худалдан борлуулаад оронд нь ипотекийн зээлтэй орон сууцандаа амьдруулаад тухайн зарсан орон сууцны мөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулсан гэдэг нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ч.О-д холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 80,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Зохигчид маргаан бүхий орон сууцыг бодитоор хариуцагч Ч.О эзэмшиж, ашигласан үйл баримтад маргаагүй. Харин хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаар маргааны зүйл болжээ.

4. Ч.Б нь Б дүүрэг, 1 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- дугаартай 38.6 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон./хх-4/

4.1. Ч.Б нь Э.Ж тай хамтран амьдарч байх үедээ маргаан бүхий орон сууцанд Ч.О-ийг амьдруулж, түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэн хотхон /16081/, 101 дүгээр байр, 35 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг иргэн Б.Ц ид 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан борлуулж, уг гэрээний төлбөрийг хуваан захиран зарцуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.

5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс Ч.О-ийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

5.1. Ч.О нь орон сууцыг эзэмшиж байгаа тухайн нөхцөл байдал нь хууль бус гэж дүгнэхээргүй боловч нэхэмжлэгч Ч.Б өөрөө Э.Ж тай тохирсон тохиролцоог гүйцэтгэж биелүүлэхийн тулд хүлээн зөвшөөрч хариуцагчийг орон сууцандаа амьдруулсан бөгөөд хариуцагч Ч.О нь орон сууцны үнийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэснээр түүний эзэмшил хууль бус болсон гэж үзэхээр байна.

5.2. Хариуцагч Ч.О нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд биш байх тул нэхэмжлэгч Ч.Б нь дээрх орон сууцны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй. Иймд улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Б дүүрэг, 1 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг Ч.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

6. Анхан шатны шүүх орон сууц худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна. /хх112-115, 199-200, 202-206/

6.1. Нэхэмжлэгч талаас хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үндэслэлээ дурдаагүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэх агуулгаар гомдол гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч бүр эрх зүйч мэргэжилтэй этгээд байхаар зохицуулаагүй бөгөөд өмгөөлөгч оролцох үүргийг хүлээгээгүй байгаа учраас хэргийн оролцогчийн хэн аль нь өөрөө тайлбар гаргах эрхтэй. Энэ тайлбарын үндэслэл заавал хуулийн дагуу байхыг шаардахгүй. Хэргийн оролцогчид хуулийн зүйл, заалтын үндэслэлийг алдаатай гаргаж болно. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн түвшинд ажиллах нөхцөл бүрдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ярьж буй зүйлээр буруутгах үндэслэл тогтоогдоно. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.

6.2. Учир нь хариуцагч Ч.О нь өөрийн өмчлөлийн нэг өрөө орон сууцыг бодитоор бусад этгээдэд худалдан борлуулж үнийг авах зөвшөөрлийг нэхэмжлэгч Ч.Б болон түүний хамтран амьдрагч Э.Ж нарт олгосон болох нь гэрч Б.Ц , Э.Ж нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон./хх112-115, 199-200, 202-206/ Хэдийгээр Ч.Б , Э.Ж нар орон сууцыг худалдсан үнийг авсан боловч хожим буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлж, тэдгээрийн хоорондын хамтран амьдрах харилцаа дуусгавар болсон байдал нь хариуцагч талын энэ үүргийг аль нэгнээс нь бүхэлдээ шаардахад саад болохгүй юм.

6.3. Иймд шүүх Б дүүрэг, - дугаар хороо, - дугаар хороолол, - хотхон /16081/, - байр, - тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 80,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн зөв болжээ.

6.4. Харин нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ч.О-ийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан төлбөрөөс шилжүүлэн авсан байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас нэг өрөө орон сууцны үнэ ханш болох 80,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх арга журмыг зааж болно. Энэ тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч Ч.Б нь 80,000,000 төгрөгийг хариуцагч Ч.О-д төлөгдмөгц маргаан бүхий орон сууцны эзэмшлийг чөлөөлүүлэх үүргийг зохигчдын хэн аль нь нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 1 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.О-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй. гэж,

2 дахь заалтыг нэмж, уг заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б эс 80,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.О-д олгосугай. гэж,

3 дахь заалтыг нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн хариуцагч Ч.О-д төлөх 80,000,000 төгрөгийг төлөгдмөгц Ч.О-ийг орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэсүгэй. гэж,

2 дахь заалтыг 4 гэж дугаарлан уг заалтын ...олгосугай. гэснийг олгож, хариуцагч Ч.О ээс 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б д олгосугай. гэж,

3 дахь заалтыг 5 гэж дугаарласугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 628,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН