Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 06

 

Ц.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн  өмгөөлөгч М.Мандалбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар шүүгчийн захирамжтай Ц.Баярсайханд холбогдох эрүүгийн 201621000246 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Сээтэйхэн овогт Цэцэгсүрэнгийн Баярсайхан нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Хишиг плаза” үйлчилгээний төв дотор байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины тоног төхөөрөмжнөөс багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Juniper нэртэй сүлжээний төхөөрөмж, лед гэрэл бууруулагч ламп, сүлжээ хөрвүүлэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.Гантуяад 1550000  /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар шүүгчийн захирамжаар “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар шүүгчийн захирамжиндаа 1. Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/83 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь заалтыг хангахгүй байна гэсэн нь яллах дүгнэлтэд Хас банкны АТМ эвдэгдэн хохирол учирсан талаар нотлох баримт авагдсан байхад яллах дүгнэлтэнд тус үйлдлийн талаар дурдаагүй атлаа 5/83 тоот ялах дүгнэлтийн хавсралтад иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулд 44797126 төгрөгийн хохирол төлж барагдуулаагүй талаар дурдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотлоогүй, яллагдагч Ц.Баярсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр, мөнгө авах буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилготойгоор Хаан болон Хас банкны АТМ-ыг эвдсэн талаар сэжигтнийг дахин байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэгт мэдүүлсэн байхад яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэстэй гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн нотлоогүй гэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлгүй байна.

                Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Баярсайхан нь Хаан банкны АТМ машинаас багаж хэрэгсэл хэрэглэж Juniper нэртэй сүлжээний төхөөрөмж, лед гэрэл бууруулагч ламп,сүлжээ хөрвүүлэгч зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь нотлогдон тогтоогдсон, яллагдагч Ц.Баярсайхан нь Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд байсан 3 ширхэг эд зүйлсийг хулгайлан авсан талаар яллах дүгнэлтэнд дурьдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан  зүйлсийг бүрэн тусгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон ба яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд үйлдсэн байна.

Хавтаст хэрэгт Хаан банкны Ховд салбарын зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Д.Гантуяа, Хас банкны хуулийн хэлтсийн захирал Д.Ундрал нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Д.Мөнхзул нарыг тус тус төлөөлөгчөөр томилсон боловч М.Оюундэлгэр, Д.Ундрал нар нь банкийг төлөөлөх төлөөлөгчийг томилох эрх бүхий албан тушаалтан болохыг нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байна. Иймд Хаан, Хас банкийг төлөөлөх эрх бүхий этгээдийн шийдвэр болон холбогдох баримтьг хэрэгт хавсаргах шаардлагатай гэсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хууль зүйн үндэслэлгүй заалт байна.

Хаан, Хас банкуудыг төлөөлөн албан ёсны тамга тэмдэг бүхий албан бичгээр хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох хүмүүсийг томилж ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хаан, Хас банкны дээрх 2 албан тушаалт нь банкийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх талаар шийдвэр, баримтыг хавсаргах нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар дурдаж өгөөгүй үндэслэлгүй заалт гэж үзэж байна. Банкны АТМ машиныг ямар шаардлагыг үндэслэн бусад обьектэд хэрхэн байршуулдаг, “Хишиг плаза” төвд АТМ-г байршуулахдаа байгууллага хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ байгуулагдсан бол гэрээнд АТМ-г харуул хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах талаар хэрхэн тусгагдсан эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн нь эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хууль зүйн үндэслэлгүй заалт байна. Учир нь Хаан, Хас банкны АТМ буюу мөнгөний машиныг тухайн Хишиг плаза төвд байршуулахад ямар шаардлага тавигддаг, хэрхэн байршуулсан нь хэрэгт ач холбогдолгүй, шүүгдэгчийн гэм бурууд нөлөөлөхгүй гэж үзэж байна.  Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулаас Хас банкны АТМ-с гарсан 24.945.00 төгрөгийн үлдэгдэл нь байх ёстой үлдэгдэл мөн эсэх, мөнгө дутсан эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй заалт байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид эрүүгийн хэрэгт мөрдөн байцааалтын ажиллагаа явуулахдаа бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамж өөрөө хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжид дурдагдсан заалтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Баярсайхан нь хэргээ хүлээн зөвшөөрсөн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:Прокуророос Ц.Баярсайханг Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг “ Хишиг плаза “ үйлчилгээний төв дотор байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины тоног төхөөрөмжнөөс багаж  хэрэгсэл хэрэглэж 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Juniper нэртэй сүлжээний төхөөрөмж, лед гэрэл бууруулагч ламп, сүлжээ хөрвүүлэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.Гантуяад 1550000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байхад хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй болжээ.Ц.Баярсайхан нь хулгайн гэмт хэргийг үйлдэх санаа зорилготой байсан боловч уг зорилгодоо хүрч чадаагүй байх бөгөөд харин зорилгоо хэрэгжүүлэх гэж байх явцдаа Хас банкны АТМ-д гэмтэл учруулсан байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн  гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол Ц.Баярсайханд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсугэй.

            3.Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ТУЯА

                                          ШҮҮГЧИД                               Д. МӨНХӨӨ

                                                                                          Б.ДАМБА