Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чен Хонгшингид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, ялтан Чен Хонгшинг, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,  хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, орчуулагч Г.Цэрэнчимэд, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолтой Чен Хонгшингид холбогдох эрүүгийн 201621000156 дугаартай хэргийг ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Бүгд найрамдах хятад улсын иргэн, 1973 онд Хятад улсад төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Чен Хонгшинг нь  Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг Хойт муруй гэх газар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Л3 зам гүүр ХХК-ний барьж буй Ховд аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлийн зам дээр HS223E маркийн 35-81 УБ улсын дугаартай зам индүүдэгч механизмыг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ иргэн Ч.Ганцоожийг дайрч болгоомжгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ” Шүүгдэгч Чен Хонгшинг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Чен Овогт Хонгшингт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Чен Хонгшингид оногдуулсан 1/нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хохирогч Ч.Насанжаргал нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаж ирээгүйг тус тус дурдаж” шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Чен Хонгшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болохыг зөв тогтоон шийдвэрлэсэн атлаа хавтаст хэрэгт авагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт үнэлж дүгнэхгүйгээр хорих ял оногдуулсан нь хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг тогтвортой өгч байсан нь түүнийг гэм буруугаа ухамсарлан ойлгож, чин санаанаасаа гэмшиж байгаа болохыг харуулсан байна. Хохирогчид 80 сая төгрөг төлж учирсан хохирлыг барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон нь гэм хорыг арилсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Хамгийн гол нь Чен Хонгшинг нь Хятад улсын иргэн бөгөөд энэ гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймагт баригдаж буй замын ажилд өөрийн хувь нэмрийг оруулж байхдаа тохиолдлын чанартай бий болсон нөхцөл байдалд анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсоныг харгалзан үзэх шаардлагатай юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Давж заалдах гомдолтой танилцсан. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд байгаа гэдгийг би мэдэж байна. Хуулийн байгууллага мөнгөгүй монгол хүний төлөө ажилладаггүй гэдгийг ойлголоо. Монгол төрийн бодлого гэж байгааг битгий мартаасай гэж бодож байна гэв.

Ялтан Чен Хонгшинг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Миний ар гэрийнхэн маань хүнд байгаа ээж маань өвчтэй би нэг сар хоригдохдоо их зүйл ойлгосон. Хохирогчийн ар гэрийнхэнд туслахад бэлэн байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуульд хорих ялыг тэнсэн хянан харгалзах хэд хэдэн үндэслэл байгаа шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзах эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж бодож байна гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                Ч.Хонгшинг нь Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг “Хойт муруй “ гэх газар 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Монгол ЛЗ зам гүүр ХХК-ний барьж буй Ховд аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлийн зам дээр НS223Е маркийн 35-81 УБ улсын дугаартай зам индүүдэгч механизмыг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ иргэн Ч.Ганцоожийг дайрч болгоомжгүйгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Насанжаргал / 1-р хх-н 26-27 /, гэрч Б.Мөнгөн / 1-р хх-н 36-37 /,Ч.Улам-Өрнөх / 1-р хх-н 38-39 /,насанд хүрээгүй гэрч Б.Өсөх-Ирээдүй / 1-р хх-н 40-42 /, Б.Жавзаншарав / 1-р хх-н 43-44 / нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 3-4, 7-12 /, шинжээч эмч Д.Тогтохын гаргасан  37 дугаартай . . .Хохирогч Ч.Ганцоож нь элэгний няцрал, дотуур цус алдсаны улмаас нас барсан. .. талаарх

шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 66-67 /, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 68-74 /, туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг / 4-р хх-н 56-58 /, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Мөн Ч.Хонгшингид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Ялтан Ч.Хонгшинг түүний өмгөөлөгч М.Энхжаргал, Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нарын “Ч.Хонгшингид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл: Ч.Хонгшинг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх  бүрэлдэхүүн үзлээ.Иймд ялтан Ч.Хонгшинг түүний өмгөөлөгч М.Энхжаргал, Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт: “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Хонгшингид / Сhen Hongsheng / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 1 / нэг / жил, 1 / нэг / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж  1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад “даалгасугай“ гэсэн нэмэлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа ялтан Ч.Хонгшинг цагдан хорих байрнаас сулалсугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    

 

 

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ТУЯА

                                     ШҮҮГЧИД                                   Д. МӨНХӨӨ

                                                                                         Б.ДАМБА