Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 0390

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: М.Баярмаа

улсын яллагч: Ж.Энхжаргал

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.О

түүний өмгөөлөгч: Д.Ө

хохирогч: Б.О

иргэний нэхэмжлэгч: Э.Э

шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  заасан гэмт хэрэгт С овогт Т А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803008610013 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Т А, 19  оны 4 дүгээр  сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө  ХХК-д менежер ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам  бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           Т.Ан нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Ахмадын хороололын урд замд 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 22.15 минутын үед Тоёота Приус-30 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7-д заасан жолоочид дoр дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11-д заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота Приус-20 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон уг тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Н.Н, Б.О нарыг мөргөж, Н.Н амь насыг хохироож, Б.О эрүүл мэндэд хүндэвтэр, автомашин дотор сууж байсан зорчигч Б.У эрүүл мэндэд хөнгөн хохирол, Нэткапитал Финанс корпораци ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн  тээврийн хэрэгсэлд 4.350.000 төгрөгийн шууд, 6.200.000 төгрөгийн нийт  хохирол, Бичил глобус ХХК-ний эзэмшилийн Тоёота Приус -30 маркийн УБС тээврийн хэрэгсэлд 3.810.000 төгрөгийн шууд, 4.090.000 төгрөгийн нийт хохирол учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргаа хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 8.11 дэх заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дүгээр сарын 13-ны өдөр Бөхийн өргөөнөөс таксинд нэг хүнийг авчихаад тэр хүнээ халдвартын эцсийн буудал дээр буулгасан. Халдвартын буудал дээр дөнгөж хүнээ буулгаад байж байтал араас автобус ирж мөргөсөн. Автобусны жолооч чиний буруу гээд байхлаар нь цагдаагийн газар очсон. Цагдаа та хоёр тохирчихоод яв гэхэд нь би жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учраас за хоёулаа тохирчихъё гэсэн. Тэгсэн чинь цагдаа чи жолооны үнэмлэхгүй юм бол чиний машиныг ачиж явна гээд байхлаар нь тэгвэл түр хүлээж байгаа ч би машиныхаа ард байгаа архийг ажлынхаа хүнд өгөөд явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд би Ө дуудсан. Ө 30-40 минутын дараа ирсэн. Тухайн үедээ би цагдаад маргааш ажилтай, машинаа шууд гэр лүүгээ аваад явчихъя гэж хэлтэл за яахав аваад яв гэсэн. Тэгээд машинаа авчихаад Ө бид хоёр машиндаа тамхи татаад сууж байгаад би Өг ганц юм уучих уу гэсэн чинь Ө таксинд явмаар байна, мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би маргааш л явчихгүй юу даа өнөөдөр хоёулаа машинд ганц юм уучихъя гэсэн чинь  Өд машинд тухгүй ээ хоёулаа манайд очъё эхнэр хоол унд хийж байгаа гэсэн. Тэгээд Ө очоод орой 20-н цагийн үед очиж ганц шил архи уучихаад 21.00 цагийн үед гарсанаа санаж байна. Өд намайг дуудлагын жолооч дуудчих 20.000 төгрөг гэхлээр нь би 20.000 төгрөг гэвэл үнэтэй байна, би 10.000-аар авна гэж хэлсэн. Амгалангийн эцсийн буудалд дуудлагын жолооч ирсэн байна гэхлээр нь би яваад очъё гээд Ө гарчихаад хамгийн сүүлд вагон зам гарсанаа санаж байна. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Өглөө би эрүүлжүүлэхэд сэрсэн. Өглөө намайг эрүүлжүүлэхээс аваад БЗД-ийн замын цагдаад авчирсан. Тэгэхэд цагдаа асуугаад байсан хэдэн хүүхэдтэй вэ гээд ямар ч байсан машин мөргөсөн юм байна гэж ойлгосон тэгээд байцаалт өгч байхдаа хүний амь нас хохирсон гэдгийг мэдсэн гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ог шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний нөхөр 2010 оноош хойш Хэнтий аймгийн Биндэр сумаас Улаанбаатар хотын хооронд хүн болон ачаа тээвэрлэж ар гэрээ тэжээдэг байсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сум руу хүн ачиж яваад маргааш өдөр нь 14.00 цагийн үед ярихад хот руу орж байна гэсэн. Одоо ороод ирэх байх гээд хүлээж байтал хадам орж ирээд аваарт орчихож гэж хэлсэн. Манай нөхөр архи дарс уудаггүй, төлөв томоотой хүн. Ажил явдалд нь 700-800 хүн ирж сум тэр чигээрээ ажил явдалд оролцсон. Энэ хүний хийсэн үйлдлээс болж нэг айлын гал голомт эзгүйрч, хүү бид хоёрыг өнчрүүллээ. Шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хохирол барагдуулъя гэсэн сэтгэлгүй байгаад гомдож байна. Т.А болоод эцэг, эх нь яаж тарчилж байгааг мэднэ. Ар гэр, ах, дүү нараа авч явдаг цорын ганц хайртай хүү нь байсан. Одоогоор надад оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, машины эвдрэлийн зардал нийлээд 28.441.235 төгрөгийн зардал гарсан байгаа. Өмгөөлөгчийн хөлс болон оршуулгын зардлыг өөрсдөөсөө гаргаж хийсэн. Т.Ан 49 хоног, 21 хоногийн буяны ажлыг Улаанбаатар, болон Биндэр суманд хийсэн байгаа. Би насанд хүрээгүй хүүхэдтэй тэгээд улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сар бүр 243.000 төгрөг авдаг. Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байдаг үүнийг зөрүү болох 77.000 төгрөгийг хүүхдээ 18 нас хүртэл нь Т.А сар бүр 77,000 төгрөг гаргуулж хохирлоо барагдуулахыг хүсч байна. Машины засварын 6.200.000 төгрөг энэ хүнээс нэхэмжилж байгаа нь 28.441.235 төгрөгөндөө орсон байгаа. Т.А нийт 47.390.235 төгрөгийг нэхэмжилж байна. Миний нөхөр байсан бол сард 1.200.000 төгрөгийн орлоготой байсан. Оршуулгын зардал баримттай 17.744.000 төгрөг, баримтгүй зан үйлтэй холбоотой зардал 4.497.000 төгрөг. Өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 5 сая төгрөг, мөн манай машины хохирол 6.200.000 төгрөг. Нэт капиталын мөнгө бол тусдаа 6.232.000 төгрөгийг Т.Ас гаргуулж Нэт капиталыг хохиролгүй болгох гэсэн юм. Т.А ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ хэргийг үйлдсэн тул с ХХК-аас хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна. Хэрвээ энэ хүний архийг хураагаад авсан бол энэ хүн осол гаргахгүй байсан гэж бодож байна гэв. 

          Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач бид хоёр машины багаж онгойлгоод зогсож байтал  араасаа машинд хамуулсан. Тухайн үед маш хурдтай машин ирж яваа чимээ л сонссон. Би хажуу тал руугаа 3 метр унасан. Зүүн хөлөө хугалсан. Миний хувьд гэмтэлд очиж зургийг нь авахуулж, Өвөрхангайд очиж хагалгаанд орсон. Сар гаруйн хугацаанд хэвтрийн дэглэмтэй байсан. Би бол спортоор хичээллэдэг хүн, учраас маш харамсалтай байна. Өвөрхангайн гэмтэлд хөлөө хадуулсан гэв.        

         Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-н 4-16/

          Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан /гэрэл зургийн хамт/  тэмдэглэлд:  /хх-н 16/ хөндлөнгийн гэрчийг байлцуулан драйгер багаж ашиглан шалгахад 2.71 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэжээ.

          Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-24/

         Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэлд: /хх-н 26-27/91-47УНЧ дугаартай  Тоёота Приус-20 маркийн автомашины, 94-28УБС дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины техникийн байдлыг тус тус шалгасан талаарх тэмдэглэл авагдсан.

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд /хх-н 28/ Баянзүрх дүүрэг дэх Ахмадын хороололын баруун урд байрлах 51-Авто угаалгын төвийн урагшаа байрлалтай хяналтын камериас осол хэрэгтэй холбоотой дүрс бичлэгийг хуулбарлан авсан цагаан өнгийн СД-г эд мөрийн баримтаар тооцсугай.

          СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 29/

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40/

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ог мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би талийгаач Н.Н албан ёсны эхнэр нь байгаа юм. Талийгаач бид хоёр анх 2009 онд танилцаж байгаад 2011 онд албан ёсны гэр болж нэг гэрт одоог хүртэл хамт амьдарч байгаа юм. Бид хоёрын дундаас 2014 оны 3 дугаар сард хүү Н.Д төрсөн. Д одоо 4 настай 75 дугаар цэцэрлэгт явдаг юм. Манай талийгаач нөхөр Н.Н нь Хэнтий аймгийн Биндэр суманд 1994 онд 10 дугаар анги төгсөөд 1995 онд Хэнтий аймгийн Зэвсэгт хүчний 032 дугаар ангид цэргийн алба хаасан. Хэнтий аймгийн Цагдаагийн албанд ажиллаж байгаад 2010 оноос Хэнтий аймгийн Биндэръяа тээвэрчдийн холбооны гишүүнээр орж хот хөдөөгийн хооронд хүн ба ачаа тээвэрлэдэг байсан юм. Ослын талаар тодорхой мэдэх зүйл алга байна. Тухайн өдрийн орой 20.00 цагийн орчимд байх Хэрлэнгийн гүүр өнгөрөөд явж байна гээд надтай утсаар ярьсан. Тэгээд би хүүгийн хамт унтаж байтал хадам аав, хүргэн дүү хоёр орж ирээд Н ах аваарт орчихсон юм шиг байна гэхээр нь би хадам аав, эмэгтэй дүү болон нөхөртэй нь хамт осол болсон газарт очиж юу болсоныг нь харсан. Манай талийгаач Хэнтий аймгийн Биндэр сум руу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Наран туул захаас хүн тээвэрлээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14.00 цагийн орчимд би нөхөр лүүгээ залгахад хот руу гараад явж байна гэж надтай утсаар ярьсан. Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Олон жил хамт амьдарсан болохоор гэрлэлтийн баталгаа хийлгээгүй байсан юм. Манай талийгаач 91-47 УНЧ автомашиныг урьдчилгаанд нь 3.0 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг Нэткапитал Лизинг ХХК-наас 7.0 сая төгрөг зээлж  аваад  худалдаж авч байсан  юм.  Сар бүр 405.086.94 төгрөг төлдөг байсан. Дөрвөн удаагийн төлөлт хийсэн байсан. Ажил явдалд нь 7.514.392 төгрөг зарцуулаад байна. Жолооч А 2.0 сая төгрөг л төлсөн. Гомдолтой байна гэжээ. / хх-н 41-43/ 

          Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нутгийн ах талийгаач Н нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумаас хот руу гарлаа гэхээр нь би аавынхаа эмнэлгийн бичиг мөн өөрийнхөө багийн даргын тодорхойлолт зэргийг захиж авчруулахаар болоод орой гэрт нь байж байсан чинь талийгаач ах орж ирж байна Өгөөмөр захын урд зам дээр тосоод авах уу гэхээр нь би 22.00 цаг болж байсан тул гэрээсээ гараад Ахмадын хороолол руу эргэдэг уулзварын хажууд зогсож байтал талийгаач Наранбаатар ах ирээд уулзварын зүүн талд зогссон. Намайг очтол Н ах өөдөөс бууж ирээд машины хойд багажинд байгаа гээд багажаа онгойлгоод зогсож байтал гэнэт зүүн талаас бид хоёрын араас хар өнгийн Т.Приус-30 маркийн автомашин талийгаач Н ах бид хоёрыг хамаад машинтай хамт мөргөсөн. Би тэр агшинд зүүн хөлөө мөргүүлээд хойшоо 3-4 метр газар үсрээд унасан. Босох гэтэл гишгэж чадахгүй байсан учир замын хойд талын хашааг түшээд боссон. Хэсэг хугацаанд ухаан балартаад байж байтал түргэний эмч нар ирээд намайг болон талийгаач Н мөн машинд нь ирсэн байсан 3 хүнийг бүгдийг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Миний зүүн хөлний хавчаар яс хугарсан байна гээд шохойдоод өвчин намдаах эм өгөөд намайг явуулсан. Түргэний машин осол болсоны дараа маш хурдан ирсэн. Түүгээр явж байгаад таарсан уу дуудлага аваад тийм хурдан ирсэн юм уу бүү мэд ямар ч байсан их хурдан ирсэн. Н ах бид хоёр бие биенээ сайн мэднэ. Би сүүлд нь хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Түүнд 1.0 сая төгрөг зарцуулсан гэжээ. /хх-н 62-65/

         Хохирогч Б.О хохиролын тооцооны баримтууд /хх-н 66-71/

         Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумаас Т.Приус-20 маркийн УНЧ дугаарын автомашинаар таксин журмаар суугаад Улаанбаатар хот руу орой 22.00 цагийн орчимд ороод Баянзүрх дүүргийн нутаг буюу Ахмадын хорооллын урд талын зам дээр миний сууж ирсэн машины жолооч хүнд юм өгнө гээд түр зогсолт хийсэн байж байтал араас нь Т.Приус-30 маркийн автомашин нь маш хүчтэй ирж мөргөсөн. Тухайн үед би хэсэг хугацаанд шоконд орсон байсан ба нэг мэдэхэд намайг эмч үзэж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Миний ирсэн уг машинд жолоочоос гадна 4 хүн байсан. Би жолоочийн харалдаа арыг суудалд сууж байсан юм. Бид нар Хэнтий аймгийн төвөөс өдөр 14.00 цагийн орчимд гарсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би эмчилгээндээ 250.000 төгрөг зарцуулсан гэжээ. /хх-н 72-75/

          Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Миний биед уг ослын улмаас хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхээс өөрөө татгалзсан юм. А жолооч надад 150.000 төгрөг өгсөн гэжээ.  /хх-н 77/

         Нэткапитал ББСБ-г төлөөлж зээлийн эдийн засагч Э.Э иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 80/

          Иргэний нэхэмжлэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай байгууллагын эзэмшилд Т.Приус-20 маркийн 91-47 УНЧ дугаарын автомашин байдаг юм. Уг машиныг Н овогтой Н гэх хүн 2018 оны 6 дугаар сарын 8-нд 3.000.000 төгрөгний урьдчилгаа авч 75.000 төгрөгний зээлийн үйлчилгээний шимтгэл төлж 7.000.000 төгрөгний зээлийн гэрээгээр авсан байсан. Уг машиныг манайх өөрийн нэр дээрээ гэрчилгээг нь гаргуулж хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байсан юм. Нр сар бүр 405.200 төгрөг төлж байхаар гэрээ хийгдсэн байсан. Манай байгууллага лизингээр авсан бүх автомашин бүрт тээврийн хэрэгсэлийн даатгалийг хийдэг, уг автомашинд тухайн өдөр 120.000 төгрөгний тээврийн хэрэгсэлийн даатгал хийгдсэн байсан. Уг машин одоо талийгаачийн ар гэрийхэнд байгаа. Манай байгууллагын нэр дээр байдаг болохоор хохирлоо төлүүлмээр байна гэжээ. /хх-н 81-82/

         Н.Н депозит дансны хуулга /хх-н 83-85/

         Иргэний хариуцагч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Уг осол гаргасан автомашин нь манай байгууллагын эзэмшилд байдаггүй харин манай худалдааны төлөөлөгч Т.А эзэмшлийн машин байх. Худалдааны төлөөлөгч Т.А нь 2018 оны 8 дугаар сард манай байгууллагад орж ажилласан. Осол гаргаснаасаа хойш ирэхээ больсон. Манай байгууллагын худалдааны төлөөлөгч нар даваа гаригаас баасан гариг хүртэл өглөө 09.00 цагаас орой 17.30 цаг хүртэл ажиллах ажлын цагийн хуваарьтай байдаг. Т.А осол гаргадаг өдөр нь амралтын өдөр байсан байна лээ. Худалдааны төлөөлөгч нар өөрсдийн автомашинаар ажил үүргээ гүйцэтгэдэг. Манайх бензин болон элэгдэл хорогдлыг нь гаргаж тооцож өгдөг юм. А харилцагч нарт дур мэдэн зээл өгсөн байсныг бид нар 2018 оны 10 дугаар сарын 10-ны орой мэдсэн. Бид хохирлын асуудлаар санал бодлоо хэлэхэд манай зүгээс хохирлыг төлөх ямар ч боломжгүй. Учир нь А амралтын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гаргасан байсан гэжээ. /хх-н 90-91/

          Иргэний нэхэмжлэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Бичил Глобус ХХК-нд хуулийн зөвлөхийн ажил хийдэг юм. Т.Приус-30 маркийн  УБС дугаарын автомашиныг Т.А нь 2018 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Бичил Глобус ХХК-нд барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулан 7.700.000 төгрөгөөр сарын 3.5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар өөрөө унах нөхцөлтэйгээр зээлж авсан. Уг машин манай барьцаанд байгаа ба эзэмшил өмчлөл нь А байгаа гэж ойлгож болно. А зээлийн төлбөрт 5.700.000 төгрөгийг төлсөн одоо 2.116.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Уг машиныг эзэмшигч А манай байгууллагыг зараад төлбөрөө аваач гэж хүсэлт гаргасны дагуу манайх зараад одоо үлдэгдэл нь 2.116.000 төгрөг л байгаа гэжээ.  /ххн 94—96/

         Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: А миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2009 онд танилцаад 2010 онд гэр бүл болоод албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Манай нөхөр А хүүхдээрээ зантай, уяхан зөөлөн сэтгэлтэй, амархан уйлдаг, хүнтэй маргалдаад байдаггүй юм. Архи дарсыг хааяа л нэг хэрэглэдэг. Архи уусан үедээ гэртээ орж ирээд л унтаад өгдөг юм. Өмнө нь Витсамо ХХК-нд ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сараас  ХХК-нд ажиллах болсон. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өглөө нөхөр бид хоёр хүүхдээ аваад Ханын материалд манай аав, ээжийнд хүргэж өгчихөөд буцаж хотруу орж ирээд 14.00 цагийн орчимд хүнсний 50 дугаар дэлгүүрийн орчмоос салсан. Автомашины ард архи байсныг би асуусан гэтэл буцаалтын архи байгаа юм нэг дэх өдөр өгнө гэж байсан юм.  УБС машиныг бид хоёр 2018 оны 10 дугаар сард зээлээр худалдан авч байсан юм гэжээ. /хх-н 109-110/

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Н хот орно гээд байж байхаар нь би суусан. Бид нар 22.00 цагийн орчимд хот орж ирсэн. Тэгээд Хэнтий аймгийн Биндэр сумаас өгч явуулсан дайврыг хүнд нь өгөх гээд Өгөөмөр захын зүүн талын замын 1 дүгээр эгнээнд зогсоод жолооч буугаад юм өгөх хүнтэйгээ уулзаад юмыг нь өгөх гээд арын багажаа онгойлгоод зогсож байтал огцом араас нь хүчтэй цохилт болох шиг болсон. Тэр үед би хүнээр элэг рүүгээ хүчтэй цохиулсан юм шиг болоод хэсэг хугацааны дараа сэрээд арын суудлын хүмүүсээс юу болсон бэ гэхэд нэг юм хэлсэн тэгэхээр нь би машинаас буусан. Гэтэл нэг машин ирээд мөргөчихсөн түүний ард нэг эмэгтэй жолоочтой машин байсан. Уг эмэгтэй жолооч наад нэг согтуу юм чинь мурилзаад явж  чадахгүй байж байгаад ийм юм хийчихлээ гээд түргэн цагдаа дуудсан. Би мөргөсөн машиныг хартал 2 аюулгүй дээр гарчихсан жолооч нь согтуу бололтой хөдлөхгүй машин дотроо суугаад л байсан. Манай машины жолооч араас мөргөсөн машины доогуур хөл хэсэг нь орчихсон доошоо хараад хэвтэж байсан. Юмаа авах гээд ирсэн байсан залуу замын хажуу талын хашлага налаад хөлөө бариад сууж байсан. Би яасан зүгээр үү гэхэд би яахав цаад хүнээ гэсэн. Төд удалгүй түргэн ирээд манай машины жолоочийг үзээд өнгөрсөн байна гэсэн. Тэгээд бид нарыг аваад эмнэлэг явсан гэжээ. /хх-н 111-114/

          Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14.00 цагийн орчимд байх сумаасаа гурван хүний хамт Н машинд суугаад Улаанбаатар хотруу чиглээд явсан. 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг Ахмадын хорооллын урд замд явж байгаад жолооч Н хүнд бичиг баримт өгөхөөр зогссон. Бичиг баримт авах ёстой хүн нь зам дээр тосоод байж байсан. Н нөгөө хүнд бичиг баримтыг нь өгөх гээд машинаасаа буугаад арын багаажаа онгойлгоод байж байтал гэнэт араас маш их хүчтэй дуу чимээ гарсан. Арын суудалд явж байсан надаас гадна 2 хүн хэсэг  хугацаанд шоконд ороод дуугарч чадаагүй. Нэг мэдэхэд хүмүүс ирээд бид нарыг машинаас буулгасан. Тэгээд бид нарыг гэмтлийн эмнэлэг авч явсан. Тухайн үед бид нараас ямар ч хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жолооч маань бид нарт байнга бүсээ зүүж яваарай гэдэг шаардлага тавьж байсан гэжээ. /хх-н 115-118/

          Гэрч Ч.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би  ХХК-нд 2018 оны 6 дугаар сарын 13-нд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон юм. Осол болсоныг би тэр өдөр нь мэдээгүй, харин маргааш нь 12.00 цагийн орчимд байх А над руу залгаад найз нь танайхаас гарч яваад осол хийчихлээ гэхээр нь би машин тэрэг чинь зүгээр үү гэхэд машин яахав би хүний аминд хүрчихлээ гэсэн гэжээ. /хх-н 119-121/

          Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгээс охины хамт гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн Чулуун овооны тойргоор эргээд нарны замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт Оринтал зочид буудлын харалдаа явж байтал миний урд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан хар өнгийн Т.Приус-30 маркийн автомашин нь гэнэт миний урдуур зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү шилжиж орж ирээд зам дээр хоёр тийшээ зам хэрээд маш хурдтай явж эхэлсэн. Би араас нь хараад энэ машины жолооч ямар ч байсан эрүүл биш согтуу байна гэж бодоод уг машины дугаарыг нь харж цагдаад мэдэгдэхээр араас нь явсан боловч гүйцэж чадаагүй явсаар байгаад Ахмадын хорооллын баруун гар тийшээ эргэх уулзварын наахан талд Т.Приус-30 маркийн автомашин нь зам дээр хэрж явсанаа 2 дугаар эгнээ рүү ороод буцаад гэнэт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү шилжиж уулзварын наад талд багажаа онгойлгоод зогсож байсан Т.Приус маркийн автомашиныг ард талд нь байсан хүмүүстэй нь хамт араас нь маш хүчтэй мөргөөд зогссон. Би ард нь зогсоод 102 болон 103-д дуудлага өгсөн. Удалгүй 2 минут болж байхад түргэний эмч нар ирээд зам дээр хэвтэж байсан залууг үзээд мөн мөргүүлсэн хүн, араасаа мөргүүлсэн автомашинд байсан хүмүүсийг үзээд байж байтал цагдаа ирсэн. Би тэгээд зөвшөөрөл аваад хаягаа өгөөд явсан. Осол болсоны дараа Т.Приус-30 маркийн автомашины жолооч нь ухаан алдсан юм уу шоконд орсон юм уу хөдөлгөөнгүй суудал дээрээ байгаад байсан. Осол 22.00 цагийн орчимд болсон байх гэжээ. /хх-н 122-123/

         Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг буюу Ахмадын хорооллын баруун урд талын 51 Авто угаалгын газарт угаагч ажилтай байсан тухайн оройн 22.13 цагийн орчимд байх угаалгын хаалгыг хаах гээд гадаа үүдэнд зогсож байтал гэнэт замын урд талын гарцны зүүн талд зогсож байсан Т.Приус маркийн автомашины араас нь мөн Т.Приус-30 маркийн хар өнгийн автомашин нь маш хүчтэй ирж мөргөсөн. Би юу болов гээд гүйгээд очтол мөргүүлсэн машин дотор сууж явсан зорчигч нар нь нилээн шоконд орчихсон байсан. Араас нь мөргөсөн машины жолооч нь жолооны ардаа хөдөлгөөнгүй суугаад байсан. Мөн надтай хамт ажиллаж байсан Г араас ирээд дуудлага өгч байсан энэ хоёр машин мөргөлдсөний араас нэг эгч ирээд зогсоод мөн дуудлага өгсөн гэжээ. /хх-н 127-128/

          Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14.00 цагийн орчимд би Хэнтий аймгийн Биндэр сумаас хувь хүний шар ногоон өнгийн Тоёота Приус 20 маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэлд сууж  Улаанбаатар хот орохоор явсан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэлд жолоочтой хамт нийт 5 хүн явж байсан. Би сумаас гарсанаас хойш унтаад яваад байсан. Нэг сэрэхэд орой болчихсон Туулын гүүр өнгөрч явж байсан. Би эргээд унтаад өгсөн. Нэг ухаан орсон чинь би гэмтлийн эмнэлэгт байсан. Би уг машины арын суудлын голд сууж явж байсан. Би ослын талаар ерөөсөө мэдэхгүй байгаа юм гэжээ. /хх-н 133-135/

         Гэрч Я.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: А бол миний хүү юм. Миний хүү архи дарс нэг их уугаад байдаггүй юм. Төлөв даруу зантай хаа хамаагүй хүнтэй найзлаад байдаггүй мөн маргалдаад байдаггүй юм. Миний хүү одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден-Парк-2 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Энэ хаяг дээрээ шилжүүлэг хийлгээгүй байгаа юм гэжээ.  /хх-н 144-146/          

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 147/

          Цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2287 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 148-152/, Задлан шинжилгээний онош:

          1.А.Авто осол: Гавал тархины битүү гэмтэл,Суурь ясны турк эмээл дайрсан хөндлөн хугарал, Тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай болон бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт,

            2.Гэмтлийн гаралтай шок, Зүрх судасны хурц дутагдал.

            3.Зүүн талын III-VI-р хавирганы эгэмний дунд, урд шугамаар хугарал, Баруун зүүн хөлийн шилбэ, ясны үйрсэн хугарал, нүүр болон биеийн ил хэсгийн олон тооны зулгаралт.

            1.Н.Н бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Н.Н нь гавлын суурь яс хугарч их бага тархины аалзан хальсан дор цус харвасан зэрэг хавсарсан амьдрах боломжгүй гэмтлийн улмаас шууд үхэлд хүрчээ.

            3.Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

            4.Цус нь АВО-н системээр ВIII-р бүлэгтэй байна.

            5.Н.Н бие цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.

            6.Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байна.

            7.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 150/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 153/

       2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10727 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх хувцаснууд бүгд үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ.  /хх-н 154/

          2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5960 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:

Хар хөх дотоожинд гарсан 30х10см, хар хөх өмдөнд гарсан 35х5мм хэмжээтэй уранхай хатуу гадаргуутай зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зулгарсан уранхай байна.

-саарал өмдөнд гарсан 3.5 см, хар хөх өмдөнд гарсан 2см, 14см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.

Саарал оймсонд гарсан 3х1.5см, 10х5мм хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад ямар нэгэн тээврийн хэрэгсэлийн мөр илрэхгүй байна гэжээ. / хх-н 155-158/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 159/

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12559 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Б.У биед өгзөг болон ууцанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ.  /хх-н 160/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 161/

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12653 дугаартай шинжээчийн дүгнэлт :

          1.Б.О биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5.Цаашид ерөнхи йхөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./хх-ийн 162/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 163-164/ Б.А,Б.М нарын биед учирсан гэмтлийг илрүүлэхээр шинжээч томилсон боловч Б.А, Б.М нар нь шаардлагагүй гэж татгалзсан байна.

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 165/

          Мастер үнэлгээ ХХК-ны 91-47 УНЧ улсын дугаартай автомашины зам тээврийн осолд орсоны улмаас үүссэн гэмтэл, үнэлгээг тогтоосон байна. /хх-н 166-170/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 171/

        Ашид билгүүн ХХК 9428УБС улсын дугаартай техникийн үнэлгээний тайлан: / хх-н 172-173/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 174/

         2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6540 дугаартай шинжээчийн дүгнэлт .:      1.Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус-30 маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2.Эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээн хэсгээс үзнэ үү.

3.Автомашины урд хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой, хойд хэсэгт гарсан гэмтэл нь автомашиныг хөдөлж явахад нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй.

4.Нөлөөлөхгүй.

5.Автомашины тоормос шингэн дамжуулгатай, АВS системтэй байна.

6.Автомашины тоормос ажиллаж байна.

7.Хаймар дугуйнуудын хээний гүн нь 1.6 мм-ээс их хэмжээтэй байгаа нь Монгол улсын МNS 4598-2011 стандартын 5.14.3-н 5-р хүснэгтэнд заасан суудлын автомашины дугуйн хээний гүн 1.6 мм хэмжээнээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно гэсэн заалтын дагуу хаймар дугуйнууд хээний хувьд стандарт шаардлага хангаж байна. Харин зүүн хойд талын дугуйн хацар их хэмжээтэй элэгдсэн, баруун урд талын дугуй хавантаж овойсон тул шаардлага хангахгүй болсон байна.

8.Автомашины урд хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл, хойд хэсэгт гарсан гэмтэл нь ослын өмнө үүссэн байх боломжтой гэжээ.  /хх-н 175-188/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 189/

         Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 850 дугаартай дүгнэлт:

1. Тоёота Приус-30 маркийн 94-28 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Т овогтой А нь МУ-ын ЗХД-ийн 2.1 "Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 8.11 "жолооч нь урдаа яваа хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгсэлийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

         2.Т.Приус-20 маркийн  УНЧ дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Намсрай овогтой Наранбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          3.Зам тээврийн осол гарахад зам, орчин, түүний гадаргуугийн байдал зорчих хэсэгт дэх тэмдэг тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

          4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн №6540 дугаартай дүгнэлтэд Тоёота Приус-30 маркийн  УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эвдрэл гэмтэл нь уг осол хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-ийн 190/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 191-195/

          Т.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 196-198/

          Т.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 224/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 221/, хх-н 43/

           Т.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 203/, прокурорын тогтоол /хх-н 199-202/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 205-208/, жолоочийн лавлагаа /хх-н 225/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 226-236/  зэрэг болно.

         Т.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Ахмадын хороололын урд замд 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 22.15 минутын үед Тоёота Приус-30 маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7- д заасан жолоочид дoр дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11-д заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажууд зогсож байсан Тоёота Приус-20 маркийн НЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон уг тээврийн хэрэгслийн ард багаж онгойлгоод зогсож байсан Н.Н, Б.О нарыг мөргөж, Н.Нн амь насыг хохироож, Б.О эрүүл мэндэд хүндэвтэр, автомашин дотор сууж байсан зорчигч Б.У эрүүл мэндэд хөнгөн хохирол, Нэткапитал Финанс корпораци ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн  УНЧ тээврийн хэрэгсэлд 4.350.000 төгрөгийн шууд, 6.200.000 төгрөгийн нийт  хохирол, Бичил глобус ХХК-ний эзэмшилийн Тоёота Приус-30 маркийн  УБС тээврийн хэрэгсэлд 3.810.000 төгрөгийн шууд, 4.090.000 төгрөгийн нийт хохирол учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргаа хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 8.11 дэх заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цогцост хийсэн задлан шинжилгээний актаар ...Н.Н бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо. Н.Н нь гавлын суурь яс хугарч их бага тархины аалзан хальсан дор цус харвасан зэрэг хавсарсан амьдрах боломжгүй гэмтлийн улмаас шууд үхэлд хүрчээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байна гэсэн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Б.У биед биед өгзөг болон ууцанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно гэсэн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....хүүгийн хамт унтаж байтал хадам аав, хүргэн дүү хоёр орж ирээд Н ах аваарт орчихсон юм шиг байна гэхээр нь би хадам аав, эмэгтэй дүү болон нөхөртэй нь хамт осол болсон газарт очиж юу болсоныг нь харсан. Манай талийгаач Хэнтий аймгийн Биндэр сум руу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Наран туул захаас хүн тээвэрлээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14.00 цагийн орчимд би нөхөр лүүгээ залгахад хот руу гараад явж байна гэж надтай утсаар ярьсан. Ажил явдалд нь 7.514.392 төгрөг зарцуулаад байна. Жолооч А 2.0 сая төгрөг л төлсөн. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 41-43/ 

          Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би аавынхаа эмнэлгийн бичиг мөн өөрийнхөө багийн даргын тодорхойлолт зэргийг захиж авчруулахаар болоод орой гэрт нь байж байсан чинь талийгаач ах орж ирж байна. Өгөөмөр захын урд зам дээр тосоод авах уу гэхээр нь би 22.00 цаг болж байсан тул гэрээсээ гараад Ахмадын хороолол руу эргэдэг уулзварын хажууд зогсож байтал талийгаач Н ах ирээд уулзварын зүүн талд зогссон. Намайг очтол Н ах өөдөөс бууж ирээд машины хойд багажинд байгаа гээд багажаа онгойлгоод зогсож байтал гэнэт зүүн талаас бид хоёрын араас хар өнгийн Т.Приус-30 маркийн автомашин талийгаач Н ах бид хоёрыг хамаад машинтай хамт мөргөсөн. Би тэр агшинд зүүн хөлөө мөргүүлээд хойшоо 3-4 метр газар үсрээд унасан гэсэн мэдүүлэг/хх-н 62-65/, хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Ахмадын хорооллын урд талын зам дээр миний сууж ирсэн машины жолооч хүнд юм өгнө гээд түр зогсолт хийсэн байж байтал араас нь Т.Приус-30 маркийн автомашин нь маш хүчтэй ирж мөргөсөн. Тухайн үед би хэсэг хугацаанд шоконд орсон байсан ба нэг мэдэхэд намайг эмч үзэж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Миний ирсэн уг машинд жолоочоос гадна 4 хүн байсан. Би жолоочийн харалдаа арын суудалд сууж байсан юм. Би эмчилгээндээ 250.000 төгрөг зарцуулсан, үүнийгээ авсан гэсэн мэдүүлэг  /хх-н 72-75/,    Гэрч А.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...: ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт Оринтал зочид буудлын харалдаа явж байтал миний урд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан хар өнгийн Т.Приус-30 маркийн автомашин нь гэнэт миний урдуур зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү шилжиж орж ирээд зам дээр хоёр тийшээ зам хэрээд маш хурдтай явж эхэлсэн. Би араас нь хараад энэ машины жолооч ямар ч байсан эрүүл биш согтуу байна гэж бодоод уг машины дугаарыг нь харж цагдаад мэдэгдэхээр араас нь явсан боловч гүйцэж чадаагүй явсаар байгаад Ахмадын хорооллын баруун гар тийшээ эргэх уулзварын наахан талд Т.Приус-30 маркийн автомашин нь зам дээр хэрж явсанаа 2 дугаар эгнээ рүү ороод буцаад гэнэт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү шилжиж уулзварын наад талд багажаа онгойлгоод зогсож байсан Т.Приус маркийн автомашиныг ард талд нь байсан хүмүүстэй нь хамт араас нь маш хүчтэй мөргөөд зогссон гэсэн мэдүүлэг. /хх-н 122-123/, шүүгдэгч Т.А өгсөн ... Ө очоод орой 20-н цагийн үед очиж ганц шил архи уучихаад 21 цагийн үед гарснаа санаж байна. Ө намайг дуудлагын жолооч дуудчих 20.000 төгрөг гэхлээр нь би 20.000 төгрөг гэвэл үнэтэй байна, би 10.000-аар авна гэж хэлсэн. Амгалангийн эцсийн буудалд дуудлагын жолооч ирсэн байна гэхлээр нь би яваад очъё гээд Ө гарчихаад хамгийн сүүлд вагон зам гарснаа санаж байна. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Өглөө би эрүүлжүүлэхэд сэрсэн. Өглөө намайг эрүүлжүүлэхээс аваад БЗД-ийн замын цагдаад авчирсан. Тэгэхэд цагдаа асуугаад байсан хэдэн хүүхэдтэй вэ гээд ямар ч байсан машин мөргөсөн юм байна гэж ойлгосон, тэгээд байцаалт өгч байхдаа хүний амь нас хохирсон гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Т.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний ам нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Зам тээврийн осол гарахад замын байдал, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй, хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байх ба Т.А нь 2017 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2.71 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан байна.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О оршуулгын зардалд болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нийт 28.441.235 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар оршуулгын зардалд /21  хоног хураасан, 49 хоногийг хураасан зардал бүгд нийлээд/ 12.744.235 төгрөгийг оршуулгын зардалд төлүүлэх үндэслэлтэй байна. Үүнээс төлсөн 2.870.000 төгрөгийг хасаж үлдэх 9.874.235 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.От олгохоор шийдвэрлэв. Харин өмгөөлөгчийн зардалд гэж нэхэмжилсэн  5.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. Н.Н тээврийн хэрэгслийн үнэ 6.200.000 төгрөгийг нэхэмжлэнэ гэж байгаа боловч Д.О үүнийг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш байна гэж шүүх үзэв.Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлийг Нэткопитал ББСБ-га нэхэмжлэх эрхтэй байгууллага байна гэж шүүх үзэв.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн хүүд тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэвэр  243.000 төгрөгөөр тогтоогдсон. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байгаа, халамжийн тэтгэвэр 243.000 төгрөг байгаа учраас зөрүү 77.000 төгрөгийг сар бүр шүүгдэгчээс нэхэмжилж байгааг шүүх талийгаач Н.Н хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан ба, орлого нь тодорхой биш учраас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд тэтгэвэр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн   сарын цалин, хөлс, орлогын дундажаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс  тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хасна гэж заасан байдаг үүний дагуу тооцож үзэхэд зөрүү гараагүй болно.

        Т.А нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу амралтын өдөр өөрийн машинаар такси үйлчилгээнд явж байгаад орой нь найзынхаа гэрт архи ууж гэр лүүгээ харих замдаа осол гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан  компанийг иргэний хариуцагчаар тогтоож хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

       Иргэний нэхэмжлэгч Э.Э нь 6.175.860 төгрөгийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэв. Нэткапитал ББСБ-га нь зээлийн гэрээг Н.Н хийсэн бөгөөд Н.Н эзэмшиж байсан тээврийн хэрэгсэл буюу Тоёота Приус-20 маркийн  УНЧ тээврийн хэрэгсэл Нэткапитал ББСБ-гын нэр дээр байдаг учир өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн асуудлыг өөрсдөө дотроо шийдвэрлэх боломжтой байна. Үүний дараа нэхэмжлэх шаардлага гарвал ИХШХШТХ-д заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно. Иймд шүүхэд гаргасан 6.175.860 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

          Хохирогч Б.У  эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн ба хохирогч шүүхэд нэмж нэхэмжлэл гаргаагүй тул Б.У төлөх төлбөргүй болно.

          Хохирогч Б.О эмчилгээний зардалд 1.513.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн учир Т.Ас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

        Бичил глобус ББСБ-гын нэр дээр зээл тээврийн хэрэгсэл уг байгууллагын нэр дээр байсан ба Т.А өөрийн эзэмшиж байсан машиныг буцаан өгч өөрийн зээлийг хаасан бөгөөд одоо үлдэгдэл 2.116.000 төгрөгийг Т.А гаргуулж Бичил глобус ББСБ-гад төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шйидвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. С овогт Т А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  зааснаар  Т.Ан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Т.А оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.А тээврийн хэрэгсэл жолоодох эрх 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараа тоолж эдлүүлсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,Т.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Т.А 1.513.000 төгрөгийг гаргуулж Б.О, 9.874.235 төгрөгийг Д.От олгох, 2.116.000 төгрөгийг Бичил глобус ББСБ-гад олгох, Нэт капитал ББСБ-гын нэхэмжилсэн 6.175.860 төгрөгнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Т.А авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН