Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00006

 

 

 

 

 

 

  2023          12            22                                        210/МА2024/00006

 

Ш.Э , М.Ш нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/03813 дугаар шийдвэртэй

Ш.Э , М.Ш нарын нэхэмжлэлтэй, НШШГГ т холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/39 дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01366 дугаар шийдвэрээр хариуцагч Ш.Э , М.Ш нараас 97,888,500 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Улмаар НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч нарын эрх ашигт хохиролтой хууль бус ажиллагаанууд хийгдэж байгаа тул хуульд заасны дагуу шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч бидний гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэжээ. Гэтэл надад үнэлгээний тайланг танилцуулж, гардуулаагүй.

1.3. Мөн хариуцагч нь төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-дэх хэсэгт заасныг танилцуулж, төлбөрт хураагдсан орон сууцаа 1 сарын хугацаанд өөрсдөө худалдан борлуулах талаар хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бичүүлж авсан. Гэвч хуульд заасан 1 сарын хугацаа болоогүй байхад анхны албадан дуудлага худалдаагаар бидний орон сууцыг худалдан борлуулж хууль бус ажиллагаа явуулсанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын М.Ш ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж ... дугаар байр ... тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220407**** дугаартай, 67 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч Ш.Э , М.Ш нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21380675 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш.Э , М.Ш нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санаачилга гаргаагүй.

2.2. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.Ш ийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21380675/04 дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 21380675/06 тогтоолоор эд хөрөнгийг хураан талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/123 дугаар тогтоолоор шинжээч томилсон. 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 221,789,353 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг тус газарт 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч М.Ш т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн.

2.3. Төлбөр төлөгч Ш.Э т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэхэд тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр М.Ш ийн өмчлөлийн дээрх орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацаа авах хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч орон сууцны өмчлөгч М.Ш нь хугацаа авах тухай хүсэлтийг тус гаргаагүй тул 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар дээрх орон сууц 188,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

М.Ш , Ш.Э нарын нэхэмжлэлтэй, НШШГГ т холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны 5/39 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7, 65 дугаар зүйлийн 65.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Э , М.Ш нараас хариуцагч НШШГГ т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/39 дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-дэх хэсэгт заасныг танилцуулж, төлбөрт хураагдсан орон сууцаа 1 сарын хугацаанд өөрсдөө худалдан борлуулах хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бичүүлж авсан атлаа хуульд заасан 1 сарын хугацаа болоогүй байхад анхны албадан дуудлага худалдаагаар орон сууцыг худалдан борлуулж хууль бус ажиллагаа явуулсан бөгөөд шүүх уг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт төлбөр төлөгч М.Ш нь хугацаа авах тухай хүсэлтийг НШШГГ т гаргаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01366 дугаар шийдвэрээр хариуцагч Ш.Э , М.Ш нараас 97,888,500 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа тул төлбөр төлөгч Ш.Э , М.Ш нар нэг ашиг сонирхолтой этгээдүүд болно. Төлбөр төлөгч Ш.Э хуульд заасан хугацаа авах хүсэлтийг өгсөн байхад уг баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй учраас шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ш.Э , М.Ш нарт 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулж, мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ш.Э аас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлтийг гаргасан. Төлбөр төлөгч М.Ш дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлтийг ирүүлээгүй.

 Уг эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулъя гэх саналыг оруулснаар эрх бүхий албан тушаалтан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж, дуудлага худалдааг зохион байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар уг эд хөрөнгө 188,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ш.Э , М.Ш нар НШШГГ т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/39 дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01366 дугаар шийдвэрээр хариуцагч Ш.Э , М.Ш нараас 97,888,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, улсын бүртгэлийн Ү-220407**** дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннү гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, 67 м.кв талбай бүхийн 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1716 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00266 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 29-35/

3.а. Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 633 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21380675 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 27, 43/

3.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21380675/04 дугаартай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-220407**** дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннү гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, 67 м.кв талбай бүхийн 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21380675/06 дугаартай тогтоолоор дээрх орон сууцыг хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч тал дээрх ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх-ийн 58-60, 66-71/

3.в. Үүний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдэхэд орон сууцыг төлбөр төлөгч Ш.Э нь 400,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч М.Ш нь 300,000,000 төгрөгөөр, төлбөр авагч “Б” ХХК нь 117,250,000 төгрөгөөр тус тус үнэлэх саналыг ирүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/123 дугаартай тогтоолоор “А” ХХК-ийн шинжээч Ч.Жамъяаныг шинжээчээр томилж, шинжээчид эрх, үүргийн тайлбарлажээ. /хх-ийн 73-77, 81-85/

3.г. Шинжээч “А” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-220407**** дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннү гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, 67 м.кв талбай бүхийн 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 221,789,353 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-186/7298 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч М.Ш т, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4-186/7412 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч Ш.Э т тус тус мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Нэхэмжлэгч тал энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх-ийн 88-106//

3.д. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/39 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч М.Ш , Ш.Э нарт 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4-186/8533, 4-186/8534 тоот мэдэгдлийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх-ийн 115-116/

3.е. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4-186/9707, 4-186/9708 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч нарт эрхийн улсын бүртгэлийн Ү-220407**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннү гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, 67 м.кв талбай бүхийн 3 өрөө орон сууцыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр анхны дуудлага худалдаагаар 188,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн байна. Дээрх үйл баримтыг шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 121-124/

4. Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ш.Э , М.Ш нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж олгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дэс дарааллын дагуу явуулж, төлбөр төлөгч нарын эрхийг хязгаарласан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг танилцуулаагүй зэрэг хууль, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгч Ш.Э , М.Ш нарын хариуцагч НШШГГ т холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/39 дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.а. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно гэж заасан.

4.б. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ш.Э тай уулзсан талаар тэмдэглэл үйлдсэн байх ба уг тэмдэглэлд Ш.Э нь “... би үнэлгээний тайлантай танилцлаа, М.Ш тэй ярилцаж байгаад орон сууцыг өөрсдөө худалдан борлуулах хүсэлтэй байна” гэжээ. Түүнчлэн, мөн өдөр Ш.Э аас орон сууцыг бие даан худалдан борлуулах санал гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 112-113/

4.в. Гэтэл хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Ш.Э ын гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр албадан дуудлага худалдааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь төлбөр төлөгч, төлбөр авагч байтал төлбөр төлөгч Ш.Э ыг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул түүний хүсэлтийг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

4.г. Түүнчлэн, хариуцагч байгууллагаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 706 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар Ш.Э ын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь дээрх хариу мэдэгдэх хуудсын агуулгаас үзэхэд төлбөр төлөгч нар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр НШШГГ т гомдол гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдол үндэслэлгүй гэх хариу өгснийг төлбөр төлөгч Ш.Э ын гаргасан “эд хөрөнгийг 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гомдол гаргасан байх ба уг гомдолд хариуцагч байгууллагаас хариу өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.д. Дээрх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/39 дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

5. Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7, 65 дугаар зүйлийн 65.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/03813 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/39 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг “...56.1” гэсний дараа “...56.2” гэж нэмж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Ш.Э , М.Ш нарт олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Э ын төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦОГТСАЙХАН

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

                            ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ