Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/0162

 

“Н и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Р.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Н и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Н и” ХХК-ийн захирал Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан хуулийн этгээд болохын хувьд Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, цахимаар өргөдлийн дугаар авч, бүртгэгдсэн.

Гэтэл Кадастрын хэлтсээс манай компанийн ХА-019651-001-NE /NE-026639/ дугаартай өргөдлийг хянаж үзээд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Танай компаниас Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Уулс-2 нэртэй талбайд гаргасан ХА-019651-001-NE /NE-026639/ дугаартай өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зуйлийн 9.1.11 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр Танд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье. Таны өргөдөлд тусгагдсан талбай нь Монгол Улсын Засгийн газраас солбилцлоор тогтоож, нийтэд мэдээлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамааралгүй байна” гэсэн ямар ч хууль зүйн үндэслэлгүй хариуг ирүүлсэн байна.

Тодруулбал, Манай компанийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага”-ыг бүрэн хангасан байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20 өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Нутгийн-Ивээл” ХХК 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026639 дугаарт бүртгэгдэн Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй 4177 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах богөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхэд “Н и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” байх шаардлагыг хангаагүй байна.

Энэ талаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл “Н и” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь түрүүлж ирүүлсэн ХА-019643 тоот өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай, 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан төрөөс тогтоосон өргөдлөөр олгох талбайд хамаарахгүй байсан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд “Н и” ХХК-аас гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр “Өргөдлийг хянан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Нутгийн-Ивээл” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангажээ.

Нэхэмжлэгч “Н и” ХХК-ийн захирал Б.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Тус компанийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болон маргааны агуулга, үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бус маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлээс хальсан дүгнэлт хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх магадлалынхаа Үндэслэх хэсэгт “... Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулипн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсны үндсэн дээр мөн зүйлийн 19.2.3 дахь хэсэгт ... заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, шүүх хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлээс хальж, хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудтай зөрчилдөж, нэхэмжлэгчийн өргөдлөө хуулийн үндэслэлтэй шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Үүнд:

1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Өргөдлийг хянан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 884 дүгээр шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот албан бичигт тус тус “... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол” гэсэнтэй;

2. “Н и” ХХК-ийн NE-026639 дугаартай өргөдлийн талбайн зураг;

Түүнчлэн төрийн захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахад үндэслэсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулан тайлбарлах замаар захиргааны актад өөрчлөлт оруулах эрх захиргааны хэргийн шүүхэд олгогдоогүй байхад давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг ноцтой зөрчин маргаан бүхийн захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй хуулийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд давж заалдах шатын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “Н и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 88 дугаар зүйлийн 88.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;” гэж заасантай нийцэхгүй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх;” гэсэн заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг гаргаж, “Н и” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын “Уулс-2” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй байна.

Тухайлбал, дээрх захиргааны актын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол, түүний хавсралт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч “Н и” ХХК-ийн өргөдөлд дурдсан солбицол нь уг тогтоолын хавсралтаар батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарагдаж буй эсэхийг нягтлан шалгаж, дүгнэлт өгөхгүйгээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, ашигт малтмалын тойм зураг, зураг зүйн шүүлт хийсэн тойм зураг зэрэг бусад нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна.

Иймээс нэхэмжлэгч “Н и” ХХК-ийн захирал Б.Ч-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА