Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 896

 

 

 

 

 

 

 

     

       

 

 

 

       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

хохирогч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар

иргэний хариуцагч Д.Бэ

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 5 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-нд ... төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай,

ял шийтгэл: ... оны ... дугаар сарын ..-ны өдөр .. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

.... дугаарын регистртэй, Д овогт Б-ийн Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Д нь 20.. оны ... дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч Р.Эаас ОХУ-аас ирсэн чихрийг хямд үнээр авч өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 18.642.000 төгрөгийг,

.... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр capын 25-ны өдөр хүртэл хугацаанд ОХУ-аас шоколад хямд үнээр оруулж ирж өгнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, энэ хэрэгт хохирогч Ч.Баас 106.840.000 төгрөгийг тус тус залилан авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 125.482.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэжээ.

 

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр холбогдсон хэргийнхээ талаар тодорхой ярьсан тул одоо дахин ярихгүй. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах болно гэв.

 

Хохирогч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2017 оны 2 дугаар сард манай ээжийн шавь Д утасдаад би чихэр, шоколад зарж байгаа. Цагаан сарынхаа чихэр шоколадыг хямд үнээр авах уу, би “Оргил” худалдааны төвд ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэр бас хэлэхдээ бид нар ОХУ-аас чихэр, шоколад өөрсдөө зөөж оруулж ирдэг. Захиалахдаа өөрсдөдөө давхар, хямд үнээр захиалга өгдөг гэхээр нь 2, 3 хайрцаг Макспан гэдэг шоколадыг хэрэглээндээ авсан. Гэтэл та зарж борлуулж үзэхгүй юу, би танд аргыг нь заагаад өгье, манайхаас хямдхан гэж хэлэхээр нь 15, 16 удаа шоколад авч үзсэн. Би өөрөө нялх хүүхэдтэй байсан тул хамаатныхаа Н гэдэг залууг гуйгаад Барс зах дээр зарж борлуулж үзсэн. Тэгээд болох юм байна гэж бодоод 3 дугаар сарын эхээр дахиад бид нар ОХУ руу шоколадаа захиалах гэж байна, та захиалга өгөх үү энэ боломжийг битгий алд гэхээр нь тэр үед ээж маань эмчилгээтэй байсан тул зардалд нь нэмэр больё гэж бодоод, хамгийн гол нь шавь нь байсан тул итгэсэн. Арай ч ингэж залилна гэж бодоогүй. Хохирлын тооцоо 106.840.000 төгрөг гэдгийг зөвшөөрч байна. Надаас хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 27-нд мөнгө авсан гэдэг нь үнэн. Би иргэний хариуцагчаар татагдсан Бэ гэх хүнийг танихгүй. Надаас 10 дугаар хороололд ирж мөнгө авахад Д, Бэ нар байсан. Машинтай ирээд одоо Сэлэнгэ рүү шоколад авахаар явах гэж байна, одоо яг ороод ирсэн байгаа. Мөнгөө энэ хүн рүү шилжүүлчих, одоо явах гэж байна гэж хэлсэн. Д бид хоёрыг ярьж байхад Бэ байсан. Д та хоёр нэг их юм яриад хэрэггүй гэж хэлээд мөнгийг нь Дөд авч өгсөн.

Би Бэтэй хамтдаа цагдаад гомдол гаргаагүй. Ер нь бол худлаа болчихоор нь л хэлэх ёстой юм байна гээд цагдаад хандсан. Д надад хохирлоос 1.720.000 төгрөг цувуулж буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 105.120.000 төгрөгөө нэхэмжилж байна.

Миний хувьд анхандаа хүлээлтийн байдалтай байдаг байсан. Нөхрөөсөө айгаад шоколад ирэхийг хүлээж байсан. Сүүлдээ худлаа болоод байхаар нь цагдаад хандсан. Үүнээс болж орон сууцаа барьцаанд тавьсан, одоо алдах гээд байж байна. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна, гомдолтой байна гэв.

 

Иргэний хариуцагч Д.Бэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоход надад татгалзах зүйл байхгүй. Энэ хэрэгт би өөрөө хохирогч болоод явж байгаа. Хамгийн сүүлд 110 хайрцаг шоколад авах гэж явж байгаад Б, Удвал гэх хүмүүстэй уулзсан. Түүнээс хойш Д нь бид нарын дунд худлаа яриад, хуураад яваад байгаа юм. Миний данс руу Б, Т гэх хүмүүсийн данснаас нийт 23.300.000 төгрөг орсон. Би өөрөө Дөөс мөнгө авах ёстой байсан болохоор Д Баас авч өгч байна гэж бодсон. Д надад хэлэхдээ бид нар хамтарч ажилладаг, энэ мөнгийг Б над руу шилжүүлэх ёстой гэж хэлсэн. Би энэ 2 хүний хоорондын харилцааг мэдэхгүй гэв.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дийг үргэлжилсэн үйлдлээр “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хэсэгт зааснаар яллажээ.

 

Уг хэргийг тус шүүх 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 310 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч Ч.Бийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа, Ц.Амар нар давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 729 дугаартай магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасан байдаг.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлээ “... шүүгдэгч Б.Дийн урьд ял шийтгэгдэж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэх нөхцөл байдал үүсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг хэрэглэх үндэслэлийг дурдаж, ... хэргийг нэг мөр шийдвэрлэх нөхцөл байдал үүсч болзошгүй тул сүүлийн гэмт хэрэг төгссөн цаг хугацааг тодорхой болгох үүднээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаав” гэжээ.

 

Магадлалд заагдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Дийн үйлдсэн “Залилах” гэмт хэргийн нэг үйлдэл болох хохирогч Ч.Бийг залилсан гэх үйлдлийн төгссөн цаг хугацааг “2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр” гэж прокурор тодорхойлоод 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол гаргасан байна. /5 хх-н 234-236/

 

Шүүгдэгч Б.Дийн үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэрэг үйлдсэн дээрх гэмт хэргийн төгссөн цаг хугацаа нь түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас өмнө байгаа нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй гэж үзэв.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн зохицуулалт нь хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангиар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалздаг бол 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”-ээр хуульчилсан.

Хууль хэрэглээний дээрх байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн заалтуудад нийцэх буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн агуулгад нийцнэ.

 

Хэрвээ тухайн хүнд /шүүгдэгчид/ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “Хорих ял оногдуулахааргүйгээр тэнссэн” бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтаар ял оногдуулахын тулд шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох асуудал хэлэлцэгдэнэ.

 

Прокуророос шүүгдэгч Б.Дөд дахин “Яллах дүгнэлт” үйлдэхдээ түүний хохирогч Р.Эт учруулсан хохирлын хэмжээг нэмж 18.642.000 төгрөг гэж тодорхойлжээ.

Хохирлын хэмжээг ингэж нэмж өөрчлөхдөө хохирогч Р.Эын охин гэх Энх-Амгалангийн Дгаас мэдүүлэг авсан байх бөгөөд тэрээр “... Рийн Э нь миний хойд эцэг, Эын эхнэр нь миний төрсөн эх Бэгзсүрэнгийн До байгаа юм. Аав Э, ээж До нар 2020 оны 1 дүгээр сард БНСУ руу ажил хийхээр яваад корона вирус гарсантай холбоотойгоор хил хаагдаад ирэх боломжгүй болчихоод байна. Хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй. Аав Э нь Д гэж хүнээс чихэр худалдаж авахаар нийт 18.815.000 төгрөг өгч залилуулсан байдаг. Аав Э Солонгос улсад байгаа, хохирсон асуудлынхаа талаар ирж мэдүүлэг өгөх боломжгүй учраас өөрийн гараараа хохирлын тооцоогоо бичиж явуулсан. Би түүнийг нь хэрэгт хавсаргуулахаар өгч байна” /5 хх-н 183-184/ гэж мэдүүлжээ.

 

Гэрч Э.Дгийн энэ мэдүүлгийг үндэслэн хохирлын тооцоог бүрэн нотолсон нотлох баримт гэж үзэхгүй тул хохирогч Р.Эын хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудад тулгуурлан өмнөх шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэмжээнд нь хэвээр үлдээв.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Рын Э “... би 2016 оны 4 дүгээр сард эхнэрийн хамт Бөмбөгөр худалдааны төвд хүнсний павилонд лангуу худалдан авсан. Үүнээс хойш 2016 оны 8 дугаар сарын үед Бөмбөгөр худалдааны төвөөр чихэр борлуулдаг гэх Д гэдэг залуутай танилцсан. Дөөс 2 удаа чихэр худалдан авч байсан. Тухайн үед Дийн зарж байгаа чихэр нь бусад газруудаас арай хямд байсан учраас худалдаж авсан. Яагаад ийм хямд байгааг нь асуухаар Д өөрийгөө Оргил худалааны төвд борлуулагч ажилтай гэж хэлсэн ба манай Оргил худалдааны төв ОХУ-с хямд үнээр чихэр оруулж ирдэг. ОХУ-с чихрээ захихдаа дунд нь хувь хүмүүс мөнгө нийлүүлээд чихэр хямд үнээр аваад зарж байгаа гэж хэлсэн юм. 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Д манай ажил дээр ирээд байгаа чихрийнхээ жагсаалтыг гаргаж надад санал болгосон. Авах чихрээ тооцоод үзэхээр 4.351.000 төгрөг болсон. Тэгээд тэр дороо Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар орж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа Бөмбөгөр худалдааны төв дээр очоод эхнэрийн Мобайл банкнаас Дийн 5029800408 ХААН банкны данс руу шилжүүлсэн. Д тэр орой чихрээ аваад хүрээд ирье гэж хэлсэн. Ирэхгүй болохоор нь Д рүү залгахад утсаа авахгүй байсан. Маргааш өглөө нь залгахад Д манай ажил дээр хүрч ирсэн. Ирэхдээ агуулахад 10 сая төгрөгийн чихэр байна, мөнгөө өгвөл нийлүүлээд аваад ирье гэхээр нь тэр өдрөө дахиад өмнө очсон нотариатын газар очоод 14.464.000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

Тэр өдрөө Бөмбөгөр худалдааны төв дээр очоод эхнэртээ хэлээд тэр хавиар чихэр зардаг лангуу ажиллуулдаг хүмүүсээс Дийг асуухад тэр хүнийг чихэр зардаг гэж таньж байхаар нь итгээд эхнэр дээрээ очоод Дийн данс руу 14.464.000 төгрөгийг Мобайл банкаар шилжүүлсэн. Тэр үед Д утсаар залгаад мөнгө шилжүүл гээд байхаар нь шилжүүлчихсэн. Д орой чихрээ авч ирнэ гэж хэлээд, залгах болгонд худал хэлээд ачиж байна, очиж байна гэж хэлээд чихрээ өгөлгүй байж байгаад нилээн сүүлд 10 сард санагдаж байна, Д ажил дээр ирээд Мишка болон хатуу чихэр нийлсэн 960.000 төгрөгийн чихэр өгөөд явсан. Үүнээс хойш 2017 он гарсны хавар нь Д ирээд дахиад 18.000 төгрөгийн хатуу чихэр өгөөд явсан. Үүнээс хойш 2017 оны 4 дүгээр сард 3 удаа ирж нийт 750.000 төгрөг шилжүүлсэн.

Дтэй гэрээ байгуулсныхаа дагуу гэрийн хаяг болон ажил дээр нь очиход гэрийн хаягаа буруу зааж өгсөн байсан. Дараа нь Оргил худалдааны төвийн агуулахыг хүнээр заалгаж байгаад Д гэж хүн ажилладаг уу, гэж асуухад тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд Дөд чамайг Оргил худалдааны төвд ажилладаггүй гэж хэлж байна шүү дээ гэхэд мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би итгэхгүй, тэгвэл гэр рүү чинь явъя гээд Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын хойд талд байрлах гэр хороололд очсон. Нэг хашаа руу ороход дотор нь монгол гэр байсан. Гэрт нь ороход 2 эрэгтэй хүн согтуу унтаж байсан. Д тэд нарыг хараад манай ах дүүс согтуу байна гээд утсаар хүнтэй яриад уурлаад гарахаар нь араас нь дагаад явсан. Тэгээд ээжийнхээ гэрийг зааж өг гээд явахад нь нэг хашаа руу ороод ээж усанд орох гээд явчихсан байна гэж хэлсэн. Бас эгчийнхээ утсыг худал хэлж өгсөн байсан.

Өөрийгөө Оргил худалдааны төвд борлуулагч ажилтай гэж хэлсэн. ОХУ-аас чихэр оруулж ирдэг гэж хэлээд, дараа нь Бөмбөгөр худалдааны төвд ажилладаг хүнээс Дийг асуухад чихэр зардаг гэж хэлэхээр нь итгэчихсэн юм. Надад чихрийн үзүүлсэн жагсаалт байхгүй. Гэхдээ төрөл бүрийн чихэр байсан. Жагсаалтад бичсэн байсан. Үнэ нь бусад газраас арай хямд байсан болохоор авахаар тохирсон юм. Дөд нийт 18.815.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Сүүлд Д 978.000 төгрөгийн чихэр өгсөн. Дараа нь 750.000 төгрөгийг Д миний эхнэрийн ХААН банкны дарс руу шилжүүлсэн. 17.087.000 төгрөг үлдэж байна. Үүнээс хамгийн анх Д 3.700.000 төгрөгийн чихрийг Бөмбөгөр худалдааны төвд өөр чихэр зардаг павилонуудад зарахаар өгсөн байсныг би очиж худалдагч нартай нь уулзаж мөнгийг нь авсан. Үүнийг Д өөрөө мэдэж байгаа. Тэгэхээр би 13.387.000 төгрөг нэхэмжилж байна. Манай эхнэр Доын ХААН банкны мобайл-аар шилжүүлсэн. Дансны хуулга авч болно. Манай эхнэр Солонгос улсад байгаа болохоор ирж чадахгүй. Чихрээ асуух болгонд Д удаа дараа худал хэлдэг” /2 дугаар хх-н 18-20/ гэж,

гэрч Юндэнноровын Сэвлэгмаа “... би уг асуудалд албан ёсны өмгөөлөгчөөр оролцоогүй. Эын эхнэр До манай бэр Бгийн хамаатан болохоор таньдаг юм. Тэгээд 2016 онд Э, До нартай холбогдож зөвлөгөө өгч байсан. Үүний дагуу Дийг дуудаад манай ажлын оффис болох Төмөр замын Удирдахын хойд талд Хану төвийн 3 давхарт Д, Э, До бид нар уулзсан. Д өөрөө хэлэхдээ цагдаагийн байгууллагад битгий хандаач ээ, удахгүй чихэр нь ирнэ, авсан мөнгөө борлуулагчдаа өгчихсөн гэж хэлж байсан. Удахгүй чихэр ирэхээр хэлье гээд түүнээс хойш удаа дараа холбогдоход удахгүй ирнэ ээ л гээд байсан. До, Э хоёр надад хэлэхдээ Дийг утсаа авахаа больчихлоо гэхээр нь би залгаж байсан. Намайг залгахаар утсаа аваад надтай яриад байдаг байсан юм. Тэрнээс хойш бараг сарын дараа санагдаж байна, Д над руу залгаад нөгөө чихэр маань ирчихлээ, таны ажил дээр аваад ирлээ гэхээр нь би юу гэж авдаг юм бэ гэхэд танд л чихрээ өгмөөр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлынхаа харуул руу залгаад ажил дээр хүн чихэр авч ирсэн байгаа эсэхийг асуухад нэг залуу хэдэн хайрцагтай юм авчирсан байна, дахиад авчирна гээд байж байна гэхээр нь би Э руу залгаад Дийг манай ажил дээр чихрээ авчирчихсан гэж байна, очоод ав гээд очсон. Э өөрөө хичнээн хайрцаг чихэр авсан гэдгээ мэдэж байгаа. Ямар ч байсан дараа нь асуухад чихрээ авсан байсан. Түүнээс хойш Д над руу залгаад та дансны дугаараа өгчих, мөнгө шилжүүлье гээд байдаг байсан. Тэгэхээр нь Эын данс руу шилжүүл гэхэд айгаад байна гэх зэргээр хэлээд байхаар нь өөрийнхөө Голомт банкны 2205115124 дугаартай дансаа өгсөн. Үүнээс хойш миний уг данс руу 2017 оны 3 дугаар сараас хойш 5 удаагийн үйлдлээр 1.150.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг мөнгийг шилжиж ирснийх нь дараа би Эт өгч байсан. Бэлэн болон бэлэн бусаар өгсөн. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250.000 төгрөгийг Д шилжүүлсэн байна. Би уг мөнгийг ямар нэгэн байдлаар хувьдаа ашигласан зүйл байхгүй. Д өмнө нь надаас ХААН банкны данс асуугаад байдаг байсан. Би өөрөө ХААН банкны дансаа ашигладаггүй болохоор Голомт банкны данс өгч байсан. Дтэй уулзсанаас хойш над руу залгаад олон шалтаг хэлдэг байсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл их ярьдаг байсан” /2-р хх-н 26/ гэж,

хохирогч Чулуунхүүгийн Б “ ... энэ жилийн Цагаан сарын өмнөхөн ээж Удвалын шавь Д утсаар ярьж мэнд асуугаад хямдхан шокалад байна, та авах уу гэсэн. Тэгээд манайд ирээд алфен голд, макс фан шоколад зарж байгаа, Оргил худалдааны төвд ажиллаж байгаа. Эмчилгээнд чинь нэмэрлэе та борлуулаад мөнгө олохгүй юу гэхээр нь өдөрт хэдийг өгөх боломжтой юм бэ гэхэд дээд тал нь 50 хайрцаг өгч чадна гэж байсан. Тэгээд Дөөс нийт 10 орчим удаа 1000 орчим хайрцаг шокаладыг дандаа бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Д шокаладнаас гадна кг-ийн чихэр, вок гээд Оргил худалдааны төвийн доод талд ороод үзээрэй тэнд байгаа бүх зүйл надад байгаа шүү гэдэг байсан. Миф вок 30 ширхэгийг бас авч байсан юм байна. Тэгээд би ээжийн эгчийн хүү Н, Н хоёрт худалдаж авсан шокаладаа өгч Барс, Орхон, Баянгол захууд дээр бөөндөж зардаг байсан. Макс фан шокаладыг 1500-2000 төгрөгөөр худалдан аваад 3000 төгрөгөөр, алфен голдыг 1000 төгрөгөөр аваад 1500 төгрөгөөр зардаг байсан. Олсон ашгаа Най хувааж авдаг байсан. Ер нь шокаладаа зараад буцаагаад л мөнгөөрөө шокалад аваад, ашиг олоогүй.

Гэтэл Д 3 сарын эхээр манай Г, Бэ 2 ах компани дээр шокалад захиалах гэж байгаа. Та энд амжаад захиалчих, би бас захиалж байгаа. Макс фан 1000 төгрөг, 14-21 хоногийн дараа ирнэ, гэж хэлэхээр нь би 3 сарын 3-ны өдөр манай нөхрийн найз Бгаас 10.000.000 төгрөг зээлж аваад Дөд бэлнээр өгсөн. Тэгтэл Д ийм боломж дахин олдохгүй шүү дээ. Дахиад нэмж захиалахгүй юм уу, гэхээр нь би нөхрийн төрсөн ах Зулын эхнэр Цомлонгоос 15.000.000 төгрөг зээлж аваад, 3 сарын 6-ны өдөр бэлнээр өгсөн. Тэгтэл Д, Н, Н хоёрт хэлээд хамт захиалахгүй юу гэхээр нь би тэр хоёрт тус болох гээд хэлтэл бид нарт мөнгө байхгүй болохоор Ганданд миний нэр дээр байдаг 2 өрөө байраа Финанс Секрит ББСБ-д найз Тыг гуйж байгаад 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Тэгээд ХААН банкинд байдаг хадгаламжаа барьцаалж 5.960.000 төгрөг зээлж аваад нийт 15.960.000 төгрөгийг 3 сарын 9-ний өдөр бэлнээр өгсөн.

Д нь манай нярав Г, нягтлан Бэ хоёр Мөнгөн гүүрийн тэнд мөнгийг нь тушаачихлаа, одоо захиалгаа хийчихлээ гэж хэлсэн. Удалгүй шокалад 4 сарын 1-нд 44 зах дээр бууна, хүн аргалах гэсэн юм мөнгө өгөөч, шокалад ирэхээр мөнгийг чинь өгнө гэж 3 сарын 18-ны өдөр 8.740.000 төгрөг 3 сарын 20-нд 2 сая төгрөг, 3 сарын 22-нд 3.500.000 төгрөг, 3 сарын 28-нд 2.000.000 төгрөг, 3 сарын 29-нд 1.500.000 төгрөг, 3 сарын 30-нд 2.000.000 төгрөг, 3 сарын 31-нд 2.000.000 төгрөг, нийт 21.740.000 төгрөгийг Дөд бэлнээр өгсөн. Тэгээд 4 сарын 1-ний өдрөөс хойш шокалад буучихлаа компаний кодыг солино, манай ах хөргүүртэй контейнр худалдан авсан. Шокаладнуудаа шууд тийш хийнэ. Тэгээд тэндээс нь аваад өгнө. Оргил худалдааны төвийн хашаанд оруулчихвал гаргаж чадахгүй. Сэлэнгийн гааль дээр саатчихлаа, манай шокаладнууд хөлөөрөө орж ирсэн юм байна. Г, Бэ хоёр Сэлэнгэ явчихлаа. Дарханы Хүслэн бөөний төвөөс машиныг нь аваад хил рүү явж байна. Ачаа буух гэхээр мөнгө хэрэгтэй байна. Бид нар анх удаа шокалад захиалж байгаа болохоор хугацаа дээр алдчихлаа, ямар ч байсан ирж байгаа. Манай 2 ах дүүрэн контейнр захиалсан, оройдоо буучихна гэх зэргээр ярьж байсан. 4 сарын 3-ны өдөр Д, Дархан, Эрдэнэт явж бараа тараалаа, мөнгө байна уу, шокалад ирэхээр өгнө гээд 3.400.000 төгрөгийг бэлнээр, 1.100.000 төгрөгийг Бний данс руу шилжүүлсэн. Тэгээд Бний 99153160 гэсэн дугаарт залгаад мөнгө шилжүүлчихлээ гэж хэлтэл, надад 5.600.000 төгрөг хийх ёстой шүү дээ гэж байсан. Тэгээд Д хонох газаргүй байна гээд байхаар нь би Эрдэнэтэд байдаг Энхцэцэг гэдэг найзаараа зочид буудал олуулж өгтөл, Д түүнээс би Оргил худалдааны төвд ажилладаг Б эгч хэлээгүй юу, би танд тус болно гээд 4 сарын 4-ний өдөр 6.000.000 төгрөгийг Бнийн данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд өнөөдөр, маргааш шокалад буулаа би танд өгч амаръя. Өөрийнхөө захиалсан шокаладнаасаа өгнө мөнгө олоод өгөөч гээд 4 сарын 6-ны өдөр 1.200.000 төгрөг, 4 сарын 12-нд 7.740.000 төгрөг, 4 сарын 25-нд 8.500.000 төгрөгийг Дөд бэлнээр өгсөн.

Мөн 4 сарын 19-ний өдөр Д, Бэтэй хамт ирж надтай уулзаад, одоо 16.200.000 төгрөг хүнд өгчихвөл юмнуудыг чинь гаргаж өгнө, мөнгө өгөхгүй болохоор шокаладуудыг минь барьцаалаад гаргаж өгөхгүй байна гэхээр нь машин зарсан мөнгө болох 16.200.000 төгрөгийг Бний данс руу шилжлүүлсэн. Тэгээд Д одоо буух гэж байна, ирэх гэж байна гэж байснаа сүүлдээ манай нөгөө хоёр шокаладнуудаа зах дээр тараачихсан байна, мөнгийг нь цуглуулж өгнө гэх зэргээр худал хэлж өнөөдрийг хүрсэн.

Тэгээд Дөөс мөнгөө нэхэхээр Г, Бэ хоёр миний бүх мөнгийг авсан гээд байгаа юм. Ингээд нийт 106.840.000 төгрөгийг Бэ, Г, Д нарт залилуулчихаад байна. 5 сарын 25-ны үед араас нь хөөцөлдөж байгаад Г, Бэ нартай уулзахад Дтэй танилцаад 1 сар болж байна. 5 сард танилцсан. Надаас 2-3 удаа шокалад худалдан авч байсан. Бид хоёр Дөөс мөнгөө авч чаддаггүй гээд 12.000.000 орчим төгрөгийн нотариатын гэрээгээ үзүүлж Г нь би байрны зээлтэй гээд л уурлаад байсан” /1 дүгээр хх-н 157-161/ гэж,

гэрч Цэрэнгийн Б “... 2017 оны 3 сарын эхээр шиг санагдаж байна, Д нь такси барьж байгаад надтай танилцсан. Тэгэхэд Д нь шоколад хүмүүсээс худалдаж авч, бөөгнүүлж байгаад Хятад улс руу гаргаж зардаг бизнес эрхэлдэг гэж байсан. Ингээд хол замд явдаг боловч км мөнгөөр нь тооцоо хийн өдөрт 100-150 мянган төгрөгийн хооронд такси барьж тооцоо хийдэг байсан тул нилээн итгэж эхэлсэн. Б гэх хүнтэй Д нь хамтарч ажилладаг, урагшаа хамтарч шоколад гаргадаг гэж хэлж байсан. Ингээд байж байтал Д нь их хэмжээний шоколад захиалчихсан чинь эргэлтийн мөнгө байхгүй болчихлоо, хямдхан 5000 хайрцаг шоколад олдчихлоо, хамтарч ажиллая, чамд ашиг гэж 5.200.000 төгрөг өгнө, чи 7 сая төгрөг өгчих, би шоколадаа аваад Хятад улс руу гаргаж ашгаа олоод эргүүлж 12.200.000 төгрөг өгье гэж хэлсэн.

Тэгэхээр нь би 2017 оны 06 сарын дундуур Дөд 7 сая төгрөг өгсөн. Тэгээд мөнгөө нэхэл дагуул болж байж арай хийж салгаж авсан. Надаас авсан мөнгөөрөө шоколад авсан эсэхийг эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан би Дөд бэлнээр өгөөд, шууд надаас аваад Бэд бэлнээр өгч байсан. Тэр хоёр хоорондоо юу гэж ярьж тохирсоныг мэдэхгүй. Бэ намайг байхад чи мөнгөө өгчих, би чамд шоколадыг хамаагүй, хэдий хэмжээгээр ч байсан авч ирж өгье гэдэг байсан” /1 дүгээр хх-н 168-170/ гэж,

гэрч Баатарын Г “... Д анх над руу Аллен голд шоколад авмаар байна гэж залгаж байсан. Манай байгууллага бол импортоор Алпен голд шоколад бохь, кофе зэрэг бүтээгдэхүүн оруулж ирдэг. Үүний дагуу Дийн хэлснээр Алпен голд шоколадыг худалдаалсан. Манай найз Бэ надаас шоколад худалдаж аваад Дөд зарсан. Дөд 3-4 удаа шоколад зарсан байдаг. Ингэж зарахдаа 2 удаа бэлнээр мөнгөө авсан, 2 удаа зээлээр өгсөн. Гэхдээ зээлээр өгөхөд эхний удаад нь 7 хоногийн дотор мөнгөө өгсөн байдаг. Дараагийн удаа бараг 2 сарын дараа мөнгөө өгсөн байдаг. Тэрнээс хойш Д олон удаа залгаж байсан. Гэвч би өмнө мөнгөө удааж өгсөн тул дахин шоколад зараагүй.

Гэтэл 2017 оны 6 сард санагдаж байна, миний гар утас руу Удвал гэх хүн залгаад Д надаас мөнгө аваад өгөхгүй байна, ОХУ-аас чихэр авчруулахаар өөрт чинь мөнгөө өгсөн гэж хэлсний дагуу залгаж байна гэж ярьсан. Тэр хүн Дийг дагуулаад манай ажил дээр ирж байсан. Тэр үед нь би болсон зүйлийн талаар хэлсэн. Би ОХУ-аас чихэр оруулж ирдэггүй. Өөрийнхөө ажлаа, борлуулалтаа хийгээд явж байдаг гэсэн” /2 дугаар хх-ийн 27/ гэж,

Дашзэвэгийн Бэ гэрчээр мэдүүлэхдээ “... 2017 оны 3 сарын сүүлээр Д гэдэг хүнийг таньдаг болсон. Манай найз Г Цахиурт нэртэй компанид борлуулагчаар ажилладаг юм. Тэр үед Д манай найз Гаас 100-200 хайрцаг Алпен голд нэртэй шоколад авмаар байна, их хэмжээгээр гаргаж өгч чадах уу гэхээр нь Г надад хэлээд очоод уулзаадах, бэлэн мөнгөөр авна гэж байна. Ямар учиртай юм бол гэхээр нь хэд хоногийн дараа Нарны гүүрний замын баруун талд байрлах 2 давхар шар байрнуудын орчим Дтэй уулзсан. Дөөс энэ их шоколадыг хаана борлуулдаг юм бэ гэхэд БНХАУ руу гаргадаг, их хэмжээгээр авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд захисан 150 хайрцаг буюу 3000 ширхэг шоколадыг бэлнээр худалдаж авсан. Ингэж зарахдаа зах зээлийн бөөний үнээс 50 төгрөгний үнээр худалдаж авсан. Үүнээс хойш Д над руу залгаад дахиад шоколад худалдаж авмаар байна гэхээр нь Гаас очиж 100 хайрцаг шоколад бэлнээр зарсан. Зарахдаа ямар нэгэн зарлагын баримт үйлдээгүй.

Үүнээс хойш дахиад хэд хоногийн дараа зээлээр шоколад авмаар байна гэхээр нь Гаар дамжуулаад хэлэхэд хэрвээ зээлээр авбал гэрээ байгуулж байж болъё, гэхдээ гэр орон нь хаана байдгийг мэдэж аваарай гээд намайг хариуц гэж хэлсэн. Тэрний дагуу Дтэй холбогдож Зээлийн гэрээ байгуулсан. Эхлээд 12 сая төгрөгний зээлийн гэрээ байгуулж, уг үнэдээ таарсан шоколад зарсан. Нийт 2 удаа зээлээр шоколад өгсөн, 28 сая төгрөгний зээлийн гэрээ  байгуулсан. Уг мөнгөө нилээн удаж байж, хойноос нь хөөцөлдөж байж мөнгөө олж авсан.

Бид нар чихэр зардаггүй, өөрөө шоколад худалдаж авна гэж хэлдэг байсан. Дтэй нийт 5 удаа шоколад зарсан байна. Эхний хоёр удаад өөрөө мөнгөө бэлнээр өгсөн, дараагийн зээлээр шоколад авахдаа нилээд удаж байж мөнгөө өгсөн. Хамгийн сүүлд 2017 оны 5 сарын дундуур 210 хайрцаг буюу 6 сая орчим төгрөгний шоколад аваад одоог болтол мөнгөө өгөөгүй байгаа. Дөөс болж Г бид хоёрын нэр их баригдаж явна.

Хүмүүс Дөөс авлагаа нэхэхээрээ Г бид хоёроос мөнгө авах ёстой гэсэн зүйл яриад, хүмүүс бид хоёроос мөнгө нэхээд байгаа юм /2 дугаар хх-24-25/ гэж,

Дашзэвэгийн Бэ иргэний хариуцагчийн тайлбар гаргахдаа “... намайг иргэний хариуцагчаар татаж байгааг мэдпээ. Би энэ тоггоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө удаа дараа хэрэгт яллагдагчаар, гэрчээр, иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэрэг асуудал болон миний ХААН банкны дансаар орсон 1.100.000 төгрөг, 6.000.000 төгрөг, 16.200.000 төгрөгнүүд ямар учиртай болох талаар би удаа дараа мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Дөд Гаас авч зээлээр өгсөн шоколадны мөнгийг эргүүлж өөрийн дансаараа аваад Гын данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Г цааш нь компани руугаа өгч байсан байдаг. Хэрэгт гаргаж өгсөн дансны хуулгаар бүгд харагдана. Мөнгө ямар учиртай талаар өмнө мэдүүлэгтээ ярьсан учраас дахиж ярих шаардпагагүй гэж үзэж байна. Харин Иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би зүгээр мөнгө аваад цааш нь бусдад дамжуулж өгч байсан /5 дугаар хх-н 28/ гэж,

гэрч Амарсанаагийн О“... Г, Бэ гэх хүмүүсийг харж байгаагүй, танихгүй. Харин Дийг танина. Гэхдээ ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. ... гэтэл зарын дагуу одоо нэрийг нь мэддэг болсон Д 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ирж уулзаад түрээслэх талаар нь ярихаар нь манайх сарын 700.000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд Д нь шууд ТҮЦ-ээ зарах уу гэхээр нь манайх 5.500.000 төгрөгөөр авч байсан. Энэ үнээрээ зарах болно гэхэд за худалдаж авья гэж хэлээд тэр өдрөө бэлэн 5.500.000 төгрөг тоолж өгөөд худалдаж авсан. Мөнгийг эгч Оюунцэцэг нь байлцаж байгаад авсан ба ТҮЦ нь ямар нэгэн зөвшөөрөлгүй, эзэмших гэрчилгээ байхгүй тул шууд мөнгөө өгөөд, Дөд түлхүүрийг нь өгсөн. ... Д нь би Солонгос улсад ажиллаж байгаад ирээд удаагүй байна, хороололд гэр байдаг, Солонгос улсад ажиллаж байгаад олсон мөнгөөрөө энэ ТҮЦ-ийг худалдаж аваад Монголд наймаа хийж үзэх гэж байгаа юм гээд байхаар нь зарчихсан юм. Тухайн үед Д цүнхэнд мөнгөө хийчихсэн явж байсан ба шууд цүнхнээсээ гаргаж ирээд тоолж байгаад мөнгөө өгч байсан. Цаана нь өөр ч мөнгө байсан” /1-р хх-н 181-182/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Мөн өмнө нь шүүгдэгч Б.Дөд холбогдох энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад

хохирогч Ч.Б “... 2017 оны 2 дугаар сарын эхээр Д манай ээжийн бие муу байхад хаанаас дугаарыг нь авсныг мэдэхгүй, манай ээж рүү яриад багшаа би чихэр, шоколад зарж байгаа, та Цагаан сарын чихэр, шоколадаа авах уу гэсэн байдаг юм. Тэгээд маргааш нь ирэхдээ урдаа цүнхтэй, баахан мөнгөтэй, 2-3 утас халаасандаа хийчихсэн орж ирсэн. Эхний ээлжинд Цагаан сараар хэрэглэх 10 хайрцаг шоколад авсан. Дараа нь багшаа та хямдхан шоколад авч эмчилгээндээ хэрэглэхгүй юм уу гэхэд нь 10 хэдэн хайрцаг шоколад авсан. Би “Оргил” бөөний төвд ажиллаж байгаа, манай ажлын нярав, нягтлан Гочоо, Ганаа гэх надтай цуг ажилладаг ах нар байдаг. Тэр ах нар Оросоос шоколад оруулж ирдэг. Бид нар өөрсдийнхөө барааг зарж байгаа гэж хэлж байсан. Цагаан сарын дараа багшаа шоколад Орос руу захиалах болчихлоо энэ боломжийг алдаж болохгүй. Одоо захиалахгүй бол дараа хагас жилийн дараа захиалах болох нь гээд 3 дугаар сарын 3-ний өдрөөс эхлээд зогсоо зайгүй утасдсан. Өмнө зарж үзэхэд ашигтай юм шиг санагдаад анх 3 дугаар сарын 03-ны өдөр Б гэж найзаасаа 8.000.000 төгрөг зээлж авч байсан. Д мөнгөө дандаа бэлэн авдаг байсан, дансаар авч байгаагүй. Би ах дүүгээсээ мөнгө олчихлоо өөрөө давхар захиалах гэж байна. Та ахиад захиалах юм уу гэж шавдуулсаар байгаад нөхрийн ах болох Алтанзулын эхнэр Цгоос 21.500.000 төгрөгийг зээлж авч өгсөн. Энэ мөнгөний 15.000.000 төгрөгийг нь дансаар аваад 6.500.000 төгрөгийг нь гэрт нь очиж бэлнээр авсан. Тэгээд Дөд дандаа бэлэн өгч байсан. Одоо захиалга дуусч байна. Захиалгаа хаах гэж байна. Шивж дууслаа гэхээр нь өөрийн эзэмшлийн орон сууцыг 4 хувийн хүүтэй үл хөдлөхөд 3 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийн барьцаанд тавиад Дөд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо хүртэл байраа авч чадаагүй. Хүү нь яваад 20.000.000 гаруй төгрөг болсон. Байраа авмаар байна. Тэрээр хэлэхдээ 14-30 хоногийн дотор воганаар ирнэ, таны захиалга явчихлаа гэдэг байсан. 40.000.000 гаруй сая төгрөгийг шоколад захиална гэж өгсөн. Ээжийн найз Дуламсүрэнд 11.500.000 төгрөгийг хадгаламж барьцаалаад өгчихсөн байсан. Тэр эгчээс 1.229.000 төгрөгийг бэлнээр аваад дансаар 731.000 төгрөг авч 3 дугаар 09-ний өдөр 1.960.000 төгрөгийг Дөд өгсөн. 3 дугаар сарын 18 болж байтал одоо хөргүүртэй контейнраар авах гэж байна, шоколад маань ирэх гэж байна, яаралтай мөнгө хэрэгтэй гээд байна гэж хэлээд 8.740.000 төгрөгийг Дуламсүрэн гэж багшид зээлүүлсэн байсан мөнгөнөөсөө удаа дараа нэхэж байгаад тэр өдөр бэлнээр өгч байсан. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг хадгаламжаа зээлээд хадгаламж барьцаалсан зээл авч өгч байсан. 3 дугаар сарын 22-ны өдөр 2.800.000 төгрөгийг ХААН банкны хадгаламжаа барьцаалж зээл авч өгсөн. Энэ мөнгөнүүдээр ТҮЦ дэлгүүрээ авч байсан юм байна. 3 дугаар сарын 28-ны өдөр 1.950.000 төгрөгийг “Сайн” нэртэй ломбардад алт, мөнгөн эдлэлээ барьцаалж зээл авч өгсөн. 3 дугаар сарын 29-ний өдөр 1.510.000 төгрөгийг мөн алт, мөнгө барьцаалж зээл авч өгсөн. 3 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг ээжийн найз С багшид зээлүүлсэн байсан мөнгөнөөс  авч бэлнээр өгсөн. 3 дугаар сарын 31-ний өдөр 1.600.000 төгрөгийг “Сайн” ламбордад ээжийн эгчийн эд зүйлсийг барьцаалж Дөд авч өгч байсан. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шоколад одоо ирэх гэж байна, саатаад гацаад байна, яаралтай мөнгө хэрэгтэй байна, тээврийн зардлын асуудал гараад байна гэхээр нь 3.400.000 төгрөгийг ээжийн найз С гэж багшид зээлүүлсэн байсан мөнгөнөөс 4.500.000 төгрөг аваад тэр өдрөө Бэ гэдэг хүн рүү шилжүүлчих, Сэлэнгийн гааль дээр байгаа гэхээр нь 1.100.000 төгрөгийг Бний данс руу шилжүүлсэн. Би өөрөө Эрдэнэт явж байна. Дарханы Хүслэн гээд бөөний төв рүү бараа өгөх гээд явж байна. Эрдэнэт рүү явж байна. Эрдэнэтэд хонох ажилтай буудал олоод өгөөч гэхээр нь Энхцэцэг гэж найзынхаа утсыг өгсөн. Тэгсэн очоод найзыг маань залилаад 6.000.000 төгрөг авчихсан байсан. Тэр үед багахан хэмжээний шоколад машиныхаа ард хийчихсэн явж байсан байна лээ. Тэрийгээ өгөөд 6.000.000 төгрөгийг Бний данс руу 4 дүгээр сарын 04-ний өдөр Хишигдүүрэн шилжүүлсэн. 4.500.000, 1.500.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн байсан. Дараа нь хүмүүс нь 2 портер аваад Хишигдүүрэн, эхнэр найзуудтайгаа Дархан ороод чихэр, шоколадаа бүтэн өдөржингөө хүлээсэн. Д одоо очиж байгаа гээд холбогдохгүй дугаарууд өгсөн байсан. Тэгээд тэр хүмүүс нь хот руу ирээд надаас өдөр шөнөгүй мөнгөө нэхээд Дийг хайж зөндөө явсан. 6.000.000 төгрөгийг нь нөхрийнхөө машин зарсан мөнгөнөөс би өөрөө төлж өгсөн. С багшид зээлүүлсэн мөнгөнөөс бас хувааж байгаад Хишигдүүрэнгийн хохирлыг барагдуулсан. 4 дүгээр сарын 12-ны өдөр Ганаа, Гочоо хоёр Сэлэнгэд шоколадаа авах гээд хүлээж байна. Яаралтай мөнгө шилжүүл гээд байна. Та яаралтай мөнгө олж өгөөч гээд байхаар нь өөрийн 3 хүүхдийн ХААН банкны хугацаатай хадгаламжийг барьцаалж 1.280.000 төгрөгийг Дөд бэлнээр өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3.600.000 төгрөгийг С гэж багшид зээлүүлсэн мөнгөнөөс авч бэлнээр өгсөн. Дандаа унаа тэрэг саатлаа, хөлөөрөө орж ирэх боллоо гэдэг байсан. 4 дүгээр сарын 19-ний өдөр хөлөөрөө орж ирэхээр боллоо том машины мөнгө заавал өгөх хэрэгтэй боллоо гээд Бний данс руу 16.200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхэд манай байрны гадаа Бэ өөр нэг хүн, Д гурвуулаа ирсэн. Тухайн үед Д эгчээ та юу ч битгий хэлээрэй. Энэ хүмүүс чихэр, шоколад өгнө. Одоо шууд цаашаа гараад явчихна гэсэн. Тэгэхээр нь Бэ гэж хүнтэй нэг ч үг солиогүй. 10 дугаар хорооллын ХААН банк руу ороод 16.200.000 төгрөгийг Бний данс руу шилжүүлсэн. Дотор байхдаа би нэг зураг авч байсан. Тэрнээс юм яриагүй. Бэ өөрөө мэдэж байгаа. Д, Бэ хоёр гадаа уулзаад хоорондоо юм ярьцгаагаад байсан. 4 дүгээр сарын 22-ны өдөр хөргүүртэй контейнр ирлээ, буулаа, гаалийн мөнгө гээд 6.700.000 төгрөгийг нэхээд байхаар нь С багш, Дуламсүрэн багш нарт зээлүүлсэн байсан мөнгөнөөсөө авч өгч байсан. Хамгийн 5.500.000 төгрөгийг шоколад зах дээр ирчихлээ одоо гаргаж өгөх гэж байна гээд 4 дүгээр сарын 25-ны өдөр 5113104224 дугаартай хугацаат хадгаламжаа цуцлаад тэндээсээ авч өгч байсан. Энэ өөрөө хажууд хараад зогсож байсан. Би хамаг юмаа шавхлаа шүү гэж хэлээд өөрт нь өгч байсан. Ингээд нийт 19 удаагийн үйлдлээр залилсан. Маш их гомдолтой байна. Дийг хүн амины хэрэг үйлдсэн гэж үзэж байгаад. Яагаад гэхлээр Дөөс болж манай ээж нас барсан.

Дийн авсан нийт мөнгөнөөс 23.300.000 төгрөг Бний данс руу орсон тул энэ мөнгийг Бээс гаргуулж авна” гэж,

иргэний хариуцагч Д.Бэ “... манай найз Г Цахиурт гэх компанид борлуулагч хийдэг байсан. Тухайн үед над руу утсаар яриад их хэмжээний шоколад авна гэсэн хүн байна, очоод уулзаадах гэж хэлсэн. Очиж уулзахад Д байсан. Дийн эхний 2 ээлжийн худалдан авалт нь бэлэн мөнгө байсан. 100-аас дээш хайрцаг шоколад авсан. Г нь компаний борлуулагч тул үнэ нэмж зарж болохгүй. Тэгээд над руу яриад чи наадах хүнтэйгээ очиж уулзаад дээр нь хэдэн төгрөг нэмээд зар гэж хэлсэн. Дийг анх Доржсүрэн гэх жолоочтойгоо ирэхэд нь харж байсан. Г бид хоёр хар багаасаа бие биеэ мэддэг учир би шоколадаа Гаас итгэлцлээр авдаг байсан. Г нь Нарантуул зах, Бөмбөгөр зах, Барс захуудыг хариуцдаг байсан учир шоколадыг ямар ч хэмжээгээр гаргаж чаддаг байсан. 3 дугаар сарын дунд үед эхний нэг, хоёр худалдан авалт хийгээд дараанаас нь зээлээр авъя гэсэн. Зээлээр авахдаа 1750 төгрөгийн “Alpen gold” шоколадыг 2000 төгрөгөөр худалдаж авъя, 3500 төгрөгийн “Max pun” шоколадыг 4000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн. Гын борлуулалтаас би авч борлуулахдаа дээр нь өөрөө мөнгө нэмдэг байсан. Тэгээд авсан шоколаднуудынхаа мөнгийг буцааж Гт өгөөд өөрөө нэмсэн зөрүү мөнгөө авдаг байсан. Д зээлж авсан мөнгөө дандаа удаадаг байсан. Чи ийм их хэмжээний шокодладыг хаашаа борлуулдаг юм бэ гэж Дөөс асуухаар Хятад руу гаргадаг. Манай ах Төмөр замын цагдаад ажилладаг учир воганаар гаргадаг юм. Хятадад манай хамаатны Заяа гэж эгч байдаг. Тэр хүн тэндэх асуудлыг хариуцдаг. Шоколадаа урагшаа гаргаад монгол мөнгөөр нэг шоколадыг 12.000 төгрөгөөр зарж их хэмжээний ашиг олдог гэж хэлж байсан. Зээлээр авчихаад 7 хоног, 10 хоног янз бүрийн хугацаагаар буцааж өгдөг байсан. Дтэй зээлийн гэрээг Г өөрөө байгуулсан. Дөөс над руу орж ирдэг байсан мөнгө буцаад миний данснаас Гын данс руу ордог байсан. Энэ нь Гын дансны хуулга болон миний дансны хуулганаас харагдана. Дундаас нь миний ашиг үлддэг байсан. Өөр байдлаар илүү дутуу мөнгө авч байгаагүй. Г компаныхаа борлуулалтыг сарынхаа эхэнд хийгээд сарын сүүлээр зээлүүлсэн мөнгөө авдаг байсан. Г компанитайгаа өр авлагагүй. 4 дүгээр сард 4.600.000  төгрөгийн 250 хайрцаг шоколад зээлээр авсан. Энэ мөнгөө өгөхгүй худал үнэн хэлээд байсан.

Тэгсэн нэг өдөр Г над руу утасдаад Д чинь Бөмбөгөр худалдааны төвд явж байна. Хүнээс их хэмжээний шоколад зээлээр авъя гээд явж байсан байна гэж хэлсэн. Нөгөө хүн нь Гаас 100-200 хайрцаг шоколад авъя гэсэн юм билээ. Өмнө тийм их хэмжээний барааг худалдааны төвүүд авдаггүй байсан. Тэгэхээр нь Г гайхаад яагаад ийм их хэмжээний шоколад авах гэж байгаа юм бэ гэхэд надаас нэг хүн авъя гэсэн юм аа гэхээр нь ямар хүн байна гэсэн чинь Д байсан байгаа юм. Тэгсэн Г над руу утсаар яриад энэ Д чинь худлаа яриад явж байна, 14.000.000 төгрөгийн шоколадны үнээ яг одоо олж ир гэсэн. Тэгэхээр би дүүгээ дуудаж өөрийнхөө машиныг бариулаад Дийг олж уулзаад чи яагаад худлаа яриад байгаа юм бэ?, мөнгөө авъя гэхэд 10 дугаар хороололд манай эгч рүү очъё, би эгчээсээ авч өгье гэсэн. Тэгээд 10 дугаар хороололд очиход Б гэх энэ эмэгтэй байсан. Д өөрөө Бтай ярьж байсан. Би юу ч яриагүй. Тэгээд Б над руу 16.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би тэр мөнгөнөөс өөрийн ашгаа аваад бусад мөнгийг нь Гын данс руу шилжүүлчихсэн. Г компани руугаа шилжүүлсэн гэсэн. 16.200.000 төгрөг нь Дийн 3 дугаар сарын сүүлээр билүү 4 дүгээр сарын эхээр зээлээр авсан шоколадных нь мөнгө юм. Гэтэл одоо шал өөр юм яриад байна.

Г би Дтэй дахиж наймаа хийхгүй. Наадах хүн чинь худлаа яриад байна гэсэн. Тэгээд 4 дүгээр сарын 20-иос эхлээд 5 дугаар сарын эхэн үеэр над руу маш олон удаа залгаад мессэж бичээд надад нэг удаа боломж олгочих. Миний бараа хилээр гарах нь тодорхой байгаа гэхээр нь би хүнээс мөнгө зээлээд 4.000.000 гаруй төгрөгийн 110 ширхэг “Max pun” шоколад Дөд өгсөн. Миний бүх юм болж байна. Бүтэж байна гээд өгөхийн аргагүй байдалд ортол ярьдаг байсан. 110 хайрцаг шоколадыг аваачиж өгөхөд Уранчимэг гээд найз нь байсан. Тэр өгсөн шоколадныхаа мөнгийг авч чадахгүй явсаар байгаад дунд нь над руу 500.000 төгрөг шилжүүлсэн. 6.120.000 төгрөгийг над руу шилжүүлээгүй. Тэгээд энэ мөнгөө авъя гэж хөөцөлдөж яваад уулзахад би 8 сая болгож өгнө. 10 сая болгож өгье гэхээр нь би хоёулаа нотариат ороод зээлийн гэрээ хийе гэсэн.

Гэтэл Д нь зээлийн гэрээ хийж яах юм бэ ахаа, би таниас бэлэн мөнгө авсан болоод наториатаар орчихъё гээд байсан. Тэгж наториат орж байсан. 5 дугаар сард би хөдөө явчихаад ирсэн чинь Г над руу Б, Удвал өөр нэг эмэгтэй ярьсан. Бэ, Г хоёроос 106.000.000 төгрөг ав гэсэн гэнэ ээ, ямар учиртай юм бэ, уулзая гэсэн. Тэгээд Г, би, Бамдаараг, Удвал, бас өөр 2 хүн /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ бид зургаа уулзаад Сүхбаатар дүүрэгт байрлах Дийн ТҮЦ-ний гадаа очоод утсаар ярихад худал яриад байхаар нь Бт ингэж худал хэлж байгаа хүн та нарт ч гэсэн худал хэлсэн байна. Хэдүүлээ учраа олъё. Гэрийг нь олж уулзая гэсэн. Гэтэл Д нь хохирогч Удвал, Б нар руу та нар манай гэр рүү очвол би амиа хорлоно гэж мессэж бичиж байсан. Би тухайн үед энэ хүний ингэх хамаагүй. Бид нар нэр төрөө цэвэрлэж авмаар байна гээд гэрт нь очиж ээжтэй нь уулзсан. Уулзсан бичлэгээ CD-гээр баталгаажуулаад хавтаст хэрэгт өгсөн байгаа.

Би хохирогч Б, Удвал нарт цагдаад хандая гэж хэлсэн. Дийн ээж нь ч гэсэн өгдөг газар нь өгөөд явдаг газраар нь яв гэсэн. Тэгээд 6 дугаар сарын эхээр цагдаад гомдол гаргаж байсан. Түүнээс хойш одоог хүртэл шүүх, цагдаагаар явж байна.

Д нь баримт нотолгоотой, зээлийн гэрээтэй, худалдаж авсан зарлагын падаантай байж өнөөдөр ингэж худал хэлж болохгүй. 3 хоноод өгье гэдэг байсан. Би чи өөрийн төлж чадах хугацаагаа хэлчихээ гэдэг байсан. Би 23.300.000 төгрөгийг төлөхгүй. Би тэр мөнгийг Гын данс руу хийсэн. Хийсэн нь ХААН банкны дансны хуулгаар батлагдана. Дийн 23.000.000 төгрөгийн бараа, авсан зарлагын падаан, зээлийн гэрээ байгаа. Харин би Дөөс 5.620.000 төгрөгийн авлагатай” гэж тус тус мэдүүлжээ.

 

Иймд Д овогт Бийн Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Түүнчлэн “залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.Д нь “Си Би Эйч Кейр” ХХК-ний борлуулагч Б.Гаас түүний найз Д.Бээр дамжуулан “Alpen gold”, “Max pun” гэх нэртэй шоколадуудыг авч, өөрийн дунд сургуулийн ангийн багш болох Ө.У, түүний охин энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Б нарт өгдөг байхдаа тэрээр дамжуулан борлуулагч Д.Бэд “... шоколадыг Хятад улс руу гаргаж өндөр үнээр зардаг ...” гэж хэлдэг байжээ.

 

Харин шүүгдэгч Б.Дийн нэр төрлийн шоколад, бусад эд зүйлс зарж байгаа үйлдэл нь иргэн Ө.У болон түүний охин Ч.Бийн шүүгдэгч Б.Дөд итгэх итгэл төрүүлж, тэдгээрийн итгэлийг олж авсны улмаас буюу 2017 оны 3 дугаар сараас эхлэн “... ОХУ-аас шоколад оруулж ирж байгаа, ... Сэлэнгийн гааль дээр ирээд гацсан байна, ... тээвэрлэлтийн зардлын мөнгө хэрэгтэй байна” гэх мэтчилэн хуурч, төөрөгдөлд оруулж хохирогч Ч.Б, түүний хамаарал бүхий хүмүүс болох хамаатан садан, найз нөхдөөс нь нийт 106.840.000 төгрөгийг залилаж авчээ. Гэхдээ энэ мөнгийг шүүгдэгч Б.Д зөвхөн хохирогч Ч.Баас авч байсан, бусад хүмүүс нь зөвхөн Ч.Бт өгч байсныг онцлон дурдах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл 2017 оны 3 дугаар сараас эхлэн 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Д нь борлуулагч Б.Г, түүний найз Д.Бэ нараас шоколад бодитойгоор авч байсан гэхээс илүүтэйгээр зөвхөн өөрөө шоколад оруулж ирж байгаа мэт сэтгэгдэлийг хохирогч Ч.Б, түүний хамаатан садан, хамаарал бүхий хүмүүст төрүүлж, тэдгээрийг төөрөгдүүлэн, зохимол байдлыг бий болгож нийт 106.840.000 төгрөг залилан авчээ.

 

Дээрх үйл баримтуудын талаар мөрдөн байцаалтын явцад

Алтанцэцэгийн Н хохирогчоор мэдүүлэхдээ “... 2017 оны Цагаан сарын өмнө хадам эгч Удвал манай шавь Д хямдхан шокалад зардаг юм байна, гэхээр нь Дөөс 2 хайрцаг шокалад эд зүйл худалдаж авсан. Дараа нь Д мөнгөө өгчих юм бол их хэмжээгээр хямдхан шокалад олоод өгье гэхээр нь Б бид хоёр мөнгө олж шокалад авах болсон. ... Г, Гочоо гэх хүмүүсийн нэрийг барьж худал хэлж намайг залилсанд гомдолтой байна. ... Дтэй уулзаад чи одоо 100.000.000 төгрөгийн өртэй байхад чинь нэмж чамаас мөнгө нэхэхгүй, боломжоороо өгчих гэхээр чи надаас дахиад 100 саяыг нэхлээ гээд худлаа уурлаж зугтаадаг. Залгахаар утсаа авдаггүй. Тэгээд 3, 4 дүгээр хорооллын эцэст хараал сайн хийдэг хүн дээр очиж байгаа, тэр хүн надад их сайн юм хийж өгдөг гэдэг байсан” /1-р хх-н 121-123/ гэж,

Нацагдоржийн Н гэрчээр мэдүүлэхдээ “... Г, Бэ гэх хүмүүсийг ерөөсөө танихгүй, уулзаж байгаагүй ба 2017 оны 7 дугар сараас эхэлж нэрийг нь Д гэж хүнээс мэдэж эхэлсэн. Дийг 2017 оны 2 дугаар сарын сүүлчээр тантдаг болсон ба миний нагац эгч талийгаач Удвалын 10 жилийн ангийнх нь хүүхэд, гадуур хүмүүсээс хямд үнээр шокалад авч буслад зарж байгаа гэдгээр нь мэдэж эхэлсэн. Үүнээс эхэлж Дтэй манай эхнэр Н, үеэл эгч Б нар холбогдож шокалад хямд үнээр авах болоод улмаар урьдын явцад бий болсон итгэлцэлийг ашиглан ОХУ-аас хямд үнээр их хэмжээний шокалад оруулж ирнэ гэж мөнгө залилаж авсан гэдгээр нь мэднэ. Би анх Дтэй Б эгчээр дамжуулж танилцан 2017 оны 3 дугаар сард уулзсан. Тухайн үед Д нь би Оргил худалдааны төвд ажилладаг, миний ахын найз Гочоо нь Оргил худалдааны төвийн ерөнхий нягтлан, Ганаа гэх ах няравыг нь хийдэг, би борлуулагч хийдэг, манайх 14 хоног ажиллаад 14 хоног амардаг, энэ хугацаанд агуулахаас хямд үнээр шокалад гаргаж хүмүүст зардаг, би та нарт хямд үнээр шокалад өгье, багшийн дүү учраас та нарт туслая, та нар цааш зарж өөрсдөө мөнгөө олцгоо гэж хэлсэн. ... Үүнээс манай эхнэр Н нь тусдаа Дөд хулхидуулж нийт 16.400.000 төгрөгний шокалад худалдаж авна гэж өгөөд түүнээс эргүүлж 5.800.000 төгрөгийн шокалад авсан. Одоо үлдэгдэл 10.600.000 төгрөгийн хохирол манай гэрт учраад байна. ... Одоо бүр ярьж байгаа бүх зүйл нь худлаа болоод байгаа.

Мөн анх шокалад захиалж эхлэх үед албаар манай эхнэр Н, үеэл эгч Б нарын дунд Д нь барааг нэг нэгэнд нь өгчихсөн, ашгийг нөгөө хоёр чинь идчихсэн байна гэх зэргээр худлаа ярьж гэр бүлийг хооронд нь хэрэлдүүлэн, улмаар тус тусад нь худлаа хэлж мөнгө нэмж авах болон хугацаа маш ихээр хожиж байсан. Мөнгөө авах талаар удаа дараа нэхэж уурлаж байсан удаа байгаа. Тэр болгоныг Д нь хэтрүүлж, айлган сүрдүүлж дарамталлаа, цохиж зодлоо гэж яриад байгаа юм. Ямар нэгэн байдлаар Дийн биед гар хүрээгүй” /1-р хх-н 179-180/ гэж,

Ганболдын Б иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ “... би Баатарын Г, Дашзэвэгийн Бэ, Бийн Д гэх хүмүүсийг танихгүй, харж байгаагүй хүмүүс байна. Харин Чулуунпүрэвийн Б гэж хүнийг танина. Бийн нөхөр нь манай найз байгаа юм. Найз нөхдийн холбоотой, байнгын уулздаг найзууд. Одоо нөхөр нь Солонгос улсад байгаа, Б нь гэртээ, 3 хүүхэдтэйгээ байдаг гэдгээр мэднэ. ... Б нь 2017 оны 2 дугаар сарын 20-доор шиг санагдаж байна, надтай уулзаж эрхэлж байгаа ажлынхаа талаар ярихдаа хувь хүнээс хямд үнээр шокалад бөөнөөр бөөндөж аваад цааш нь хүмүүст зарж ашиг олох боломжтой ажил байна, чи сонирхож үзэх үү гэж хэлсэн. Тухайн үед ямар учиртай талаар асуухад манай ээжийн ангийнх нь шавь Орос улсаас хямд үнээр ийм төрлийн бараа бүтээгдэхүүнийг ажиллаж байгаа компанийхаа захилга дор өөртөө захиалж бусдад зардаг ажил хийдэг юм. Би тэрнээс нь өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад мөнгөө олж авах гээд зарж байгаа юм гэж ярьж байсан. ... 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Б над руу утасдаад нөгөө миний бараа худалдаж авдаг хүмүүс маань цааш нь ОХУ руу бараагаа захиалах гэж байна, тэгсэн чинь надад мөнгө хүрэлцэхгүй мөнгөний хэрэгцээ гараад байна, чи мөнгө оруулаад надад мөнгө зээлэх байдлаар мөнгө өгөөч, би бараа захиалъя, бараа 14 хоногийн дотор ирнэ гэсэн, ирэхээр нь би өөрөө бараагаа борлуулж байгаад тэндээсээ гарсан ашгийг өгч, чамаас зээлсэн мөнгөө өгье гэж ярьсан. ... Ингээд би багаасаа таньдаг найзууд учраас нэг нэгэндээ итгээд 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ХААН банкны өөрийн 5006732545 дугаартай данснаас Бийн ХААН банкны данс руу 8 сая төгрөг буюу 3 саяар хоёр удаа, 2 саяар нэг удаа шилжүүлэг хийсэн. ... Надад Б хэлэхдээ Оргил худалдааны төвд ээжийнх нь шавь ажилладаг, тэр хүн компаний нэрийн дор бараа илүү мөнгөөр захиалж авах гэж байгаа гэдэг байсан. Яг хоорондоо юу гэж тохиролцсоныг мэдэхгүй. Ээжийнх нь шавь гэх хүнтэй би уулзаж байгаагүй. ... Би Бт хувь хүмүүсийн итгэлцэл дээр тулгуурлаж 8 сая төгрөг зээлсэн, энэ мөнгөө буцааж авах хүсэлтэй байна ...” /1-р хх-н 163-164/ гэж,

Дэмбээгийн Ц иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ “... одоо нэрийг нь мэддэг болсон Д гэж хүн ОХУ-аас их хэмжээний шокалад оруулж ирэх гэж байгаа юм, би тэндээс нь бөөндөж авах гэж байгаа юм аа, мөнгөний бололцоо байвал зээлээч, шокаладаа аваад түүнийгээ зарж борлуулсаны дараа, 20 хоногийн дараа мөнгийг чинь өгье гэхээр нь би Бийн өмнө таньдаг учраас итгээд ХААН банкин дахь өөрийн 5021550545 дугаартай данснаас Бийн данс руу мобайлдаж, 2017 оны 2 дугаар сарын 10-дын үед 1.5 сая төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус өгсөн.

Хамгийн сүүлд өгдөг 5 сая төгрөг надад байхгүй байсан учир би дүүгээсээ түр авч байгаад өгчихсөн юм. Тэгээд дүүгээс авсан 5 сая төгрөгөө эргүүлээд өгчихсөн байгаа. Дээрх мөнгийг бүгдийг Б нь Дэлгэрөмнхийг ОХУ-аас их хэмжээний шокалад оруулж ирэх гэж байгаа, түүнээс шокалад авах гэж байна, мөнгө дутаад байна гэж надаас зээлж авдаг байсан. Бид хоёрын хооронд байгуулсан гэрээ байхгүй, харилцан ярьж тохироод зээлсэн. Надаас авсан бүх мөнгийг Д гэж хүнд өгсөн гэдэг юм. Би өөрийн өгсөн нийт 21.500.000 төгрөгөө эргүүлж авах хүсэлтэй байна.Би Бт өгсөн учраас Баас нэхэмжилж авах болно. Үүнийг ч Бт хэрэгт хохирогчоор оролцохдоо нийт мөнгөн дүндээ надад өгөх ёстой мөнгийг оруулсан гэж хэлсэн” /4-р хх-н 177/ гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдэд нь тусгагджээ.

 

Хохирогч Ч.Бтай хамаарал бүхий хүмүүс буюу энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож байсан А.Н, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож байсан Г.Б, Д.Ц гэх мэт хүмүүсийн хохирол, нэхэмжлэлийг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд цэгцэлж зөвхөн Ч.Бийг хохирогчоор тогтоосоныг үндэслэл бүхий гэж үзэв.

Учир нь, хохирогч Ч.Б шүүгдэгч Б.Дтэй ярилцсан аман хэлцлийнхээ дагуу их хэмжээний шоколад хямд үнээр олж авч, зарахын тулд өөрийн танил хүмүүсээс мөнгө зээлсэн хариуцлагаа бусдын өмнө өөрөө хүлээх нь зүйтэй юм.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Дтэй бүлэглэн “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор Л.Соёмбын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 630, 631 дугаартай тогтоолуудаар иргэн Б.Г /1-р хх-н 149-150/, Д.Бэ /1-р хх-н 151-152/ нарыг яллагдагчаар татсан байна.

 

“Залилах” гэмт хэрэгт иргэн Б.Г, Д.Бэ нар хамтран оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэх бөгөөд прокуророос тэдгээрт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй /бүрэлдэхүүнгүй/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Иргэн Д.Бнийг мөрдөгчийн тогтоолоор Иргэний хариуцагчаар татсан /5-р хх-н 27/ нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан байдаг.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл иргэн Б.Г нь “Си Би Эйч Кейр” ХХК-д худалдааны төлөөлөгч буюу борлуулагчаар ажилладаг байсан байх ба өөрийн багын найз болох Д.Бэтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн /чихэр, шоколадыг/ түүнээр дамжуулан өгч борлуулдаг байсан буюу Д.Бэ нь шүүгдэгч Б.Дөд зуучлах маягаар дамжуулан борлуулалт хийдэг байжээ.

Тэдгээрийн үйлдэл нь ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй буюу бусдыг залилан мэхлэх, эсхүл байгууллагын эд хөрөнгийг завших гэсэн гэмт хэргийн шинжтэй сэдэл, санаа зорилгыг агуулаагүй байна.

 

Иргэн Д.Бэ нь өөртөө тодорхой ашиг олох зорилгоор Б.Гаас авсан бүтээгдэхүүнээ шүүгдэгч Б.Дөд өгч байсан болохоос биш Б.Дийг цааш нь бусдыг залилсан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэж үзэхээс гадна, хохирогч Ч.Б нартай холбоотой асуудлыг сүүлд мэдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

 

Энэ ч утгаараа хохирогч Ч.Бийн эх Ө.У цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасантай зэрэгцээд иргэн Д.Бэ нь Б.Дөд залилуулсан талаарх өргөдлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргаж байжээ. /1-р хх-н 3/

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Дийн хэлсний дагуу иргэн Д.Бний данс руу хохирогч Ч.Б 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ATM-ээр 1.100.000 төгрөг /1-р хх-н 81/, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 16.200.000 төгрөг, иргэн н.Хишигдүүрэн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 6.000.000 төгрөг /1-р хх-н 82/ буюу нийтдээ 23.300.000 төгрөг шилжүүлсэнийг иргэн Д.Бэ хүлээн авсан байдаг.

 

Улмаар иргэн Д.Бэ нь дээрх 23.300.000 төгрөгнөөс 21.988.000 төгрөгийг “Си Би Эйч Кэйр” ХХК-ний борлуулагч Б.Г руу шилжүүлсэн талаарх дансны хуулгууд хавтаст авагдсан байна. /1-р хх-н 81/

Харин зөрүү 1.312.000 төгрөг дээр ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд иргэн Д.Бний хувьд шүүгдэгч Б.Дөөс 5.620.000 төгрөгийн авлагатай гэх тул тэдгээр нь асуудлаа жич шийдвэрлүүлбэл зохино.

 

Иймд иргэн Д.Бнийг “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шүүх хүчингүй болгож, түүнийг иргэний хариуцагчаас чөлөөлөв.

 

Үүнээс гадна “Си Би Эйч Кейр” ХХКомпаний борлуулагч Б.Г тухайн компанид ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн болон санхүүгийн алдаа дутагдал гаргаж байгаагүй болох нь

гэрч Рэнцэнгийн Дын “... би “Си Би Эйч Кейр” ХХК-д 10 дахь жилдээ ажиллаж байна. Борлуулалтын албаны даргыг 6-7 жилийн өмнөөс хийж байгаа. “Цахиур” ХХК-ний салбар компани нь “Си Би Эйч Кейр” ХХКомпани юм. Дашзэвэгийн Бэ гэж хүнийг огт танихгүй, харж байгаагүй. Баатарын Г нь 2014 оноос шиг санаж байна, манайд борлуулагчаар ажиллаж байгаа. Би Гтай ажлын шугамаар харилцдаг. Найз нөхдийн дотно харилцаа байхгүй. Г нь яг одоогийн байдлаар компанид ямар нэг өглөг, авлагын асуудал байхгүй. Г нь Барс 1 худалдааны төв, Бөмбөгөр, Содон захуудыг хариуцсан борлуулагчаар ажилладаг. Компанид мэдэгдэхгүйгээр нууцаар иргэдээс мөнгө авч бараа захиалах боломжгүй. Яагаад гэхлээр хяналт шалгалттай орж ирдэг учраас. Бүгд бүртгэл, баримт, тооцооны дагуу явагддаг. Зээлээр болон бэлнээр 20-30 хайрцаг, дээд тал нь 200-300 хайрцаг өгөх тохиолдол байдаг. Борлуулагч нарт бусдад зарах гэж байгаа барааг зээлээр болон бэлнээр дээд хэмжээ нь 30 сая орчим төгрөг хүртэл өгөх тохиолдол бий. Гэхдээ энэ тохиолдол ихэвчлэн баяр ёслолын үеэр гардаг” /2-р хх-н 226-227/ гэсэн мэдүүлэг,

“Си Би Эйч Кэйр” ХХК-иас цагдаагийн байгууллагад хүргүүлсэн тус компанид борлуулагч ажилтай Баатарын Гын 2017 оны 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэлх орлого зарлагын тайлан, тайлангийн хавсралт /3-р хх-н 3, 4-13/ зэрэгт тусгагдсан байна.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад шүүгдэгч Б.Д иргэн Б.Г, Д.Бэ болон бусад хүмүүсийн зүгээс өөрт нь дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлж байсан гэх тайлбар бүхий гомдол гаргасан боловч дээрх байдал нь

гэрч Цэрэнжавын Мын “... би Г гэж хүнийг танина. Г нь манай “Си Би Эйч Кейр” ХХК-д борлуулагчаар Барс-1, Бөмбөгөр худалдлааны төвийг хариуцан ажилладаг. Дашзэвэгийн Бэ, Бийн Д гэх хүмүүсийг танихгүй. Би 2015 оны 6 дугаар сараас хойш гурван жилийн хугацаанд борлуулагчаар ажиллаж байгаа. Намайг ажилд ороход Г нь борлуулагчаар ажиллаж байсан. Манай “Си Би Эйч Кейр” ХХК-ий борлуулалтын албаны дарга Д гэж хүн байдаг. Д нь намайг орж ирсэн гэж худлаа яриад байна. Тэгээд ч Албаны дарга Дын өрөөнд орж хэн нэгэн хүнийг олон юм яриад байвал хойноос чинь хутга шаана шүү, араа харж яваарай гэж дарамталж ярьсан зүйл байхгүй. Миний нэрийг хэнээс яаж мэдсэнийг гайхаж байна. Би Дийг огт танихгүй” /2-р хх-н 218-219/ гэсэн,

гэрч Зоригтын Бийн “... би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт тухайн үед мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад хувийн шалтгааны улмаас 2015 оны 5 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед иргэн Ө.Уаас гаргасан гомдлын дагуу Ө.У, түүний охин Ч.Б, холбогдогч Б.Д, түүнтэй хамтран үйлдсэн гэх Д.Бэ, Б.Г нараас хэргийн нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тайлбар авч, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дөөс тайлбар авахад цохиж зодуулсан, дарамтлуулсан асуудлын талаар огт яриагүй” /2-р хх-н 217/ гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэнэ.

 

Шүүгдэгч Б.Дийн хувийн байдалтай холбоотой:

“М” ХХК-иас цагдаагийн байгууллагад хүргүүлсэн Б овогтой Д нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Оргил худалдааны төвд худалдагчаар ажилд орсон бөгөөд байгууллагын дотоод журам ноцтой зөрчиж 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халагдсан болно” гэсэн Тодорхойлолт /2-р хх-н 58/,

гэрч, төрсөн эх Цэгмэдийн Мий “... миний хүү Д 1986 оны 6 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод, айлын 3 дахь хүүхэд болж төрсөн. Сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй, хувийн байгууллагад худалдагчаар ажилласан, яг нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Дараа нь 2015 онд санагдаж байна, Оргил худалдааны төвийн хороололд байдаг салбарт худалдагчаар ороод 1 жил орчим ажилласан. Тэгээд ажлаасаа гараад одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Эхнэр, хүүхэдгүй, одоо надтай хамт амьдардаг. Д бусдыг залилсан хэрэгт холбогдож шүүхээр орж тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Энэ талаар би сүүлд мэдсэн” /2-р хх-н 26/,

“... Г, Бэ гэх хүмүүсийг сайн танихгүй. 2017 оны зун шиг санагдаж байна, гадаа дулаахан байхад манай хүү Дийн дунд ангийн багш байсан талийгаач Удвал нь өөрийн охин болон үл таних 2 эрэгтэй хүнтэй ирээд танай хүүхэд 98 сая төгрөг авсан гэхээр нь яагаад мөнгө авчихдаг юм, надад шоколад хүмүүст захиалж авч өгнө гэж надаас мөнгө аваад өгөхгүй байна, үл таних хоёр хүнийг заагаад энэ хоёр хүн Дөөс шоколад захиална гэж мөнгө авсан хүн нь гэж хэлсэн. Би бол юу ч мэдээгүй, бөөнөөр нь та нар мөнгө өгчихсөн юм уу гэхэд үгүй увуулж цувуулж өгсөн гэж ярьсан. Маргааш нь Удвал багш руу яриад Д гэртээ ирчихсэн байна, та хүрээд ир гэхэд Удвал багш ганцаараа ирсэн. Удвал багш Дөөс чи надаас авсан мөнгөө яахчихдаг юм бэ, яагаад шоколад өгөхгүй байгаа юм бэ гэхэд Д би Г, Бэ нарт өгсөн гээд өөр хариу хэлэхгүй байхаар нь наад асуудлыг чинь би мэдэхгүй, та нараас одоо дуулж байна, наадахаа цагдаа дээрээ аваад оч гэж хэлж байсан” /1-р хх-н 242-243/ гэсэн мэдүүлэг,

гэрч, төрсөн ах Бийн Дн “... сүүлд ажлаасаа гараад хувиараа чихэр, шоколад хүмүүст зардаг ажил хийж байгаа гэж сонссон. 2017 оны сүүлчээр их хэмжээний мөнгөний асуудалд холбогдоод хүмүүс мөнгөө нэхэж ирээд байна гэж ээж Мэ утсаар ярьж байсан. Энэ асуудлынх нь талаар Дөөс асуухаар юу ч хэлэхгүй, би асуудлыг шийдэж байгаа, би мэднэ гээд байдаг байсан” /1-р хх-н 177-178/ гэсэн мэдүүлэг,

Б.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 149/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-н 66-70/,

Б.Дийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 16, 72/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл зүйн оношилгоо /2-р хх-н 184/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2-р хх-н 204-206/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.Дийн хувийн байдлыг харгалзан 4 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Д “Залилах” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Р.Эт 13.387.000 төгрөгийн, хохирогч Ч.Бт 106.840.000 төгрөгийн, бусдад нийт 120.227.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч Р.Эт өөрт учирсан нийт хохирлыг 13.387.000 төгрөг гэж тодорхойлсон байдаг ба түүнд учирсан хохирлоос шүүгдэгч Б.Д 1.150.000 төгрөг төлсөн болох нь гэрч Ю.Сэвлэгмаагийн “... үүнээс хойш миний уг данс руу 2017 оны 3 дугаар сараас хойш 5 удаагийн үйлдлээр 1.150.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг мөнгийг шилжиж ирснийх нь дараа би Эт өгч байсан. Бэлэн болон бэлэн бусаар өгсөн” гэсэн мэдүүлэгт тусгагджээ. Хохирогч Р.Эт учирсан хохирлын хэмжээг зөвтгөснөөр энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Хохирогч Ч.Бт нийт 106.840.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Б.Д 1.720.000 төгрөг буцаан төлсөн байна.

Одоо шүүгдэгч Б.Д нь бусдад нийт 117.357.000 төгрөг буюу хохирогч Р.Эт 12.237.000 төгрөгийн, хохирогч Ч.Бт 105.120.000 төгрөгийн төлбөртэй.

 

Шүүгдэгч Б.Дийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор түүний өмчлөлийн гэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Монгол Улсын иргэн Г.Б, Ц.Мэ, Б.Д, Б.Д, Б.Д, Б.Д нарын 6 хүний өмчлөл бүхий Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоот гэр бүлийн хэрэгцээний газрын Улсын бүртгэлийн гэрчилгээ /3-р хх-н 71/, уг хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон тухай 1277 тоот албан бичгийг Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. /3-р хх-н 70/

Дээрх албан бичгийг үндэслэж хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүх ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй юм. Учир нь; нэр бүхий иргэдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд энэ гэмт хэрэгт хамааруулан халдаж болохгүй. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Д “залилах” гэмт хэргийг үйлдэхдээ Улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий энэ эд хөрөнгөтэй холбоотой /барьцаалах, халхавчлах гэх мэт/ ямар нэгэн үйлдэл хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд энэ хэрэгтэй холбогдуулж нэр бүхий 6 иргэний өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-...... дугаартай Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоот газрын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрт өөрчлөлт оруулахыг, түүнчлэн Б.Гын нарын 4 иргэний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай Баянгол дүүргийн ... дугаар хороо, .. хороолол, ... байрны ... тоот орон сууц зэрэгт хориг тавьсанд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгав.

 

Шүүгдэгч Б.Д 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 81 дугаартай захирамжаар анх цагдан хоригдож /2-р хх-н 88-89/, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 75 б дугаартай захирамжаар “цагдан хорих”-оос татгалзаж /2-р хх-н 231/ шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 346 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Д овогт Бийн Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Дийг 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Дөд оногдуулсан 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Б.Дийн цагдан хоригдсон 346 /гурван зуун дөчин зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөөс нийт 117.357.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Эт 12.237.000 төгрөг, хохирогч Ч.Бт 105.120.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг дурдаж,

нэр бүхий 6 иргэний өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-2205001830 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоот газрын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрт өөрчлөлт оруулахыг,

түүнчлэн Б.Гын нарын 4 иргэний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот орон сууц зэрэгт хориг тавьсанд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

7. Иргэн Д.Бнийг “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шүүх хүчингүй болгож, түүнийг иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Дийг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ