Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0651

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0651

Улаанбаатар хот

 

 

“Нутгийн ивээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Нутгийн ивээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Нутгийн ивээл” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Нутгийн ивээл” ХХК давж заалдах гомдолдоо: “Тус компанийн зүгээс Нийслэл дэх Захирганы хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тус компанийн 026639 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хязгаарласан талбайд хамаарч байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцэхгүй дүгнэлт болжээ.

Түүнчлэн төрийн захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахад үндэслэсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулан тайлбарлах замаар захиргааны актад өөрчлөлт оруулах эрх захиргааны хэргийн шүүхэд олгогдоогүй байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарахгүй хуулийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ Нутгийн ивээл” ХХК-аас “...Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй газарт 2175 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахад Ашигт малтмалын газраас “ашигт малтмал хайхыг хязгаарласан талбайд хамаарч байгаа гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс “...тус компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-д заасан шаардлагыг хангаагүй, өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл хүссэн талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцалтай, 2014 оны Засгийн газрын 239  дүгээр тогтоолоор батлагдсан төрөөс тогтоосон өргөдлөөр олгох талбайд хамаарахгүй байсан тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн...” гэж тус тус маргажээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгуууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана” гэж заажээ. Түүнчлэн тухайн өргөдөлд дурдагдсан тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тусгай хэрэгцээний газар, нөөцөд авсан болон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж гаргасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдагдсан  талбайтай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхыг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааж хуульчилжээ.

Нэхэмжлэгч “Нутгийн ивээл” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй газрын 2175 гектар талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамрагдаагүй, харин хязгаарласан талбайд хамаарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицлыг заасан өргөдөл, зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт, ашигт малтмалын кадастрын тойм зураг, Засгийн газрын 239 дүгээр тогтоолын хавсралт, тус тогтоолоор батлагдсан талбайтай давхцалтайг харуулсан зураг зүйн шүүлтийн тойм зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор тогтоож баталсан талбайгаас бусад талбайг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлагдсан талбай гэж үзэх буюу хариуцагчаас хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй талбай гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэгч “Нутгийн ивээл” ХХК-ийн зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдэж татгалзсан хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн “Нутгийн ивээл” ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахаас өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01 дүгээр тогтоолоор өргөдөлд дурдагдсан талбай нь “орон нутгийн тусгай хэрэгцээ”-нд авагдсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                 ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН

                 ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                 ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ