Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 188

 

Б.Дөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Ч.Бийн өмгөөлөгч Ц.Амар, иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1498 дугаар магадлалтай, Б.Дөд холбогдох 201725021401 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2017 оны 05 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Дэлгэрхаан овогт Б.Д нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Б.Дийг 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 346 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөөс 117.357.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Эт 12.237.000 төгрөг, хохирогч Ч.Бт 105.120.000 төгрөг тус тус олгуулах,

нэр бүхий 6 иргэний өмчлөлийн газрын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрт, түүнчлэн 4 иргэний өмчлөлийн орон сууцанд хориг тавьсанд тус тус өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Д.Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Дөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэлдээ:Шүүгдэгч Б.Д нь 2016 оны 08 дугаар сарын 15, мөн оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч Р.Эаас ОХУ-аас ирсэн чихрийг хямд үнээр авч өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 18.642.000 төгрөгийг,

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-аас шоколад хямд үнээр оруулж ирж өгнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Ч.Бийг хуурч, нийт 106.840.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр тус тус залилан авч, бусдад нийт 125.482.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хохирогч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 2020/ДШМ/1498 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/896 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Дөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэсэн байна.

Магадлалд “...Б.Дийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэх үед түүний үйлдсэн гэх дээр дурдсан хэрэг илрээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шинээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухай гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасан байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Дөд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Дөд холбогдох эрүүгийн 201725021401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэх үед тэрээр 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 177 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялыг эдэлж дууссан байх тул түүнд холбогдох дээрх хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх үндэслэлгүй гэж үзэхээр байна
Түүнчлэн шүүгдэгч Б.Дийн урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон эрүүгийн 201725021401 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлэх, эсхүл Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ДШМ/1498 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Бадамаарагийн өмгөөлөгч Ц.Амар хэлсэн саналдаа: “Тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдэгдээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял нэмж нэгтгэх хууль зүйн боломжгүй. Анхан шатны шүүх Б.Дийн эрх зүйн байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолын 5,6,7 заалтад зохих өөрчлөлтийг оруулах саналтай байна. Бийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч гэж үзэх хууль зүйн бүрэн боломжтой тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хууль ёсоор хохирлыг хариуцах ёстой этгээд гэж үзэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Б.Д сүүлийн тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилээр хянан харгалзсан байна. 2002 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалздаг байсан бол одоо мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалттай болсон. Б.Д 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан үед гэмт хэрэг үйлдсэн боловч хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчлэх нь шүүгдэгчид ашигтай байх тул анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” хэмээн хуульчилсан. Шүүгдэгчийг тэнсэж хянан харгалзсан 2 жилийн хугацаа 2019 оны 05 дугаар сард дууссан байна. Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж үндэслэлгүйгээр хэргийг буцаах шийдвэр гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Дөд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д нь 2016 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд “ОХУ-аас ирсэн чихрийг хямд үнээр авч өгнө” гэж хуурч мэхлэн хохирогч Р.Эаас 18.642.000 төгрөг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд “ОХУ-аас шоколад хямд үнээр оруулж ирж өгнө” хэмээн хуурч мэхлэн хохирогч Ч.Баас 106.840.000 төгрөг тус тус залилан авч, бусдад нийт 125.482.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэснээс гадна гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Дийн хувьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан 2 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд тэрээр дээрх хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тул хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх хууль зүйн үр дагавар бий болоогүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Б.Дөд хоёр өөр тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу бөгөөд дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 болон 6.9 дүгээр зүйлд заасан ял нэгтгэх үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1498 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

    Б.БАТЦЭРЭН

    Ч.ХОСБАЯР

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ