Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02122

 

 

 

 

   2023           12           06                                        210/МА2023/02122

 

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02664 дугаар шийдвэртэй

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №4-121/8585 тоот мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буян ухаа /17121/, наадамчдын зам гудамж, ...байр, ...тоот хаягт байрлах, Ү-220610**** эрхийн улсын бүртгэлийн дугаартай 87.06 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 209,290,600 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, наадамчдын зам гудамж ... байр, 6 тоот хаягт байрлах, Ү-220610**** эрхийн улсын бүртгэлийн дугаартай 91.08 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 229,512,200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, наадамчдын зам гудамж ... байр, ... тоот хаягт байрлах Ү-220610**** эрхийн улсын бүртгэлийн дугаартай 91.08 м.кв талтбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 229,512,200 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн.

1.2. “Б ” ХХК-ийн албан бичигт “...хөрөнгийн ашиглалтанд орсон хугацаа, харагдац, ашиглалтын байдал, цаашид ашиглах боломж зэргийг судалж нарийвчлан тогтоосны үндсэн дээр дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тогтоон, төлбөр төлөгч “Т ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 87.06 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 209,290,600 төгрөгөөр буюу 1 м.кв нь 2,403,981 төгрөгөөр, 91.08 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 229,512,200 төгрөгөөр буюу 1 м.кв нь 2,519,896 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ цэнээс доогуур үнэлсэн байна. Дээрх орон сууц нь нил суурьтай бүрэн цутгамал хийцлэлтэй, сургууль, цэцэрлэг, үйлчилгээнд ойрхон, цэвэр агаартай бүсэд байршилтай зэрэг давуу тал ихтэй боловч энэ нөхцөл байдлыг үнэлгээ хийхдээ харгалзаж үзээгүй.

1.3. Тус хотхонд байрлалтай өөр орон сууцны 1 м.кв талбайн үнэ дунджаар 2,800,000-3,200,000 төгрөгөөр худалдаалагдаж байхад манай орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс багадаа 1 м.кв нь 396,019 төгрөг, нийт 106,616,235 төгрөгөөр бууруулан үнэлсэн байна. Орон сууцны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж маш бага үнээр худалдан борлуулах гэж байгаа нь орон сууцны үнэлгээг үнэн зөв тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1695 дугаар захирамжаар “Т ” ХХК-аас 1,169,945,991 төгрөгийг гаргуулж “Би ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “Т ” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул арилжааны банкууд дахь зарлагын гүйлгээг хязгаарлан, төлбөр төлөгчдийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад төлбөр төлөгч “Т ” ХХК-ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, /17121/ наадамчдын гудамж ... байрны 3, 6, 23 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-220610****, Ү-220610****, Ү-220610**** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь үүрэг ногдуулсан хэлцэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

2.2. Төлбөр төлөгч “Т с” ХХК-ийн өмчлөлийн тус 3 үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22301094/01, 22301094/02, 22301094/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22301094/05, 22301094/06, 22301094/07 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч нарт битүүмжлэн, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг албан бичгээр авахад “Т ” ХХК нь м.кв үнийг 3,800,000 төгрөгөөр буюу 3 тоот орон сууцыг 330,828,000 төгрөгөөр, 6 тоот орон сууцыг 346,104,000 төгрөг, 23 тоот орон сууцыг 346,104,000 төгрөгөөр тус бүр үнэлсэн талаар үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Би ” ХХК-ийн зүгээс санал болгосон үнэлгээ өндөр байгаа тул шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн.

2.3. Төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлгээг тогтоолгоход Хан-Уул дүүргийн 23 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, наадамчдын гудамж ... байрны ... тоот орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 23 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, наадамчдын гудамж ... байрны 23 тоот орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 23 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, наадамчдын гудамж ... байрны 3 тоот орон сууцыг 209,290,600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд биечлэн мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Б ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнй тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний тайланг гаргасан байна гэж дүгнэж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байна гэж заасан. Хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэ нь үндэслэл нь тодорхойгүй байсан. Тодруулбал, хөрөнгүүдийг үнэлэхдээ орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашигласан байсан. Анхан шатны шүүхээс “үнэлгээчин үнэлгээний 3 аргын аль аргыг сонгон хэрэглэхийг өөрөө шийдвэрлэх ба хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргыг хэрэглэж, үнэлэгдэж буй хөрөнгийн ойр орчимд байрлах буюу тухайн хотхоны орон сууцуудын ханшийг харгалзаж үнэлгээ тогтоосныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэсэн. Гэвч үнэлгээний хандлагын 3 аргаас яагаад 2 аргыг нь сонгосон үндэслэлээ тайлбарлаж, үнэлгээний тайландаа дурдах ёстой байхад үнэлгээчин өөрийн үзэмжээр 2 аргыг тодорхойлж байгаа нь үнэлгээ үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай зөрчилдөж байна. Өртгийн хандлагын аргаар үнэлгээг тооцож гаргасан бол өндөр үнэлгээ тогтоогдох байсан. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон үндэслэлийг тайлангийн 7-9 хуудсанд тодорхой тусгасан гэж заасан боловч энэ хэсэгт 3 аргаас яагаад 2 аргыг нь сонгосон үндэслэл тодорхой тусгагдаагүй.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан гурван орон сууцны үнэлгээг гаргуулахад 1 м.кв-ийг 3,010,000 төгрөгөөр тогтоосон. Энэ “Б ” ХХК-ийн гаргасан үнэлгээнээс 490,000 төгрөгөөр илүү байгаа. Хоёр үнэлгээний компани нэг төрлийн тусгай зөвшөөрөлтэй, ижил төрлийн хууль тогтоомжийг үндэслэж дүгнэлтээ гаргасан хэдий ч баримтлах стандарт нь өөр байсан. Үнэлгээчингээс ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үнэлгээний компаниуд яагаад өөр стандарт баримталж өөр дүгнэлтүүд гаргаж байгааг асуухад дүгнэлт гаргасан стандартынхаа талаар тайлбарлаж чадаагүй. Гэвч анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Шинжээч үнэлгээ гаргахдаа өртгийн хандлагыг шаардлагагүй гэж үзсэн нь стандартад нийцсэн. Мөн нэг тайланд тусгаж, нөгөө тайланд тусгаагүй нь ялгаатай харагдаж байгаа учраас ийм шаардлага гаргасан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Б ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ...байр, ...тоот хаягт байрлах, 87.06 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 209,290,600 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ... байр, 6 тоот хаягт байрлах, 91.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 229,512,200 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ... байр, 23 тоот хаягт байрлах, 91.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 229,512,200 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэгийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар хариуцагч “Т ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,163,968,200 төгрөгийн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 163,968,200 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 250,000,000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 250,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр250,000,000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 250,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Би ” ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 30/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх хуулийн зохицуулалттай.

3.а. Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 760 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 28, 31/

3.б. Эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ...байр, ...тоот хаягт байрлах, 87.06 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ... байр, 6 тоот хаягт байрлах, 91.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ... байр, 23 тоот хаягт байрлах, 91.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22301094/01, 22301094/02, 22301094/03 дугаартай тогтоолуудаар битүүмжлэн, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22301094/05, 22301094/06, 22301094/07 дугаартай тогтооолуудаар хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 41-46, 57-60/

 3.в. Улмаар төлбөр төлөгч “Т ” ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ...байр, ...тоот хаягт байрлах, 87.06 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 330,828,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ... байр, 6 тоот хаягт байрлах, 91.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 346,104,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ... байр, 23 тоот хаягт байрлах, 91.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 346,104,000 төгрөгөөр тус тус үнэлүүлэх саналыг бичгээр гаргасан боловч төлбөр авагч “Би ” ХХК-аас дээрх саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 61,63/

3.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу  2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/161 тоот тогтоолоор “Б ” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг шинжээчээр томилж, эрх, үүргийн тайлбарласан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 64-66/

3.д. Шинжээч “Б ” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 85/

3.е. Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ...байр, ...тоот хаягт байрлах, 87.06 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 209,290,600 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ... байр, 6 тоот хаягт байрлах, 91.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 229,512,200 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220610**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/, Наадамчдын зам гудамж, ... байр, 23 тоот хаягт байрлах, 91.08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 229,512,200 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгч “Т ” ХХК-д мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 131/

4. Шинжээч нь “өртгийн, орлогын, зах зээлийн гэсэн 3 хандлагаас орлогын болон зах зээлийн хандлагаар тайланг гаргасан, харин өртгийн хандлагыг хэрэглэх шаардлагагүй” гэх агуулгатай мэдүүлгийг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн, шинжээч “Б ” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар нэхэмжлэлд дурдсан орон сууцны үнэлгээг гаргуулахад 1 м.кв-ийг 3,010,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд “Б ” ХХК-ийн гаргасан үнэлгээнээс 1 м.кв-ийг 490,000 төгрөгөөр илүү үнэлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Учир нь шинжээч “Б ” ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар орон сууцны 1 м.кв-ийн үнийг 2,519,896.79 төгрөг үнэлсэн бөгөөд хожим буюу 5 сарын дараа 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК нь дээрх орон сууцны 1 м.кв-ийг 3,010,000 төгрөгөөр үнэлснийг талуудын тайлбар болон хэргийн баримтуудтай харьцуулан дүгнэж, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тогтоох үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгджээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ